| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0251/З/Т |
| Дугаар | 128/ШШ2025/0200 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0200
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******, хариуцагч Биокомбинат ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, хариуцагч Биокомбинат ТӨХХК-ийн үнэлгээний хорооны төлөөлөгч Д.*******, хариуцагчийн өмгөөлөгч Г.М*******, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нарыг оролцуулан ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Биокомбинат ТӨХХК-д холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э******* нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Биокомбинат ТӨХХК-д холбогдуулан *******" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "*******" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-аас Биокомбинат ТӨХХК-д холбогдуулан "Биокомбинат ТӨХХК-аас зарласан БИОКТӨХХК/20240101080 дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, *******" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "*******" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах" нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,…, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.
******* ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхзулд нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах эрхийг олгосон байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас Биокомбинат ТӨХХК-д холбогдуулан гаргасан "Биокомбинат ТӨХХК-аас зарласан БИОКТӨХХК/20240101080 дугаартай "Уурын зуухны шинэчлэл" тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24/278, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 24/332 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, “*******" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, "*******" ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах" тухай шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Золжаргалд даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй, шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР