| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2024/06374/И |
| Дугаар | 191/ШШ2025/01931 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 191/ШШ2025/01931
2025 03 11 191/ШШ2025/01931
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 2 дугаар баг, 0 тоотод оршин суух Б овогт Ү-ийн С /РД:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 өөрийн байранд байрлах Х ХК /РД:/-д холбогдох,
******* гүйцэтгэх захирлын 2024.09.27-ны өдрийн Б-24/2449 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ү.С нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Үржиндорж овогтой******* миний бие нь .. аймаг дахь ******* Тооцооны төвийн данс хариуцсан ажилтан албан тушаалд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б-24/1875 дугаар Гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдож, 2024 оны 07 дугаар сарын 25 ны өдөр ОН-БХТТ 24/12 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй ажиллаж байсан.
2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 14 минутад 0000-0000 дугаараас Хүний нөөцийн газрын захирал Б.Ц гэх хүн надтай утсаар холбогдож чам дээр гомдол ирсэн. /Харилцагчаас 30,000,000 төгрөгийн зээл гаргаж өгье, 1,000,000 төгрөг надад өг гэсэн байна/. Ёс зүйн хороо хуралдаад өөрийг чинь ажлаас халах болсон. Чиний дараагийн карьерыг бодож өөрөөр чинь өргөдөл бичүүлэхээр болсон гэж гэнэт ярьсан. Би гайхаж, тус гомдолтой танилцъя, ийм үйлдэл хийгээгүй гэхэд эрс татгалзаж, харилцагчийн нууц, бид шийдвэрээ гаргасан, чи гомдлоо дараагийн шатанд шүүхдээрэй гээд тасалсан.
2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 11 цаг 56 минутад дахин залгаж Ёс зүйн хороо намайг тушаалаа гарга гээд шахаад байна. Чиний саналыг сонсъё гэхэд: -би хийгээгүй хэрэгтээ хариуцлага хүлээхгүй, надад гаргасан гомдолтой танилцмаар байна гэхэд чиний шийдвэр өөрчлөгдөөгүй бол би халах тушаалаа гаргалаа шүүхээрээ яв гэсэн.
Энэ тухай Баянхонгор аймгийн Тооцооны төвийн захирал Ж.Э-с асуусан боловч би мэдэхгүй, Хүний нөөцийн газрын захирлын гар утас руу нь залгасан боловч утсаа аваагүй, ажлын утас руу нь залгасан боловч хуралд орсон гээд ярьж чадаагүй гэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр буюу 1 дэх өдөр ажил дээрээ ирэхэд миний ажлын компьютерын эрхийг хаасан, 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Гүйцэтгэх захирлын тушаал, Б-24/2449 дугаартай, гүйцэтгэх захирал О.О гээд гарын үсэг зурж, тамга дараагүй, албан бланк дээр бус бичмэл хэлбэрээр хэвлэсэн тушаал гэх зүйлийг Баянхонгор аймгийн Тооцооны төвийн захирал Ж.Э надад өгсөн.
Тус тушаал дээр Хүний нөөцийн газрын захирал гэх Б.Ц-ын хэлсэн дээр "гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан" гэх заалт нэмсэн байсан. Энэ тухай надад хэлээгүй, дурдаагүй зүйлээ тушаал дээр бичсэн байна. Хаанаас гарсан нь тодорхойгүй, тамга, тэмдэг, гарын үсэг байхгүй тушаал байна гэхэд Ж.Э захирал ёс бус үг хэллэг хэлж, хамгаалалтын алба руу залгаж хөөж гаргасан.
Миний бие ******* 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 дугаар, Гүйцэтгэх захирлын "Албан тушаал урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан, гуравдагч этгээдэд харилцагчийн зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан" гэх үндэслэлээр "ажлаас халах тухай" тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд одоог хүртэл хэн гэдэг хүн надад холбогдуулж, ямар гомдол гаргасан талаар мэдээгүй, танилцаагүй байна.
Би дээрх тушаалд дурдагдсан үйлдлийг үйлдээгүй бөгөөд ямар ч үндэслэлгүй баримт нотолгоогүй намайг гүтгэн ажлаас халсанд гомдолтой байна.
Иймд ******* 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б- 24/2449 дугаар, Гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан "Данс хариуцсан ажилтан" ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч******* ХК хариу тайлбар, татгалзалдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт "хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүний нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй" гэж заасны дагуу*******, хөгжлийн банк нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Ү.С-ийн үйлдсэн зөрчлүүдийн тухай:
1.1. Албан тушаалаа урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан тухай: Монгол Улс 2005 онд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцод нэгдэн орж, соёрхон баталсан. Уг Конвенцод "Оролцогч бүр ил тод байдлыг дэмжих болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, хэрэгжүүлэх, бэхжүүлэхийг дотоодын хууль тогтоомжийнхоо тулгуур зарчимд нийцүүлэн чармайна" гэж заасан байдаг. Ашиг сонирхлын зөрчил нь ажил үүрэг болон хувийн ашиг сонирхол хоорондын зөрчил бөгөөд албан тушаалтны хувийн ашиг сонирхол нь ажил үүргээ гүйцэтгэх, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд нь зохисгүй нөлөөлөх боломжтой билээ.
Иймд, Банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн салбарт итгэлийг бий болгохын тулд*******, хөгжлийн банк нь харилцагчид үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ямар нэгэн байдлаар шан харамж авахгүй байх талаар өөрийн дотоод заавар, журамд зохицуулсан бөгөөд тодруулбал,*******, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалтад "Өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглахаас татгалзах гэж, 4 дүгээр зүйлийн 4.8.5 дахь заалтад Ямар ч тохиолдолд үйлчилгээ үзүүлсний төлөө ажилтан шан харамж авах, өөртөө давуу байдал бий болгохыг хориглоно гэж, 5 дугаар зүйлийн 5.8.2 дахь заалтад Ажилтан бусдаас авлига, шан харамж авахгүй, бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохгүй, авлигыг санал болгохгүй, амлахгүй, өгөхгүй, зуучлахгүй байхыг баримтална гэж тус тус заасан.
Гэтэл, нэхэмжлэгч Ү.С нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан ба тодруулбал,*******, хөгжлийн банкны харилцагч Ч.Б нь*******,******* 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Ч. Б нь 7 дугаар сарын эхээр зээл авах хүсэлт өгсөн тул оочир ихтэй байсан. Би танай пос машиныг авч хүүхдийн мөнгө болон хадгаламж зэргийг танайд байршуулсан гэтэл оочир дугаараас болоод түр хойшлогдсон боловч эдийн засагч болох С 2 хоногийн дараа найз руу маань залгаад хэдэн төгрөгийн зээл авах хүсэлтэй байна гэж асуусан. 30 саяын зээл авах гэсэн юм. Гэтэл 1 сая өгвөл шийдээд өгий гэсэн гэх агуулга бүхий өргөдлийг ирүүлсэн.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Ү.С нь харилцагч Ч.Б-ын зээлийг яаралтай бүтээж өгнө гэх амлалт өгч, түүнээс шан харамж авахыг завдсан байх ба энэхүү үйлдлээрээ "Х-ны Ёс зүйн дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.2.5 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.8.5 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.8.2 дахь заалтыг тус тус зөрчсөн.
1.2. Гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан тухай:
Банк хувь хүний зөвшөөрөлгүйгээр аливаа этгээдэд харилцагчийн мэдээллийг задруулахгүй байх үүрэгтэй ба мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг чанд сахин ажиллах зохицуулалттай. Зөвхөн шаардлагатай тохиолдолд Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд зохицуулагч байгууллага болон эрх бүхий хууль, хяналтын байгууллагад харилцагчийн мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээдэг. Тиймээс арилжааны банкнуудад харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.
Тодруулбал, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно: гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуульд заасан үйлчилгээний гэрээ байгуулах бүх үе шатанд харилцагчийн нууц" гэж үзсэн мэдээллийг хадгалах, аливаа хэлбэрээр ашиглахгүй байх үүрэгтэй" гэж, Хүний хувийн мэдээллийн хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна" гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хууль тогтоомжид заасны дагуу банк нь*******, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм", "Х-ны Нууцын заавар"-уудад харилцагчийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд гадагш задруулах, мэдээлэх, дамжуулахыг хориглосон байдаг.
Тодруулбал, Х-ны Ёс зүйн дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад Харилцагчийн нууц хадгалах зарчмын дагуу харилцагчийн хувийн болон гэр бүл, эд хөрөнгө, бизнесийн үйл ажиллагаа, дансны гүйлгээ, үлдэгдлийн мэдээлэл, төлөвлөгөө зэрэг харилцагчийн аливаа нууцыг чандлан хадгалж, тэдгээрт дээд зэргийн чанартай үйлчилгээ үзүүлнэ гэж, 4 дүгээр зүйлийн 4.9.1 дэх заалтад Мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэг нь Ажилтны ажлын байр болон түүнээс гадуур, мөн ажлын ба ажлын бус цагаар үйлчилнэ гэж, 4.9.4.а дахь дэд заалтад "Ажилтан нь ажил үүргээ биелүүлэхээс бусад ямар ч тохиолдолд харилцагчийн мэдээлэлд нэвтрэх, гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглох бөгөөд мэдээллийн нууцыг хадгалж, аюулгүй байлгана гэж, 5 дугаар зүйлийн 5.12.1 дэх заалтад Ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэх болон бусад үед олж мэдсэн Банкны аливаа мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэгтэй. Мэдээллийн нууцлалыг хадгалах үүрэг нь ажлын цаг, ажлын бус цагаар төдийгүй ажлын байр болон ажлын байрнаас гадуур нэгэн адил үйлчилнэ гэж, 5.12.2 дахь заалтад Банкны нууцыг хадгалах үүрэг нь ажилтан ажлаас чөлөөлөгдсөн ч нэгэн адил үргэлжилнэ. Нууцыг задруулснаас үүсэх хохирол, үр дагаврыг ажлаас халагдсан эсэхээс үл харгалзан биечлэн хариуцна" гэж тус тус заасан.
Мөн,*******, хөгжлийн банкны Нууцын заавар"-ын 2 дугаар зүйлийн 2.1.8.6 дэх дэд заалтад Маш нууц: Задарвал хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд бодитойгоор хохирол учруулж болохуйц мэдээлэл: Тухайлбал харилцагчийн хувийн хэргийн мэдээлэл, дансны үлдэгдлийн талаарх мэдээлэл, гүйлгээний хуулга, гадаад болон дотоод гуйвуулга, гэрээ, зээлийн холбогдолтой мэдээллүүд, АТМ, мөнгөн зөөврийн мэдээллүүд; гэж, 5 дугаар зүйлд Банкны ажилтнуудад дараах зүйлийг хориглоно" гээд, 5.2 дахь хэсэгт Банк болон харилцагчийн данс, гүйлгээ, зээл, бизнесийн талаарх мэдээлэл, гэрээ хэлцэл, бусад нууц баримт бичиг, мэдээ мэдээллийг хамааралгүй этгээдэд дамжуулах, мэдээлэх, задруулах гэж тусгасан бөгөөд Банк нь харилцагчийн зээлийн холбогдолтой мэдээллийг Маш нууц төрөлд хамааруулж, Банкны ажилтан эдгээр мэдээллийг дамжуулах, мэдээлэх, задруулахыг хориглосон.
Гэтэл, нэхэмжлэгч Ү.С нь гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан ба тодруулбал,*******, хөгжлийн банкны харилцагч Ч.Б нь*******,******* 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр "Ч.Батдулам нь 7 дугаар сарын эхээр зээл авах хүсэлт өгсөн тул оочир ихтэй байсан. Би танай пос машиныг авч хүүхдийн мөнгө болон хадгаламж зэргийг танайд байршуулсан гэтэл оочир дугаараас болоод түр хойшлогдсон боловч эдийн засагч болох С 2 хоногийн дараа найз руу маань залгаад хэдэн төгрөгийн зээл авах хүсэлтэй байна гэж асуусан. 30 саяын зээл авах гэсэн юм. Гэтэл 1 сая өгвөл шийдээд өгий гэсэн" гэх агуулга бүхий өргөдлийг ирүүлсэн.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч Ү.С нь харилцагч Ч. Б-ын зээл судлуулж байгаа талаарх мэдээллийг түүний найзууд дамжуулсан байх ба энэхүү үйлдлээрээ*******, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.9.1 дэх заалт, 4.9.4.а дахь дэд заалт, 5 дугаар зүйлийн 5.12.1 дэх заалт, 5.12.2 дахь заалт,*******, хөгжлийн банкны Нууцын заавар"-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.
2. Дээрх зөрчлүүд нь ажил олгогчийн санаачилгаар Ү.Соёлмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4 дэх заалтад "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тус хуульчилсан ба Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15.4.2-т Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарлажээ.
Худалдаа, хөгжлийн банк нь нэхэмжлэгч Ү.С-тай 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ОН-БХТТ 24/12 тоот бүхий Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан ба тухайн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт ноцтой зөрчил гэж үзэх тохиолдлуудыг нэрлэн заасан.
Банк нь нэхэмжлэгч Ү.С-г ******* Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 тоот Ү.С-г ажлаас халах тухай тушаалаар ажлаас халсан ба ингэхдээ түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт, 23 11.2.4 дэх заалт, 11.2.6 дахь заалт, 11.2.8 дахь заалт, 11.2.10 дахь заалтыг тус тус үндэслэсэн бөгөөд эдгээр заалтыг тодруулбал:
- 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтад "Ажилтан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ болон "Худалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм", "Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам",*******, хөгжлийн банкны Жендерийн эрх тэгш байдлын бодлого", "Худалдаа, хөгжлийн банкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар баримтлах бодлого", "TDB соёлын стандарт" болон бусад ХХБ-ны холбогдох заавар, журам, дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан" гэж;
- 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалтад "Ажилтан нь ажлын байрны тодорхойлолт болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хориглосон үйлдэл хийсэн" гэж;
- 11 дүгээр зүйлийн 11.2.6 дахь заалтад Ажилтан өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрөл садан, найз нөхөд, танилын харилцаатай этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдэд Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг Банкны заавар, журам, удирдлагаас өгсөн зөвшөөрөлгүйгээр хөнгөлөлттэй эсхүл үнэ төлбөргүйгээр үзүүлэх, тэдэнд ашигтай шийдвэр гаргах зэрэг (үүгээр хязгаарлагдахгүй) үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэж;
- 11 дүгээр зүйлийн 11.2.8 дахь заалтад Ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор бусад этгээдээс шан харамж, авлига, хээл хахууль, үнэ төлбөргүй үйлчилгээ авсан, залилан, хууль бус үйлдэлд оролцсон нь тогтоогдсон" гэж;
- 11 дүгээр зүйлийн 11.2.10 дахь заалтад "Гэрээний 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, Ажил олгогчийн болон харилцагчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан, харилцагчийн данснаас орлого, зарлагын гүйлгээ хийсэн, харилцагчийн данс ашигласан, дансны мэдээллийг задруулсан, задруулахыг завдсан, алдсан" гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Ү.С-ийн гаргасан зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний аль заалтыг зөрчиж байгааг хүснэгтээр харуулбал:
| Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил | Ү.Соёлмаагийн үйлдсэн зөрчил |
| 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт "Ажилтан нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ёс суртахууны хэм хэмжээ болон "Худалдаа, хөгжлийн банкны Ёс зүйн дүрэм", "Худалдаа, хөгжлийн банкны Хөдөлмөрийн дотоод журам",*******, хөгжлийн банкны Жендэрийн эрх тэгш байдлын бодлого", "Худалдаа, хөгжлийн банкны Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх талаар баримтлах бодлого", "TDB соёлын стандарт" болон бусад ХХБ-ны холбогдох заавар, журам, дүрмийг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан" | (1) Нэхэмжлэгч Ү. С нь харилцагч Ч. Б-ын зээл судлуулж байгаа талаарх мэдээллийг түүний найзууд дамжуулсан. (2) Нэхэмжлэгч Ү.С нь харилцагч Ч.Б-ийн зээлийг яаралтай бүтээж өгнө гэх амлалт өгч, түүнээс шан харамж авахыг завдсан. |
| 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалт "Ажилтан нь ажлын байрны тодорхойлолт болон энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хориглосон үйлдэл хийсэн" | (1) Нэхэмжлэгч Ү.С нь харилцагч Ч.Б-ын зээл судлуулж байгаа талаарх мэдээллийг түүний найзууд дамжуулсан. (2) Нэхэмжлэгч Ү.С нь харилцагч Ч.Б-ийн зээлийг яаралтай бүтээж өгнө гэх амлалт өгч, түүнээс шан харамж авахыг завдсан. |
| 11.2.4 дэх заалт, 11.2.6 дахь заалт Ажилтан өөрийн хамаарал бүхий этгээд буюу төрөл садан, найз нөхөд, танилын харилцаатай этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдэд Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг Банкны заавар, журам, удирдлагаас өгсөн зөвшөөрөлгүйгээр хөнгөлөлттэй эсхүл үнэ төлбөргүйгээр үзүүлэх, тэдэнд ашигтай шийдвэр гаргах зэрэг (үүгээр хязгаарлагдахгүй) үйлдэл, эс үйлдэхүй гаргах | (1) Нэхэмжлэгч Ү.Са нь харилцагч Ч.Б-ийн зээлийг яаралтай бүтээж өгнө гэх амлалт өгч, түүнээс шан харамж авахыг завдсан. |
| 11 дүгээр зүйлийн 11.2.8 дахь заалт Ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор бусад этгээдээс шан харамж, авлига, хээл хахууль, үнэ төлбөргүй үйлчилгээ авсан, залилан, хууль бус үйлдэлд оролцсон нь тогтоогдсон" | Нэхэмжлэгч Ү.С нь харилцагч Ч.Б-н зээлийг яаралтай бүтээж өгнө гэх амлалт өгч, түүнээс шан харамж авахыг завдсан. |
| 11 дүгээр зүйлийн 11.2.10 дахь заалтад "Гэрээний 10 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй, Ажил олгогчийн болон харилцагчийн бичгээр гаргасан зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан, харилцагчийн данснаас орлого, зарлагын гүйлгээ хийсэн, харилцагчийн данс ашигласан, дансны мэдээллийг задруулсан, задруулахыг завдсан, алдсан" | (1) Нэхэмжлэгч Ү.С нь харилцагч Ч. Б-ын зээл судлуулж байгаа талаарх мэдээллийг түүний найзууд дамжуулсан. |
Дээрхээс дүгнэвэл, банк нь тусгайлсан хуулиар зохицуулагддаг ба бусдын хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг тул харилцагчийн итгэлийг дааж, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдлаас ангид байх шаардлагатай байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ү.С нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг үйлдсэн байх ба энэхүү үйлдэл нь Банканд итгэх харилцагчийн итгэлийг эвдэх, Банканд сөрөг нөлөөлөл бий болгох үйлдлүүд байсан тул ******* Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 тоот "Ү.С-г ажлаас халах тухай" тушаалаар ажлаас халсан. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Ү.С-ийн ******* Гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан данс хариуцсан ажилтны ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Ү.С-ийн иргэний үнэмлэх, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.09.27-ны өдрийн Б-24/2449 дугаар тушаал, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024.10.30-ны өдрийн 93 дугаар тэмдэглэл/шийдвэр, Ү.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2025.02.05-ны өдрийн 39 дүгээр мэдэгдэх хуудас, Ү.С-ийн улсын ерөнхий прокурорт гаргасан 2025.02.13-ны өдрийн гомдол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас Худалдаа хөгжлийн банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.10.14-ний өдрийн А-20/759 пүгээр тушаал,******* ХК-ийн дүрэм, ******* ёс зүйн дүрэм,******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.11.25-ны өдрийн 124 дүгээр тогтоол,******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.06.03-ны өдрийн 48 дугаар тогтоол,******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.01.03-ны өдрийн А-22/01 дүгээр тушаал,******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.09.27-ны өдрийн Б-24/2449 дугаар тушаал, 2024.07.25-ны өдрийн ОН-6ХТТ 24/12 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2024.05.13-ны өдрийн Нууц хадгалах гэрээ, Батламж, Ү.С-гийн ажлын байрны тодорхойлолт, 2024.09.24-ний өдрийн Ч.Б-ын*******анд гаргасан өргөдөл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар 2025.01.04-ний өдрийн гэрч Ч.Б, Г.Г нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Ч.Б-ын мэдүүлэг, 2025.02.19-ний өдрийн Н.Т, Г.Т нарын тайлбар зэргийг бүрдүүлсэн болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ү.С нь хариуцагч******* ХК-д холбогдуулан ******* гүйцэтгэх захирлын 2024.09.27-ны өдрийн Б-24/2449 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: нэхэмжлэгч нь харилцагчаас шан харамж авахыг завдсан, гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн гэж тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч Ү.С нь Худалдаа хөгжлийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024.09.27-ны өдрийн Б-24/2449 дугаар Ү.С-г ажлаас халах тухай тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 154 дугаар зүйлийн 154.2, 154.2.1-д заасны дагуу ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлоо Х ХК нь Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй тул Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан ба тус хорооны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн №93 дугаар тэмдэглэлээр хариу авч, шүүхэд 2024.11.05-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасан ажлын 10 хоногийн хугацааг тус тус хэтрүүлээгүй байна. /хавтаст хэргийн 7-9 хуудас, 2 хуудсны ар тал/
4.2. Ү.С нь******* ХК-ийн Баянхонгор тооцооны төвд данс хариуцсан ажилтнаар ажиллахаар 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №ОН-БХТТ 24/12 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Нууц хадгалах гэрээ зэргийг байгуулж, Ажлын байрны тодорхойлолтыг хүлээн зөвшөөрч ажиллажээ. /хавтаст хэргийн 91-107 хуудас/
4.3.******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 дугаар Ү.Соёлмааг ажлаас халах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.5, 7.3, Ү.Соёлмаатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тус банкны Баянхонгор тооцооны төвийн Данс хариуцсан ажилтан Ү.С нь албан тушаалаа урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан, гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан ба түүний уг үйлдэл нь ******* Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм, Нууцын заавар, Ажлын байрны тодорхойлолт Хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтуудыг зөрчсөн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024.09.26-ны өдрөөр цуцалж, дуусгавар болгон үүрэгт ажлаас нь халжээ. /хавтаст хэргийн 6, 90 хуудас/
5. Талууд дээрхи тушаалд заасан үйлдлийг буюу хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан эсэх талаар маргаж, улмаар ажил олгогчийн ажлаас халсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.
5.1. Хариуцагч******* ХК нь иргэн Ч.Б-ын 2024.09.24-ны өдөр*******анд гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 120 хуудас/-өөр ажилтан Ү.С-г албан тушаалаа урвуулан ашиглан ажил үүргээ гүйцэтгэсний төлөө харилцагчаас шан харамж авахыг завдсан, гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан гэх зөрчлийг гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй, ажилтны гаргасан сахилгын зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Иргэн Ч.Б-ын өргөдөлд******* гэх нэрийг өөр өнгийн балаар, бичгийн өөр хэв маягаар бичсэн гэж үзэхээр байна, мөн иргэн Ч.Б нь ...найз руу минь залгаад хэдэн төгрөгийн зээл авах хүсэлтэй байна гэж асуусан 30 саяын зээл авах гэсэн юм гэтэл 1 сая өгвөл гэтэл шийдээд өгий гэсэн юмаа... гэж бичсэн байхад тухайн үйл баримтыг тодруулан гуравдагч этгээдээр дамжуулан мөнгө шаардсан эсэхийг шалгаагүй, энэ талаар Ү.С-с тайлбар аваагүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэх заалтыг, мөн ******* Хөдөлмөрийн дотоод журам-ын 7.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. /хавтаст хэргийн 77-89 хуудас/
Мөн ******* ёс зүйн дүрэм-ийн 6.1-д Ёс зүйн хороо нь ******* Ёс зүйн хорооны ажиллах журам ба ******* Шүгэл үлээх бодлого-ын дагуу эсхүл бусад байдлаар ажилтан, харилцагч болон гуравдагч этгээдээс ирсэн мэдүүлгийг үндэслэн шалгах ажиллагаа явуулж, шийдвэрлэнэ гэж заасны дагуу иргэн Ч.Б-ын өргөдлийг үндэслэн ажилтан Ү.С-г ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаагүй байна. /хавтаст хэргийн 54-76 хуудас/
5.2. Нэхэмжлэгч Ү.С-г гуравдагч этгээдээр дамжуулан иргэн Ч.Б-с зээл авахтай нь холбогдуулан шан харамж буюу 1,0 сая төгрөг өгөхийг шаардсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Прокурорын газраас ирүүлсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж, Ч.Б, Г.Г нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, шүүхийн даалгаварын дагуу Ч.Б-ыг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр тогтоогдохгүй байна. /хавтаст хэргийн 140-148, 151-159 хуудас/
Тодруулбал, иргэн Ч.Б нь ...Ү.С-н найз Ч руу залгаад*******наас зээл авах гээд С-тай уулзахад ойчир дугаар ихтэй байна гээд хэлтэл юу ч гэсэн дүү нь нэг яриад үзэх юм уу гэсэн тэгээд утсаа салгасан, тэгээд байж байтал Ч над руу буцаж залгаад зээлийг чинь гаргахад 1,000,000 төгрөг өгчих таньд тийм боломж байгаа юм уу тэгээд зээлээ шийдүүлчихээч гэж хэлсэнтэгэхээр нь за эргээд яръя гээд би зээл тэр банкнаас аваагүй гэж, иргэн Г.Г нь ...2024 оны зун байсан санагдаж байна*******наас зээл авах гэсэн юм жоохон шуурхайгаар гаргаад өгөх боломж байна уу гэсэн тэгэхээр нь би С-тай ярьсан тэгэхэд тийм боломж байхгүй гэсэн. Асуулт: Та Ч.Б-ын ******* Баянхонгор тоооцооны төвөөс зээл авах асуудалд түүний өмнөөс С-тай ярьж улмаас Б-д зээлийг чинь гаргахад 1,000,000 төгрөг өгчих таньд боломж байгаа юм уу тэгээд зээлээ шийдүүлчихээч гэж хэлсэн зүйл бий юу? Хариулт: Би Б-д 1,000,000 төгрөг өгчих боломж байгаа юу гэж хэлээгүй. С-тай ярьлаа боломжгүй гэж байна гэдгийг нь л түүнд хэлсэн гэж тус тус мэдүүлсэн байх тул Ү.С-Г 1,0 сая төгрөг өгөхийг шаардсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд хариуцагч******* ХК-ийг нэхэмжлэгч Ү.С-д үндэслэлгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгч Ү.С нь харилцагчаас шан харамж авахыг завдсан, гуравдагч этгээдэд харилцагчийг зээл авах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулсан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 дугаар Ү.С-г ажлаас халах тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
6.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон Худалдаа хөгжлийн банк ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 дугаар Ү.Соёлмааг ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1. дэх хэсэгт зааснаар Ү.С-г урьд эрхэлж байсан******* ХК-ийн Баянхонгор тооцооны төвд Данс хариуцсан ажилтан албан тушаалд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
6.2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу Ү.С-г ажлаас халсан 2024.09.26-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч Худалдаа хөгжлийн банк ХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ү.С-гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-ыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу ажиллаж байх үеийн бүтэн ажилласан 7, 8, 9 сарын цалин /1,776,600 + 2,394,000 + 2,763,380/-гаар дундаж цалин хөлсийг тодорхойлоход сард 2,311,327 төгрөг байна. /хавтаст хэргийн 122 хуудас/
Ажилгүй байсан буюу ажлаас халагдсан 2024.09.27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл 5 сар 9 хоногоор тооцоход 12,524,162 төгрөг /1 сар 2,311,327 төгрөг, 1 өдөр 107,503 төгрөг /2,311,327 : 21,5 хоног = 107,503 төгрөг/, 2,311,327 х 5 сар = 11,556,635 төгрөг, 107,503 х 9 хоног = 967,527 төгрөг, 11,556,635 + 967,527 = 12,524,162 төгрөг/ болж байх тул 12,524,162 төгрөгийн олговорыг олгох үндэслэлтэй байна.
6.3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Х ХК-д даалгах үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ү.С-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар хариуцагчаас гүйцэтгэх захирлын 2024.09.27-ны өдрийн Б-24/2449 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 140,400 төгрөг, ажилласан хугацааны цалин хөлс, алданги нийт 12,524,162 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж 215,337 төгрөг тус тус гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дахь хэсэг, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар Х ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б-24/2449 дугаар Ү.С-г ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ү.Соёлмааг Х ХК-ийн ... тооцооны төвд Данс хариуцсан ажилтан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Х ХК-иас 12,524,162 /арван хоёр сая таван зуун хорин дөрвөн мянга нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Ү.С-д олгож, Ү.С-н эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг Х ХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ү.С-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар Х ХК-иас 355,737 /гурван зуун тавин таван мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА