Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/0713

 

 

 

 

 

 

 

 

                                      Л.Бгийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00637 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Бгийн хариуцагч Б.Б, Э.Х нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 16 913 375 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Э.Хгийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Б, Э.Х нар нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4 650 000 төгрөг 8 хоногийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй зээлдэн авсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг Э.Хгийн .... тоот дансанд шилжүүлсэн. Зээлдэгч нарын хүсэлтээр зээлийн гэрээг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 2 удаа сунгасан. Гэрээний дууссан боловч зээлдэгч нар үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 4 650 000, зээлийн хүү 348 697*19=6 625 250 төгрөг, алданги 5 638 125 төгрөг, нийт 16 913 375 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Хгийн тайлбарт: 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Л.Бгаас 4 000 000 төгрөг авсан нь үнэн. Гэхдээ хүү, алданги тохиролцоогүй. Л.Бд 1 800 000 төгрөг өгсөн. Зээлийн гэрээнд гарын үсэг зуруулаагүй. 4 000 000 төгрөгийг захиран зарцуулсан, Б.Бд хамааралгүй. Л.Б Бг дарамтлан 2 өөр гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Б.Б бусдыг төлөөлж зээлийн гэрээ байгуулах, сунгалт хийх эрхгүй, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэл олгоогүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Байгалийн тайлбарт: Л.Б Э.Хгийн данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд Э.Х уг мөнгийг данснаасаа авч өгсөн. Би 500 000 төгрөгийг захиран зарцуулсан. 8 сарын сүүлээр Л.Б ажил хийлгэе, дутуу 150 000 төгрөгийг өгнө гэхээр нь зөвшөөрсөн. Л.Бд 650 000 төгрөгийн өглөгтэй болсон. Л.Бтай ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй. 2019 оны сүүлээр гэнэт мөнгө нэхээд эхэлсэн. Өртэй учраас аргагүйн эрхэнд Л.Бгийн байруудыг очиж цэвэрлэдэг байсан. Цэвэрлэх бүрт 20 000 төгрөг данс руу шилжүүлдэг байсан. Л.Б нь 2-3 зээлийн гэрээний хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан. 4 650 000 төгрөг авсан нь үнэн, төлөх нь үнэн гэж бичүүлсэн. Мөнгө төлсөн баримтыг урж хаясан. Л.Бгаас 4 000 000 төгрөг зээлдэж аваагүй тул хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 9 дүгээр сарын 10, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2 гэрээг хүчингүйд тооцож өгнө үү. 650 000 төгрөгийг төлнө гэжээ.

 Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дуг аар зүйлийн 232.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Байгалиас 2 364 375 төгрөг, хариуцагч Э.Хгаас 6 300 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэлээс 8 249 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Байгалиас 52 750 төгрөг, хариуцагч Э.Хгаас 115 750 төгрөг тус тус нөхөн гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Хгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд “Э.Х надтай гэрээ байгуулсан” гэж буруу ойлгуулснаар Б.Б шүүхэд буруу тайлбар өгсөн. Миний бие Л.Бтай бичгээр гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгчийн ярьж байгаа гэрээг өөрөөс нь гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Гэтэл шүүх уг гэрээг нэхэмжлэгчээс гаргуулах талаар захирамжаас өөр ажиллагаа хийгээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Л.Бтай бичгээр гэрээ байгуулаагүй тул алданги болон хүү нийт 2 300 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрээр төлөх үнийн дүнгээс 2 300 000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Б, Э.Х нараас  зээлийн гэрээний үүрэгт 16 913 375 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хариуцагч Э.Х 4 000 000 төгрөг, хариуцагч Б.Б 650 000 төгрөг зээлдэн авснаа хүлээн зөвшөөрч, хүү, алдангийг төлөх талаар тохиролцоогүй гэж маргасан байна. /хх 48, 33/

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Э.Хгийн ХААН банкны................ дансанд нэхэмжлэгчээс 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 500 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг шилжүүлэн өгсөн, уг дүнгийн хэмжээнд талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн үйл баримт тогтоогджээ. /35-35/ Харин зохигчдын 4 650 000 төгрөг зээлдүүлсэн гэрээний хугацаа, хүү, алдангийн тохиролцооны талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Хариуцагч Э.Х 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа өөрийн дансанд орж ирсэн  4 000 000 төгрөгийг захиран зарцуулснаа хүлээн зөвшөөрч харин хүү, алданги төлөх талаар нэхэмжлэгчтэй тохиролцоогүй, зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргасан байхад шүүх энэ талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баас тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагч Э.Хгийн энэ талаар гаргасан гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.      

 

Хэргийн 3 дугаар талд 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчээс 4 650 000 төгрөг зээлдэн авах тухай зээлийн гэрээ авагдсан байх ба уг гэрээний эхний хуудсанд хариуцагч Б.Б, Э.Х гэсэн гарын үсэгнүүд зурагдсан байна. /хх3/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээч томилно, 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах арга хэмжээг авна гэж заасан. Хариуцагч Э.Х нь нэхэмжлэгчтэй бичгийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласан байхад шүүх уг гэрээнд зурагдсан “Хандаа” гэх бичвэрийн талаар тодруулах ажиллагааг хийгээгүй, дээрх хуульд заасан арга хэмжээг аваагүй,  талуудын хооронд мэтгэлцээн өрнүүлээгүй байна.

Хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй байхад давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/00637 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Хгийн төлсөн 52 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                        ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

                                                                  А.МӨНХЗУЛ