Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ДШМ/66

 

                      Б.Уранчимэг, Т.Цолмон-Очир, Ч.Болдбаатар

                           нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин,  Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Д.Уранчимэг

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж шийдвэрлэн 2022 оны 07 дугаар сарын 20-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/272 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Б.Уранчимэг, Ч.Болдбаатар, Т.Цолмон-Очир нарт холбогдох эрүүгийн 2131001330151 дугаартай, 3 хавтас хэргийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Баасандашийн Уранчимэг, Монгол Улсын иргэн 1973 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, **** настай ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **** хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 246 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ****/,

Боржигон овогт Чойжамцын Болдбаатар, Монгол Улсын иргэн 1968 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, * **настай, ***эгтэй **** боловсролтой, **** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Маршал таун хотхоны 112-01 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, /РД:****/,

Урьд:

-1984 оны 01 Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн 168.6-д зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнссэн,

-1985 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн нийслэлийн шүүхийн 219 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн 109в, 168 дугаар зүйлийн 168.6-д зааснаар 2 жил хорих ял,

-1988 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн Өвөрхангай аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн Б/26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 154 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял,

-2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Юншөбү овогт Төмөржавын Цолмон-Очир, Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай, ***эгтэй, ****боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл ****хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Их монгол хороолол, 902-78 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: ****/.

Шүүгдэгч Б.Уранчимэг, Т.Цолмон-Очир, Ч.Болдбаатар нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Хорлиогийн амны баруун энгэрт Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор тогтоосон гол мөрний бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 1.32 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 149,400,164 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Уранчимэг, Ч.Болдбаатар, Т.Цолмон-Очир нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уранчимэг, Т.Цолмон-Очир, Ч.Болдбаатар нарт холбогдох эрүүгийн 2131001330151 дугаартай хэргийг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт буцааж,

Шүүгдэгч Б.Уранчимэг, Т.Цолмон-Очир, Ч.Болдбаатар нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг прокурор, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, бусад оролцогч нар гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор А.Баясгалан 2022 оны 08 сарын 05-ны өдрийн 18 дугаартай эсэргүүцэлдээ: “...Шүүх Т.Цолмонбаатар нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2022 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Прокурорт ирүүлсэн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хуваарьт Б.Уранчимэг нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт товлосон байсан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх талаар товоор мэдэгдээгүй.

2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 269 дүгээр “Урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоох тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Б.Уранчимэгийн өмгөөлөгч Д.Уранчимэгийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товыг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас явуулахаар тогтоосон ба дээрх шийдвэрийг прокурорт танилцуулаагүй.

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны хуваарийн дагуу 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагт гэм буруу, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан улсын яллагчаар оролцохоор шүүх хуралдааны танхимд орсны дараа яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцэхийг мэдсэн.

Шүүхийн дээрх үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж прокурорт яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлттэй танилцах, хариу тайлбар бэлтгэх боломжгүйгээр урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан нь талуудын мэтгэлцэх боломжийг тэгш хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуулийг ноцтой зөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 272 дугаар дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны хуралд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: ... эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүхийн №272 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьдчилсан хэлэлцүүлгийн шат руу буцааж өгнө үү. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааны талаар тодруулж хэлэхэд гэм буруугийн шийдвэр гараагүй байгаа. Цагаатгах буюу шийтгэх тогтоол гарсан байсан бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхэд буцаахгүй хуулийн өөрчлөлт гарсан. Энэ хэргийн хувьд шийдвэр гаргаагүй, шүүгчийн захирамжтай хэрэг тул дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгчийн захирамжид гаргасан прокурорын эсэргүүцэлд “...урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг боломжит хугацаанд мэдэгдээгүйгээс прокурор өмгөөлөгч нарт мэтгэлцэх зарчим алдагдаж байна...” агуулгатай эсэргүүцлийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн хурал, гэм буруугийн шүүх хурал ч бай ялгаагүй прокурор хэрэгтэйгээ бүрэн танилцаад, бусдыг яллах гэж байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэг хийх тухай хүсэлтийг өмгөөлөгч Д.Уранчимэг 2 сарын өмнө шүүхэд гаргасан байгаа. Хурлын тов гарсан, оролцогч нарт тараагдсан, урьдчилсан хэлэлцүүлэг болох тухай мэдэгдсэн байдаг. Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурорт хүргүүлсэн, шүүх хурал дээр барьж орж ирдэг. Энэ нөхцөл байдалд юу үүсч байна вэ гэхээр урьдчилсан хэлэлцүүлгээр юун тухай хэлэлцүүлэх асуудлыг бэлдээгүй тул мэтгэлцэх боломжгүй гэсэн агуулгаар тайлбарладаг. Хэрэв гэм буруугийн шүүх хуралдаан байсан бол прокурор хууль бусаар яллах юм уу гэдэг асуудлыг бодох ёстой. Шүүх хуралдааны тов боломжит хугацаанд прокурорт очсон тул мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүх хуралдааны товыг улсын яллагчид мэдэгдсэн нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэл, шүүх хуралдааны зар зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №272 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.Уранчимэг, Ч.Болдбаатар, Т.Цолмон-Очир нарт холбогдох 2131001330151 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж заасан.

Гэтэл яллагдагч Б.Уранчимэг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны товыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 269 тоот шүүгчийн захирамж гарган 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт явуулахаар тогтож оролцогчдод мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 269 тоот шүүгчийн захирамж, түүнийг оролцогчдод мэдэгдсэн баримтаар тус тус нотлогдож байна.

Шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэх хуулийн заалт хангагдаагүй, мэтгэлцээний тэгш эрхийн зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлтэй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн алдаа болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хуралдаанаас яллагдагч Б.Уранчимэг, Т.Цолмон-Очир, Ч.Болдбаатар нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/272 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1,   39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/272 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                               ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                                   ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ