| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/0215/Э |
| Дугаар | 220 |
| Огноо | 2018-03-09 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 220
2018 03 09 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,
улсын яллагч Д.Нямбат,
шүүгдэгч Б.Д, Э.Ц, тэдний өмгөөлөгч Б.Энхтүвшин /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Г ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,
Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0033 60376 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Нэг. Д, Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 04-08 насны 2 хүүхдийн хамт _____________, урьд ял шийтгэл:
1. 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1119 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2. 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 558 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, (РД:).
Хоёр. Ц Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах, эгч, 2 дүү нарын хамт __________, урьд ял шийтгэлгүй, (РД:).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Д, Э.Ц нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Ханын материалын 64-А байрны орцны үүдэнд иргэн Л.Эт хүч хэрэглэж эд хөрөнгийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт,
-мөн шүүгдэгч Э.Ц нь тус өдөр хохирогч Л.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д, Э.Ц нараас мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 1708 0033 60376 дугаартай хэргээс:
1.Хохирогч Л.Эын хэрэг бүртгэлтэд 2017 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:
“...Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд өөрийн түр амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо “Ханын материал”-ын 64-А байрны гадна орцны үүдэнд сууж байтал үл таних 30 орчим насны хоёр залуу над руу чиглэж ирээд ямар нэгэн үг хэлэлгүйгээр нэг залуу нь миний хоолойг араас гарынхаа шуугаар боогоод нөгөө залуу нь миний гэдэс хэсэг рүү гараараа хоёр удаа цохиод миний өмсөж явсан шортны халааснаас миний түрийвч утас зэргийг авсан. Тэгэхээр нь би наад түрийвчин дотор чинь 20,000 төгрөг байгаа, түүнийг аваад бичиг баримттай түрийвч, утас хоёрыг буцаагаад өгчих гэхэд юу гээд байгаа юм бэ гэж хэлээд эхлээд миний хоолойг боосон гэх залуу нь намайг боогоод миний гэдэс хэсэг рүү цохисон гэх залуу нь миний баруун нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохичихоод гүйгээд явчихсан. Би тэдгээр залуусыг танихгүй. Өмнө нь харж байгаагүй. Тухайн залуус хоёулаа явж байсан. Нэг нь шардуу махлаг биетэй цагаан фудволктой, шорт өмссөн байсан. Нөгөө залуу нь туранхай биетэй ногоон фудволктой, өмдтэй байсан. Тэр хоёр залуу хоёулаа 30 орчим насны залуус байсан. Би тухайн өдөр 11 цагийн орчимд Хар хорин захын орчимд 2 найзтайгаа нэг шил 0,75 литрийн хар “Чингис” нэртэй архи уусан байсан. Тэгээд 15-16 цагийн орчимд гэрийнхээ гадаа сууж байхдаа 0,5 литрийн “Нийслэл” нэртэй 1 лааз пиво задлаад ганц нэг балгаад сууж байсан. Би дунд зэрэг согтолттой байсан. Өөрийн биеийг удирдан жолоодох чадвартай байсан. Би хэн нэгний биед ямар нэгэн гэмтэл шарх үүсгээгүй. Миний эд зүйлийг аваад явсан гэх хоёр залуугийн махлаг залуу нь миний хоолой хүзүүг араас гарынхаа шуугаар боосон, намайг цохисон асуудал байхгүй. Харин туранхай залуу нь миний гэдэс хэсэг рүү хоёр удаа гараараа цохисон, мөн баруун нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тухайн залуус намайг цохихдоо гараараа цохисон өөр ямар нэгэн зүйл гартаа бариагүй байсан. Тэр хоёр залуу тухайн үед нилээн согтуу байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг цохиж эд зүйл авч явах үед ойр орчимд ямар ч хүн байгаагүй. Би “Samsung S4” загварын гар утастай, боронзон шаргал өнгөтэй 2017 оны 05 дугаар сард “Хар хорин” захын замын хойд талын гар утас худалдаалдаг дэлгүүрээс 180,000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн утсыг ашиглаад 2 сар болж байгаа, шинэвтэр утас байсан. Утасны шилэн наалт нь доод хэсэгтээ сэтлээд авчихсан юм шиг жижиг хагархайтай, гар утсыг 180,000 төгрөгөөр үнэлж байна. Түрийвч нь бор өнгөтэй, матрын арьсан түрийвч байгаа юм. Түрийвчийг 2015 онд манай эхнэр надад бэлэглэсэн. Түрийвчийг 30,000 төгрөгөөр үнэлж байна. Түрийвчин дотор иргэний үнэмлэх, Хаан банкы виза карт, автобусны карт, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг [1],
-Хохирогч Л.Эын 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн:
“...Баруун далны зулгаралт гэмтэл хэзээ учирсныг мэдэхгүй байна. Дээрх 2 хүний нэг нь миний хоолойг боосон, нөгөөдөх нь миний гэдэс рүү гараараа 1-2 удаа цохиж халааснаас гар утас, түрийвч авсан. Араас нь би миний түрийвч дотор байгаа бичиг баримтыг өгчих гэхэд миний халааснаас түрийвч гар утас авсан залуу нь эргэж ирээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод зугтаасан. ...” гэх мэдүүлэг [2],
2.Иргэний нэхэмжлэгч О.Эы мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн:
“...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арвин” нэртэй алт, монет, гар утас барьцаанд авдаг ломбардыг 2017 оны 4 дүгээр сараас хойш одоог болтол ажиллуулж байна. 2017 оны 07 дугаар сард, яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай ломбарданд 2 эрэгтэй хүн орж ирээд “Samsung S4” загварын шаргал өнгийн гар утсыг 50,000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад гараад явсан. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа цагдаагаас Ганболд гэх хүн ирээд энэ гар утас дээрмийн утас байна гэж хэлээд хураагаад аваад явсан. 2 согтуу эрэгтэй орж ирээд тавьж байсныг санаж байна. Би одоо 50,000 төгрөгөөр хохироод байна ...” гэх мэдүүлэг [3],
3.Гэрч Т.Х мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн:
“... Би Цтой 2017 оны 10 дугаар сараас хойш дотно харьцаатай болж амьдрах гэж байгаа хүмүүс байгаа юм. Ц эхээс зургуулаа, дээрээ 3 ах, 2 эгчтэй айлын бага нь байгаа юм. Зан аашын хувьд их төлөв томоотой, сэтгэл сайтай, муу зан байхгүй. ...” гэх мэдүүлэг [4],
4.Э.Цийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр цаг хэд болж байсныг санахгүй байна. Энэ өдөр би найз Дтэй хамт архи уучихсан Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ханын материалын 64а байрны орчимд явж байтал тухайн байрны орцны үүдэнд нэг эрэгтэй сууж байсан. Энэ үед Д бид хоёр тухайн залууг дээрэмдэж эд зүйлийг нь аваад мөнгө олж, архи уух санаатай хоорондоо ярилцсан. Ингээд Д бид хоёр тухайн залуу дээр очоод Д түүний хоолойг боосон. Би гэдэс рүү нь гараараа нэг удаа цохиод шортных нь хармайнаас түрийвч, “Samsung S4” загварын гар утастай нь хамт авсан. Тухайн залуу миний түрийвчин дотроос миний бичиг баримтыг өгчихөөч гэж хэлэхээр нь би түүний нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Ингээд Д бид хоёр зугтаагаад 21 дүгээр хороололд байрлах ломбарданд гар утсыг нь 50,000 төгрөгөөр барьцаанд тавиад хамт архи уугаад дууссан. ...” гэх мэдүүлэг [5],
5.Б.Дгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн:
“...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үдээс хойш Ц бид хоёр согтуу архи уучихсан байдалтай ханын материалын эцэс дээр явж байтал Ханын материалын эцэс дээр байрлах 64а байрны орцны үүдэнд нэг эрэгтэй ганцаараа пиво уугаад сууж байсан. Ц бид хоёр хоорондоо ярилцаад тухайн эрэгтэйг дээрэмдэж эд зүйлийг нь авч архи авч уухаар болсон. Ингээд бид уг эрэгтэй дээр очоод би хоолойг нь боосон, энэ үед Ц халаасыг нь ухаж түрийвч “Samsung S4” загварын гар утсыг нь аваад, бид зугтаасан. Ц ямар нэг байдлаар хохирогчийн биед гэмтэл учруулсныг би мэдэхгүй, тухайн үед их согтуу байсан. Гар утсыг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын хажуу талын ломбарданд 50,000 төгрөгөөр барьцаанд тавьж, мөнгөөр нь Ц бид хоёр архи уугаад дууссан. Түрийвч болон түрийвчин дотор нь байсан бичиг баримтыг хаясан. Түрийвчин дотор нь 1000 гаран төгрөг л байсан. Тэр мөнгөөр нь пиво аваад уусан. Би өөрийнхөө бичиг баримтаар гар утсыг барьцаанд тавьсан. Би цагдаа дээр шалгагдаж байгаагаа мэдэж байсан. Намайг хорьчих юм болов уу гэж бодоод ирэхгүй зугтаагаад яваад байсан. ...” гэх мэдүүлэг [6],
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9053 тоот дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний алиманд 1-6-н цагийн чиглэлд гүн улаан өнгийн цус хуралттай, зовхины дотор доод талын салстад 0,4х0,3см улаан өнгийн цус хуралттай, баруун далд хэсэгт 2,5х2,0см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Нүдний эмчийн хариу ирээгүй болно.
Дүгнэлт:
1.Л.Эын биед баруун нүдний алимны салстын цус хуралт, баруун далны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. /шинжээч Т.Амартүвшин/...” гэсэн дүгнэлт [7],
7.Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн:
“...Нүд рүү цохих үед алимны салстын цус хуралт үүсэх боломжтой. Мөн нүдний доод талын цус хуралт нүд рүүгээ цохиулах үед үүсэх боломжтой. Л.Эын хувьд нүд рүүгээ цохиулахад алимны салтсын цус хуралт, мөн зовхины доод талын цус хуралт нэг цаг хугацаанд цохиулах үед үүсэх боломжтой. Нэг болон хэд, хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэж болно. Энэ нь бүхэлдээ хөнгөн зэргийн гэмтэл болно. ...” гэх мэдүүлэг [8],
8.Эд зүйлийн үнэлгээ [9],
9.Б.Дгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [10], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [11], Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1119 дугаартай шийтгэх тогтоол [12], Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 558 дугаар шийтгэх тогтоол [13], Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт [14], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [15], эд хөрөнгө мэдээллийн санд бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн лавлагаа [16],
10.Э.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа [17], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [18], Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт [19], хохирол төлсөн тухай “Хаан” банкны орлогын баримт [20] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Цтой бүлэглэж, шунахай сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 64-А байрны орцны үүдэнд иргэн Л.Эт хүч хэрэглэн, гараараа хоолойг нь боож, түүний өмдний халааснаас “Samsung S4” загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, “Хаан” банкны виза карт, автобусны карт, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж, хохирогчид 160,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Э.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Дтэй бүлэглэж, шунахай сэдэлтээр, архи уух мөнгө олох зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 64а байрны орцны үүдэнд 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр иргэн Л.Эт хүч хэрэглэн гараараа хоолойг нь боох, гэдэс рүү нь цохих зэргээр довтлон, түүний өмдний халааснаас “Samsung S4” загварын гар утас, түрийвч, иргэний үнэмлэх, “Хаан” банкны виза карт, автобусны карт, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг нь дээрэмдэж, хохирогчид 160,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, мөн өдөр хохирогч Л.Э бичиг баримтаа нэхэхэд түүний нүд рүү гараараа цохиж, баруун нүдний алимны салстын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Л.Эын хэрэг бүртгэлтэд өгсөн: “... Би 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15-16 цагийн орчимд ...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын 64а байрны гадна орцны үүдэнд сууж байтал үл таних 30 орчим насны хоёр залуу над руу чиглэж ирээд ямар нэгэн үг хэлэлгүйгээр нэг залуу нь миний хоолойг араас гарынхаа шуугаар боогоод, нөгөө залуу нь миний гэдэс хэсэг рүү гараараа хоёр удаа цохиод миний өмсөж явсан шортны халааснаас миний түрийвч утас зэргийг авсан. Би “түрийвчинд 20,000 төгрөг байгаа, түүнийг аваад бичиг баримттай түрийвч, утас хоёрыг буцаагаад өгчих” гэхэд “юу гээд байгаа юм бэ” гээд хоолой боож ...гэдэс рүү цохисон залуу нь миний баруун нүд хэсэг рүү нэг удаа гараараа цохичихоод гүйгээд явчихсан. Би тэдгээр залуусыг танихгүй. ...Тухайн залуус хоёулаа явж байсан. Нэг нь шардуу махлаг биетэй цагаан фудволктой, шорт өмссөн. Нөгөө залуу нь туранхай биетэй ногоон фудволктой, өмдтэй байсан. ...30 орчим насны залуус байсан. ...Би дунд зэрэг согтолттой, өөрийн биеийг удирдан жолоодох чадвартай байсан. ...залуус намайг цохихдоо гараараа цохисон, ...нилээн согтуу байсан. ...Би “Samsung S4” загварын гар утас нь боронзон шаргал өнгөтэй 180,000 төгрөгөөр худалдан авсан, ...шинэвтэр утас байсан. 180,000 төгрөгөөр үнэлнэ, түрийвч бор өнгөтэй, матрын арьсан түрийвч байсан. ...түрийвчийг 30,000 төгрөгөөр үнэлж байна. Түрийвчин дотор ...иргэний үнэмлэх, Хаан банкы виза карт, автобусны карт, бэлэн 20,000 төгрөг зэрэг эд зүйл байсан...” гэх мэдүүлэг [21], мөн түүний 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг [22],
-Э.Цийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ...Дтэй хамт архи уучихсан, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо ханын материалын 64а байрны орчимд явж байтал тухайн байрны орцны үүдэнд нэг эрэгтэй сууж байсан. Д бид хоёр тухайн залууг дээрэмдэж эд зүйлийг нь аваад мөнгө олж архи уух санаатай хоорондоо ярилцсан. Д бид хоёр тэр залуу дээр очоод Д түүний хоолойг боосон, би гэдэс рүү нь гараараа 1 удаа цохиод шортных нь халааснаас түрийвч, гар утсыг нь хамт авсан. ... түрийвчин дотроос миний бичиг баримтыг өгчихөөч гэж хэлэхээр нь би түүний нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Д бид хоёр ...21 дүгээр хороололд байрлах ломбарданд гар утсыг нь 50,000 төгрөгөөр барьцаанд тавиад хамт архи уугаад дууссан. Түрийвчин дотор 20,000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны карт байсан. Түрийвч бичиг баримтыг нь хаясан. Тухайн үед согтуу байсан. ...” гэх мэдүүлэг [23],
-Б.Дгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үдээс хойш Ц бид хоёр согтуу архи уучихсан байдалтай ханын материалын эцэс дээр явж байтал Ханын материалын эцэс дээр байрлах 64а байрны орцны үүдэнд нэг эрэгтэй ганцаараа пиво уугаад сууж байхаар нь Ц бид хоёр хоорондоо ярилцаад тухайн эрэгтэйг дээрэмдэж эд зүйлийг нь авч архи авч уухаар болсон юм. ...би хоолойг нь боосон. ...Ц халаасыг нь ухаж түрийвч, “Samsung S4” загварын гар утсыг нь авсан. ...Гар утсыг нь ломбарданд 50,000 төгрөгөөр барьцаанд тавьж, түрийвчин дотор нь байсан бичиг баримтыг нь хаясан. ...” гэх мэдүүлэг [24],
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9053 тоот дүгнэлт [25],
-Шинжээч Т.Амартүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг [26] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Д, Э.Ц нар нь тухайн гэмт хэрэг гарсан өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар дахин архи уух мөнгө олох зорилгоор хохирогчийн эд зүйлийг дээрэмдэх гэмт хэрэг үйлджээ. Тус гэмт хэргийн явцад хохирогч Л.Э нь бичиг баримтаа гуйхад шүүгдэгч Э.Ц нь түүний нүд рүү нь цохисон байна. Шинжээч Т.Амартүвшин мөрдөн байцаалтад “...Нүд рүү цохих үед алимны салстын цус хуралт үүсэх боломжтой. Мөн нүдний доод талын цус хуралт нүд рүүгээ цохиулах үед үүсэх боломжтой. Л.Эын хувьд нүд рүүгээ цохиулахад алимны салтсын цус хуралт, мөн зовхины доод талын цус хуралт нэг цаг хугацаанд цохиулах үед үүсэх боломжтой. Нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэж болно. Энэ нь бүхэлдээ хөнгөн зэргийн гэмтэлд орно. ...” гэж мэдүүлсэн бөгөөд [27] Э.Цийн энэ үйлдлийн улмаас хохирогч Л.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогджээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Д, Э.Ц нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн Э.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин нь шүүгдэгч нарын холбогдсон хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж,
-мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан.
Тухайн хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Д, Э.Ц нар нь хохирогчийг байрны гадаа пиво уугаад сууж байхыг хараад эд зүйлийг нь дээрэмдэхээр урьдчилан ярилцаж, тохиролцоод, үйлдлээ хэрэгжүүлж, бүлэглэн эд хөрөнгийг нь дээрэмдсэн байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн хохирогчид учирсан гэмтлээс биед баруун нүдний алимны салстын цус хуралт гэмтэл тогтоогдсон нь бүхэлдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэжээ. Харин баруун далны зулгаралт гэмтлийг хохирогч Л.Э хэзээ биедээ авснаа мэдүүлж чадаагүй бөгөөд тус гэмтлийг шүүгдэгч нарын үйлдлээс учруулсан гэмтэл гэж дүгнээгүй болно.
Иймд шүүгдэгч Э.Ц, Б.Д нарын бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн, мөн Э.Цоос хохирогч Л.Эт хүч хэрэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус хангасан гэж үзэж дээрх зүйл, хэсгээр тус тусад нь гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Хохирогч Л.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ гар утас, бэлэн мөнгө, түрийвч зэргийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Ц, Б.Д нь хохирогчийн “Samsung S4” загварын гар утасыг “Арвин” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 50,000 төгрөгийн барьцаанд барьцаалсан байсныг цагдаагийн байгууллагын ажилтан хураан авч, хохирогчид биетнээр нь хүлээлгэн өгсөн байна. Мөн шүүгдэгч Э.Цийн ар гэрээс хохирогч Л.Эт 30,000 төгрөгийг хохирлын төлбөрт өгсөн болох нь Хаан банкны орлогын баримтаар тогтоогдож байна. Харин хохирогчийн бичиг баримтыг эд зүйлийн үнэлгээ тогтоох комиссоос үнэлэхгүй гэжээ. Иймд баримтаар тогтоогдсон хохирлыг хохирогч Л.Эт шүүгдэгч Э.Цийн ар гэр бүрэн төлж барагдуулсан байна.
“Арвин” барьцаалан зээлдүүлэх газрын төлөөлөгч иргэний нэхэмжлэгч О.Э нь буруутай этгээдээс 50,000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд тус 50,000 төгрөгийг Э.Цийн ар гэрээс төлсөн болох нь Хаан банкны орлогын баримт болон О.Эы 50,000 төгрөгийг хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогджээ.
Иймд хохирогч Л.Э, иргэний нэхэмжлэгч О.Э нарт учирсан хохирлын төлбөрийг шүүгдэгч Э.Цийн ар гэр бүрэн төлсөн байна. Харин шүүгдэгч Б.Д нь хохирлын төлбөрийг төлөөгүй боловч Э.Цоос бүх хохирлыг төлсөн тул тэднийг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, мөн түүнд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялд шилжүүлэн, биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сар 1 хоногийн хорих ялаар тогтоох,
-шүүгдэгч Э.Цийг 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар сольж 30 хоногийн хорих ялаар тооцож, хөнгөн ялыг хүнд ялд нэмж, нэгтгээд биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 1 сарын хорих ялаар тогтоох дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин дүгнэлтдээ шүүгдэгч Б.Д нь 2014 онд ял шийтгүүлсэн боловч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт байхгүй болсон тул түүний эрх зүйн байдалд 2014 онд ял шийтгэгдсэн байдал нь нөлөөлөхгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, харин Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны шийтгэх тогтоолоор ял шийтгэгдэж эдлээгүй байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр зааж өгнө үү. Мөн шүүгдэгч Э.Ц нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Ц нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Мөн шүүгдэгч Э.Цийн ар гэрээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг нөхөн төлж, бусдад төлөх төлбөргүй болсон байна. Иймд шүүхээс шүүгдэгч Э.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” тухай хуулийн заалт ба тус зүйл, заалтыг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд уг зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хэрэглэж болно гэж заасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Ц нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Э.Цийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах тухай заасан ба тус зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж:
-мөн хэсгийн 2.2 дахь заалтад “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” буюу хөнгөн ялыг хүндэд нэмж нэтгэх, эсхүл тус, тусад нь эдлүүлэхээр хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих” тухай заасан ба Э.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцоход 30 хоног буюу 1 сар байна.
Иймд шүүгдэгч Э.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар сольж тооцсон 1 сарыг нэмж, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Дгийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөөгүй нь түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлийг хангахгүй бөгөөд, нөгөө талаас урьд хоёр удаа ял шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба, гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүргээ биелүүлээгүйг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Д нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 558 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 488 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, тус ялыг эдлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 4/3736 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,
-Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг” буюу “хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх” гэж,
-5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус хуульчилсан.
Иймд шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 558 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эдлээгүй 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна. Ингэхдээ түүний эдлээгүй 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцоход 61 хоног байх ба хоногийг сард шилжүүлэхэд 2 сар 1 хоног байна. Энэхүү 2 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, биечлэн эдлэх хорих ялыг нь 2 жил 8 сар 1 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Ц, Б.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Э.Ц, Б.Д нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор заасан ба шүүхээс шүүгдэгч Э.Цийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс энэ тогтоол гарах өдрийг хүртэлх хугацааны, шүүгдэгч Б.Дгийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс энэ тогтоол гарах өдрийг хүртэлх хугацааны тус тус цагдан хоригдсон хоногийг тэдний эдлэх ялд нь тус тус оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д г Э.Ц той бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг;
Шүүгдэгч Ц-ийг Б.Д-тэй бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц-ийг 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Э.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн ажлын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Цийн биечлэн эдлэх хорих ялыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Д-д энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 558 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 488 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 61 хоног буюу 2 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Дгийн биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 8 (найм) сар 1 (нэг) хоногоор тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цид оногдуулсан 1 жил 2 сарын, шүүгдэгч Б.Дд оногдуулсан 2 жил 8 сар 1 хоногийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 (тавин тав) хоногийг, шүүгдэгч Б.Дгийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 44 (дөчин дөрөв) хоногийг тус тус тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримт үгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, мөн хохирогч Л.Э, иргэний нэхэмжлэгч “Арвин” барьцаалан зээлдүүлэх газарт шүүгдэгч Э.Ц, Б.Д нар нь төлөх төлбөргүйг, хохирогч Л.Э, “Арвин” барьцаалан зээлдүүлэх газар нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ц, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ц, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[2] Хавтаст хэргийн 17 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 21 дүгээр тал
[5] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 46-47 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 86 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 69 дүгээр тал.
[12] хатаст хэргийн 71-74 дүгээр тал.
[13] хавтаст хэргийн 77-79 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 85 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 81 дүгээр тал.
[16] хавтаст хэргийн 83 дугаар тал.
[17] хавтаст хэргийн 84 дүгээр тал.
[18] Хавтаст хэргийн 68 дугаар тал.
[19] Хавтаст хэргийн 83 дугаар тал.
[20] хавтаст хэргийн 96-97 дугаар тал.
[21] Хавтаст хэргийн 13-14 дүгээр тал.
[22] Хавтаст хэргийн 17 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 43-44 дүгээр тал.
[25] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[26] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[27] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.