| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2131003320061 |
| Дугаар | 2022/ДШМ/62 |
| Огноо | 2022-09-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/62
С.Лхагва-Оюунд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Т.Нансалмаа
Хохирогчийн өмгөөлөгч Э.Одончимэг /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал /цахим/
Иргэний нэхэмжлэгч Б.Энхсайхан /цахим/
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлоор С.Лхагва-Оюунд холбогдох эрүүгийн 2131003320061 дугаартай, 175/2022/0091/Э индекстэй, 2 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хотгойд овогт Сармандахын Лхагва-Оюун, Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, **** настай, ****эгтэй, ****боловсролтой, *****мэргэжилтэй, ам бүл ****хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын, 8 дугаар баг, Залуус хотхон, 2 дугаар орцны 65 тоотод оршин суух, ****** ажилладаг, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, /РД:*****/;
Шүүгдэгч С.Лхагва-Оюун нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Энхсайханы эзэмшлийн 37-10 УНР улсын дугаартай ‘Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлййг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-н б/ Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.2 “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөпд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийн зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ж.Гантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: С.Лхагва-Оюуны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Хотгойд овогт Сармандахын Лхагва-Оюуныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,3-д зааснаар Сармандахын Лхагва-Оюуныг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар С.Лхагва-Оюун нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгон,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар С.Лхагва-Оюуны тэнссэн хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч С.Лхагва-Оюун нь 2022 оны 10-р сарын 01 -ны дотор иргэний хариуцагч Б.Энхсайханд 7.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурьдан,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганцэцэг цалингийн зөрүү 4.324.458 төгрөгийн нэхэмжлэлийн нотлох баримтын шаардлагыг хангаж, хохирогч Ж.Ганцэцэг нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан,
Шүүгдэгч С.Лхагва-Оюун нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан шийдвэрлэжээ.
Мөн шүүх нь 2022 оны 07 сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/273 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх шийтгэх тогтоол оруулсан залруулгадаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтанд зааснаар гэж, 4 дэх заалтад: “...тэнссэн хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус залруулан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,
Энэ захирамжинд ердийн журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан шийдвэрлэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганцэцэг давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн /2022,06.21-ний өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг 2022.07.04-ний өдөр шуудангаар илгээснийг хүлээн авч, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах асуудлыг шийдвэрлээгүй, шүүгдэгч нь хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй, шүүгдэгчид ял завших боломж олгосон гэж үзэж гомдол гаргаж байна.
"Шийтгэх тогтоолын Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар” хэсэгт ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь ... хохирлын нөхөн төлүүлэх, Эрүүгийн хариуцлага нь... гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т ... хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол... гэсний дагуу эмчилгээ зардалд 6,658,460 төгрөгийн төлсөн гэж үзэж 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн.
Хохирогчийн зүгээс эмчилгээний зардалд 2,858,460 төгрөг, 2021.11.01-2022.04.01-ний өдрийг хүртэлх буюу 5 сарын цалингийн зөрүү 4,324,458 төгрөг нэхэмжилсэн. Шүүхийн шийтгэх тогтоолд “...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул... гэж дүгнэн” нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэхгүй орхижээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт "... иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хэмт шийдвэрлэнэ. Мөн хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасан. Дээрх заалтаас харахад хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлсний асуудлыг шийтгэх тогтоол гаргахдаа шийдвэрлэх ёстой байсан.
Мөн шүүгч шийтгэх тогтоол тайлбарлахдаа цалин хөлсний тооцоо гаргах баримт нь байхгүй учраас тооцоолох боломжгүй байна гэж байсан боловч шийтгэх тогтоол дээрээ “нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна” гэж зөрүүтэй тайлбар, дүгнэлт хийж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс Ж.Гантуяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо, тэтгэмж олголтын баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр баримтуудыг үндэслэн цалин хөлсний зөрүүг тооцож олгох боломжтой байсан гэв.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн. Тэнсэж үүрэг хүлээлгэх хууль зүйн гол үндэслэл нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн байх ёстой, гэтэл 5 сарын хугацааны цалингийн зөрүүг өгөөгүй гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэл, түүний үндэслэл хэмжээний төлөгдсөн байдлыг харгалзан бүгдийг нь эсхүл хэсэгчлэн ханга, хэрэгсэхгүй болгохоор заасан байдаг. Үүний дагуу ямар нэгэн байдлаар шийдвэрлэх байсан. Хэлэлцүүлэхгүйгээр орхих ёсгүй байсан гэж гомдлоо гаргасан гэв.
Иргэний хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол саналгүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд С.Лхагва-Оюун нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор надад учруулсан хохирлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн тул би түүнийг нь хүлээн зөвшөөрсөн, хугацаа болоогүй байгаа учир хүлээж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт нь шаардлага хангахгүй байсан тул цалингийн зөрүүг бодох боломжгүй байсан. Бодох боломжгүй байсан учраас шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иргэний нэхэмжлэл түүний нотлогдсон байдлыг харгалзаж бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, хэрэгсэхгүй болгосон...” гэж зааснаар иргэний нэхэмжлэгчийн зардлыг хангаж шийдвэрлээд, хохирогчийн цалингийн зөрүүний асуудлыг жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй. Ийм учраас хохирогчийн гаргасан гомдлын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэснийг буруу тайлбарлаад байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн байхыг шаарддаг хуулийн зохицуулалтыг хангасан тул тэнсэх ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол, үндэслэлгүй гарсан, хөдөлмөрийн чадвар түр алдсаны улмаас цалингийн зөрүү гаргаж өгөөгүй гэж гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох баримтуудыг хавсаргасан байсан. Эдгээр нотлох баримтын зарим нь нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул анхан шатны шүүхээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Давж заалдах гомдолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна гэж гомдол гаргаж байгаа. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хангасан. Өөрөөр хэлбэл хохирол төлбөрийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэлийн хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй учраас энэ нь тусдаа асуудал тул Эрүүгийн хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Лхагва-Оюун нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б.Энхсайханы эзэмшлийн 37-10 УНР улсын дугаартай ‘Приус-20” маркийн тээврийн хэрэгсэлййг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-н б/ Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 12.2 “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөпд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслийн зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Ж.Гантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Д.Шийрэвбарчин /1 хх-ийн 51-52 дугаар тал/, Э.Нямцэцэг /1 хх-ийн 57-58 дугаар тал/, Б.Моломжамц /1 хх-ийн 60 дугаар тал/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 752, 118 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Лхагва-Оюуныг “согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд 3.800.000 төгрөг төлөгдсөн, одоо дараагийн эмчилгээний зардал болох 2.858.460 төгрөг, цалингийн зөрүү 4.324.458 төгрөг бүгд 7.182.918 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хохирогч Ж.Гантуяагийн эмчилгээний зардалд нийт 6.658.460 төгрөгийг хохирол төлснийг дурдан, харин ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4.324.458 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн, мөн хохирогч Ж.Ганцэцэг нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-т “шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг зөрчсөн байна.
Хохирогч Ж.Гантуяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаар Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 18-ны өдрийн 752 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 93-94 дүгээр тал/, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1 хх-ийн 96-108 дугаар тал/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 118 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 113-114 дүгээр тал/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /1 хх-ийн 115-123 дугаар тал/, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа №09/22 /1 хх-ийн 198 дугаар тал/, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 02 сарын 17-ны өдрийн 0520650 дугаартай шийдвэр /2 хх-ийн 10 дугаар тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 хх-ийн 115 дугаар тал/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /2хх-ийн 116 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлсний зөрүү гаргуулахаар нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтаар зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Ийнхүү шүүгдэгчээс цалин хөлсний зөрүүг гаргуулахдаа шүүхээс хохирогч Ж.Гантуяагийн цалин орлогыг 2021 оны 01 сараас 2021 оны 10 сар хүртэл хугацаанд авсан нийт 12,288,052 төгрөгөөс тооцож, сарын дундаж цалинг 1,228,805 төгрөг /12,288,052%10=1,228,805/-өөр тодорхойлж, түүнээс нийгмийн даатгалын сангаас тогтоосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 682,111 төгрөгийг хасч, зөрүү 546.695 /1,228,805-682,111=546.694/ төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан хугацааны буюу 2021 оны 11, 12 сар, 2022 оны 01 сар болох нийт 3 сарын цалингийн зөрүүд 1,640,082 төгрөг /546,694*3=1,640,082/-өөр тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтад өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
6 дахь заалтыг:
“6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч С.Лхагва-Оюунаас хохирогч Ж.Гантуяагийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс болох 1.640.082 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ганцэцэг нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ