Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 140

 

                                           

 

                                            МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ж.Э,

шүүгдэгч Ш.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 24-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ам бүл-3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, “Чандмань хайрхан ххк-д туслан гүйцэтгэгчээр ажилладаг,  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 10-56 тоотод  оршин суудаг, ял шийтгэлгүй,   дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ш.Х нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 10-56 тоотод байрлах хашааны орчимд Э.Ариунцэцэг, Ж.Ганзориг нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Ш. Х мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Ж.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би нөхөр Ж.Гн хамт 2017 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтад байх өөрийнхөө  садан төрлийн айлд очих гээд Тахилтын автобусны 2 дугаар буудлын орчим явж байсан чинь 96-05 УНЭ улсын дугаартай хар хөх өнгийн Extral маркын тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд зөрөхдөе манай 96-24 УНЭ улсын дугаартай Тоёота Приус маркын тээврийн хэрэгслийн зүүн талын толь, хаалгыг шүргэчихээд зогсохгүй чигээрээ явсан. Тэгэхээр нь манай нөхөр араас нь машинтайгаа хөөгөөд хурд сааруулагчийн орчим гүйцэт түрүүлж өмнө нь орж зогсоод машинаасаа буугаад очтол жолооч нь архи уучихсан ссгтуу байсан ба жолоочийн хажуу талд сууж байсан үл таних залуу бас согтуу унтаж байсан...тэр машины жолоочийн хажуу талд сууж байсан согтуу залуу буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Хулан гэх залуу унтаж байгаад гэнэтхэн сэрээд “та нар намайг сонсоогүй гэж бодож байна уу? дуугүй сонсоод байсан чинь даварч  байна. Та хоёрыг  машинаараа дайраад ална” гээд машиндаа суухад нь манай нөхөр машиныг  нь түлхүүрийг хүчээр булааж авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөх гээд утсаар ярих гэж байтал тэр залуу миний нүүр тус газар гараараа 2-3 удаа цохьсон. Мөн үснээс дарж байгаад цохиод байсан. Тэгээд  манай нөхөр машинаас буугаад бариад авсан чинь манай нөхрийг үүрээд унагаасан. Тэгээд газар унасаны дараа толгой руу нэг удаа дэвссэн...Бид хоёрыг яг явах гэж байтал тэр залуу гэнэтхэн сэрж машинаасаа бууж ирээд бид хоёрыг элдэвээр хэлж дайраад байсан...Одоо бид нарт ямар нэгэн гомдол санал байхгүй...гэжээ. /хх-8-9/,

Хохирогч Ж.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Хулан гэх залуу нь унтаж байгаад гэнэтхэн сэрээд...манай эхнэрийг миний утсыг өг гээд шууд нүүрэн тус газар алгадсан. Тэгээд би машинаас буугаад тэр залууг бариад авсан чинь намайг үүрээд унагаасан. Тэгээд газар унасаны дараа толгой руу нэг удаа дэвссэн... Миний баруун гар хөндүүрлэж өвчин орсон байдалтай нүүрний зүүн хэсгээс цус гарч зулгарч шалбарсан байсан. Миний биед учирсан дух, хөмсөг зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий гэмтлийг Хулан гэх залуу намайг газар унасан хойно дээрээсээ хөлөөрөө нүүрэн тус газар 2 удаа дэвсэх үөдээ учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хулан надад учирсан бүх хохиролыг бүрэн барагдуулсан…гэжээ. /хх-12-13/,

Гэрч Ч.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Ш.Х манай гэрт орж ирээд таньтай ярьж байсан хүмүүс ирчихлээ гэсэн. Та уулзаадах уу гэсэн. Тэгээд би гараад уулзтал толь нь хугарчихсан байсан. Тэгээд тэр хүмүүс миний хохирлыг барагдуулаад өг гэсэн ба Ш.Хулангийн машины түлхүүр , гар утас хоёрыг нь булаагаад авчихсан гэсэн. Тэгээд утсаа авъя гээд Хулан тэр хүүхний нөхөртэй маргаад барилцаж аваад газар унасан. Тэгсэн чинь тэр залуугийн нүүр нь шалбарчихсан байсан...тэр эмэгтэй миний нүд рүү цохьчихлоо гээд орилоод байсан...гэжээ. /хх-20/,

 Шүүгдэгч Ш.Х мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...би өөрийнхөө эд зүйлийг авах гээд тэр хоёр хүнтэй хэрэлдэж эрэгтэй хүнтэй нь барилцаж аваад бид хоёр газар унасан. Энэ үед би тэр залууг хоёр удаа нүүрэн тус газар нь цохьсон. Тэр залуу газар унах үедээ нүүрээрээ унаж дух хэсгээрээ халцарсан байсан. Энэ үед эхнэр нь гэх эмэгтэй дундуур орж ирээд над руу дайраад байхаар нь би эхнэрийг нь түлхсэн...Би нөхөр нь гэх Ганзоригтой зууралдаж байгаад газар хамт унасан. Энэ үед би Ганзоригийн нүүрэн тус газар 1-2 удаа цохьсон. Ганзориг бас миний нүүрэн тус газар цохьсон ба эхнэр нь болох Ариунцэцэг гэх эмэгтэй над руу дайраад миний гарыг маажсан байсан. Би Ариунцэцэгийг нь зодож цохьсон үйлдэл гаргаагүй...гэжээ. /хх-38-40/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №13770 тоот актын дүгнэлтэнд:

1 . Э.А биед баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-25/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №13769 тоот актын дүгнэлтэнд:

1.Ж.Г-н биед дух, хөмсөг, зовхинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-29/,

Шүүгдэгч Ш.Х-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-72/,  хохирогчийн өргөдөл /хх-3/, хохирогчийн  гомдол саналгүй гэх хүсэлт /хх-71/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-33-34/ бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №13770, 13769 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Х гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ш.Х нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 10-56 тоотод байрлах хашааны орчимд Э.А-г, Ж.Г- нарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

- хохирогч  Ж.А-н ”...утсаар ярих гэж байтал тэр залуу миний нүүр тус газар гараараа 2-3 удаа цохьсон. Мөн үснээс дарж байгаад цохиод байсан. Тэгээд  манай нөхрийг машинаас буугаад бариад авсан чинь үүрээд унагаасан. Тэгээд газар унасаны дараа толгой руу нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

-хохирогч Ж.Г-н ”...манай эхнэр цагдаад дуудлага өгөх гээд утсаар ярих гэж байтал тэр залуу манай эхнэрийг миний утсыг өг гээд шууд нүүрэн тус газар алгадсан. Тэгээд би машинаас буугаад тэр залууг бариад авсан чинь намайг үүрээд унагаасан. Тэгээд газар унасаны дараа толгой руу нэг удаа дэвссэн...” гэх мэдүүлэг /хх-12-13/,

-гэрч Ч.А- ”...Ш.Х машины түлхүүр, гар утас хоёрыг нь булаагаад авчихсан гэсэн. Тэгээд утсаа авъя гээд Хулан тэр хүүхний нөхөртэй маргаад барилцаж аваад газар унасан. Тэгсэн чинь тэр залуугийн нүүр нь шалбарчихсан байсан...  эмэгтэй дундуур нь ороод салгах гээд зууралдаад байсан ба тэр эмэгтэй миний нүд рүү цохьчихлоо гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

Шүүх эмнэлгийн шинжээчийн №13770,13769 тоот актын дүгнэлт /хх-25,29/, шүүгдэгч Ш.Х ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-71/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Х-н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Ж.Г, Э.А нар өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлаа бүрэн төлүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ш.Х-с энэ тогтоолоор бусдад гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Х хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Х-д дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Ш.Х эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Ш. Х-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.