Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/59

 

Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, Д.Нарангарав

нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Д.Буянжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Энхтуяа

Шүүгдэгч Д.Нарангарав

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Ганбат /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн  даргалж шийдвэрлэн 2022 оны 04 дүгээр  сарын 20-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Д.Нарангарав болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, Д.Нарангарав нарт холбогдох эрүүгийн 1731001640021 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнэ 1983 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 39 настай, ***эгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, “*****” ХХК-ийн **** ажилтай, ам бүл *****хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын 8-р баг, 17-р хороолол, 17-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: МК83082439/;

Буурагчин овогт Баасандоржийн Золзаяа 1980 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, 42 настай, ****эгтэй, **** боловсролтой, *** мэргэжилтэй, ********** ажилтай байсан, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, Ишгэнтийн 4-1 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:МС80080710/

Өөлд овогт Дамбын Нарангарав, 1978 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 44 настай, **** боловсролтой, **** мэргэжилтэй, Улаанбаатар хот, *************** ажилтай байсан, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 66-10 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:УШ78113016/

Шүүгдэгч Бат-эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.Нарангаравын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.Нарангараваас 500,000 төгрөгний хахууль авсан,

Шүүгдэгч Д.Нарангарав нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт өвс хадаж хадлан бэлтгэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.Бат-Эрдэнэд хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн,

Шүүгдэгч Б.Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн Д.Нарангарав болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:

Ч.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Б.Золзаяагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Нарангаравын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг  Мандал сум  дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Буурагчин овогт Баасандоржийн Золзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Өөлд овогт Дамбын Нарангаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Золзаяагийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нарангаравын нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Ч.Бат- Эрдэнийг тэнссэн 06 сарын хугацаанд, Б.Золзаяаг тэнссэн 01 жилийн хугацаанд, Д.Нарангаравыг тэнссэн 06 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах, мөн Б.Золзаяаг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 500 боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тогтоож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, Д.Нарангарав нар нь цагдан хоригдсон хоноггүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг- заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, Д.Нарангарав нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Золзаяагаас 500 ширхэг боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын  сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, иргэний хариуцагч Н.Наранцэцэгийн нэхэмжилсэн 2.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-эрдэнэд тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Б.Золзаяад тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Д.Нарангарав тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус даалгаж

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, Д.Нарангарав нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Нарангарав давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дамба овогтой Нарангарав миний бие Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын сум дундын шүүхээс гаргасан надад холбоотой шийтгэх тогтоолын зүйл заалт, агуулга, дүгнэлтийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд:

1. Д.Нарангарав миний бие 1 ширхэг ч өвс бэлтгээгүй, өвс хадах, бэлтгэх, зарж борлуулах үйл ажиллагаанд оролцоогүй талаар баримт тодорхой байсаар байтал Мөрдөн шалгах ажиллагааны бичиг баримтууд, Прокурорын байгууллагаас гаргасан дүгнэлтүүд, цаашилбал эцэст нь шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Д.Нарангаравын өвс мэтээр дүгнэж байгаад туйлын гомдолтой байна.

2. Шүүхээс Д.Нарангарав нь Д.Ганбаяр, Н.Наранцэцэг нартай хамтран хадлан өвс бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэх дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй хийсвэр дүгнэлт гэж үзэж байна. Миний бие удаа дараагийн шүүх хуралд Д.Ганбаяр гэх хүн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын удирдлага нартай харилцан тохиролцсон үеэс миний хэрэг байхгүй болж тэр хүн дангаараа цаашдын үйл ажиллагаагаа явуулж энэ асуудалдаа намайг оролцуулаагүй талаар мэдүүлсэн. Хэрэв миний бие оролцсон бол хадлан бэлтгэсэн өвснөөс хувь авч зардал мөнгө гаргаж, ашиг алдагдал аа  хувааж Хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явагдах байсан байх. Хавтаст хэрэгт Д.Ганбаяр, Н.Наранцэцэг нартай 1 ширхэг ч өвс хадаж бэлтгэсэн, тэднээс хувь хүртэж 1боодол өвс авсан талаар мэдүүлгийн эх сурвалж, нотлох баримт байхгүй байхад анхан шатны шүүхийн шүүгч хэт төсөөлөл бүхий дүгнэлт хийсэнд гомдолтой.

3. Өмнө нь удаа дараа гарсан Анхан шатны шүүхийн тогтоол, Давж заалдах шатны магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолд Д.Нарангаравыг гэм буруутай гэж үзсэн эсвэл гэм буруутай эсэхийг шалгах шаардлагатай гэсэн дүгнэлт хийж байгаагүй.             Харин эсрэгээрээ миний оролцож байсан Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хуралд намайг хохирогч гэж үзэн дүгнэлт хийж байсан болно. Гэтэл Улсын дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоол, үүний дараа Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдагдсан дүгнэлтүүдийн талаар Анхан шатны шүүхэд огт хэлэлцээгүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04-дүгээр сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газарт буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Нарангаравын өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхээс 2022.04.20-ны өдөр 59 дугаартай шийтгэх тогтоол гаргаж Д.Нарангаравт ял шийтгэл оногдуулсныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой. Энэхүү шийтгэх тогтоолын талаар Д.Нарангаравын гаргасан гомдолтой танилцаад бүхэлд нь дэмжиж байна. Гэхдээ өмгөөлөгч Ж.Тэгшмандал миний байр суурь бол анхан шатны шүүх хуралд танилцуулж байсантай адил хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах ёстой гэж үзэж байгаа болно. Д.Нарангаравын холбогдсон хэргийн талаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020.01.24-ний өдөр 2020/ШЦТ/36 дугаартай, 2020.09.30-ны өдөр 2020/ШЦТ/185 дугаартай тогтоолуудаар Д.Нарангаравын үйлдэл, гэмт хэргийн шинжийг үгүйсгэж цагаатгах тогтоол гаргасан энэхүү дүгнэлтийг няцаасан хууль зүйн дүгнэлт байхгүй. Дээрх цагаатгасан тогтоолуудад гаргасан хэргийн оролцогчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатнаас хоёр удаа, хяналтын шатны шүүхээс нэг удаа хэргийг шийдвэрлэхдээ Д.Нарангаравыг гэм буруутай гэж дүгнээгүй эсрэгээрээ хохирогч байна гэж дүгнэж байсан. өн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 59 дугаартай шийтгэх тогтоолд өмнө нь гарсан Д.Нарангаравтай холбоотой анхан шатны шүүхийн хоёр цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалууд, Улсын дээд шүүхийн тогтоолд дэслэл бүхий үнэлэлт дүгнэлт өгч няцаалт хийж чадаагүй. Иймд шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтийн хэмжээнд Д.Нарангаравт холбогдох хэргийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Нарангаравын өмгөөлөгч Ш.Ганбат давж заалдах гомдолдоо:

Үйлчлүүлэгч Д.Нарангарав нь Ш.Ганбат намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаагүй давж заалдах болон хяналтын шатны шүүхэд оролцуулахыг хүсэж байгаа тул өмгөөлөгч нарт хүргүүлсэн тогтоолыг үндэслэн гомдол гаргав. Тодруулбал: Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 416 дугаар тогтоолд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нарын үйлдэл нь прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн, 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна....гэж хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр дүгнэсэн байдаг. Сэлэнгэ аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.09.30-ны өдөр 185 дугаартай цагаатгах тогтоол гаргасны дараа Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 2020.10.28-ны өдрийн 28 дугаартай эсэргүүцэлд үндэслэх хэсэгтээ...шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, улмаар манай сумын нутаг дэвсгэр гэж төөрөлдүүлэн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Нарангараваас “гэрээ хийж өгнө” гээд 500.000 төгрөгийг авсан боловч уг гэрээг хийж өгөлгүй 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буцааж өгсөн гэж дурдаж цааш нь эсэргүүцэхдээ....түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо шүүгдэгч Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нарын үйлдэл нь прокуророос яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн, 4, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, эсхүл албан тушаалын байдлаа ашиглан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, эсхүл завших гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна” гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн атал үүнийг анхаарч үзэлгүйгээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан нь үндэслэлгүй юм...гэж давж заалдах шатны шүүхэд хандсаныг Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021.01.26-ны өдөр 2021/ДШМ/07 дугаартай магадлал гарган прокурорын эсэргүүцлийг хүлээн авсан. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хэргийн зүйлчлэхийн талаар дүгнэлт хийх шаардлагатай талаарх хүчин төгөлдөр Улсын Дээд Шүүхийн тогтоол, Прокурор Ч.Бат-Эрдэнэ-г манай сумын нутаг дэвсгэр гэж төөрөгдүүлсэн зүйлчлэлийг шийдвэрлэх ёстой гэж эсэргүүцэн бичсэнийг хүлээн авч гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай тохиолдолд хуулийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж шалгах нь зүйтэй гэж үзсэн Аймгийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны хүчин төгөлдөр магадлал байна. Тийм байхад прокурор байр сууриа өөрчилсөн, шүүх дээд шатны шүүхийн магадлал, тогтоолын заалтыг зөрчиж хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэхгүй шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022.04.20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Прокурорын газарт буцааж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, дүгнэлтдээ: ...анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь судалж үнэлж дүгнэсэн, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын  гомдлоор  Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа, Д.Нарангарав нарт холбогдох 1731001640021 дугаартай  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Б.Золзаяа нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 09 дүгээр сард тус сумын нутаг дэвсгэрт гэрээгүйгээр өвс хадаж хадлан бэлтгэсэн гэх шалтгаанаар иргэн Д.Нарангарав болон түүнтэй хамтран хадлан бэлтгэсэн хүмүүсийн өвснөөс 1 машин буюу 500 ширхэг боодлын өвсийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хураан авч улмаар худалдан борлуулж хувьдаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Д.Нарангаравын мөрдөн байцаалтад өгсөн “...Наранцэцэг над руу утсаар яриад “...хоёр машин өвс ирлээ. Нэг машин өвс ирээгүй байна...” гэхээр нь сураглатал Б.Золзаяа аваад хашаандаа буулгасан гэсэн. Б.Золзаяа нь “ зөвшөөрөлгүй өвс авсан, надад юу ч өгөөгүй болохоор би өвсөө авлаа...” гэж хэлээд утсаа авахгүй алга болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 33-34-р ху/

- Гэрч Д.Ганбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...Дарханаас машин хөлслөөд өвсөө татуулсан боловч 2 машин өвс ирээд 3 дахь машин өвс нь ирээгүй...тэр өвсийг Хушаат сумын газрын даамал Б.Золзаяа “...би өөртөө авах ёстой юм...” гээд буулгаад авсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 36-37-р ху/

- Гэрч О.Бат-Очирын мөрдөн байцаалтад өгсөн “...Газрын даамал Б.Золзаяа 500 боодол өвс хурааж авсан талаар 2017 оны 09 дүгээр сарын эхээр надад хэлж байсан. ...Засаг даргын тамгын газарт албан ёсоор хүлээлгэж өгөөгүй.Одоо хаана байгааг мэдэхгүй... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51-р ху/

- Гэрч Г.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 09 дүгээр сард манай хашаанд Зил-130 маркийн цэнхэр өнгийн авто машин чиргүүлтэй боодол өвс Б.Золзаяа буулгасан. Би тэр үед ямар учиртай өвс болохыг нь асуугаагүй. Дараа нь 2017 оны 11 дүгээр сард намайг байхгүйд Б.Золзаяа нь өөрөө хүрч ирээд аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 61-р ху/

- Гэрч Б.Чинсүхийн мөрдөн байцаалтад өгсөн “...Хушаат сумын газрын даамал Б.Золзаяагийн хэлсний дагуу өвсийг буулгасан. Б.Золзаяа нь анх намайг “Дарханд байж бай” гээд 2 хоног ямар нэгэн шийд гаргаагүй. Энэ хооронд өвсний эзэдтэй холбоо барьж чадаагүй.Тэгээд намайг “ наад өвсөө Хушаат суманд багийн засаг даргын хашаанд буулга...” гэхээр нь буулгасан. Би өвсийг буулгасны хариуд ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлсэн гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-р ху/

- Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Золзаяа гэх залуу зарын дагуу ирж уулзаад боодлын өвv нийлүүлэх санал тавсан.Тухайн санал нь боломжийн санал байсан тул 1 боодол өвсийг 4000 төгрөгөөр орон нутгийн тээврийн хэрэгслээр авчрах гэрээ хийсэн. Гэрээнд заасны дагуу өвч бэлтгэх урьдчилгаанд 2.000.000 төгрөгийг, харин гэрээ дүгнэж өвсөө хүлээж авсны дараа 4.000.000 төгрөгийг Б.Золзаяагийн 5045523433 тоот дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 169-р ху/, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын орлогч Б.Лхагвасүрэн, Б.Золзаяа нарын сумын нөөцөд өвс бэлтгэн нийлүүлэх тусгай гэрээ /1-р хх-ийн 172-174-р ху/,  Б.Золзаяагаас 1000 боодол өвс хүлээн авч урьдчилгаанд 2 сая төгрөг, өвс хүлээн авсны дараа 4 сая төгрөг, нийт 6 сая төгрөг өгсөн тухай баримт /1-р хх-ийн 176-178-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйчлэл, гэм буруугийн асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ялыг оногдуулсан байна.

Харин анхан шатны шүүх Д.Нарангаравын  эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-17-р ху/, шүүгдэгч Ч.Бат-Эрдэнийн гэрчээр байцаагдах үед өгсөн “...Нарангарав “...би хотод ажилтай байна. Чи Золзаяатай холбогдоод гэрээ байгуулаад өг, ах нь утасгүй байна, утсаа хаячихсан. Хотод очоод утас авна. Чамд гэрээ хийхэд мөнгө хэрэгтэй...” гээд надад 500.000 төгрөг үлдээсэн...”  /1-р хх-ийн 42-43-р ху/ болон яллагдагчаар байцаагдах үед өгсөн ...Хахууль авсан гэдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин 500.000 / таван зуун мянга/ төгрөг авсан нь үнэн.

Надад Д.Нарангарав мөнгө өгөхдөө “...хадлангийн гэрээ хийгээд  өгөөч...” гэж хэлж өгсөн  мөнгө. Би ч тийм зорилгоор мөнгө авсан Б.Золзаяагийн утас холбогдохгүй болохоор гэрээ хийгээгүй юм. Д.Нарангараваас яагаад мөнгө нэхэж мессеж бичсэн гэхээр анх ярихдаа “...би чамд 2.000.000 төгрөг өгье, хадлангийн гэрээ хийгээд зохицуулаад өгөөч ...” гэж хэлж байсан болохоор би түүнээс мөнгө нэхэж мессеж бичсэн юм...” гэсэн мэдүүлгүүдийг үндэслэл болгон тэднийг хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 Ч.Бат-Эрдэнээс 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 29 минутад  “Эхний ээлжинд 1 саяыг шилжүүлчих, тэгээд маргааш техникээ оруул”, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 49 минутад “5680101462 Бат-Эрдэнэ” гэсэн мессежүүдийг Д.Нарангаравт ирүүлсэн боловч тухайн дансаар мөнгө шилжигдээгүй, шүүгдэгч Д.Нарангарав, Ч.Бат-Эрдэнэ нарын хахууль авсан, өгсөн гэх үйлдлүүд нь мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Наранцэцэгийн гаргасан “...Бид хадлан хадах бригадаа аваад зааж өгсөн газар нь дөнгөж буугаад байж байтал Зүүнбүрэнгийн газрын даамал Ч.Бат-Эрдэнэ ирж манай дүү Д.Нарангараваас “газрын төлбөрөө төл” гэж бэлэн 500.000 төгрөг аваад явсан...” гэсэн өргөдөл /1-р хх-ийн 09-12-р ху/, “...Тухайн газар нь Зүүнбүрэн сумын харьяа газар болоод газрын даамал Бат-Эрдэнээс зөвшөөрөл авсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хадлан авах газраа очоод гэрээ бариад байж байтал газрын даамал Бат-Эрдэнэ ирээд манай дүү Нарангараваас газрын төлбөр гээд 500.000 авсан. ...Бат-Эрдэнэ “газрын гэрээ хийнэ” гэж мөнгө авсан. Мөн дээрээс нь Бат-Эрдэнэ өөрөө ирж нэхсэн.... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 26-31-р ху/,

гэрч Д.Ганбаярын өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 25-26-ны үед Нарангарав, Наранцэцэг нарын хамт хадлангийн бригадаа хадлан авах газраа буулгасан.Хадлангийн бригад буулгаад 30 орчим минут болж байхад Бат-Эрдэнэ хүрч ирээд “та нар хадлан хадах гэж байна., гэрээ хийж газрын төлбөр төлнө шүү” гэж хэлсэн. Би тэр үед хадлангаа хадах гээд хүмүүстэйгээ уулзаж байхад Нарангарав “...хадлангийн төлбөр гээд Бат-Эрдэнэд 500.000 төгрөг өгчихлөө...” гэж хэлсэн чинь Бат-Эрдэнэ явж байх шиг харагдсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 35-37-р ху/,  

Д.Нарангаравын мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр болон гэрчээр өгсөн “...Бат-Эрдэнэ араас ирээд “эхлээд энэ хэсгийг хад, дараад нь тэр хэсгийг хадаарай” гэж зааж өгсөн. Дараа нь “газрын төлбөр” гээд “мөнгөө өг” гэхээр нь “надад бэлэн 500.000 төгрөг байна” гээд өгсөн. Уг нь газрынхаа хэмжээгээр газрын төлбөр авах ёстой. Газрын төлбөр гэж мөнгө өгсөн. Бас газрын даамал болохоор нь мөнгө өгсөн... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-34-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар няцаагдсан, хэдийгээр мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн хүрээнд бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч  шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарч байх тул тэдэнд ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох зорилгоор хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэж заасны дагуу Бат-Эрдэнэ нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байхдаа 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хахууль өгөгч Д.Нарангаравын ашиг сонирхлын үүднээс Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэрт хамаарна гэж Хушаат сумын нутаг дэвсгэрээс хадлан хадуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн Д.Нарангараваас 500,000 төгрөгний хахууль авсан, Д.Нарангарав нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар нутагт өвс хадаж хадлан бэлтгэх зорилгоор тус  аймгийн Зүүнбүрэн сумын газрын даамал ажилтай Ч.Бат-Эрдэнэд хадлан бэлтгэх гэрээ байгуулж өгөх асуудлыг зохицуулаад өг хэмээн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 500,000 төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр өгсөн гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэдийгээр тухайн үед Зүүнбүрэн сумын газрын даамлаар ажиллаж байсан Ч.Бат-Эрдэнэ нь иргэн Д.Нарангараваас 500.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх үйлдэл хангалттай нотлогдоогүй боловч тэрээр өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж буюу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын тамгын газар, сумын газрын даамал нарт   олгогдсон албан ёсны эрхийг хууль бусаар хэрэгжүүлж тус сумын нутаг дэвсгэрт “хадлан хадуулах зөвшөөрөл олгож гэрээ байгуулна” хэмээн газрын төлбөр гэх нэрээр 500.000 төгрөгийг бэлнээр авч  зохих байгууллагад тушаалгүйгээр 09 сарын дараа буюу Эрүүгийн хэрэгт шалгагдах явцдаа 2018 оны 06 дугаар сарын 13-нд түүнд дансаар буцааж шилжүүлсэн  үйлдэл нь /2-р хх-ийн 61-р ху/  хавтаст хэрэгт авагдсан дээр дурьдагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Ч.Бат-Эрдэнийн дээрхи хууль бус үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт эдийн болон эдийн бус  хохирол учирч бизнесийн, ажил хэргийн нэр хүндэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, төрийн албаны ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмууд зөрчигдөж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хандах олон нийтийн итгэл алдагдсан зэрэг нь түүнийг өөрт олгогдоогүй албан тушаалын бүрэн эрхийг бусдын нэрийн өмнөөс хэрэгжүүлж бусдад  ноцтой хохирол  учруулсан гэж үзэх үндэслэл болж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1-д заасан “Дураараа аашлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон Прокуророос түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэн болгон өөрчилж, нийтийн албанд томилогдох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  2022 оны 04 дүгээр  сарын 20-ны  өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 4, 6 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нарангарав болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1, 2, 4, 6 дугаар заалтуудыг доорхи байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

1 дүгээр заалтыг:

“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Өөлд овогт Дамбын Нарангаравыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж,

Шүүгдэгч Буурагчин овогт Баасандоржийн Золзаяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Тангадын тав овогт Чойжилжавын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дураараа аашлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

2 дугаар заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнийн нийтийн албанд томилогдох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Золзаяагийн нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Ч.Бат-Эрдэнийг тэнссэн 06 сарын хугацаанд, Б.Золзаяаг тэнссэн 01 жилийн хугацаанд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох эрх хязгаарлах, мөн Б.Золзаяаг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу 500 боодол өвсний үнэ 3.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус тогтоосугай” гэж,

4 дүгээр заалтыг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнэ, Б.Золзаяа нар нь үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах  албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэж,

6 дугаар заалтыг:

“6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Бат-Эрдэнэд тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, Б.Золзаяад тогтоосон тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд  тус тус даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Д.Нарангарав болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

           3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ