Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00720

 

 

 

 

 

 

 

 

ВЭТФ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00621 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ВЭТФ ХХК-ийн хариуцагч Р.Н, Б.Тнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 19 203 093.49 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэръяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: ВЭТФ ХХК нь Р.Нтэй 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ЗГ18/26 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөг зээлдүүлсэн. Р.Н 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 2 731 000 төгрөг төлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дахин ЗГ18/69 дугаартай зээлийн гэрээг байгуулж 14 442 626.76 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлж, тоёота приус маркийн ...улсын дугаартай автомашин барьцаалсан. Уг зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр Р.Нийн хүү Б.Т оролцсон. Зээлдэгч нар эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлж 2020 оны 1 сар хүртэл 6 314 200 төгрөг төлсөн. ЗГ18/26 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 4 059 699.59 төгрөг, зээлийн хүү 1 983 464.66 төгрөг, нийт 6 043 164.25 төгрөг, мөн ЗГ18/69 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 13 131 653.88 төгрөг, зээлийн хүү 7 028 275.36 төгрөг, нийт 20 159 929.24 төгрөг төлөгдөөгүй байна. Зээлдүүлэгчийн зүгээс барьцааны хөрөнгө болох автомашиныг хураан авч хөндлөнгийн үнэлгээ хийлгэхэд 7 000 000 төгрөг болсон бөгөөд уг дүнг зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрөөс хасч тооцохоор шийдсэн. Иймд хариуцагч нараас нийт 19 203 093.49 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуульд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй. Хэрэгт авагдсан компанийн гэрчилгээнд барьцаалан зээлдүүлэх, машин түрээс, худалдаа, бизнесийн зөвлөгөө явуулах үйл ажиллагаатай байна. Иргэний хуулийн 56.1.9-д зааснаар хуулийн этгээд үйл ажиллагааныхаа чиглэлийг зөрчиж хийсэн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байна. 14 442 262.76 төгрөг, 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдсэн боловч Р.Нийн данс руу 9 950 000 төгрөг, 4 975 000 төгрөг шилжиж орсон. Нэхэмжлэгч фидуцийн гэрээний дагуу машиныг хурааж авсан бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн төлбөр хасагдаад одоо төлөх төлбөргүй. Нэхэмжлэгч байгууллага банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллаа явуулах тусгай зөвшөөрөлгүй атлаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг баримталж зээлийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 235 дугаар зүйлийн 235.4-т тус тус заасныг баримтлан, ВЭТФ ХХК болон зээлдэгч Р.Н, хамтран зээлдэгч Д.Сайнбэлэг нар 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ18/26 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Т.Нарангэрэлээс 2 269 000 төгрөгийг гаргуулж, ВЭТФ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16 934 093.49 төгрөгт холбогдох хэсэг, Б.Тд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 965.46 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Т.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамж 51 254 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгч ВЭТФ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Баярцогтын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. №ФГ 18/69 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээнд Р.Нийн өмчлөлийн Тоёота приус маркийн 15-43 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зах зээлийн үнэлгээгээр 14 442 626.767 төгрөгөөр үнэлж байгуулсан. Гэвч зээлдэгч нь 2 жилийн хугацаанд үүргээ биелүүлээгүй тул фидуцийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авч 2020 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр “Тэнцвэр Эстимэйт” ХХК-аар зах зээлийн үнэлгээ хийлгэхэд автомашиныг 7 000 000 төгрөгөөр үнэлсэн. Тухайн автомашины үнэлгээ эрс буурсан боловч талуудын хооронд байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №ФГ 18/69 дугаартай гэрээний 4.5-т “Үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд уг хөрөнгийг зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүнгээс бага байвал үүрэг хүлээн авагч, үүрэг гүйцэтгэгчээс нэмэлт эд хөрөнгө гаргуулах эрхтэй.” гэж заасан байхад анхан шатны шүүх талуудын хүсэл зоригоор хийгдсэн гэрээг нягталж харалгүй, нэг талын үндэслэл тайлбарыг шууд үнэлж нэхэмжлэгчийг хохироож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар Р.Нтэй байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ18/26 дугаартай зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл агуулсан байх бөгөөд 2 жилийн хугацаанд төлөлт хийсэн нь гэрээ хүчин төгөлдөр байх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч ВЭТФ ХХК нь хариуцагч Р.Н, Б.Тнараас 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 5 000 000 төгрөгийн, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 14 442 626.76 төгрөгийн зээлийн гэрээг үндэслэн нийт 19 203 093.49 төгрөг нэхэмжилсэн байна.

Талуудын хооронд 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг, сарын 3.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 14 442 626.76 төгрөг сарын 3.50  хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн зээлийн, мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь эхний гэрээгээр 4 975 000 төгрөг, 2 дах гэрээгээр 9 950 000 төгрөг хариуцагчийн дансанд шилжүүлэн өгсөн байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан тул талуудын хооронд шилжүүлсэн мөнгөн дүнгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. /хх3-4, 7-8, 10-11, 21-22/

Дээрх гэрээнүүд нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага болоод гэрээнд тавигдах стандарт нөхцөлийг зөрчсөн байна.

Шүүх нэхэмжлэгч ВЭТФ ХХК-ийг банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлийг баримтлан гэрээ байгуулж хүү тооцсон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв боловч талуудын хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-д банк бус санхүүгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэнэ гэж заасан. Хэргийн 13 дугаар тал дахь нэхэмжлэгч ВЭТФ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, автомашины түрээсийн үйлчилгээ, автомашины худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх байна. Нэхэмжлэгч нь банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох тусгай зөвшөөрөлгүй атлаа хариуцагч талтай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээ байгуулсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

Зохигчид стандарт нөхцөлтэй буюу нэг тал байнга байгуулдаг гэрээг нөгөө талд санал болгон гэрээ байгуулсан бөгөөд талуудын тохиролцоо, гэрээний нөхцлийг ойлгомжтой, тодорхой байлгах үүрэг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар санал болгогч тал хүлээнэ. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг 2 өөрөөр тогтоосон байна. Тухайлбал, гэрээний 2.1.3-т “зээлийн жилийн хүүгийн хэмжээ 38.40 хувь”, 2.1.4-т “хугацаа хэтрүүлсэн жилийн хүү 43.20 хувь=үндсэн жилийн хүү 36.00 хувь+нэмэгдүүлсэн жилийн хүү 7.20 хувь” гэж өөрөөр тусгасан байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулга тодорхой бус байх тул гэрээний талуудыг зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж үзэхгүй. /хх3/

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь нийт 2 731 000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгчийн ирүүлсэн зээл эргэн төлөлт, биелэлтийн хүснэгтээр тогтоогдож байх ба хариуцагч уг баримтыг үгүйсгэж маргаагүй болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Р.Нээс 2 269 000 төгрөг /5 000 000-2 731 000/ гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн өмчлөлийн тоёота приус 20 маркийн автомашиныг өмчлөлдөө шилжүүлэн авч, захиран зарцуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ дуусгавар болсон гэж үзсэн нь зөв.

Фидуцийн гэрээг байгуулахдаа зохигчид автомашиныг 14 442 626 төгрөгөөр үнэлсэн. Уг гэрээний 4.5. “Үүрэг гүйцэтгэгчийн өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг худалдах тохиолдолд уг хөрөнгийг зээлдэгчийн төлөх ёстой зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн нийт дүнгээс бага байвал үүрэг хүлээн авагч, үүрэг гүйцэтгэгчээс нэмэлт эд хөрөнгө гаргуулах эрхтэй” гэх заалт нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний талаар “14 442 626.76 төгрөгийн дүнтэй №ЗГ18/69 дугаартай зээлийн гэрээ нь ВЭТФ ХХК болон зээлдэгч Р.Н нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан №ЗГ18/03 дугаартай 5 000 000 төгрөгийн дүнтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл болох 4 442 626.76 төгрөгийг шилжүүлэн тооцож, нэмж 10 000 000 төгрөгийн зээлийг олгосон байна” гэж алдаатай дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлж чадаагүй. Хэрэгт авагдсан талуудын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардаагүй, энэ талаар зохигч мэтгэлцээн өрнүүлээгүй байна.

 Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 23, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 19 203 039.49 төгрөг нэхэмжилсэн, хариуцагч дээрх 2 гэрээний хүрээнд тайлбар хийж маргадаг. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00621 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Т.Н 2 269 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ВЭТФ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 934 093.49 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Тд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дүгээр зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 256 965 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ  

                                               ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА

                                                                                           А.МӨНХЗУЛ