| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/0142/э |
| Дугаар | 141 |
| Огноо | 2018-02-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
Улсын яллагч А.Ганзориг,
Шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, дүүгийн хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19 дүгээр байр, 386 тоотод оршин суух хаягтай, Одоо Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48б байрны 337 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн дугаарын регистртэй, Б овогт Б Т холбогдох 1708023300432 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 486 байрны 337 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дүү Б.Бтой “...эхнэрээ өмөөрлөө...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гуян тус газар нь хутгалж, бие махбодид нь зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ:
Би мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн гэв.
Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо залуус хорооллын 48б-337 тоотод анх 2012 оноос хойш гэж санаж байна анх ашиглалтанд ороход нь нүүж орж амьдарч байгаа бөгөөд анх бол эмээ, өвөө, аав, эгч Тэрбиш нарын хамт амьдардаг байж байгаад аав маань 2017 оны 6 сард бурхан болсон, эмээ маань 2014 онд бурхан болсноос хойш би аавын аав болох өвөө Бямбаа, манай аавын төрсөн дүү Тэрбиш эгчтэй хамт гурвуулаа амьдрах болсон. 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би өглөө би бага зэрэг шартаад өөрт байсан 10.000 төгрөгөөр нөг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад эгч Тэрбиштэй хамт уусан. Тэгээд архиа ууж байхад манай эгч Т миний эхнэр байсан Анхтуяаг жоохон муулаад, үг хэлээр доромжлоод байхаар нь би уурлаад эхнэрээ өмөөрөөд данхны суурь болох модон жижиг суурийг аваад шидсэн чинь зүүн хөмсөг дээр нь оночихсон юм. Тэгээд гайгүй байлгүйдээ гэж бодоод босоод өөр өрөөрүү орох гээд явж байтал манай шүүгээ татах чимээ гараад л эргээд хартал миний зүүн гуяны нимгэн хэсэг рүү хутгаараа дүрсэн байсан. Тухайн үедээ би өөрөө мэдээгүй цус алдаад л гайхаад хартал хутгалсан байсан. Тэгээд манай өвөө цагдаа болон түргэн дуудсан юм билээ. Тэгээд л цагдаа ирсэн...Эхлээд би юм аваад шидчихсэн чинь л буцаагаад намайг хутгалчихсан юм...Надад одоо гаргаж өгөх баримт байхгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй...гэжээ. /хх-23-27/,
Гэрч Б.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Манай дүү Тэрбиш уг нь бага байхдаа их сэргэлэн цовоо, хүнд их тусархуу, цайлган цагаан сэтгэлтэй, хүн байсан боловч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үөдээ их тавьтаргүй, ааш муутай болчихдог, манай удмын юм шиг байгаа юм...Сүүлд нь сонсоход л Батдоржийг хутгалсан сураг байсан. Би сүүлд нь эмнэлэг дээр очиж эмнэлгийн төлбөр тооцоог нь хийж байсан юм...гэжээ. /хх-38-39/,
Гэрч Б.Л мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргий цагдаагийн нэгдүгээр хэлтэст Сэлбэ-30 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 11-12 цагийн үед гэж санаж байна тус тоотод хутгалагдсан хүн байна гэх дуудлагыг төвөөс буюу Сэлбэ-10- аас өгсний дагуу дээрхи хаяган дээр очиж шалгалт хийж ажилласан байгаа. Би дуудлага мэдээлэл хүлээн аваад дээрхи 48Б-337 тоот хаяган дээр очиход согтуу байдалтай 1 эрэгтэй, 1 эмэгтэй байсан ба аав нь гээд нэг хөгшин настай хүн байсан, тэгээд эгч нь дүүгээ хутгалчихсан гэсэн яриа өгүүлэлтэй, гэрийнхэн том өрөөний үүдний хэсэгт нилээн хэмжээний цус шалан дээр нь болчихсон байдалтай байсан...гэжээ. /хх-38-40/,
Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 10 дугаар сарын 28-ний өдөр би...найзындаа хоночихоод өглөө нь гэртээ ороход Батдорж халамцуу байдалтай...гэр орон буулгачихсан байхаар нь би уурандаа “хоорондоо зодолдохгүй гэр орон яагаад буулгаад хаячихдаг юм бэ” гэхэд намайг “чи миний авгайг юунд нь муулаад байгаа юм, чамд ямар хамаатай юм” гээд ширээн дээр байсан данхны таг над руу аваад шидчихсэн юм. Тэгэхэд миний баруун хөмсөгний дээд талд оноод “чи яаж байгаа юм бэ” гэхэд “чам шиг юмыг яасан ч яадаг юм. Ална шүү” гэхээр нь би “чи чаддаг юм бол алчих” гээд гал тогооны шургуулганаас хутга гаргаад “май чи алчихгүй юу” гээд хутгаа барьж байтал Батдорж над руу ойртоод ирэхээр нь өшиглөх гэж байгаа юм шиг санагдаад хутгалчихна ч гэж бодоогүй айлгах санаатай хутгаа барьж байгаад санамсаргүй зүүн гуянд нь хатгачихсан юм...Би тэр үед нилээн согтуу байсан. Найзынхаасаа ирэхдээ л халамцуу байдалтай байсан. Тэгээд ороод ирэхэд Батдорж бас халамцуу байдалтай байсан ба намайг ганц юм хуваагаад уучих уу гэхээр нь за тэгье тэгье гээд 0.5 литрийн Хараа архи авчирч уусан...над руу данхны таг шидэхээр нь л би уурандаа ийм зүйл хийчихлээ... гэжээ. /хх-71-72/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №14885 тоот актын дүгнэлтэнд:
1 . Б.Б биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-49/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн №10844 тоот актын дүгнэлтэнд:
1.Шинжилгээнд ирүүлсэн бариулын хэсгийн скочоор ороосон хар өнгийн бариултай29 см хутга, ажлын хэсгийн урт 17 см хэмжээтэй хутган дээр цус илэрч байна.
2.Асуулт№2 болон №3 илэрсэн цус нь бүлгийн харъяалал тогтоох болон ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд хүрэлцэхгүй байна гэжээ. /хх-55/,
Шүүгдэгч Б.Т ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83/, өргөдөл /хх-3/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9/, Үзлэгийн тэмдэглэл /хх-10/, хохирогч Б.Б-н гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-15/, таньж олуулах гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-43-44/, эд мөрийн болон бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №13798 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Т гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 486 байрны 337 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дүү Б.Б“...эхнэрээ өмөөрлөө..”. гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний гуян тус газар нь хутгалж, бие махбодид нь зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
- хохирогч Б.Б “...өрөө рүү орох гээд явж байтал манай шүүгээ татах чимээ гараад л эргээд хартал миний зүүн гуяны нимгэн хэсэг рүү хутгаараа дүрсэн байсан. Тухайн үедээ би өөрөө мэдээгүй цус алдаад л гайхаад хартал хутгалсан байсан...” гэх мэдүүлэг /хх-23-27/,
-Гэрч Б.Л-н”...Би дуудлага мэдээлэл хүлээн аваад дээрхи 48Б-337 тоот хаяган дээр очиход согтуу байдалтай 1 эрэгтэй, 1 эмэгтэй байсан ба аав нь гээд нэг хөгшин настай хүн байсан...гэрийнхэн том өрөөний үүдний хэсэгт нилээн хэмжээний цус шалан дээр нь болчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-38-40/,
Гэрч Б.Т-н ”...Сүүлд нь сонсоход л Батдоржийг хутгалсан сураг байсан. Би эмнэлэг дээр очиж эмнэлгийн төлбөр тооцоог нь хийж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-38-39/,
Шүүгдэгч Б.Т-н ”...хутгалчихна ч гэж бодоогүй айлгах санаатай хутгаа барьж байгаад санамсаргүй зүүн гуянд нь хатгачихсан юм...над руу данхны таг шидэхээр нь л би уурандаа ийм зүйл хийчихлээ...” гэх мэдүүлэг /хх-71-72/,
Шүүгдэгч Б.Т ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-83/, өргөдөл /хх-3/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9/, үзлэгийн тэмдэглэл /хх-10/, хохирогч Б.Б-н гомдол саналгүй гэх хүсэлт /хх-15/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-30-33/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-43-44/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой зардал нэхэмжлээгүй бөгөөд нэхэмжлэлтэй холбоотой баримт хавтас хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Б.Т-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Т-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч , шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Т дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдоогүй болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.Т-н тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулахдаа шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.Тэрбишид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар дүгнэлт гаргасныг өөрчлөн торгох ял оногдуулж ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч Б.Т ажил эрхэлдэггүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан өмгөөлөгчөөс гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.