Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МХ2021/00719

 

 

 

 

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00719

 

 

 

                                       Ц.Дгийн хүсэлттэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03 өдрийн 184/ШШ2021/00510 дугаар шийдвэртэй, Ц.Дгийн өргөмөл охин болохыг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, прокурор Б.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтэд: Ц.Д нь .. гэдэг газар 1943 оны зун Д.ТЦгийн бага охин болж төрсөн. Эмээ Увш нь 12 удаа төрсөн боловч хүүхэд нь тогтдоггүй байсан ба ... гэсэн дөрвөн хүүхэд  нь хүн болсон гэдэг. Ах нар нь бүгд лам байсан. Эх У.Ц нь Ц.Долгор, Ц.Жамъян, Ц.Д гэсэн хүүхэдтэй. Багадаа өвчин ороомтгой байсан болохоор Нямхүү нэрийг сольж Д болгосон. Гэвч бие султай хэвээр байсан тул ах лам У.Лдээ өргүүлсэн. 1951 онд 1 дүгээр ангид орохдоо Баяндалай суманд аав У.Лтэй хамт амьдарч байгаад 1952 онд сумын захиргаанаас аавыг нь хэрэгт татан авч явснаас хойш эргэж ирээгүй. Эцгээрээ овоглож явсаар эсэргүүний хүүхэд гэгдэж 1955 онд сургуулиас гаргаж, малчин болгосон. Иймд Ц.Дг У.Лийн өргөмөл охин мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Прокурорын тайлбарт: Ө аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дугаартай шийдвэрээр Ц.Дг хэлмэгдэгч У.Лийн дүү болох Д.ТЦгийн охин буюу У.Лийн зээ болохыг тогтоосон ба 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2019/01949 дугаартай шийдвэрээр Ц.Дг Ууш /Увш/-ийн Л өргөмөл охин болохыг тогтоосныг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан хэлэлцээд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШТ2020/00219 дугаартай шүүхийн шийдвэрээр уг шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэрч Д.Т, Н.Д.ТЦ нар нэхэмжлэгч Ц.Дг хэлмэгдэгч У.Лийн зээ мөн гэсэн тодорхойлолт гаргаж байсан атлаа У.Лийн үрчлүүлсэн охин мөн гэж дахин тодорхойлолт гаргасан. Д.Тоос хууль сануулж гэрчээр мэдүүлэг авахад Ц.Дг У.Лийн зээ, үрчлүүлсэн охин мөн гэсэн хэдий ч бусад архивын лавлагаа болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар Ц.Д нь У.Лийн төрсөн эмэгтэй дүү У.Цгийн охин буюу хэлмэгдэгчийн зээ дүү гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар хүсэлт гаргагч Ц.Дгийн садан төрлийн холбоотой болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ц.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Отгон-Өлзийгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ц.Д 1943 оны зун Ө аймгийн Баяндалай суманд эх Ц.Д.ТЦгийн бага охин болж төрсөн. Бага байхад нь өвчин ороомтгой байсан тул анх өгсөн Нямхүү нэрийг сольж Д болгосон боловч бие нь сул хэвээр байсан. Ингээд төрсөн ах У.Лдээ өргүүлсэн. 1951 онд 1-р ангид орохдоо аав У.Лээр овоглосон бөгөөд энэ нь 1954 онд бага сургууль төгсөхөд олгосон боловсролын гэрчилгээгээр нотлогддог. Манай суманд бидэнтэй ойр дотно амьдарч байсан гэрч Д.Т “Д.ТЦгийн Д нь өргөмөл охин нь мөн” гэж гэрчилсэн. Мөн гэрч Ж.Нямаа “Д.ТЦгийн Д нь өргөмөл охин мөн” гэж мэдүүлсэн.

1950 оноос өмнө үрчлэлтийн гэрчилгээ гэж байгаагүй, мөн архивын байгууллага хүний нэрийг хуучин Монгол бичгээс крилл үсэгт буулгахдаа ж, ч үсгүүдийг адил дуудлагаар дууддаг байсан тул андуурч буруу хөрвүүлсэн байх боломжтой зэргийг шүүх харгалзан үзэлгүй үндэслэлгүй шийдвэр гаргасан. Миний үеийн манай нутгийн хүмүүс ихэнх нь өөд болсон тул гэрч олоход хэцүү, мөн өөрөө өргөж авсан эцэгтэйгээ хэрхэн амьдарч байсан талаар хангалттай ярьж байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ц.Д хэлмэгдэгч У.Лийн өргөмөл охин мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргаж, үндэслэлээ “миний ээж Д.ТЦ намайг бага байхад өөрийн ах лам Лувсанжигмэддээ өргүүлсэн, 1952 онд аав хэрэгт татагдан явах хүртэл хамт амьдарч байсан” гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, цагаатгалын үнэмлэх, Ө аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэр, Үндэсний төв архивын лавлагаа зэргээр дараах үйл баримт тогтоогджээ. /хх21, 23, 77/

Ө аймгийн Баяндалай сумын 5-р багийн харъяат лам У.Л нь улс төрийн эсэргүү хэрэгт татагдан тус аймгийн шүүхийн 1952 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 89 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 137 дугаар зүйлд зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 233 дугаар тогтоолоор цагаатгагдсан байна. /хх23/

Нэхэмжлэгч Ц.Д нь хэлмэгдэгч У.Лийн зээ дүү болохыг тогтоолгож, цагаатгалын нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Ө аймгийн сум дундын шүүхэд гаргаж, тус шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 17-ны 09 дүгээр шийдвэрээр Ц.Дг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн У.Лийн зээ мөн болохыг тогтоож, улс төрийн хил хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрт олгох 1 000 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. /хх50-77/

Дээрхээс үзэхэд хэлмэгдэгч У.Лийн төрсөн дүү У.Цгээс нэхэмжлэгч Ц.Д төрсөн байх бөгөөд тэрээр хэлмэгдэгчдийн ар гэрт олгогдох нөхөн олговрыг авах зорилгоор түүнтэй садан төрлийн холбоотой буюу зээ дүү нь болохоо шүүхээр тогтоолгосон, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”, эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэжээ. Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Дгийн хэлмэгдэгч У.Лийн өргөмөл охин мөн болохыг тогтоолгох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

               

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03 өдрийн 184/ШШ2021/00510 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Дгийн У.Лийн өргөмөл охин болохыг тогтоолгох хүсэлттэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

     ШҮҮГЧИД                                 Д.БАЙГАЛМАА

 

                   А.МӨНХЗУЛ