2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00460

 

 

 

 

 

 

 

 

2025 01 21 191/ШШ2025/00460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  өөрийн байранд байрлах ТБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух Эы М /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,239,001.39 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөг, нийт 14,271,501.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Хариуцагч Э.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э овогтой М нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн МN180034103101865003 тоот зээлийн гэрээ байгуулан ТБны Сансар тооцооны төвөөс 25,000,000 төгрөгийн бичил бизнесийн зээлийг сарын 1,5 хувь буюу жилийн 18 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Зээлдэгчтэй байгуулсан MN180034103101865003 тоот зээлийн гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийг хариуцагчийн ТБны 381000336815 тоот дансанд бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 11,106,850.92 төгрөг, хүү 7,125,994.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,405.49 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Э овогтой М нь зээл авснаас хойш зээлийн гэрээний Хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй, гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн учир банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг тухай бүрд өгч, уулзалтыг хийн, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар урьдчилан мэдэгдэж, холбоотой ажилласан. Нэхэмжлэгч ТБны зүгээс хариуцагч Э.Мд 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот Мэдэгдэл, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот Мэдэгдэл, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот Мэдэгдэл, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот мэдэгдлүүдийг тус тус өгч сануулж байсан ч зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй байна.

ТБ ХК нь Э.Мтай байгуулсан зээлийн гэрээ зөрчигдсөн тул үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 13,893,149.08 төгрөг, үндсэн хүү 336,308.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,544.13 төгрөг нийт 14,239,001.39 төгрөгийг гаргуулах, нэхэмжлэлийг гаргахтай холбогдон гарсан нотариатын зардал 32,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч Э овогтой Мгаас Бичил бизнесийн зээлийн төлбөр, нотариатын зардал нийт 14,271,501.39 төгрөгийг гаргуулж, ТБ ХК-д олгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э овогтой М би ТБ ХК-аас 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийн зээл авсан. Уг үнийн дүнгээс би 18,920,000 төгрөгийн зээлийг буцаан төлсөн. Нэхэмжилж байгаа үнийн дүнгээс би 632,749 төгрөг, нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үлдэгдэл мөнгө болох 13,606,252 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Би зээлээ цаг тухай бүрд нь төлж байсан. Сая өнгөрсөн 2 сараас хойш өвчтэй хүн сахиад зээлийн төлөлтөө хийж чадаагүй. Би 4 болон 5 сард зээлийн төлөлтөө өөрийн боломжоороо хийж байсан. Зээлээ төлөөгүй огт хаяж байгаагүй гэв.

 

3. Хэргийн оролцогчоос гаргаж өгсөн баримтуудын тухайд,

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4-5/, нотариатын зардал төлсөн баримт /хх-6-7/, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 25-559 дугаартай Итгэмжлэл /хх-8/, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 01/124 дугаартай Итгэмжлэл /хх-9/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-10/, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн MN180034103101865003 дугаартай Зээлийн гэрээ /хх-11-14/, мөн өдрийн MN180034103101865003 дугаартай Барьцааны гэрээ /хх-15-16/, 20220701821791427164 дугаартай Мемориалын баримт /хх-17/, зээлдэгчийн анкет /хх-18/, Э.Мгийн хүсэлт /хх-19/, Э.Мгийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-20/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-21/, Зээлдэгчийн дансны харилцагчийн хуулга /хх-22-24/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-25-26/, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 тоот Мэдэгдэл /хх-27/, шуудангийн баримт /хх-28-30/, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02 тоот Мэдэгдэл /хх-31/, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тоот Мэдэгдэл /хх-32/, шуудангийн баримт /хх-33-35/, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04 тоот Мэдэгдэл /хх-36/, шуудангийн баримт /хх-37-40/ зэрэг баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: хариу тайлбар /хх-54/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн нэхэмжлэгч ТБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч Э.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,239,001.39 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөг, нийт 14,271,501.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр МN180034103101865003 тоот зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Хариуцагч нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ зөрчиж эхэлсэн тул зээлийн үлдэгдэл 13,893,149.08 төгрөг, хүү 336,308.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,544.13 төгрөг, нийт 14,239,001.39 төгрөгийн үлдэгдэлтэй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан баримтуудыг нотариатаар батлуулахад 32,500 төгрөгийн зардал гарсан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч Э.М нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг Миний бие зээлээс нийт 18,920,000 төгрөг төлсөн. Иймд 13,606,252.42 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Мөн нотариатын зардлын 32,500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1 Нэхэмжлэгч ТБ ХК, хариуцагч Э.М нар нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр MN180034103101865003 тоот зээлийн гэрээ байгуулан, нэхэмжлэгч ТБ ХК нь 25,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлэхээр, хариуцагч Э.М нь зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулахаар тус тус тохиролцсон байна.

 

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна гэж дүгнэлээ.

 

3.2 Дээрх зээлийн гэрээгээр хариуцагч нар нь 25,000,000 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч ТБ ХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч Э.Мгийн ТБ ХК дахь MN660034381000336815 тоот дансанд 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 25,000,000 төгрөгийг Зээл олголт М, МЗ90052262 гэх гүйлгээний утгатай шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

 

3.3 Хариуцагч нар нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 11,106,850.92 төгрөг, хүү 7,125,994.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54,405.49 төгрөг, нийт 18,287,250.50 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

4. Хариуцагч нь зээл төлөлтөд нийт 18,920,000 төгрөг төлсөн тул зөрүү 632,749 төгрөгийг зөвшөөрөхгүй, мөн нотариатын зардлыг төлөх боломжгүй гэж маргаж байна.

 

4.1 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Түүнчлэн талуудын байгуулсан MN180034103101865003 дугаартай Зээлийн гэрээний 2.1.5-т Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно гэж тохиролцжээ.

 

Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар MN180034103101865003 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 13,893,149.08 төгрөг, хүү 336,308.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,544.13 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга болон зээл, зээлийн хүүний тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

4.2 Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд нийт 18,920,000 төгрөг төлсөн гэж тайлбарлах боловч өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

4.3 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй байх боловч хариуцагч нь зээл төлөх хуваарийг зөрчиж, үүргээ биелүүлээгүй тул ТБ ХК нь Зээлийн гэрээний 6.2.1-т заасны дагуу 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, үндсэн зээл 13,893,149.08 төгрөг, хүү 336,308.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,544.13 төгрөг, нийт 14,239,001.39 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна гэж дүгнэлээ.

 

5. Хариуцагч Э.М нь зээлийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас ТБ ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлага хангуулахын тулд нотариатын үйлчилгээний хөлсөнд 32,500 төгрөг төлж илүү зардал гаргасан нь 20240902901190874958 дугаартай Мемориалын баримт болон Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар /хх-6-7/ -аар тогтоогдож байгаа тул энэхүү зардлыг хохиролд тооцож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар шаардах эрхтэй байна.

 

6. Иймд, хуулийн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Э.Мгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,239,001.39 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөг, нийт 14,271,501.39 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК -д олгож шийдвэрлэсэн болно.

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,307.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 229,307.51 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Мгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,239,001.39 төгрөг, нотариатын зардал 32,500 төгрөг, нийт 14,271,501.39 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ТБ ХК -д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,307.51 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Мгаас 229,307.51 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА