Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 02

 

Н.Жийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Б.Баттөр, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27*******ны өдрийн 142/ШШ2020/01352 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Жийн нэхэмжлэлтэй,

 

 “Садан төрлийн холбоо тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Прокурор Л.Энхтайвангийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 24*******ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго прокурор Л.Энхтайван, нарийн бичгийн дарга О.Мөнх*******Од нар оролцов.

Хүсэлт гаргагч Н.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Н овогтой Ж миний бие 1932 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төрсөн. Орхон аймагт оршин суугч, 88 настай. Монгол улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхдэд улсаас олгож буй тэтгэлгийг зохих журмын дагуу хүртэх хүсэлтэй байгаа ба үүнд шаардагдах баримт бичиг бүрдүүлэх явцад хүндрэл тулгарч шүүхийн байгууллагын туслалцаа хүсэх шаардлага гарсан тул шүүхэд хандаж байна. Учир нь 1938 онд миний аав Бадамцэрэн улс төрийн хэрэгт хилсээр гүтгэгдэж ялын дээд хэмжээгээр яллагдаж цаазаар авхуулсан болно. Тухайн үед би нас бага байсан тул эсэргүүний үр хүүхэд хэмээн шахагдаж хавчигдаж сургуульд ороход хүндрэл учирч байсны улмаас овог 2 удаа солигдсон. Гын Ж (Г нь тухайн үед манай гэрийн малчин байсан), Нийн Ж (Н нь миний ээж хэмээн овоглосоор ирсэн)

 

Одоо миний аав Бадамцэрэнгийн овог улсын төв архиваас Төмөр, тагнуулын төв газрын тусгай архивын лавлагаагаар Г гэж гарч ирж байгаа. Ж миний бие Бгийн охин мөн гэсэн лавлагаа гарч ирээгүй. Тухайн 1930 оны үеийн гэр бүлийн байдлыг дурдвал: Аав Бадамцэрэн, ээж Н, эгч Тунинсэд, хүргэн Загд (Эгч Тунинсэдийн нөхөр), ах Дорж /Хэлмэгдсэн лам хүн/, Ж (Миний бие), Г (Манайд малчин байсан хүн) Манайх ийм өрхийн гишүүдтэй, Сэлэнгэ аймгийн Дархан суманд амьдарч байсан. Аав Бадамцэрэн нь лам хүн байсан бөгөөд Баруунхараагийн хийдээс баригдаж яваад эргэж ирээгүй болно. Миний хүсэлтийг харгалзан үзэж Ж намайг Бгийн охин мөн гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27*******ны өдрийн 142/ШШ2020/01352 дугаар шийдвэрээр:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1*******д заасныг баримтлан Боржгон овогт Нийн Ж /Регистрийн дугаар: ФА32070123/ нь хэлмэгдэгч Г.Бгийн төрсөн охин мөн болохыг тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Л.Энхтайван шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Үндэсний төв архивын 2019 оны 07 дугаар сарын 03*******ны өдрийн 03*******6/2723, 03*******6/2724, 03*******6/2725 дугаартай 1933, 1944, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаанууд нь Н.Ж нь Г.Бгийн охин мөн болохыг нотолсон баримт гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь 1933 оны тооллогоор хэлмэгдэгч Төмөрийн Б гэж тоологдсон боловч гэр бүлд нь 1932 онд төрсөн гэх охин тоологдоогүй. Харин нэхэмжлэгчийн мэдүүлж байгаагаар Гын өндөр гэж 2 настай эмэгтэй тоологдсон нь нэхэмжлэгч Н.Ж мөн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй нь Н.Ж нь Г.Бгийн охин гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн мэдүүлж байгаагаар тус өрхийн малчин нь байсан гэх Бэлэнчихийн /Цэвэгийн/ Г гэж хэн болох хэзээ нас барсан болохыг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн өрхөд бүртгэгдсэн нэхэмжлэгчийн эгч гэх Мандалын Пунинсэд, түүний нөхөр гэх Гын Загд, нэхэмжлэгчийн ах гэх Гын Дорж нарын талаарх лавлагаа, нас  баран талаарх баримт байхгүй байх бөгөөд эдгээр баримтыг хэрэгт цуглуулах боломжтой байсан гэж үзэж байна. Мөн хэлмэгдэгч 1933 оны тооллогоор Төмөрийн Б гэж тоолуулсан боловч Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар Гармаа /Гамаа/ Б гэж овог өөрчлөгдсөн, мөн нэхэмжлэгч Н.Жийн иргэний бүртгэлийн лавлагаанд эцэг Рэнцэнгийн Г, эх Лувсангийн Н гэж лавлагаа гарсан боловч 1933 оны тооллогоор Жамбалын Н гэж, Бэлэнчихийн Г гэж, 1944 оны тооллогоор Цэвэгийн Г гэж тус тус овог зөрүүтэй тоологдсоныг харгалзаж үзээгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1. дэх хэсэгт заасны дагуу энэхүү хэрэг нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд энэ тохиолдолд шүүх нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх үүрэгтэй Гэтэл хэрэгт анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн бүрдүүлэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж, хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9. дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1., 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27*******ны өдрийн 142/ШШ2020/01352 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин шийдвэрлүүлэхээр гомдол гаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Солонго шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Сэлэнгэ аймгийн Дархан сумаас ганцхан Б хэлмэгдсэн. Хэлмэгдэх үедээ ам бүл 7 гэж бүртгүүлсэн нь миний аав Б мөн болно. Мөн өрхийн гишүүдийн үндсэн нэр: Б, Н, Пунансэд, Дорж, Ж, Загд, Г гэх нэрнүүд бүгд таарч байгаа боловч он оны тооллогоор овог зөрж байгаа нь тухай цаг үеийн байдалтай холбоотой гэж үзэж байна. Л.Энхтайван прокурорын гаргасан гомдлын дагуу нэмэлтээр тухайн Монгол бичгээр гарсан тооллого, Н.Жийн аман тайлбар видео бичлэгийг хавсаргаж өгөв. 1933 оны хүн амын тооллогоор Н.Ж нь 2 настай Өндөр гэж бүртгэгдсэн нь миний аав Б лам хүн байсан тул хүүхдэд нэр хүндэднэ гэж үзээд нэр өгөхгүй байж байгаад 5 настайгаас нь Ж гэж нэр өгсөн. Бэлэнчих /Цэвэгийн/ Г нь манай малчин байсан хүн. Тухай үед манайх олон дагуул айлтай, мал ихтэй айл байсан.  Намайг 15, 16 настай байх үед нас барсан тул Г гэдэг хүний нас барсан бүртгэл олдоогүй олно. 1933 оны тооллогоор Төмөрийн Б гэж тоологдож, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар Гын Б гэж овог өөрчлөгдсөн байх нь тухайн үед цаг үе хэцүү байсан тул гэр бүлээ нууж, өөрийн овгоо малчин Гаар овоглож, өрхийн гишүүд нь мөн Г овогтой бүртгэгдсэн байж магадгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.*******т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Ж нь хэлмэгдэгч Бтэй садан төрлийн холбоотой болохоо тогтоолгох хүсэлт шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч Н.Ж /хүсэлт гаргагч/ нь 1932 онд Сэлэнгэ аймгийн Дархан суманд төрсөн ба түүний аав Б нь Баруун хараагийн хийдэд лам байхдаа 1938 онд улс төрийн хилс хэргээр баригдаж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 22*******ны өдрийн 15 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 зүйлээр ялын дээд хэмжээ цаазаар авах ялаар шийтгэгдсэн. Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 09 дүгээр сарын 03*******ны өдрийн 87 дугаар магадлалаар Гармаа овогтой Бг цагаатгасан зэрэг үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байна. 1933 оны хүн амын тооллогын лавлагаагаар охин Гын Өндөр 2 настай, Төмөрийн Б 63 настай лам, эх Жамбалын Н 53 настай эмэгтэй, 1944 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Жамбалын Н 64 настай, Цэвэгийн Г 67 настай эрэгтэй, Гын Ж 13 настай, Гын Загд 50 настай эрэгтэй, 1956 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн Нийн Ж 25 настай эмэгтэй гэж тус тус бүртгэгджээ.

Мөн Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар Гармаа /Гамаа/*******ийн Б нь Сэлэнгэ аймгийн Дархан*******Уул сумын 8 дугаар багийн харьяат ард лам, нас 69 /1938 оны байдлаар/ ам бүл 7 /дурдаагүй/ малын ажилтай, баригдахын өмнө Баруунхараагийн хойд Цохио хэмээх газар сууж байсан гэж тэмдэглэсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнэхэд хүсэлт гаргагч нэхэмжлэгч Н.Ж нь хэлмэгдэгч Г.Бгийн ам бүлд тоологдож байсан түүнтэй садан төрлийн холбоотой болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Н.Жийг хэлмэгдэгч Г.Бгийн төрсөн охин болохыг тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133, 135, 136 дугаар зүйлүүдэд нийцжээ.

Анхан шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Н.Жийн хүсэлтийг бичихдээ Бг, Бадамцэрэн гэж зөрүүтэй бичсэнийг дурьдах нь зүйтэй. Энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөлт оруулах хуульд заасан үндэслэл болохгүй техникийн шинжтэй алдаа болно.

Хүсэлт гаргагч Н.Жийн овог өөр өөр гарч ирсэн нь тухайн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой байсныг үгүйсгэх боломжгүй юм. Иймд прокурорын гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 27*******ний өдрийн 142/ШШ2020/01352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, прокурор Л.Энхтайвангийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Прокурор Л.Энхтайван нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т  зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль  буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч,  гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д  зааснаар магадлалыг  танилцуулан  сонсгож, 7 хоног  өнгөрснөөс

хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                                 Б.БАТТӨР

                                                                                                            С.УРАНЧИМЭГ