Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 01

 

“А.к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

хариуцагч Ш.Ид холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01254 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А.к” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Ид холбогдох,

“Гэм хорын хохирол 13.468.244 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрахын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах /онлайнаар/ хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч “А.к” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа :

Ш.И нь манай компанид анх 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түлшний тэрэгний жолоочоор ажилд орж ажилласан. Улмаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр өөрийн хариуцаж ажиллаж байсан Hyundai маркийн 43-23 УНИ улсын дугаартай автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ унаж осол гаргасан. Ослын шалтгааны талаар Ш.И нь "Гэр бүлийн хүнтэйгээ утсаар ярьж муудалцаад түүнээс болж жаахан архи уусан байсан юм. Миний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул машиныг засварлаж бүрэн ажиллагаанд оруулан компанийг

 

 

хохиролгүй болгож өгнө" гэсэн тайлбар өгч байсан. Ослын улмаас Hyundai маркийн 43-23 УНИ улсын дугаартай автомашинд ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн ба уг автомашиныг засварлан бүхэн ажиллагаанд оруулахад 14.540.910 төгрөгийн зардал гарсан байна. Нийт төлбөрөөс Ш.И нь өөрийн цалингаас суутгал хийлгэх байдлаар тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн ба одоо үлдэгдэл 13,468.244 /арван гурван сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун дөчин дөрөв/-н төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Ш.И нь 2018 оны 6-р сараас шалтгаангүйгээр ажлаа хаяж явсан ба түүнтэй утсаар холбогдон төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Ш.И нь ажил үүргээ гүйцэтгэн цалингаасаа суутгуулах замаар төлбөрөө төлнө, удахгүй хот орохоороо уулзана гэх мэт хариу өгдөг боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна гэжээ.

Хариуцагч Ш.И шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Ш.И нь 2017 оны 08 дугаар сарын 25 ны өдөр А.к ХХК д жолоочоор ажилд орсон. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын зам тавьж байгаа ажилд ажил үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд бензин түгээх ажлыг гүйцэтгэж явж байгаад өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл урсгал сөрж, хурц гэрэлтэй гарч ирж осол болсон бөгөөд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл бодох Хьюнда Трак маркийн 43-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу жолоочийн эсрэг тал руу буюу баруун талаараа онхолдож хажуулдсан. Энэ ослын улмаас эгэмний яс дал, мөрний ясны холбоос салж хугарсан гэмтэл авсан бөгөөд хэргийн газраас өөрийн ажлын байр болох Кемп рүү ирж эмнэлэгт хүргэгдсэн. Уг ослын хэргийн газар манай компани ослын дуудлага өгөөгүй бөгөөд би өөрөө гэмтлийн улмаас дуудах боломжгүй байсан билээ. Ингээд эмнэлгээс гараад ирэхэд хэргийн газарт байсан авто машиныг босгоод кемп дээр аваачсан цагдаагийн дуудлага өгөөгүй байсан. Ингээд ажил үүргээ гүйцэтгэж яваад осолд орсон учир даатгалын байгууллагаар жолоочийн хариуцлагын даатгалыг хөөцөлдөх, ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд орсон, осол болоход буруугүй байсан зэрэг асуудлыг хөөцөлдөх гэтэл осол болсон газар буюу хэргийн газарт ул мөргүй осол болсон гэх баримтгүй, тогтоогдохгүй байдал үүсгэсэн байсан. Ингээд тус компанид маш их гомдсон билээ. Гэтэл одоо намайг согтуу тээврийн хэрэгсэл жолоодож явсан учир хариуцлага хүлээх үүрэгтэй мэт бичиж тайлбарлан буруутгасан нь үндэслэлгүй. Би жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан байсан бөгөөд уг хариуцлагын дагуу автомашин болон өөрийн биед учирсан гэмтлийн зардлаа гаргуулах боломжтой байсан, мөн үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдох боломжтой байсан ба уг осолд би буруугүй байснаа тогтоолгох боломжтой байсан. Гэтэл автомашин нь чухал байсан мэт хэргийн газраас автомашиныг авч явж хохироосон. Гэтэл одоо миний буруутай үйлдлээс осол гаргасан мэт харьцаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн ослын улмаас тээврийн хэрэгсэл эвдэрсэн гэмтсэн нотлох баримтгүй өдий хүрч байгаа төдийгүй ослын улмаас авто тээврийн хэрэгсэлд ямар гэмтэл учирсан нь тогтоогдохгүй болсон. Гэсэн атлаа бараг 3 жилийн дараа ослын улмаас авто тээврийн хэрэгсэлд 13.468.244 төгрөгийн хохирол учирсан мэт тооцоо гарган нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.

 

Автомашинд учирсан гэх эвдрэл нь ослын улмаас гэмтэж эвдэрсэн гэдэг нь нотлогдохгүй байх ба моторын эвдрэл цахилгаан форсункыг 2 удаа сольсон буюу 2018.04.23, 2018.06.08-нд сольсон тухай баримт байх эдгээр эвдрэл нь кольцо поршин элэгдэж муудсан үед албадан асаагчаар асааснаас үүсэх бөгөөд дагалдах их бие гар уклаадаш жийрэг, клапан үүр, шатун зэрэг нь дагаж эвдэрч бүгдийг солих шаардлагатай болдог бөгөөд энэ нь гэмтлийн улмаас үүсдэггүй, моторын ээлж хийх үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй, албадан асаагч буюу эпирыг удаан хугацаагаар хэрэглэснээс үүсдэг эвдрэл билээ. Гэтэл уг эвдрэлийг ослын улмаас үүссэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Анх тухайн автомашиныг албадан асаагаад удсан гэж анх намайг уг автомашиныг хүлээн авахад ажилтан Гармаа болон манай ажилчид хэлж байсан ба автомашиныг жолоодох болохоор асаж өгөхгүй бөөн асуудал болдог байсныг ажилчид мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2018 оны 01 сард тухайн автомашиныг Херо сервис компьютер оношилгооны газарт тээврийн хэрэгслийг оношлуулсан бөгөөд цахилгаан форсунк ч хэвийн гэж оношилж байсан. Автомашин онхолдож унасны дараа харахад салхивчны шил хагарсан, ёнкосны баруун тал хонхойсон байсан өөр гэмтэл байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01254 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “А.к” ХХК-ний Ш.Иаас гэм хорын хохиролд 13.468.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.295 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбаатар давж заалдсан  гомдолдоо:  

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь хариуцагчийг осол гаргасан, ослын улмаас 14.540.910 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч хариуцагчтай эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлагын гэрээ байгуулаагүй, мөн хариуцагчийн гэм буруу болон түүний үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг ослын улмаас авто тээврийн хэрэгсэлд ямар гэмтэл учирсан болох нь тогтоогдоогүй байна” гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Учир нь тус компани нь хариуцагч Ш.Итай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба тус гэрээний 4.8 дугаар зүйлд “Ажилтан нь ажил үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас, ажлын хариуцлага алдан байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээж байгууллагад учирсан шууд хохирлыг төлж барагдуулах ба Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж заасан байна. Мөн хариуцагчийн гэм буруу болон түүний үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл эвдэрч гэмтсэн талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргасан, уг ослын улмаас авто тээврийн хэрэгсэлд ямар гэмтэл учирсан болохыг баримтаар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоосон болно. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч нь 2018 оны 03 дугаар сард тухайн авто машиныг Хера сервис компьютер оношилгооны газарт тээврийн хэрэгслийг оношлуулсан байх бөгөөд форсунк хэвийн гэж оношилж байсан, авто машин онхолдож унасны дараа салхины шил хагарсан, ёмкосны баруун тал хонхойсон байсан өөр гэмтэл байгаагүй гэж тайлбарласан” гэсэн байна. Энэ нь хариуцагч уг авто машиныг унагаж, эвдрэл үүсгэн байгууллагад хохирол учруулснаа хүлээн зөвшөөрсөн байна. Мөн авто машиныг авто осолд оруулсны дараа зөвхөн гадна талын харах өнцгөөс учирсан хохирлыг нэрлэж байгаа бөгөөд машин онхолдож осолдсоноор техникт ямар гэмтэл учирсныг нүдээр харж дүгнэлт өгч болохоос гадна заавал техникийн оношилгоо  хийгдэж гардаг эвдрэл байдгийг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэж байна. Харин хариуцагчийн хэлж байгаа Хера сервис компьютер оношилгоо хийлгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан материалд байхгүй бөгөөд шүүхээс Хера сервис ХХК-нд албан бичиг хүргүүлэн лавлагаа авахад тухайн байгууллагаар компьютер оношилгоо хийлгэж байгаагүй гэсэн хариу өгсөн. Хэрэгт авагдсан материалд уг авто машинд засвар хийсэн бусад аж ахуй нэгж, иргэний нэхэмжлэл, дүгнэлт, гэрээ зэрэг нотлох баримт байгаа бөгөөд шүүгч нь хэргийг тал бүрээс нь авч үзэж нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр дан гац хариуцагчийн үгээр зөвхөн нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч нь 43-22 УНИ дугаартай авто машины засварын тайлан нийт 14.540.910 төгрөг гэсэн баримт гаргаж өгсөн боловч дээрх гэмтлийн улмаас хийгдсэн гэх зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогоор үүссэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна” гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь хариуцагч Ш.И нь тус компанид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах явцдаа өөрийн хариуцаж байсан авто машиныг осолд оруулан техникийн эвдрэл гэмтэл үүсгэсэн талаар хэрэгт ослын дараах гэрэл зураг, техникийн акт бусад аж ахуйн нэгжийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар өгсөн. Мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр болон хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдаанд тухайн үед ослын газар очсон гэрч болон техник ашиглалт хариуцан ажиллаж байсан гэрч нарыг хуралдаанд оруулан хэргийн үнэнийг гэрчлүүлсэн боловч шүүхийн шийдвэрт гарч нарын мэдүүлгийн хасаж мөн хариуцагчийн өөрийн хүлээн зөвшөөрсөн өөрийн учруулсан гэмтэл гэх гадна талын нүдэнд ил харагдах эвдрэл гэмтлийг үл харгалзан нотлох баримтыг шинжлэн судлалгүйгээр дан ганц хариуцагч талын үгээр хэргийг шийдвэрлэсэн гэж байгаа тул анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч А.к ХХК нь хариуцагч Ш.Ид холбогдуулан гэм хорын хохирол 13.468.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “А.к” ХХК-ний Ш.Иаас гэм хорын хохиролд 13.468.244 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нь Ш.И нь А.к ХХК-д 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн түлшний машины жолооч, нярваар ажилласан байх бөгөөд, сарын 900.000 төгрөгийн цалинтай, туршилтын нэг сарын хугацаатай, сунгагдах нөхцөлтэй, сунгагдсан тохиолдолд үйлдвэрлэлийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатайгаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч  А.к ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зам тээврийн осол болсон  гэдэг боловч энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.-д “ зам тээврийн осол “ гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд  хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заажээ.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5.-д “... мэдээллийн санд зам тээврийн осол, түүнээс учирсан хохирол, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн  зөрчлийн тоо бүртгэл, мэдээллийг хамруулах, 10.1.6.-д жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, мэдээллийг хамруулах, 10.1.7.-д “...жолоочийн даатгалын гэрээ, даатгалын тохиолдлын бүртгэл, мэдээллийг хамруулах ...”, 13.2.5-д замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;  гэж тус тус заасныг нэхэмжлэгч А.к ХХК нь зөрчсөнөөс болж, тухайн өдөр зам тээврийн осол болсон эсэх тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч А.к ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрах давж заалдсан гомдолдоо хариуцагч Ш.Итай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан ба тус гэрээний 4.8 дугаар зүйлд “Ажилтан нь ажил үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас, ажлын хариуцлага алдан байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн болон хязгаарлагдмал хариуцлага хүлээж байгууллагад учирсан шууд хохирлыг төлж барагдуулах ба Монгол улсын хуулийн дагуу хариуцлага хүлээнэ” гэж заажээ.  

Гэрээнд “...өөрийн буруугаас болж ажлын  хариуцлага алдсан...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж буруутгаж байгаа боловч энэ талаарх албан ёсны /  Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалын хавсралт   Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын  1.3.-т Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж /Алкоскан AL-1100 – амьсгал дахь агууламжид согтууруулах ундааны орц байгаа эсэхийг улаан, ногоон гэрлээр үзүүлдэг багаж цаашид “тандагч багаж” гэх/ ашиглан тандалт хийж болно. 1.4.-т Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчиллын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810, 7510 цаашид “согтуурал шалгах багаж” гэх/ ашиглана. 2.5.-д Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%о), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ./  ажиллагаа хийгдээгүй, энэ талаарх баримт байхгүй,  харин Гэрч Ц.Цогтгэрэлийн “... архи үнэртүүлсэн байсан ...” гэх мэдүүлгээр хариуцагчийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм.    

Хариуцагч Ш.И нь”... 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын зам тавьж байгаа ажилд ажил үүргээ гүйцэтгэж байгаа тээврийн хэрэгсэлд бензин түгээх ажлыг гүйцэтгэж явж байгаад өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэл урсгал сөрж, хурц гэрэлтэй гарч ирж осол болсон бөгөөд миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл бодох Хьюнда Трак маркийн 43-23 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу жолоочийн эсрэг тал руу буюу баруун талаараа онхолдож хажуулдсан...” гэсэн хариу тайлбарыг шүүхэд гаргасан байхад дээрх нөхцөл байдлыг тодруулж, тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гарган А.к ХХК-д хохирол учруулсан гэх боловч тэрээр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “... өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах ...”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-д заасан “...нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх...”, үүргээ биелүүлээгүй болно.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрахын гаргасан давж  заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2020/01257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрахын гаргасан давж  заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Галбадрахын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.655 төгрөгийг  төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.БАТТӨР

Ар