| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0163/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-02-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 165
2018 02 12 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Нд холбогдох эрүүгийн 1708 0283 60040 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Н Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС-15 дугаар гудамж, 1 дүгээр байрны 30 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч С.Н нь согтуугаар 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 23 дугаар байрны 141 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Б.Яг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг.Шүүгдэгч С.Н мэдүүлэхдээ: Ээжийгээ санаатай зодоогүй. Тэр өдөр би согтуу байсан болохоор гишиглэл алдахдаа ээжийн гарнаас татсан шиг санагдаад байна. Тэгээд ээж газар унасан гэв.
Хоёр. Эрүүгийн 1708 0283 60040 дугаартай хэргээс:
1.Хохирогч Б.Ягийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:
“...Миний төрсөн дүү Ц Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 141 тоотод охин Золзаяа, зээ Т /7 настай/ нарын хамт амьдардаг байсан юм. 2016 оны 07 дугаар сард манай дүү өвчний улмаас нас барсан ба охин Золзаяа нь Хятад улсад ажил хийдэг юм. Би тэрнээс хойш Золзаяагийн хүү Тийг гэрт нь харж байгаа юм. Манай хүү С.Н эхнэр, 2 хүүхдээсээ 2 жилийн өмнө салсан. Одоо надтай хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15, 1 дүгээр байрны 30 тоотод хамт амьдарч байгаа. 14 хоногийн өмнөөс манай УС-15 дугаар байрны тог тасраад С.Н надтай хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23-141 тоотод амьдарч байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай төрсөн эгч Ж “идэш ирсэн мах ирж ав” гэхээр нь би Эгчийнхээ гэрт нь очиж хоноод маргааш нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 26-ны оройн 21 цаг 00 минутын үед гэртээ ирэхэд С.Н том өрөөний орон дээр согтуу тасарсан байдалтай унтаж байсан. Мөн түүний найз Санжаа гал тогооны өрөөний ширээ дэрлээд унтаж байсан. Т том өрөөнд зурагт үзээд хэвтэж байхаар нь “чимээ битгий гаргаарай С.Н сэрүүл агсан тавина шүү” гэж хэлээд гэрэл унтраагаад том өрөөнд хэвтэж байсан чинь С.Н өндийж ирээд чанга дуугаар “Т хаана байна” гээд асуухаар нь “чамаас айгаад нуугдчихсан” гэсэн чинь босч ирээд миний зүүн талын мөрөн дээрээс татаад газар унагаад “чи ямар үхэж далд ордоггүй хүнд гай болсон авгай бэ? алаад өгье” гэж хэлээд толгой руу гараараа цохиод байхаар нь “аллаа, Санжаа туслаарай” гээд орилсон чинь Санжаа ирээд С.Нийг татаад надаас салгасан. Тэгээд Санжаа С.Нийг хамт явъя гэсэн чинь С.Н явахгүй гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн... Өмнө нь хүү согтуу архи ууж ирээд надад агсан тавиад толгой, гар, бие рүү гараараа цохиж зодож байсан. Одоогоос 5 жилийн өмнө Баянзүрх дүүрэгт амьдарч байхад цагдаагийн байгууллагад хандаж байсан, гэхдээ гомдол саналгүй гэж хэлээд өргөдлөө хаалгаж байсан. Өөр цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг [1],
-Хохирогч Б.Ягийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:
“...Миний үндсэн хаяг болохоор Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15 дугаар байрны 30 тоот юм. Би энэхүү хаяган дээр төрсөн хүү С.Нийн хамт 2005 оноос хойш амьдарч байна. С.Нийн 5-8 насны нэг хүү, нэг охин нь ээж дээрээ амьдардаг юм. ...Миний бие Золзаяа, Т хоёртой 2017 оны 07 сарын 20-ноос хойш цуг амьдарч байгаа юм. Золзаяа урагшаа наймаа хийдэг болохоор би хүүхдийг нь сургуульд нь хүргэж өгч, авч гэр, сургууль хоёрын хооронд зөөж гэрт нь амьдарч байгаа юм. 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би төрсөн эгч Ж “манайд идэш ирсэн байгаа, хүрч ирээд аваарай” гэж хэлсний дагуу би Хайлаастад байдаг гэрт нь очиж хоночихоод маргааш буюу 11 дүгээр сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 141 тоотод ирэхэд С.Н согтуу том өрөөний буйдан дээр унтаж байсан. С.Нийн найз Санжаа гэж залуу гал тогооны өрөөнд ширээ дэрлээд унтаж байсан. Тухайн үед Т том өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тэгсэн чинь С.Н өндийж босч ирээд “Т хаана байна” гэхээр нь би “чамаас айгаад нуугдчихсан” гэсэн чинь босч ирээд миний зүүн мөрнөөс татаад газар унагаад “юу хуцаад байгаа юм бэ, үхэж далд ордоггүй авгай вэ” гэж хэлээд миний нүүр толгой руу гараа зангидаж байгаад хэд, хэдэн удаа цохихоор нь би Санжааг туслаарай гээд дуудсан. Санжаа гал тогооны өрөөнөөс гарч ирээд С.Нийг салгаад холдуулсан. ...Тэгээд би цагдаад мэдэгдье гээд гэрээсээ гараад өөрийнхөө дугаараас цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхийг хүлээж байгаад дуудлагаар ирсэн хоёр цагдааг ирснийх нь дараа гэр лүүгээ орсон...” гэх мэдүүлэг [2],
2.Гэрч Д.Сгийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн:
“...Би тэр өдөр С.Нийн байсан гэрт С.Нтэй хамт 0.5 литрийн 2 шил архи хувааж уугаад нилээн согтчихсон байсан юм. Тэгээд согтуу байсан болохоор гал тогооны өрөөний ширээ дэрлээд унтаж байсан. Би Б.Я эгчийг гэртээ орж ирсэн эсэхийг мэдээгүй. Харин гэнэт Б.Я эгч намайг сэрээгээд “...С.Н агсан тавиад, зодож цохиод байна, цагдаа дуудаж өгнө...” гэхээр нь би “цагдаа дуудаж өгөх хэрэггүй, бөөн асуудал болно” гэж хэлээд том өрөө рүү ороод харахад С.Н орон дээр унтаж байсан. ...Одоогоос 3 жилийн өмнө санагдаж байна. Б.Я эгч миний тухайн үед ажиллуулаж байсан хүнсний дэлгүүр дээр хүрч ирээд “Нараа намайг зодчихлоо, мөнгө өгч туслаач, хоол ундны мөнгөгүй болчихлоо” гэхээр нь би ундны 20-30 мянган төгрөг өгч байсан. Тухайн үед С.Н ямар учраас ээжийгээ зодсоныг нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [3],
3.Гэрч Б.Ө-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Бүргэд 10-аас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцны 141 тоотод “манай хүү С.Н намайг зодлоо” гэх дуудлага ирүүлсэн. Дуудлагын дагуу дуудлага мэдээлэл өгсөн иргэний 95701258 дугаарын утас руу залгаж юу болсон талаар асууж тодруулахад нэг эгч утсаа авч “би гэртээ байхгүй байна, удахгүй очно, хүү маань намайг зодсон, одоо гэртээ байгаа” гэж хэлсэн. Тэгээд дуудлага өгсөн хаягаар жолооч, цагдаагийн дэд ахлагч Б.Ган-Эрдэнийн хамт уг хаягт очиж хаалгыг нь тогшиход нүдний шилтэй нэг залуу хаалгыг онгойлгож өгсөн. Тэр залуугаас нилээн архи үнэртэж байсан. Тэгээд гэрт нь явж ороход "залуу гэртээ нэг жаахан хүүхэдтэй хамт байсан. Түүнийг саатуулах зорилгоор авч гарах үед дуудлага мэдээлэл өгсөн иргэн Б.Я нь гэртээ орж ирсэн. Тухайн үед иргэн Б.Ягийн баруун шанаа болон баруун гарын сарвуу хэсэг хавдсан байдалтай байсан ба, манай хүү намайг зодсон” гэж хэлсэн. Ингээд ээжийгээ зодсон гэх залууг хувцсыг нь өмсгөөд эрүүлжүүлэх байранд хүргэсэн...” гэх мэдүүлэг [4],
4.Насанд хүрээгүй гэрч Б.Тий мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн:
“...Манай ээж Золзаяа Эрээн рүү явчихсан, Эрээнд амьдарч байгаа, тэгээд манай ээжийн эгч Б.Я намайг харж байсан юм. Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Нэг өдөр би Б.Я эгчийн хүүхэд, манай агаа С.Нтэй цуг гэртээ байж байсан. Би зурагт үзээд сууж байж байтал Б.Я эмээ гэрт орж ирсэн. Тэгээд би зурагтаа үзэж байсан чинь С.Н ах орилоод байсан чинь эмээ намайг “нуугд” гэхээр нь хөнжилөө дээгүүрээ нөмрөөд хэвтэхдээ харсан чинь С.Н ах эмээг гараараа түлхээд газар унагааж харагдсан...” гэх мэдүүлэг [5],
5.С.Нийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн:
“...Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ээжийн дүүгийн гэрт нь 1 дүгээр хорооллын 23 дугаар байрны 141 тоотод буюу Золзаяагийн гэрт байж байхад манай найз Д.С орж ирсэн. Ингээд бид хоёр 1 шил 0.5 литрийн архи авч уусан. Би уусан архиндаа согтоод том өрөөнд унтсан байсан. Ингээд унтаад байж байтал ээж Б.Я хүрч ирсэн. Би унтаж байгаад сэрээд “ээжийг та эртхэн ирэхгүй яасан юм бэ?, хамаг ажил алдуулчих юм” гэж хэлсэн. Тэр асуудлаас болж ээжийг би загнасан. Тэгээд би буцаад унтсан. Тэгээд нэг сэрээд нойлд бие засах гээд коридор луу алхаж байгаад ээжийг мөрөөрөө мөрлөөд газар унагаасан. Цаад өрөөнөөс Д.С гарч ирсэн ба ээж, Д.С хоёр гараад явсан. Тэгээд би буцаад унтаж байтал хоёр цагдаа орж ирээд намайг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. ...” гэх мэдүүлэг [6],
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14976 тоот:
“...1.Б.Ягийн биед баруун нүдний гадна талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ард цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтооглоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /шинжээч Т.Номинцэцэг/...” гэсэн дүгнэлт [7],
7.Шинжээч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:
“...Мохоо зүйлийн нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Тухайн гэмтлүүд нь газар унах үед үүсэх боломжгүй гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохилтын улмаас үүссэн байх боломжтой. Учир нь баруун нүдний гадна талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд нь нидрэгдсэн, шүргэгдсэн, зурагдсан гэмтлийн элементүүд байхгүй байна. Баруун нүдний гадна талд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун сарвууны ард цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Учир нь шарх зулгаралтын хэмжээ бага хэмжээтэй байгаа болохоор...” гэх мэдүүлэг [8],
8. С.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа [9], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [10], Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны тодорхойлолт [11], банкны лавлагаа [12], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [13] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Н нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах 23 дугаар байрны 141 тоотод 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай төрсөн эх Б.Яг хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “үхэж далд ордоггүй авгай вэ” гэж доромжилж, шууд санаатай үйлдлээр хохирогчийн нүүр толгой руу нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд шууд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Ягийн хэрэг бүртгэлтэд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны оройн 21 цаг 00 минутын үед гэртээ ирэхэд С.Н том өрөөний орон дээр согтуу тасарсан байдалтай унтаж байсан... С.Н өндийж ирээд чанга дугаар “Т хаана байна” гээд асуухаар нь “чамаас айгаад нуугдчихсан” гэсэн чинь босч ирээд миний зүүн талын мөрөн дээрээс татаад газар унагаад “чи ямар үхэж далд ордоггүй хүнд гай болсон авгай бэ алаад өгье” гэж хэлээд толгой руу гараараа цохиод байхаар нь “аллаа Санжаа туслаарай” гээд орилсон чинь Санжаа ирээд С.Нийг татаад надаас салгасан...” гэх мэдүүлэг [14], мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:“...2017 оны 11 дүгээр сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 141 тоотод ирэхэд С.Н согтуу том өрөөний буйдан дээр унтаж байсан... Тэгсэн чинь С.Н өндийж босч ирээд “Т хаана байна” гэхээр нь би “чамаас айгаад нуугдчихсан” гэсэн чинь босч ирээд миний зүүн мөрнөөс татаад газар унагаад “юу хуцаад байгаа юм бэ, үхэж далд ордоггүй авгай вэ” гэж хэлээд миний нүүр толгой руу гараа зангидаж байгаад хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг [15],
-Гэрч Д.Сгийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн “...Би тэр өдөр С.Нийн байсан гэрт С.Нтэй хамт 0.5 литрийн 2 шил архи хувааж уугаад нилээн согтчихсон... гал тогооны өрөөний ширээ дэрлээд унтаж байсан... гэнэт Б.Я эгч намайг сэрээгээд “...С.Н агсан тавиад, зодож цохиод байна ...” гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг [16],
-Гэрч Б.Ө-ийн 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 22 цагийн үед Бүргэд 10-аас Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 4 дүгээр орцны 141 тоотод “манай хүү С.Н намайг зодлоо” гэх дуудлага ирүүлсэн. Дуудлагын дагуу... уг хаягт очиж хаалгыг нь тогшиход нүдний шилтэй нэг залуу хаалгыг онгойлгож өгсөн. Тэр залуугаас нилээн архи үнэртэж байсан, түүнийг саатуулах зорилгоор авч гарах үед дуудлага, мэдээлэл өгсөн иргэн Б.Я гэртээ орж ирсэн. Тухайн үед иргэн Б.Ягийн баруун шанаа болон баруун гарын гарын сарвуу хэсэг хавдсан байдалтай байсан, манай хүү намайг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг [17],
-Насанд хүрээгүй гэрч Б.Тий 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн “...би зурагтаа үзэж байсан чинь С.Н ах орилоод байсан чинь эмээ намайг “нуугд” гэхээр нь хөнжилөө дээгүүрээ нөмрөөд хэвтэхдээ харсан чинь С.Н ах эмээг гараараа түлхээд газар унагааж харагдсан...” гэх мэдүүлэг [18],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14976 тоот дүгнэлт [19],
-Шинжээч Т.Номинцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлэг [20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Н нь гэм буруугийн талаар маргаж, ээжийгээ санаатай зодоогүй, гишиглэл алдахдаа ээжийн гарнаас татахад ээж газар унасан гэж мэдүүлсэн.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч С.Н нь тухайн гэмт хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан байх үедээ ээжийгээ зүүн мөрнөөс нь татаж газар унагаад “үхэж далд ордоггүй авгай вэ” гээд нүүр, толгой руу нь гараараа хэд, хэдэн удаа цохисон үйл баримт дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон. Нөгөө талаас хохирогч Б.Ягийн биед учирсан “баруун нүдний гадна талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвууны ард цус хуралт, хүзүүнд зулгаралт” бүхий гэмтэлүүд нэг буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эдгээр гэмтлүүд нь газар унах үед үүсэх боломжгүй, харин цохилтын улмаас үүссэн байх боломжтой. Учир нь баруун нүдний гадна талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд нь нидрэгдсэн, шүргэгдсэн, зурагдсан гэмтлийн элементүүд байхгүй талаар мэдүүлсэн тусгай мэдлэг бүхий шинжээч Т.Номинцэцэгийн мэдүүлгээр шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Мөн хохирогчид учирсан гэмтлээс баруун нүдний гадна талд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэжээ.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч С.Н нь архины хамааралтай болсон, улмаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байна.
Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар:
-эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд,
-тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү …” гэх зэрэг этгээдийг ойлгох юм.
Тус хэргийн оролцогч нарын хувьд шүүгдэгч С.Н нь хохирогч Б.Ягийн төрсөн хүү байх ба, тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогч, шүүгдэгч нар нь гэр бүлийн гишүүд буюу нэг гэрт хамт амьдарч байсан байна.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно.
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг заасан ба, харин мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь дээрх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тус зүйл, хэсгээр хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болно. Хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулан хуульчилсан хуулийн заалтад “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг хамааруулж зохицуулсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэргийг хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч С.Нийн төрсөн эх Б.Яг зодож, хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангажээ.
Иймээс улсын яллагчаас шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэстэй байна.
Иймд шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Шүүгдэгч С.Н нь хохирогч Б.Ягийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Я нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн [21] тул шүүгдэгч нь хохирогч Б.Яд энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлтийг гаргасан,
Шүүгдэгч С.Н нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо 7 хоногийн өмнө компьютерийн үйлчилгээний үйл ажиллагаа явуулж эхэлсэн, хувиараа ажил эрхэлдэг, хоёр хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгдөг зэрэг шалтгааныг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзана гэж зохицуулсан.
Тус хэрэгт шүүгдэгч С.Нийн ажил эрхлэлт хийдэг талаар холбогдох баримтгүй, мөн түүний цалин хөлс, бусад орлогыг тодорхойлсон эх сурвалж баримтгүй, нөгөө талаас хохирогч Б.Ягаас “С.Н нь хүү, охин хоёртой. Эхнэрээсээ нэг салаад л, эргэж нийлээд л яваад байдаг гэж [22], мөн С.Н яллагдагчаар мэдүүлэхдээ “эхнэр маань одоогоор хоёр хүүхэдтэйгээ хамт ээжийндээ амьдарч байгаа[23]” гэж тус тус мэдүүлсэн байх ба, шүүхээс шүүгдэгч С.Нийн торгуулын ялын саналыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүх шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Н нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч С.Нд ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, С.Нийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нийг 500 цаг (таван зуу) нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Яд энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч С.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 53-54 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 58 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.
[11] Хавтаст хэргийн 57 дугаар тал.
[12] Хавтаст хэргийн 63-70 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 72 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 7-8 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 32-33 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 40 дүгээр тал.
[21] хавтаст хэргийн 35-36 дугаар тал
[22] Хавтаст хэргийн 35 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 53 дугаар тал.