Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/63

 

                                        Д.*******д холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Д.Шинэбал /цахим/

Шүүгдэгч Д.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл, шүүгч Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор Д.*******д холбогдох эрүүгийн дугаартай, 149/2022/0004/Э индекстэй 4 хавтас хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн: оны дүгээр сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ******** ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг сум баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД:*****/,

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр Сэлэнгэ аймгийн сумын, 3 дугаар баг, Баянбулагийн 1-24 тоотод иргэн Н.гийн хашаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас ******* нь хэвлийн битүү гэмтэл, чацархай, хэвлийн гялтангийн арын цус хуралт, цус алдалт, зүүн бөөрний задрал, бүдүүн гэдэсний няцралын улмаас бүдүүн гэдэс цоорч хэвлийн гялтангийн ялгадаст-идээт тархмал үрэвсэл үүссэний улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.*******д оногдуулсан 10 /арав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 353 /гурван зуун тавин гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,

Шүүгдэгч Д.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д шүүхэд баримтаар гаргаж өгч нэхэмжилсэн 2.400.000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсныг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн талийгаачийн ХААН банкнаас авсан хашаа байшингийн зээлийг төлж барагдуулсан гэх 11.108.220 төгрөг, сэтгэл санааны хохиролд 270.000.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж тус тус шийдвэрлэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД, 2 ширхэг томографийн зураг зэргийг хэргийн хамт архивт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй бөгөөд шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7-р хэсгийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно” гэсэн заалтыг ноцтой зөрчиж, яллагдагчийн өмгөөлөгч Д.Ганбатын “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр 1 дэх хэсгийг үндэслэн уг хэргийг 2021.12.20-ны өдөр хүлээн аваад 2021.12.28-ны өдөр (8 хоног) яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн 04 дугаартай захирамж гаргаж ( хавтас - 128х) гэм буруугийн шүүх хуралдааныг явуулсан байна. Энэ нь оролцогчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд хүсэлтэнд дурьдсан шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжийг хязгаарлахад хүргэсэн байна. Ингэснээр өөр хоорондоо эрс зөрүүтэй дүгнэлт, мэдүүлэг бүхий нотлох баримт (шинжээчийн дүгнэлт)-ийг дүгнэх, шинжээч нарын дүгнэлтийн үндэслэлийг тодруулж тайлбарлуулах боломжгүй нөхцөл байдалд нэг талыг барьсан буюу хэргийг бүх талаас нь нягт нямбай бодитой, эргэлзээгүй хянан шийдвэрлэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэстэй, процессийн ноцтой зөрчил гаргажээ. Мөн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж (бүрэлдэхүүн) эргэлзээгүй тогтоогдсон эсэхэд, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зүйл хэсгээр хэргийг тусгаарлаж, хэргийг хааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй эсэх? тусгаарлаж шийдвэрлэх нөхцөл мөн эсэх?-ийг бодитой шийдвэрлэх боломжийг алдагдуулсан байна.

2.Д.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг эргэлзээгүй тогтоогоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт мэдүүлэг болон өөрийн гаргасан дүгнэлтийнхээ хэсэгтэйгээ зөрүүтэй мэдүүлсэн шинжээчийн мэдүүлгийг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, дүгнээгүй орхигдуулсан нь хэргийн байдлыг бодитой тогтоох (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль - 1.7 зүйл), нотолбол зохих байдлыг зөв тогтоох (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль - 16.2). нотлох баримтыг шалгаж үнэлэх (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль - 16.15) зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэстэй байна. Тухайлбал:

Хохирогч нь 2020.06.28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Мандат сумын эмнэлэгт ирж, хэвлий битүү гэмтэл оношоор мэс засалд ороход хэвлийд сул цус 500 мл байсныг аваад, бусад эрхтнийг бүрэн шалгаагүй, зүүн бөөрний гэмтлийг оношлоогүй хот руу илгээж шилжүүлсэн (өвчний түүх, хавтас 114-117х), ГССҮТөвд 2020.06.29-нд 2 дахь мэс засал хийж, зөвхөн бөөрний гэмтлийг оношилж цус алдалтыг зогсоох мэс засал хийсэн (өвчний түүх - 135 - 151х) байх бөгөөд 2020.07.08-нд эмнэлгээс гарах хүртэл хэвлийн эрхтэн болох гэдэс, чяцархай талын хүндрэлийг оношлоогүй, эмчилгээ (мэс засал) хийгээгүй болох нь Мэргэжлийн хяналтын эмчилгээний шинжээч Байгалмаагийн дүгнэлт ( хавтас - 178 - 181 х)-ээр Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3 буюу оношилгоо, эмчилгээний стандарт, удирдамж, технологийг мөрдөж ажиллах үүргээ зөрчиж зохих ёсоор биелүүлээгүй гэх Эрүүгийн хуулийн 15.1 - 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон байхад прокурор зөвхөн “хэрэг бүртгэлийн хэрэг нээх”, “хаах” тогтоолоо хэрэгт хавсаргасан нь энэ 2 хэргийг тусгаарлаж шалгасан нь буруу болохыг нотолж байх ба шүүх уг тогтоолыг үнэн, үндэстэй гэж үзсэн нь хэргийг үндэслэлгүй эцэслэн шийдвэрлэх үндэс болжээ.

3.Шинжээчийн 1485, 1062, 14 дугаартай дүгнэлтүүдэд “ сумын нэгдсэн эмнэлэгт зүүн бөөрний гэмтлийг, оношлоогүй байна, шинжээч нар (Б.Ундармаа, Энхбаатар) (хх-104, 106) эмч нар оношилгоо, эмчилгээний ямар стандарт, журам зөрчснийг шинжээч эмч тогтоохгүй гэж мэдүүлсэн нь “Зөрчөөгүй” гэсэн ойлголт биш байх ба шинжээч Байгалмаагийн дугаартай дүгнэлтийг үгүйсгээгүйг нотолж байна.

Дээрх байдалд шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг нотолж байна.

4.Шүүх 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж, гэм буруутай эсэхээ хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч, оногдуулсан хорих ялаас 2 жил өршөөн хасах тухай заалтыг (6 дугаар зүйл. Ялаас өршөөн хасах) хэрэглээгүй нь хүний эрхийг зөрчсөн болно. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн болон шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж буй бүх иргэний хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж буй хууль хэрэглэх заалтад шүүгдэгчийг хамааруулаагүй шийджээ.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шүүгдэгчид ашигтайгаар үндэслэлтэй шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.

Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   “...Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд миний буруутай үйлдлээс хохирогчид хүнд гэмтэл учирсан гэж мэдүүлсэн бөгөөд одоог хүртэл хүлээн зөвшөөрч байгаагаа дахин илэрхийлье. Хуулийн дагуу хөнгөн ял шийтгэл шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би үнэхээр гомдолтой байна. Энэ хэрэг 2 жил 3 сарын хугацаанд шүүхээр явж байна. Шүүгдэгч миний хүүг санаатайгаар алсан. ... сум дахь сум дундын шүүхэд зүйл анги нь өөрчлөгдөөгүй байхад батлан даалтад гарсан. Миний хүүг алсан нь тодорхой байхад хуулиас мултарч гарах гээд хэргийг сунжруулж 2 жилийн хугацаа өнгөрлөө. Би маш их гомдолтой байна. Оршуулгын зардлын 20 сая гаруй төгрөгийг хагас дутуу төлсөн. Өнчин үлдсэн 3 хүүхдийг нь хэн тэжээх юм бэ. ******* шоронд орж, ялаа эдлээд гарч ирнэ, миний хүү босож ирэхгүй. Миний хүү өвдөлтөндөө 10 хоног тарчлаад нас барсан дүр төрх одоо хүртэл миний дотроос гарахгүй байна.  Маш их гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

... Гэм буруугаа хүлээхгүй, хувийн байдалд шаардлага нь нийцэхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад батлан даалтад гаргахаар гэмт хэрэг үйлдсэн. Ямар ч хамаагүй аргаар явж байгаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч нарын гаргаж байгаа хүсэлтүүд, шүүхийг татгалзаж байгаа хүсэлтүүд дандаа хууль зөрчсөн. Эцсийн бүлэгтээ ямар ч хамаагүй аргаар энэ хүнийг ялаас чөлөөлнө, ял завшуулах, хөнгөн ял оноох гэдэг байдлаар хандаад байгаа нь хохирогчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Тэгэхээр давж заалдах гомдол үндэслэлгүй. Процессын хууль эргэлзээтэй байгаа юм чинь давж заалдах шатны шүүх хэргийг хөнгөрүүл гэж тайлбарлаад байна. Гэмт хэрэг үйлдсэн аргачлал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж, тохирсон дүгнэлтийг хийж өгнө үү. Өршөөлийн хуулийг хуульд нийцүүлэн тайлбарлаж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  ...Д.******* болон өмгөөлөгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, цагдан хорионы шүүх хурал болдог, шүүх хуралдааныг маш олон удаа хойшлуулж, хэргийг санаатайгаар удаашруулдаг. Хохирогчийн ар гэрийнхэнтэй нэг ч удаа уулзаагүй, хүүхдүүдийг нь нэг ч удаа эргэж тойроогүй. Дандаа хувиа бодсон байдлаар хандаж байсан. Цагдан хорих байрнаас гараад хохирогчийн ар гэртэй уулзаж, уучлалт гуйя гэж нэг ч удаа хэлж байгаагүй. 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үед хохирол  2.400.000 төгрөгийг хүчээр шахуу төлсөн. Талийгаач 14 хоног эмчилгээ хийлгэсэн болохоос биш яг хэлэхийн бол хүн амины хэрэг юм. Өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлоор Д.*******д холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокурорын газраас шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны үүрээр Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар баг Баянбулагийн 1-24 тоотод иргэн Н.гийн хашаанд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас ******* нь хэвлийн битүү гэмтэл, чацархай, хэвлийн гялтангийн арын цус хуралт, цус алдалт, зүүн бөөрний задрал, бүдүүн гэдэсний няцралын улмаас бүдүүн гэдэс цоорч хэвлийн гялтангийн ялгадаст-идээт тархмал үрэвсэл үүссэний улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Амь хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “...Баянбулагийн гудамжинд байрлах гийн хашаанд намайг унтаж байхад ******* намайг гаргаж ирээд өөрийн эхнэр тай хардаж намайг зодсон...” гэх мэдүүлэг / хх-ийн 24 тал/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 12-15 тал/, хохирогч ийн “...12 цагийн орчимд эмнэлэг дээр ирэхэд манай нөхөр эмнэлэгийн хүлээн авах дээр байсан ба би орж уулзахад “.. намайг эхнэртэйгээ хардаад зодсон,  ахтай цуг байшингийх нь доод давхарт унтаж байхад нь эхнэр Энхцэцэг нь бөөлжөөд байхаар нь ах түмпэн гаргаад өгчих гэхээр нь 2 давхарт гарч түмпэн өгөөд Энхцэцэг эгчийн дээгүүр нь хөнжлийг нь нөмөргөж өгсөн. Тэгээд доор шалан дээр унтаж байхад түүнийг чирч гаргаж ирээд ******* та хоёр яасан гээд зодоод байсан гэсэн. Мөн баая нойл оръё гэхэд наанаа баа гээд хэлээд зодоод байсан” гэж ярьсан...”/ хх-ийн 17*-18 тал/, хохирогч Н.*******ын “...Би талийгаачийн банкны зээл болон оршуулгын зардал эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” / хх-ийн 20/, хохирогч Д.*******гийн “...Би маш их гомдолтой байна. Хэргийг хуулийн дагуу шалгаж буруутай этгээдэд зохих шийтгэлийг оногдуулж өгөхийг хүсье...” гэх / хх-ийн 23/, гэрч Н.******* “...би талийгаачийн гэр лүү ороход 2 дугаар давхартаа талийгаач хэвтчихсэн ёолоод байсан. Би юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан. Хэвлий хавиар нь өвдөөд байна гээд намайг илээд өгөөч гээд байсан. Намайг хэвлий хэсэгт нь дарахад өвчин нь гайгүй болоод байх шиг байсан.  ....Тэгээд дараа нь эмнэлэгт байх хугацаанд намайг эхнэртэйгээ хардаад зодсон. ....би болъё гээд гуйгаад дийлээгүй, намайг нүдээд, өшиглөөд байсан. Намайг зодоод баалгахгүй байсан, би баасаа гараараа авч хаясан, би сүүлдээ гоос зугтаагаад айлын жорлонд нуугдсан гэж хэлж байсан...” гэх / хх-ийн 30-32 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1485 дугаартай “...Талийгаачид зүүн бөөрний задрал, хэвлийн арын зай, чацархайн цус хуралт, цус алдалт, бүдүүн гэдэсний дэлүүний булангийн няцралт, умдаг, зүүн ташаан толгой, баруун зовхины цус хуралт тогтоогдлоо. ....Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл чацархай, хэвлийн гялтангийн арын цус хуралт, цус алдалт, зүүн бөөрний задрал, бүдүүн гэдэсний няцралын улмаас бүдүүн гэдэс цоорч хэвлийн гялтангийн ялгадаст-идээт тархмал үрэвслийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас баржээ....”  гэх дүгнэлт / хх-ийн 61-66 тал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1067 дугаартай “...Мэс засал эмчилгээний стандартыг зөрчсөн эсэхийг шүүх эмнэлэгийн шинжээч эмч тогтоодоггүй” гэх дүгнэлт / хх-ийн 74-80/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай “...ГССҮТ зүүн бөөрний урагдал, гялтангийн арын цусан хураа, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцрал, бүдүүн гэдэсний цоолыг оношилж, хагалгааг зохих журмын дагуу хийсэн боловч амь нас аврагдах боломж муутай байжээ. Талийгаач ******* хэвлийн битүү гэмтэл, зүүн бөөрний урагдал, бүдүүн гэдэсний чацархайн тархмал няцралын улмаас бүдүүн гэдэсний хана үхжин цоорч, хэвлийн гялтангийн ялгадаст, идээт тархмал үрэвслээр хүндэрч нас баржээ....” гэх дүгнэлт / хх-ийн 88-95/, шинжээч эмч нарын мэдүүлгүүд / хх-ийн 100-108/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс маргаангүй гэж байгаа боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын зүгээс “-Анхан шатны шүүхийн тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй, Д.******* уг хэрэгт буруутай гэдгийг нотлож чадаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, эмч нарын буруутай үйл ажиллагаа байгаа гэдэг нь нотлогдсон, өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан байхад хүлээн аваагүй, Түүнчлэн Өршөөлийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.*******д холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд шүүгдэгч Д.*******гийн гэм буруутай, идэвхтэй үйлдлийн улмаас амь хохирогч *******ийн биед зүүн бөөрний задрал, хэвлийн арын зай, гялтангийн арын цусан хураа, цус алдалт,  бүдүүн гэдэсний дэлүүний булангийн няцралт, умдаг, зүүн ташаан толгой, баруун зовхины цус хуралт  зэрэг гэмтэл учирч дээрх гэмтлүүдийг оношилж 3 удаагийн мэс ажилбар хийж,  эмчлэх явцад үүссэн хүндрэл буюу бүдүүн гэдэс цоорч хэвлийн гялтангийн ялгадаст-идээт тархмал үрэвслийн улмаас олон эрхтний дутагдалд орж нас барсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс 12 жилийн хорих ял оногдуулах санал гаргаснаас хөнгөрүүлэн 10 жилийн хорих ял оногдуулсан нь дээрх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,

“2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;

2.2.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн;

2.3.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн;

2.4.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн;

2.5.энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Д.******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, дээрх гэмтлийн улмаас эмчлэгдэх явцад хүндрэл учирч уг хүндрэлийн улмаас амь нас нь хохирсон байхад өөрийн гэм бурууг мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрөөгүйн дээр хохирогч нараас уучлал гуйсан, түүнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал байхгүй, хохирогч нарын зүгээс нэхэмжилсэн гэм хорын хохирлыг анхан шатны шүүх хуралдааны шатанд төлсөн зэрэг нөхцөл байдлууд нь түүнд хуульд зааснаас хөнгөн ял оногдуулах боломжгүй, харин прокуророос санал болгосон хорих ялын хэмжээ хүрээнд анхан шатны шүүх хөнгөрүүлэн 10 жилийн хорих ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэмжээнд тохирсон гэж үзнэ.  

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******г гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр 2021 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулж шийдвэрлээгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “...Шүүх 2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэж, гэм буруутай эсэхээ хүлээн зөвшөөрсөн эсэхээс үл хамаарч, оногдуулсан хорих ялаас 2 жил өршөөн хасах тухай заалтыг (6 дугаар зүйл. Ялаас өршөөн хасах) хэрэглээгүй нь хүний эрхийг зөрчсөн болно. Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн болон шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ял эдэлж буй бүх иргэний хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж буй хууль хэрэглэх заалтад шүүгдэгчийг хамааруулаагүй шийджээ.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, шүүгдэгчид ашигтайгаар үндэслэлтэй шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Д.*******г гэм буруутайд тооцож 10 жилийн хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан зүйл анги нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн үйлчлэлд хамаарч байх ба дээрх зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасахаар заасан.

Мөн хуулийн 12 дугаар зүйл буюу хууль хэрэглэх журмын 10-д “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний эцэст оногдуулсан хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх хуулийн заалттай, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 10 жилийн хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар 02 жилийн хорих ялыг хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 08 жилийн хугацаагаар тогтоов.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ хэрэгт шүүгдэгч Д.******* буруутай нь бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж, эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчийн амь нас хохирсон гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан нь анхан шатны шүүхээс шүүгдэгчийг шүүхэд шилжүүлсний дараа дээрх хүсэлт ирсэн байх ба хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь: Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-д заасан хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа өмгөөлөгчийн зүгээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн аваагүй байна.

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар Д.*******д оногдуулсан 10 жилийн хорих ялаас 02 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялын хэмжээг 08 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.*******д оногдуулсан 08 /найман/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ