Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0199

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК,

Хариуцагч: ******* ТӨХХК

Хариуцагч: ******* ТӨХХК-ийн үнэлгээний хороо

Хариуцагч: Сангийн яам нарын хоорондын тендертэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч ******* ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч ******* ТӨХХК-ийн үнэлгээний хорооны төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Г.М, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа[1]: *******" ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг "илт хууль бус" болохыг тогтоолгож, тус шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, тус тендер шалгаруулалтад "Б*******" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгуулах тухай гэжээ.

1.2. 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тодруулсан болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа[2]:

- Хариуцагч ******* ТӨХХК-д холбогдуулан "******* ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б*******" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "Б*******" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах" гэж тодруулж,

- Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 албан бичгийн "Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй" гэж заасны дагуу Б******* ХХК-д Т3-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон *эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй байна гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай гэж нэмэгдүүлжээ.

1.3. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа[3]: "******* ТӨХХК-аас *******/03/01 урилгын дугаартай Уурын зуухны шинэчлэл тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах

1.4. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа[4]: ******* ТӨХХК-аас зарласан ******* дугаартай Уурын зуухны шинэчлэл ажлын Тендерийн үнэлгээний хорооны Монгол улсын Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, тендерийг дахин үнэлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах

1.5. 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулжээ.

- Хариуцагч ******* ТӨХХК-д холбогдуулан:

1. "******* ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

2. ******* ТӨХХК-иас *******/03/01 урилгын дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах

-Хариуцагч Сангийн яаманд холбогдуулан:

3. Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 албан бичгийн "Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй" гэж заасны дагуу Б******* ХХК-д Т3-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй байна" гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай

-Хариуцагч "*******" ТӨХХК-ийн Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан:

4. "*******" ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" ажлын Тендерийн үнэлгээний хорооны Монгол Улсын Сангийн Яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, тендерийг дахин үнэлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. "*******" ТӨХХК-ийн Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар Компанийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай тогтоолоор[5] ******* ТӨХХК-ийн 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталж, хавсралтын 11-т БИОК/2024017 дугаар бүхий Уурын зуухны шинэчлэл ажлыг банкны зээлээр 2024 онд 1,500,000,000 төгрөгийн төсөвт өртөгөөр 2024 оны 06 дугаар сард нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулахыг шийдвэрлэжээ.

2.2. ******* ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/31 дүгээр тушаалаар уг ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулсан байна.

2.3.Үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр анхны хурлаа хийж[6], Уурын зуухны шинэчлэл БИОКТӨХХК/2024/0101080 дугаартай ажлыг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулах, ажил худалдан авах тендерийн жишиг баримт бичгийг[7] боловсруулахаар шийдвэрлэжээ.

2.4. Уг тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн Б******* ХХК, Т ХХК-ийн материалыг хянан үзэж, тэмдэглэл үйлдэн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар[8] хэлэлцэн ТБОНӨХБАҮХАТХ[9]-ийн 26 дугаар зүйлийн 26.10 дахь хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй гэж үзэж, тендерийг хүчингүй болгон дахин зарласан.

2.5. "*******" ТӨХХК-иас Б******* ХХК-д 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 24/251 албан бичгээр[10] шалгараагүй талаарх мэдэгдлийг хүргүүлжээ.

2.6. Дахин зарласан тендерт Б******* ХХК, Т ХХК-иуд оролцохоор тендерийн бичиг баримтуудаа ирүүлснийг Үнэлгээний хороо 2024 оны 08 дугаар сарын 09-ний хянан Б******* ХХК-ийг цахим системд тусгай зөвшөөрлийн мэдээллийг байршуулаагүй тул ТӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.10 дахь хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй, Т ХХК-ийн дулааны инженер М.*******, Г.******* нар нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлага хангаагүй үндэслэлээр тус тус татгалзсан байна.

2.7. "*******" ТӨХХК-иас Бэсүжин констракшин ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.*******д 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 дугаар албан бичгээр ТБОНӨХБАҮХАТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.10 дахь хэсэгт заасны дагуу тендерийн шаардлага хангаагүй болохыг болон мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт заасны дагуу тендер шалгаруулалт зохион байгуулах тухай мэдэгджээ.

2.8. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Бэсүжин констракшин ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/24-217 дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамнаас хянан үзээд 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар албан бичгээр ...эрх бүхий байгууллагаас хөтөлж бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг хэргийн оролцогчоос шаардахгүй гэж заасны дагуу ... тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй ... гэж дурдан захиалагчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

2.9. ******* ТӨХХК-иас Эрчим хүчний яаманд хандан 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 24/308 дугаартай албан бичгээр[11] Б******* ХХК нь Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаарх мэдээллийг,

2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 24/307 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандан Б******* ХХК нь Эрчим хүчний яамнаас олгодог 2372/24 дугаартай тусгай зөвшөөрлийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системд байршуулах хүсэлтийг хэзээ гаргаж, хэд хоногийн дотор шийдвэрлэсэн талаарх мэдээллийн тус тус хүссэн байна.

2.10. Эрчим хүчний яамны 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн в/2826 дугаар албан бичгээр Б******* ХХК-ийн Эрчим хүчний яамнаас олгодог тусгай зөвшөөрөл дунд Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар дурдаагүй байна.

2.11. ******* ТӨХХК-иас тендерийн оролцогч нарт хандан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 дугаар Сонгон шалгаруулалтын хариу хүргүүлэх тухай албан бичгээр[12] ...Төрийн худалдан авах ажиллагааны газар болон Эрчим хүчний яамнаас тодруулга авч ажиллахад Төрийн худалдан авах ажиллагааны газраас албан бичгийн хариу албажин ирээгүйн улмаас тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах болсныг... мэдэгджээ.

2.12. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Б******* ХХК-иас Сангийн яаманд хандан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/24-269 дүгээр албан бичгээр гомдол гаргасныг Сангийн яам хянаад 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 03/8584 дүгээр албан бичгээр ...шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурдсан байх тул Тендерийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй... гэжээ.

2.13. Б******* ХХК-аас захиргааны байгууллагын үйл ажиллагааг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргаж хандсан болно.

2.14. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "******* ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Б*******" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "Б*******" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2025/1813 дугаар захирамжаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх тендерийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нээж Б*******" ХХК, Т ХХК нь шаардлага хангаагүй гэж тендерээс татгалзсан. Үүнд 2 оролцогч маргаагүй, гомдол гаргаагүй. *******-ын уг шийдвэр хүчин төгөлдөр болж дахин тендер сонгон шалгаруулалтыг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр зарлаж Б******* ХХК, ******* ХХК тендерийн материал ирүүлсэн. Дахин зарласан шийдвэрийн дагуу бидний маргаж буй процесс эхэлсэн. Үнэлгээний хороо 2 компани материал ирүүлснийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр Б******* ХХК-ийг тусгай зөвшөөрлийн мэдээлэл цахим санд байхгүй. Т ХХК-ийг ТШЗ-16.1.2, 19.2-т заасан шаардлага хангаагүй гэж дахин татгалзсан. Захиалагчаас дээрх тэмдэглэлийг үндэслэж 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 дугаар мэдэгдлээр ТШЗ-19.3-т тусгай зөвшөөрлийн мэдээлэл цахим системд байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч компаниас татгалзсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар тэмдэглэлийг бидний тендерт ирүүлсэн материалд үндэслэж гаргасан байдаг. Гэвч тендерийн материал хүргүүлэхдээ pdf-ээр буюу бичгээр материал өгөхдөө шаардаад байгаа бүх тусгай зөвшөөрлийг ******* ТӨХХК-д хүргүүлсэн.

Татгалзсан мэдэгдлийг хүлээж авч Б******* ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яаманд гомдлоо гаргасан. Сангийн яамнаас 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 дугаар мэдэгдэл мөн үнэлгээ хийсэн ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан. Мөн бидний нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Б******* ХХК-ийг ТЗ-6.3-т заасан тусгай зөвшөөрлийн мэдээлэл байхгүй тул Эрчим хүчний яамнаас тодруулах байдлаар санал дэвшүүлсэн. Бидний хамгийн гол маргаж буй үйл баримт бол эс үйлдэхүй буюу тендерийг эхлүүлэхгүй байсаар байгаад хугацааг дуусгасан хариуцагчийн хууль бус үйлдэл гэж үзэн дараах 3 үндэслэлээр маргаж байна. Үүнд:

1. Дахин үнэлгээ хий гэх дээд шатны албан тушаалтны буюу Сангийн яамны шийдвэр гарсаар байхад үүнийг биелүүлэхгүйгээр тендерийн хугацааг дуусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.2.5 дахь заалтад .... зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх... зарчмыг хангаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт ...Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ... гэж заасныг зөрчсөн.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан А/253 дугаар тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмыг тендерт оролцогч байгууллагууд мөрдлөг болгон ажиллах ёстой баримт бичгийн 1.3-т гомдол хянан шалгах байгууллагын шийдвэрийг заавал биелүүлнэ гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн.

Тусгай зөвшөөрлийг нягтлан шалгахтай холбоотой асуудал нь Тендерийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан тодруулга авах ажиллагаа мөн эсэх, үүнээс гадна хууль зөрчсөн асуудал байгаа. Нэхэмжлэгчээс Сангийн яамны хууль ёсны шийдвэрт дурдсан ТЗ-6.3-т заасан тодруулгыг Эрчим хүчний яамнаас авах гэх хэсгийг хууль бус гэж үзэн хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж буй Зөвшөөрлийн тухай хуульд ТЗ-6.3 гэх тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. 2023 оны 01 дүгээр сарын 01-нээс Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжихээс өмнөх хуульд 8.1.4-т заавал тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа байсан боловч хуулийн шинэчилсэн найруулгаар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон. Тэгэхээр Сангийн яам анхнаасаа нийтэд илэрхий, тодорхой баримт буюу хуулийн шинэчлэлээр байхгүй болсон тусгай зөвшөөрлийг дахин нягталж, шалгах талаар тодруулга авах албан тоот гаргасан нь хууль бус гэж үзэж байгаа.

Гэтэл 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тендер дуусгавар болох байсан бөгөөд Эрчим хүчний яамнаас тодруулга авах ажиллагааны хариу нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн В/2826 дугаар албан тоотоор тендер дуусахаас 1 сарын өмнө хариу ирүүлсэн. Уг албан бичигтээ ...3 тусгай зөвшөөрөл байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа мэдээлэл нь нийтэд нээлттэй мэдээлэл буюу хэрэв шаардлагатай гэж үзсэн тохиолдолд цаашдаа лиценз.гов.мн сайтад тодруулгаа авах ажиллагааг хийх... талаар тайлбарласан. Хариуцагч ******* ТӨХХК-иас дээд шатны захиргааны байгууллагын шийдвэрт зааснаас өөр асуудлаар тодруулга авах ажиллагааг явуулсан. Тодруулбал: Худалдан авах ажиллагааны газар руу дур мэдэн албан тоот явуулахдаа ...3 тусгай зөвшөөрөл нь Худалдан авах ажиллагааны газрын цахим системд хэзээ бүртгэгдсэн бэ? гэдэг байдлаар тодруулга авахаар хандсан. Энэ нь Сангийн яамны гомдолд дурдаагүй асуудал. 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш 1 сарын хугацаа байсан.

Эс үйлдэхүй гаргасан хариуцагчийн хууль бус үйлдэл Тендерийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ... Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах... ажиллагааг хийж болно гэж заасан. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал маань Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт Мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг үүргийн хүрээнд үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах мэдээллийг байнга ил тод, нээлттэй байлгана: 8.5.2 дахь заалтад зааснаар нийтэд нээлттэй мэдээлэл, мөн Эрчим хүчний яамны хариу албан бичигт дурдсанаар лиценз.гов.мн сайтаас танилцах буюу төрийн захиргааны байгууллага хэдий ч авч болох нээлттэй мэдээлэл, үүгээр ч зогсохгүй нэхэмжлэгч компаниас анх тендерийн баримт бичиг хүргүүлэхдээ пи ди эф хэлбэрээр өгсөн нээлттэй мэдээлэл тул тодорхойгүй мэдээлэл биш. Тендерийн тухай хуулийн 25.1-т заасан зөрчилдөөнтэй мэдээлэл биш байтал дээрх зүйл, заалтыг зөрчиж тодруулга авах шаардлагагүй байхад тодруулга авсан нь хууль бус юм. Тодруулга авах хугацааг хүлээгээд тендерийн хугацааг дуусгасан. Гэтэл Тендерийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт ... Тендерийн талаар тодруулга авах захиалагчийн хүсэлтэд заасан хугацааны дотор оролцогч хариу ирүүлээгүй нь хянан үзэх, үнэлэх ажиллагааг хойшлуулах үндэслэл болохгүй... гэж заасан бөгөөд тодруулга авах баримтын хугацааг хүлээж байна гэх үндэслэлээр тендерт үнэлгээ хийхгүй байх, хянан үзэхгүй байх нь хууль бус үйлдэл.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд Сангийн яамны баримт бичгийг буюу дахин үнэлгээг заавал хийж ямар асуудал үүсэхийг Тендерийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар тэнцсэн талаар, тэнцээгүй бол ямар агуулгын хүрээнд тэнцээгүй талаар мэдэгдэл хүргүүлэх процесс явагдах ёстой байсан.

******* ТӨХХК-ийн Үнэлгээний хороо дахин үнэлгээг хийхгүй байх эрх хэмжээг хууль тогтоомжид олгоогүй. Мөн Сангийн яамнаас дахин үнэлгээг хий гэх шийдвэр гаргасан нь заавал биелэгдэх шинжтэй үйл баримтууд байснаас үзвэл Тендерийн үнэлгээний хороо дахин үнэлгээ хийгээгүй эс үйлдэхүй нь илт хууль бус байсан нь харагдаж байна.

Эцэст нь Сангийн яамнаас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны шийдвэрээрээ төрийн захиргааны байгууллага өөрт байгаа мэдээллийг хэргийн оролцогчоос шаардахгүй, цахим системд нээлттэй байгаа мэдээлэл байна, мөн Б******* ХХК-иас тендерт оролцохдоо цаасан хэлбэрээр мөн пи ди эф файлаар өгснийг хянаж үзээд эцсийн шийдвэрийг гаргасан.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар батлагдсан Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журмын 4 дүгээр бүлэгт худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгчийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг бүртгэх: 4.3-т ...нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нийтэд нээлттэй мэдээллийг бүртгүүлэхийг шаардахгүй... гэж зааснаар тус мэдээлэл нь нийтэд нээлттэй тул мэдээллийг бүртгүүлэх шаардлагагүй талаар тодорхойлсон.

Дээрх үндэслэлгүй буюу хууль зөрчсөн үйл ажиллагааны үр дүнгээс ******* ТӨХХК нь дахин үнэлгээ явуулах хугацааг санаатайгаар алдагдуулж, хэтрүүлсэн.

Сангийн яамнаас нэгэнт нийтэд илэрхий хуулийн шинэчлэлээр байхгүй болсон тусгай зөвшөөрлийг тодруулга авахаар албан бичигтээ дурдсан нь нэхэмжлэгч компанийн эрх, ашигт шууд сөргөөр нөлөөлөөгүй хэдий ч тодорхой хэмжээний хугацаа шаардагдаж хариуцагчийн эс үйлдэхүй гаргах нэг шалтгаан болсон учир Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/7122 дугаар албан бичигтээ Б******* ХХК-д ТЗ-6.3 Дулааны техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй байна гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагатай. Үнэлгээний хорооны дахин үнэлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байх тул түүний дагуу гаргасан мэдэгдэл нь мөн адил хууль бус гэдэг агуулгаар ******* ТӨХХК-тай холбоотой шаардлагууд маань үндэслэж гарч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* ТӨХХК-д дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/249 дүгээр Бүртгэл мэдээлэл баталгаажуулах журамд худалдан авах ажиллагаанд оролцогчид аж ахуйн нэгжийн эрхлэгчийн чадвар туршлагын мэдээллийг бүртгэх, журмын 3.1-т ... цахим системд бүртгэгдсэн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүрд бүртгүүлчихсэн этгээд нь шинжлэх үүрэгтэй ба мэдээлэл үнэн зөвийг хариуцна..., мөн 4.1-т аж ахуй эрхлэгчийн хуульд заасан санхүүгийн болон техник чадавх туршлагыг хангасан байгаа дараах мэдээлэл баримт бичгээр цахим системд бүртгүүлнэ: 4.1.1-т ...гэрээний үүргээ гүйцэтгэх шаардлагатай зөвшөөрөл эсхүл гэрчилгээ... гэж заасан байтал нэхэмжлэгч компани бүртгүүлээгүй. Мөн журмын 4.4-т ... аж ахуй эрхлэгч нь энэ журмыг 4.1-т заасан бүртгүүлсэн мэдээлэлд өөрчлөхдөө тухай бүрд цахим системээр шинэчлэх үүрэгтэй. 4.5-т ...4.1-т заасан дагуу шинэчлээгүй мэдээллийн улмаас аж ахуй эрхлэгчийн илгээсэн тендерээс захиалагч татгалзсан бол хариуцлагыг аж ахуй эрхлэгч бүрэн хариуцна... гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани мэдээллээ шинэчлээгүй нь батлагдаж байгаа.

Тодруулбал: Хариуцагчийн зүгээс 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 тоот мэдэгдлийг хүлээн авсны дараа Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим ажиллагааны газарт хандаж тусгай зөвшөөрлийн мэдээллийг шүүхэд нотлох баримтаар өгсөн байгаа. Үүний дагуу нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг шийдвэрлэдэг. Б******* ХХК-аас гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад ... зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах... гэж заасны дагуу захиалагчийг зөрчлөө арилгаж, тендер сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Учир нь Сангийн яамнаас дээрх журмын дагуу цахим системийн мэдээлэл болон захиалагчаас ирүүлсэн баримт бичгийн хүрээнд гомдлыг хянаж, үнэлэлт, дүгнэлт өгдөг. Тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгай зөвшөөрөл шаардах талаар заасан бөгөөд тусгай зөвшөөрлийг Б******* ХХК-иас ирүүлсэн эсэхийг шалгаад мэдээлэл байхгүй байсан учир Эрчим хүчний яамнаас тодруулж, үнэлгээ хийхийг даалгасан. Зөвшөөрлийн тухай хуульд Уурын зуухны маш олон тусгай зөвшөөрөл-тэй холбоотой зохицуулалтууд байсан. Дулаан техникийн хэмжилт туршилтын тохируулах ажил үйлчилгээ нь тусгай зөвшөөрлүүдийнхээ хүрээнд хамаарах юм уу, эсхүл тусдаа тусгай зөвшөөрөл юм уу гэдгийг тендер сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан учир Эрчим хүчний яамнаас тодруулахыг даалгасан. Б******* ХХК-ийн тендер шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой гомдлыг хуульд заасны дагуу захиалагчид тендер нээхээс өмнө өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан хэдий ч уг эрхээ хэрэгжүүлээгүй тул тендер шалгаруулалтын баримт бичгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тендерт оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн дурдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт тодруулга авахтай холбоотой заалт буюу оролцогчоос захиалагчид хандаад тендер сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой тодруулга авахтай холбоотой зохицуулалт. Үүнтэй холбогдуулан Сангийн сайдын 2023 оны 254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан журмын 3.9-т хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага эсхүл шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах эсхүл тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийх эсхүл захиалагчид тендерийн Үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавихыг даалгасан тохиолдолд захиалагч Үнэлгээний хороог хуралдуулж шийдвэр гаргана гэж заасан учир захиалагч нь хуульд заасны дагуу зөрчлөө арилгах, тендерийн хугацаагаа сунгах, тендерийн шийдвэрийг хугацаандаа гаргах, холбогдох байгууллагаас тодруулга авах ажиллагааг бүрэн хийсэн эсэх асуудлыг захиалагч бие дааж хариуцлага хүлээнэ гэж заасан учир Сангийн яамнаас нь захиалагчийг зөрчлийг арилгаж дахин үнэлгээ хийхийг даалгасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Сангийн яамны шийдвэр нь Б******* ХХК-ийн эрх ашгийг хөндөөгүй гэж тайлбарласан.

Иймд Сангийн яамнаас захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан нь нэхэмжлэгчид эрх зүйн сөрөг үр дагавар үүсээгүй тул хууль бус байсан болохыг тогтоолгох нь ач холбогдолгүй. Мөн Сангийн яам нь урьдчилан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэдэг. Тэгэхээр шүүхээр шийдвэр гарвал Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгох нь төдийлөн ач холбогдолгүй, нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байгаа учир Сангийн яам хариуцагч биш гэх үндэслэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ...хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...харилцааг зохицуулахад оршино, мөн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... маргааныг, шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан.

Тиймээс Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийн дагуу захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас шүүхэд хандсан этгээдийн холбогдох хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг хянах ёстой.

4.2.Харин нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад шүүхэд хандсан нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.3.Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 "тендер шалгаруулалт" гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг; 24 дүгээр зүйлийн 21.1.Сонирхогч этгээд болон оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт нийцүүлэн техникийн болон үнийн саналыг бэлтгэх ба тендер нь дараах шаардлагыг хангасан байна: гээд 21.1.1.тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар заах; 21.1.2.тендерийг хянан үзэх, үнэлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулах, холбогдох этгээдээс лавлагаа, тодорхойлолт авахыг зөвшөөрсөн байх; гэжээ.

4.4.Маргаан бүхий *******" ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендерийн худалдан авах ажиллагааг цахим системээр зохион байгуулсантай холбогдуулан Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.3-д Тусгай зөвшөөрөл Шаардана гээд Эрчим хүчний яамны ТЗ-3.1 0.07-1.6 МПа даралттай зуухны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ ТЗ-4.1 0.07-1.6 МПа даралттай даралтат савны угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ ТЗ-5.1 0.07-1.6 МПа даралттай дулааны шугам хоолой, дулаан дамжуулах төвийн угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ ТЗ-6.3 дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ;[13] болох тендерт оролцогчид тавигдах техникийн чадавх, туршлагын талаар шалгуур үзүүлэлт болгосон эрх бүхий этгээдээс олгосон тусгай зөвшөөрлийг[14] шалгах боломжтой цахим системд байршуулаагүй буюу бүртгүүлээгүй байсан.

4.5.Хожим энэхүү зөрчлөө арилгасан болох нь нэхэмжлэгчийн ...манай компани тендерээс татгалзсан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 тоот мэдэгдлийг хүлээн авсны дараа бид Төрийн худалдан авах ажиллагааны газарт хандаж тусгай зөвшөөрлийн мэдээллээ шивүүлсэн...захиалагч магадгүй энэ талаар тодруулга авах гэж байсан байх... гэх тайлбар болон Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-1/132 дугаар ...Б******* ХХК-аас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цахим шуудангаар тус газарт ирүүлсэн тусгай зөвшөөрлийн мэдээлэл бүртгүүлэх хүсэлтийн дагуу 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдөр цахим системд холбогдох зөвшөөрлийн мэдээллийг бүртгэсэн... албан бичгээр нотлогдож байх тул хариуцагчийг дээрх цахим системээр дамжуулан шалгах боломжгүй байсан лавлагааг тодруулахаар Эрчим хүчний яам[15] болон Төрийн худалдан авах ажиллагааны газар[16] руу хандсаныг буруутгах боломжгүй юм.

4.6.Хариуцагчаас тухай тендерийг нээх үед оролцогчийн чадавхтай холбоотой бүртгэгдээгүй мэдээллийг эрх бүхий байгууллагаас тодруулахаар лавлагаа хүссэн захиргааны үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална, 15 дугаар зүйлийн 15.2 Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй заасантай нийцэхээс гадна нэхэмжлэгчийг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.10.3-т заасан тендер шалгаруулалтын баримт бичигт шаардсан оролцогчийн хүлээх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278 албан бичгээр мэдэгдсэн нь зөв байна.

4.7.Түүнчлэн дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэх хугацаанд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээсэн[17] маргаан бүхий тендерийн хүчинтэй байх хугацаа 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон тул энэ тухай хариуцагчаас нэхэмжлэгчийн компанийг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах  тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэн тендерээс татгалзсан шийдвэрээ 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 дугаар албан бичгээр мэдэгдсэн[18] нь үндэслэл бүхий тул үүнийг хүчингүй болгох үндэслэлгүй.

4.8.Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлын хувьд хариуцагч ******* ТӨХХК өөрийн Уурын зуухны шинэчлэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол банкны зөвшөөрөлтэй Арилжааны банкууд хооронд байгуулсан[19] 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 240201/07-61 дугаар Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл[20]-ийн санхүүжилтийн гэрээнд заасан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох хөрөнгө оруулалтаар[21] хийхээр төлөвлөсөн боловч энэ хугацаанд ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болсон тул энэхүү ажлыг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон.

4.9.Хариуцагч ******* ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Компанийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг дэмжих тухай №04 дүгээр тогтоолоор болон тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар[22] ч Уурын зуухны шинэчлэлийг хийхээр төлөвлөж, тусгаагүй.

4.10.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монгол банкны зөвшөөрөлтэй Арилжааны банкууд хооронд байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 240201/07-61 дугаар Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл -ийн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон ба цаашид сунгагдаагүй, 2025 онд шинэчлэн байгуулагдаагүй болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 02/608 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр,[23] Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29/1631 албан бичгээр[24] тус тус шүүхэд мэдэгдсэн болно.

4.11.Эдгээр үзвэл тендерийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх санхүүжилтгүй болсон учраас цаашид маргаан бүхий тендер шалгаруулалтыг дахин явуулах боломжгүй болсон илэрхий баримтаар тогтоогдож байх тул шүүхээс Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 албан бичгийн "Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй" гэж заасны дагуу Б******* ХХК-д Т3-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй байна гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, "******* ТӨХХК-аас *******/03/01 урилгын дугаартай Уурын зуухны шинэчлэл тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, ******* ТӨХХК-аас зарласан ******* дугаартай Уурын зуухны шинэчлэл ажлын Тендерийн үнэлгээний хорооны Монгол улсын Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, тендерийг дахин үнэлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах боломжгүйгээс гадна нэгэнт тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул шүүхээс дээрх шаардлагад дүгнэлт өгч, хууль зөрчиж хариуцагчид дахин үнэлгээ хийлгэхийг даалгаж шийдвэрлэх нь эрх зүйт ёсонд нийцэхгүй гэж шүүх үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.2, 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг тус тус баримтлан Б******* ХХК-иас хариуцагч ******* ТӨХХК, ******* ТӨХХК-ийн үнэлгээний хороо, Сангийн яаманд холбогдуулан гаргасан

-"******* ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

-******* ТӨХХК-иас *******/03/01 урилгын дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендерийг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах

-Сангийн яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 албан бичгийн "Хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй" гэж заасны дагуу Б******* ХХК-д Т3-6.3 Дулаан техникийн хэмжилт, туршилт тохируулгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эсэхийг Эрчим хүчний яамнаас тодруулж нягтлах нь зүйтэй байна" гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай

- "*******" ТӨХХК-аас зарласан ******* дугаартай "Уурын зуухны шинэчлэл" ажлын Тендерийн үнэлгээний хорооны Монгол Улсын Сангийн Яамны 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 03/7122 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй, тендерийг дахин үнэлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлгээ хийхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Л.БАТБААТАР