Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 124/ШШ2025/0010

 

                     

                    Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг, Ч.Цэнд-Очир нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Л,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, иргэдийн төлөөлөгч Д.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Л, Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 2. Нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Иргэн Б.Л-ын “Барилга ашиглалтад оруулахад шаардагдах бичиг баримтыг нөхөн бүрдүүлэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай

1. Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах,

2. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөж авах,

3. Улсын комисс ажиллуулах тодруулгатай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч Б.Л болон Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын хооронд эвлэрлийн гэрээ байгуулагдсан ба нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо тохиролцсон, энэхүү эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийн оролцогчид эвлэрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

1.1. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх...”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заасан.

2. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Аг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8 дахь заалтад заасан эрхийг эдлүүлэхээр 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/275 дугаар албан бичгээр 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгожээ.

3. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Б.Л-ын гаргасан “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх замаар эвлэрэн хэлэлцэж байгаагаа илэрхийлж, эвлэрлийн гэрээнд талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

4. Иймд нэгэнт нэхэмжлэгч болон хариуцагч нар эвлэрч байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

5. Хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй...” талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Лын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нарын “Барилгын иж бүрэн зураг төсөл нөхөн баталгаажуулах, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл нөхөн олгох, улсын комисс ажиллуулах”-аар харилцан тохиролцож эвлэрсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    О.БАТДОРЖ

                                                                                ШҮҮГЧ                    Л.ТУНГАЛАГ

                                                                                ШҮҮГЧ                    Ч.ЦЭНД-ОЧИР