| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2025/00327/И |
| Дугаар | 191/ШШ2025/01743 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01743
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум 3-р баг 13-20 тоотод оршин суух, албан ёсны бүртгэлтэй одоо Бүгд Найрамдах Солонгос Улсын Чүнчонбүгду аймаг, Жүнчү хот, Дэсувонмён Чомдансаоб 4 ру 45, 305 тоот хаягт оршин суух, Шарнууд овогт Жаргалсайханы ******* /рд:КЮ91051304/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ********** тоотод оршин суух, албан ёсны хаягтай одоо Бүгд Найрамдах Солонгос Улсын Ганвон аймаг, ********** тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ж.******* миний бие 2008 онд Б.*******тай танилцан улмаар 2018 оны 1 сарын 15-нд гэрлэлтийн 1110970005 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамт амьдрах хугацаанд 2011 оны 7 сарын 10-ны өдөр хүү Г.*******, 2013 оны 1 сарын 18-ны өдөр Г.******* төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс эхэлж 2 хүү маань эх Ж.*******гийн асрамжинд үлдэж өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Г.*******, Г.******* нарыг миний асрамжинд үлдээж, эцэг *******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Эвлэрэх хугацаа шаардлагагүй, Монгол Улсад ирэх болоогүй... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Ж.******* 2008 онд Б.*******тай танилцан улмаар хүү Г.*******, Г.******* нар төрсөн. 2019 оноос салж тусдаа амьдрах болсон. ******* өөр хүнтэй амьдарч байгаа, Монгол Улсад ирэх болоогүй. Тусдаа амьдраад олон жил болсон, цаашид амьдрах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие хариуцагчийн ээж нь юм, 2 ачтайгаа холбоотой байдаг. Эвлэрэх хугацаа шаардлагагүй гэж надаар дамжуулж хэлсэн... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-16-р тал
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ж.******* хариуцагч Б.*******т холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Хариуцагч Б.*******, нэхэмжлэгч Ж.******* нар 2008 онд танилцаж, 2018 оны 01 сарын 15-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2011 оны 07 сарын 10-нд хүү *******ын *******, 2013 оны 01 сарын 18-нд хүү *******ын ******* нар төрсөн болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Г.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрлэгчид 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэж хэн аль нь тайлбарлаж байх ба нэхэмжлэгч талын ... Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2019 оноос салж тусдаа амьдрах болсон, Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байгаа, эвлэрэх хугацаа шаардлагагүй... гэх, хариуцагч талын ... тусдаа амьдраад олон жил болсон, цаашид амьдрах боломжгүй. Өөр хүнтэй амьдарч байгаа, эвлэрэх хугацаа шаардлагагүй... гэх тайлбарууд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 12 сарын 04-ны өдрийн 1306 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 6 жил тусдаа амьдарсан, хариуцагч өөр хүнтэй амьдарч байгаа, гэрлэгчид гадаад улсад тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлаас гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэн, гэрлэлтийг цуцлав.
Зохигчид хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэний журамт үүрэг байна.
Гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Б.*******аас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр гаргуулах нь зүйтэй.
Хүүхдийг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь эцэг Б.*******ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд түүнийг хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд эх Ж.******* саад болох учиргүйг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээж болохыг дурдъя.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* /рд:*******/, Шарнууд овогт Жаргалсайханы ******* /рд:КЮ91051304/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 07 сарын 10-нд төрсөн хүү *******ын *******, 2013 оны 01 сарын 18-нд төрсөн хүү *******ын ******* нарыг эх Ж.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 07 сарын 10-нд төрсөн хүү Г.******* /рд:КЮ11271032/, 2013 оны 01 сарын 18-нд төрсөн хүү Г.******* /рд:КЮ13211896/ нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.*******аар тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах М.Бишдарьд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ