Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01301

 

Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэр,         

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаар магадлалтай,

Н.Ариунаагийн нэхэмжлэлтэй

Ц.Ганхөлөг, Ц.Отгонбямба нарт холбогдох,

1.748.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөгийн  гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөг, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2008 оны 9 дүгээр сард Такшкен боомтоор явж байхдаа жолооч Ц.Ганхөлөгт 79 ширхэг дээврийн төмөр, 22 ширхэг паркетан шал ачуулаад Увсад ирсэн. Тухайн үед ачааны ханш 1 кг 100-110 төгрөг байсан. Уг жолооч Улаангомд ирснийхээ дараа ачааны хөлсийг 200 төгрөгөөр тооцсоноос болж маргалдаж, ачааг буцааж аваад явсан. Үүний дараа Ц.Ганхөлөгийн гэрт удаа дараа очиж, утсаар хэд хэдэн удаа шаардсан боловч өөрийн дүү болох Ц.Отгонбямбааг мэднэ гэж мэтгэлзсээр өгөхгүй өдийг хүрлээ. Тэр үеийн ханшаар 79х12.000=948.000 төгрөг, 22х25 м2х14.000= 770.000, нийт 1.718.000 төгрөг болж байна. Ах, дүү хоёр бие бие рүүгээ түлхэлцэн 7-8 жил намайг хохироож эвлэрүүлэн зуучлах төв болон цагдаагийн газарт хандсан боловч уг өрийг барагдуулж өгсөнгүй. Дээрх хоёр байгууллагад хандахад 30.000+42.440=72.440 төгрөг гарсныг нэмж барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ганхөлөгийн өмгөөлөгч С.Ганхөлөг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2,  75 дугаар зүйлийн 75.2.3-т зааснаар энэхүү нэхэмжлэлийг гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Ц.Ганхөлөг, Ц.Отгонбямба нараас 1.748.000 /нэг сая долоон зуун дөчин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Ариунаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.918 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.918 төгрөгийг нэхэмжлэгч Н.Ариунаад шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 тоот Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнэн, Иргэний хуулинд заасан тодорхой заалтуудыг удирдлага болгон шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч Н.Ариунаа нь Цагдаагийн байгууллага болон шүүхэд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлд 79 ширхэг дээврийн төмөр, 22 авдар паркетан шал байсан гэдгийг дурдсанаас бус хэрэгт авагдсан бусад баримтаар 79 ширхэг дээврийн төмөр болон 22 авдар паркетан шал байсан эсэх, тухайн эд хөрөнгийн нэг бүрийн үнэ ямар байсан, мөн хаанаас, нэг бүрийнх нь үнэ хэдэн төгрөгөөр худалдан авсан болох нь тодорхойгүй буюу энэ талаар нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна...Иргэн Ц.Ганхөлөгийн Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбарт “...Би 2008 оны 9 дүгээр сард өөрийн ЗИЛ-130 маркийн ачааны авто машинаар Хятадын Такешкены боомтоос Н.Ариунаагийн 1 тонн ачааг нэг клограммыг нь 200 төгрөгийн хөлсөөр ачихаар болж ачиж ирсэн. Улаангомд ирээд ачааны хөлсөө авах гэтэл надад нэг клограммыг нь 100 төгрөгөөр тооцож өгнө гэснээс болж маргалдсан. ... Тэгээд ачаагаа өөрийн дүү Ц.Отгонбямбын агуулахад буулгасан Ачаа одоо хаана байгааг Ц.Отгонбямба мэдэж байгаа” гэсэн байх ба энэхүү тайлбараас үзэхэд Н.Ариунаагийн чухам ямар ачаа байсан нь тодорхой дурдагдаагүй байх ба үүнийг үндэслэн хариуцагч нараас 1.718.000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлтэй болсон...” Анхан шатны шүүх дээрх тайлбарууд болон бусад бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот Магадлалыг хүчингүй болгож, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 тоот шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн өмгөөлөгч С.Ганхөлөгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, ...үзлэг явуулаагүй” гэх үндэслэлээр  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ариунаа нь хариуцагч Ц.Ганхөлөг, Ц.Отгонбямба нарт холбогдуулан ачааны үнэ 1.718.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30.000 төгрөг нийт 1.748.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлээ “...2008 онд ачуулсан ачааг өгөөгүй” гэж тодорхойлжээ /хэргийн 1, 71-72 дугаар тал/. Үүнээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Увс аймгийн Прокурорын газрын “хуулбар үнэн” тэмдэг дарагдсан өргөдөл, Ц.Ариунаа, Ц.Ганхөлөг нараас мөн аймгийн Цагдаагийн газарт өгсөн тайлбар гэх баримтыг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн байх ба /хэргийн 4-7 дугаар тал/ уг баримтад үзлэг хийлгэх талаар зохигчид хүсэлт гаргаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн “...2008 оны 9 дүгээр сард Ц.Ганхөлөгт 79 ш дээврийн төмөр, 22 авдар паркетан шал ачуулсан, ачааны хөлсийг 200 төгрөгөөр тооцсоноос маргалдан, ачааг өгөөгүй...” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т “тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан, нэхэмжлэгч Н.Ариунаа хариуцагч Ц.Ганхөлөг нарын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 392 дугаар зүйлийн 392.1-т зааснаар тээвэрлэлтийн зардлыг төлүүлэхийн тулд тээвэрлэгч нь ачааг захиран зарцуулах эрх үүсэх хүртэл ачааг барьцаалах эрхтэй бөгөөд тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил, санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан бол хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж мөн хуулийн 395 дугаар зүйлийн 395.1-т заасан.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүйгээс гадна хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “493.1” гэсний дараа “395 дугаар зүйлийн 395.1” гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 42.918 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ