| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/00203/И |
| Дугаар | 191/ШШ2025/02001 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/02001
2025 03 13 191/ШШ2025/02001
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 0 байранд байрлах, Р ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 0 тоотод байрлах, С ХХК /РД:000000/-д холбогдох,
Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний үүрэгт 24,340,000 төгрөг, алданги 12,170,000 төгрөг, нийт 36,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ариунтуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: Талуудын хооронд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 24/08 дугаартай "Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ"-г Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар байгуулж, тухайн гэрээгээр "Р" ХХК бетон зуурмаг худалдах, худалдсан бетон зуурмагаа тээвэрлэж, ажлын талбайд хүргэх, нөгөө талаас "С" ХХК худалдаж авсан бетон зуурмагийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд гэрээ 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дууссан.
Гэрээний хугацаанд манай зүгээс 93,940,000 төгрөгийн, 336 м бетон зуурмаг нийлүүлж, хариуцагчаас 24,340,000 төгрөг төлөгдөөгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, гэрээний 2 дугаар зүйлийн 2.9-т зааснаар 24,340,000, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар алданги 12,170,000 төгрөг, нийт 36,510,000 төгрөгийг хариуцагч С" ХХК-иас гаргуулах гэжээ.
Хариуцагч С ХХК хариу тайлбар, татгалзалдаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 24,340,000 төгрөгийн төлбөрийн үүргийг хариуцагч биелүүлээгүй гэж дурдсанд маргаан байхгүй. Хамгийн сүүлийн бетон зуурмагийг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээж авсан. Тухайн үед манай 2 барилга баригдаж байсан. Манайх 380,000,000 гаруй төгрөгийн зуурмаг авсан. Бидний зүгээс өөрийн нөхцөл байдал, учир шалтгаанаа тайлбарлаад оноос өмнө мөнгөө төлнө, алданги тооцохгүй байж байгаарай гээд үйлдвэрийн дарга н.Өлзийбаярт нь амаар хэлсэн гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Р ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.06.05-ны өдрийн 24/08 дугаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ, С ХХК-ийн бетон зуурмагийн төлбөр болон алдангийн тооцоо, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2024.12.27-ны өдрийн албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас талаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний үүрэгт 24,340,000 төгрөг, алданги 12,170,000 төгрөг, нийт 36,510,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
2. Нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: хариуцагчийг худалдан авсан бетон зуурмагийн үнэ 24,340,000 төгрөгийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул гэрээний дагуу алданги төлөх үүрэгтэй гэх үндэслэлээр тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: бетон зуурмагийн үнийн үлдэгдэл төлбөрийг төлөхөд маргаангүй, харин алданги тооцохгүй байх талаар амаар хэлсэн, алданги төлөх боломжгүй гэх үндэслэлээр тодорхойлсон.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахи үйл баримт тогтоогдож байна.
4.1. Худалдагч Р ХХК нь худалдан авагч С ХХК-тай 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 24/08 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-г бичгээр байгуулж, худалдагч нь бетон зуурмагийг тээвэрлэн нийлүүлэхээр, худалдан авагч нь бетон зуурмагийн үнэ болон тээвэрлэлтийн зардлыг төлөхөөр тохиролцжээ. /хавтаст хэргийн 5-6 хуудас/
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх үндэслэлгүй, гэрээ хуулийн хүчин төгөлдөр байна.
5. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Р ХХК нь дээрх гэрээний дагуу бетон зуурмаг 336 м3-ийг нийлүүлсэн. С ХХК нь 69,600,000 төгрөгийн төлбөрийг төлсөн, үлдэгдэл 24,340,000 төгрөгийг төлөөгүй талаар зохигч маргаагүй. /хавтаст хэргийн 10 хуудас/
6. Алдангийн тухайд,
Талууд 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 24/08 дугаартай Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ-ний 2.8-д эхний авсан 180-200м3 бетон зуурмагийн төлбөрөө 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлнэ, 2.9-т 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бетон зуурмагийн төлбөрийн нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор худалдагч талын ...шилжүүлнэ гэж төлбөр төлөх хугацааг тогтоожээ.
Мөн гэрээний 6.2-т Худалдан авагч тал төлбөрийг гэрээний 2.8, 2.9-д заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хариуцагч талд төлнө гэж тохиролцсоноор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасан анзын гэрээг байгуулжээ.
6.1. Нэхэмжлэгч Р ХХК нь хамгийн сүүлийн бетон зуурмагийг 2024.08.24-ны өдөр нийлүүлсэн байх бөгөөд хариуцагч С ХХК нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Р ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөр болох 24,340,000 төгрөгөөс хоног тутам 0.5%-ийн алданги тооцон шаардах эрхтэй байна.
Алдангийг тооцоолбол: гүйцэтгээгүй үүрэг 24,340,000 төгрөгийн 0,5% алданги 121,700 төгрөг, 2024.09.25-ний өдрөөс 2025.01.06-ны өдрийг хүртэл 100 хоног х 121,700 = 12,170,000 төгрөг байна.
7. Дээрхи үндэслэлээр хариуцагч С ХХК-иас бетон зуурмагийн үнийн үлдэгдэл 24,340,000 төгрөг, алданги 12,170,000 төгрөг нийт 36,510,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 340,500 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 340,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч С ХХК-иас 36,510,000 /гучин зургаан сая таван зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж, Р ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 340,500 /гурван зуун дөчин мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж Р ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА