2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01917

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 11 191/ШШ2025/01917

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: тоотод байрлах ХЛ ХХК /РД: /-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Дгийн Э /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид оролцов. (Хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

Тодорхойлох нь:

1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Д.Э нь манай компанитай 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №Х- БЗГ/2021-14737 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,379,800 төгрөгийг сарын 2.55 хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Д.Э нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу гар утас, холигч, зөөврийн компьютерыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Д.Э нь №Х-БЗГ/2021-14737 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2025 оны 01 дүгээр сарын 23-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,602,206.98 төгрөг төлөх байснаас 2,336,500 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 1,723,706.98 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зорчин 753 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, Чтоот хаягаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШЗ2024/19467 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Д.Эыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Д.Э нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Д.Эыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 885 тоот Итгэмжлэл, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №Х-БЗГ/2021-14737 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/19467 дугаар захирамж зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

2.2 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/07696 дугаар нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Д.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шаардсаны дагуу ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс Д.Эын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг ирүүлж хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх нь:

 

Хүсэлт гаргагч ХЛ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дгийн Э /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

1. Шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ...Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2024/19467 дугаар захирамжаар Д.Э нь тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Д.Э нь зээлийн өр төлбөртэй, түүний оршин сууж байгаа хаяг нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарлажээ.

 

3. Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шинжлэн судалсан нотлох баримтаас үзвэл дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Хүсэлт гаргагчийн тайлбар, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №Х-БЗГ/2021-14737 дугаартай Барьцаат зээлийн гэрээ зэргээр Д.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

3.2 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс татсан Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд Д.Э нь  тоот хаягт бүртгэлтэй гэжээ.

3.3 Д.Э нь  тоот хаягт оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, уг хаягаас шилжилт хөдөлгөөн хийлгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт тус тус зааснаар  хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Дгийн Э /РД: ***/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагаа хийхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

4. Хүсэлт гаргагч ХЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр, нотлох баримтын хүрээнд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

5. Хүсэлт гаргагч ХЛ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дгийн Э /РД: ***/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Эыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ХЛ ХХК /утас: /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ХЛ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА