2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00746

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00746

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Х овогт Бын Э /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух О овогт Оийн Б /РД: **/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, тахилтын 1 дүгээр гудамж, 135 тоот хаягт байршилтай 18643317207765 нэгж талбарын дугаартай 363 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байрлалтай 96 м.кв талбайтай Хувийн сууцны үл хөдлөхийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, О.Б нар,

Гэрч М.Б, Ц.Г, С.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Э нь өөрийн аав Б.Бын нэрээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн №149 тоот Орон сууц захиалгын гэрээ, тус гэрээг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №147 тоот Орон сууц захиалгын гэрээ-ээр шинэчлэн өөрийн нэрээр ЖХ ХХК тай хийж Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 хороолол Гэгээ 39 байранд 53,13 м.кв талбайтай байрыг нийт 74,382,000 төгрөгөөр тооцож захиалсан болно. Тус байрны төлбөрийг нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 27,000,000 төгрөг , 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 3,300,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 4.700,000 төгрөг, үлдэх 37,382,0007 төгрөгт маргаан бүхий хашаа Хашаа байшинг тооцуулж өгөхөөр ЖХ ХХК-ийн тухай үеийн гүйцэтгэх захирал А.Мтай тохиролцож байсан.

ЖХ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Мөнхбат нь 2021 онд нас барсан байдаг. Гэтэл хамтран амьдрагч гэх С.Н нь холбогдож орон сууцны үлдэгдэл төлбөрт тооцуулан өгөхөөр тохиролцсон байсан Нийслэлийн ___тоот хаягт байршилтай хашаа байшингаа шилжүүлэн өгөхийг шаардсан болно. С.Н нь өөрийгөө надад ЖХ ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй захирал нь болсон гэсэн ойлголтыг өгч тус маргаан бүхий хашаа байшинг иргэн О.Б руу шилжүүлэн өгөхийг заасан.

Үүний дагуу миний бие 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр С.Нын заасан этгээд болох О.Б руу хашаа байшингаа шилжүүлэн өгч захиалсан орон сууцны төлбөр тооцооны үүрэг маань бүрэн дуусгавар болсон гэсэн ойлголттой байсан.

Гэвч энэ явдлаас хойш ЖХ ХХК-ийн хууль ёсны бүрэн төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал гэх ЮАНЬАНБАО, дэд захирал Ц.Г нар надтай холбогдож С.Н нь манай байгууллагад ямар ч хамааралгүй бөгөөд гүйцэтгэх захирлаар огт ажиллаж байгаагүй мөн олон захиалагч нарыг төөрөгдүүлж компанийг хууль бусаар төлөөлсөн гэх тайлбарыг хэлсэн.

Мөн тус байгууллагыг зүгээс миний захиалсан байрны төлбөр тооцооны үүрэг дуусгавар болоогүй үлдэгдэлтэй байгаа бөгөөд С.Наас танай байрны төлбөрт ямар ч хашаа байшин, мөнгө хүлээж аваагүй тул үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардсан. Мөн тус орон сууцны м.кв тутмын үнийг 1,400,000 байсныг 1,449,275 болгон нэмэгдүүлж орон сууцны үнийг нийт 2,618,000 төгрөгөөр нэмэгдүүлж 77,000,000 төгрөг болгосон. Иймд зөрүү 40,000,000 төгрөгийг төлөхгүй бол гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэсэн тул аргагүй байдалд орж тус төлбөрийг төлсөн.

Үлдэгдэл 40,000,000 төгрөгийн төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг дэд захирал Ц.Гт, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг Дэд захирал Ц.Гт, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 10,000,000 төгрөгийг гүйцэтгэх захирал ЮАНЬАНБАО-д, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг дэд захирал Ц.Гт бэлнээр, тус тус төлж орон сууцныхаа гэрчилгээг гаргуулан авсан болно.

Миний бие хариуцагч С.Нтай холбогдож хашаа байшингаа буцаан гаргуулахаар шаардахад тус хашаа байшингийн үнийг надад буцаан өгөх санал тавьж байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд миний хашаа байшинг буцаан хүлээлгэн өгөөгүй байна.

Иймд анхнаасаа хариуцагч нарын буруутай хууль бус үйлдлээс болж хууль зөрчиж хийгдсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн №2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, хууль ёсны өмчлөгч Б.Э намайг тус хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны үйл баримтын тухайд хариуцагч О.Б би өөрийн нөхөр М.Бын хамт гэр бүлийн зориулалтаар хашаа, байшин худалдан авахаар С.Н, Б.Э нартай анх 2023 оны 06 дугаар сард танилцаж байсан.

С Номинзул, Б.Э нар нь маргаан бүхий хашаа, байшинг 30,000,000 төгрөгөөр худалдах талаар хэлсэн бөгөөд Б.Эийн нэр дээр байгаа, төлбөрийг С.Нд төлөх талаар ярьж байсан. Улмаар бид харилцан тохиролцсоны дагуу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр №2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, №2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус байгуулсан.

Тухайн үед нотариат дээр гэрээгээ байгуулах гээд Б.Э, нөхөр М.Б бид 3 сууж байх үед нотариатч эгч худалдах, худалдан авах гэрээ хийнэ шүү гэж хэлж байсан, тэр үед Б.Э нь хэдэн төгрөгийн татвар төлөх вэ гэхэд, нотариатч 500,000 гаруй төгрөг болох юм байна гэсэн чинь тэрээр С.Нтай утсаар ярьсныхаа дараа би одоо боломжгүй байна, бэлэглэлийн гэрээ хийчихье. Санаа зоволтгүй, ямар ч асуудал үүсгэхгүй, би бичээд өгье гэж хэлсэн. Би болон манай нөхөр санаа зовж байсан учир дээрх нөхцөл байдлыг тэр өдөр Б.Эээр өөрөөр нь бичүүлж авсан.

Тус гар бичигт Б овогтой Э миний бие нь М.Б, О.Б нарт өөрийн хашаа байшингаа 2023.06.21-нд худалдсан болно. Татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн болно. Иймээс дараа ямар нэгэн асуудал үүсэхгүй болно. 30 саяд худалдсан болно хэмээн бичиж гарын үсгээ зурсан.

Мөн Б.Эийн хэлсний дагуу миний бие 2 удаагийн гүйлгээгээр С.Нын эзэмшлийн Хаан банкны 5065146154, 5016312359 тоот дансанд 10,000,000+5,000,000-15,000,000 төгрөг, 1 удаагийн гүйлгээгээр М.Мөнхжин эзэмшлийн Хаан банкны 5087353493 тоот дансанд 15,000,000 төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 30,000,000 төгрөгийн төлбөрийн үүргээ зохих ёсоор, бүрэн биелүүлсэн.

Дээрх үйл баримтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд тэр талаарх талуудын тохиролцоо буюу хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна.

Худалдан авагч, хариуцагч О.Б миний хувьд нэхэмжлэгч Б.Э, хариуцагч С.Н нарыг урьд огт таньдаггүй байсан бөгөөд энэхүү хашаа, байшинг худалдан авахад л анх танилцсан. Миний хувьд Б.Э, С.Н нарын хооронд ямар үүрэг, төлбөр тооцоо байгааг мэдэхгүй бөгөөд тэдний ярьж хэлсний дагуу гэрээ байгуулж, төлбөр төлсөн төдий.

Ийм байтал хоорондын төлбөр тооцоо, өр авлага, хэрүүл маргаанаасаа болж намайг ингэж хохироож болохгүй. Хэрвээ худалдагч Б.Э нь С.Нын данс руу хашаа, байшингийн мөнгийг шилжүүлээрэй гэж хэлээгүй бол би С.Нын дансыг олоод, түүн рүү мөнгө шилжүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Номинзул тэр хоёрын асуудал болохоос надад хамааралгүй.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан Б.Э нь өөрийн захиалсан орон сууцны үлдэгдэл төлбөрт маргаан бүхий хашаа, байшинг арга буюу өгсөн мэтээр тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууцны төлбөрийн үүрэг нь аль эрт буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 100 хувь бүрэн төлөгдөж, дуусгавар болсон талаар ЖХ ХХК-ийн гүйцэтгэх захирал А.М тэмдэглэж, гарын үсгээ зурсан байна.

Харин Б.Э болон ЖХ ХХК-ийн хооронд саяхан байгуулагдсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №147 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь ямар учиртайг би мэдэх боломжгүй бөгөөд надад огт хамааралгүй зүйл юм. Мөн өмнөх гэрээндээ орон сууцныхаа үнийг 77,382,000 төгрөг хэмээн тусгаж байрны төлбөр 100 хувь төлөгдөж дуусав гэсэн атлаа дараагийн гэрээндээ орон сууцныхаа үнийг 60,000,000 төгрөг гэсэн нь хачирхалтай. Түүнчлэн сүүлд байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №147 тоот Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 3.1-т орон сууцыг 60,000,000 төгрөгийн тохиролцсон бөгөөд тус төлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ЖХ ХХК-д төлсөн банкны баримтын төлбөрийг үндэслэн төлсөнд тооцов гэж төлбөрийн үүргийг бүрэн дуусгавар болсон талаараа дахин дурдсан байна.

Ийм байтал надад худалдсан хашаа, байшингаа дээрх орон сууцны асуудал болон С.Нтай үүссэн хувийн маргаантайгаа хамаатуулан холбож, буцаан шаардаж буйд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйли 115.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-4-6/,2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1776 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-7/, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 1775 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-8/, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2341 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-9-10/, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2342 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-11-12/, 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0295 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-15-16/, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0030 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-17-18/, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 149 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ /хх-19-21/, Орон сууц захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /хх-22/, 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-23-24/, ЖХ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 146 дугаартай албан бичиг /хх-25/, ү-2204142823 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-26/, ЖХ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай албан бичиг /хх-27/, ЖХ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 151 дугаартай албан бичиг /хх-28/, Хаан банк ХК дахь *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-67/, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл /68-70/ зэрэг баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 0662 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-37/, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2342 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх-38-39/, 1501402466 нэгж талбарын дугаартай кадастрын зураг /хх-40-41/, Б.Эийн гар бичвэр /хх-42/, Хаан банк ХК дахь 5915072685 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43-45/, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 0752 бүртгэлийн дугаартай итгэмжлэл /хх-81/, хариу тайлбар /хх-83-84/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/258 дугаартай Хариу мэдэгдэх хуудас /хх-112/ зэрэг баримтыг тус тус гаргаж өгсөн байна.

 

3.3 Шүүхээс: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШЗ2024/20412 дугаар захирамжаар, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг мөн шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2024/21242 дугаар захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн бөгөөд, тус шүүгчийн захирамжийн дагуу, гэрч асуусан тэмдэглэл /хх-118-134/ хэрэгт авагдсан

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Зохигчдын хооронд бэлэглэлийн гэрээ анхнаасаа байгуулагдах ёсгүй байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг бэлэглэх үйлдэл огт хийгдээгүй. Б.Э орон сууцны төлбөрөө төлөөд байгаа гэж ойлгоод уг төлбөрийг төлсөн боловч С.Н уг мөнгийг өөрийн хувьдаа завшсан үйлдэл харагдаад байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан үндэслэл мөн байж болно. Манай талын зүгээс хүссэн хэлцлээ хийгээгүй өөр хэлцэл хийсэн үйлдэл мөн харагдаад байна. Хариуцагч хүчин төгөлдөр худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж тайлбарлаж байгаа боловч хуульд зааснаар эрхийн зөрчилгүй, үнэ хөлсийг төлнө гэж заасан байдаг. Гэвч уг шаардлагыг бүхэлд нь зөрчсөн. Энэ амаар тохиролцоод болдог зүйл биш нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл. Хэлцэл хийгч этгээд өөрийн хийх хэлцлээс өөр хэлцэл хийсэн байна. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ... Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн хувьд маргаагүй. Харин өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаж байгаа. Талуудын худалдах, худалдан авах хэлцэл бол хүчинтэй. Бэлэглэлийн гэрээний хувьд гэрээний холбогдох заалтууд бол хүчин төгөлдөр. Бэлэглэлийн харилцаа байгаагүй гэдэгт маргахгүй. Хариуцагч нь 2023 оны 06 сарын 21-ний өдөр гэрээ байгуулаад эзэмшиж, ашиглаж ирсэн. Одоог хүртэл амьдарч байгаа. Гэрээ байгуулах үед С.Н гэх хүн байгаагүй. Харин Б.Э тухайн үедээ утсаар яриад бэлэглэлийн гэрээ хийх гэж байгаа талаараа хэлсэн байдаг. Манай зүгээс мөн худалдах худалдан авах гэрээ хийнэ гэж хэлсэн байдаг. Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөрт тооцож, хариуцагчийг хашаа байшингийн өмчлөгчөөр тогтоолгох нь үндэслэлтэй байна гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1 Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч О.Б нарын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2341 бүртгэлийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч Б.Э нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, тахилтын 1 гудамж, 135 тоот хаягт байрлах 363 м.кв талбайтай, г-2202007798 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хариу төлбөргүйгээр О.Бд бэлэглэх,

Мөн өдөр 2342 дугаартай Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр нэхэмжлэгч Б.Э нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, тахилтын 1 гудамж, 135 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай, Ү-2202014497 бүртгэлийн дугаартай хувийн сууцыг хариу төлбөргүйгээр О.Бд бэлэглэхээр тус тус тохиролцжээ.

 

4.2 Дээрх үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг үндэслэн үл хөдлөх хөрөнгүүд хариуцагч О.Бын өмчлөлд шилжиж, өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримтад талууд маргаагүй болно.

 

4.3 Нэхэмжлэгч Б.Э нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б овогтой Э миний бие нь М.Б, О.Б нарт өөрийн хашаа байшингаа 2023.06.21-нд худалдсан болно. Татвараас зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийсэн болно. Иймээс дараа ямар нэгэн асуудал үүсгэхгүй болно. 30н саяд үнэлсэн болно гэх гар бичвэр үйлдсэн байна.

 

4.4 Хариуцагч О.Б нь нэхэмжлэгч Б.Эийн хүсэлтийн дагуу 30,000,000 төгрөгийг С.Нд шилжүүлсэн бөгөөд Хаан банкны 5065146154 тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 10,000,000 төгрөгийг Б, 5016312359 тоот дансанд 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 5,000,000 төгрөгийг буянаа хашаа, 5087353493 тоот дансанд 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийг хашаа байшин гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн болох нь Хаан банк ХК дахь 5915072685 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-43-45/, зохигчдын тайлбар болон гэрч С.Нын мэдүүлгээр тогтоогдсон.

 

5. Талууд бэлэглэлийн гэрээ байгуулах зорилгогүй байсан талаар маргаагүй, тус гэрээ нь хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй эсэхэд маргажээ.

 

5.1 Нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээнд хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэлийн тухайд зохигч талууд эсхүл гэрээний зүйл болох эд зүйлийн шинж байдал, хэлцлийн үнэ, гэрээ байгуулах сэдэлт зэрэг нөхцөл байдлын талаар ноцтой төөрөгдсөн байхыг ойлгох бөгөөд зохигчдын тайлбараас үзэхэд ноцтой төөрөгдсөн гэх байдал нотлогдохгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн хашаа байшинг байрны урьдчилгаанд өгсөн байсан. С.Н гэх хүн уг компанийг төлөөлж байгаа гээд төлбөрийн үлдэгдэлтэй бүх хүн рүү холбогдсон байдаг тул захирал нь гэж итгэсэн. Ингээд хашаа байшинг Б гэх хүн рүү, төлбөрийг С.Нд шилжүүлж өгсөн байсан. Гэтэл С.Н уг төлбөрийг хүлээн авах эрхгүй уг компанийг төлөөлөх эрхтэй хүн ч биш байсан. Зөвхөн орон сууц захиалгын төлбөр тооцоондоо оролцуулан өгч байна гэх ойлголтоор хашаа байшинг шилжүүлж өгсөн гэх тайлбараар нэхэмжлэгчийн ноцтой төөрөгдсөн гэж үзэхгүй.

 

5.2 Зохигчдын хооронд 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч бичгээр үйлдээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг халхавчлах, улмаар нотариатаар батлуулах болон улсын бүртгэлд бүртгүүлэхэд төлөх төлбөр, татвараас зайлсхийх зорилготой байсан, бодит байдалд бэлэглэлийн гэрээ буюу үл хөдлөх хөрөнгүүдийг хариу төлбөргүйгээр шилжүүлсэн харилцаа талуудын хооронд үүсээгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар нотлогдож байна.

 

Зохигчид бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах-худалдан авах гэрээг халхавчилсан буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хариу төлбөрийн үнийн дүнг халхавчилсан агуулгатай гэрээ талуудын хооронд байгуулагдсан тохиолдолд бэлэглэлийн буюу хариу төлбөргүй гэх хэсгээр уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

 

Тодруулбал, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгч тал бэлэг хүлээн авагч талд хариу төлбөргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэхээр тохиролцов, мөн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгч тал бэлэг хүлээн авагч талд хариу төлбөргүйгээр 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэхээр тохиролцов гэх хэсгээр уг хэлцлүүд хүчин төгөлдөр бус байна.

 

5.3 Талуудын байгуулсан бэлэглэлийн гэрээний тодорхой заалт хүчин төгөлдөр бус байх боловч энэ нь бэлэглэлийн гэрээг бүхэлд нь хууль зөрчсөн болон бусад үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан тул бэлэглэлийн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хуулийн үндэслэлгүй болно.

 

5.4 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно зааснаар бэлэглэлийн гэрээг эрхийн бүртгэлийн газар бүртгүүлснээр хариуцагч О.Бд өмчлөх эрх шинээр үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэсэн байх тул нэхэмжлэгчид хариуцагчаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан шаардах эрх үүсэхгүй юм.

 

Иймд О.Бд холбогдох 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, тахилтын 1 дүгээр гудамж, 135 тоот хаягт байршилтай 18643317207765 нэгж талбарын дугаартай 363 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байрлалтай 96 м.кв талбайтай Хувийн сууцны үл хөдлөхийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Б.Эийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2341 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №2342 тоот Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, тахилтын 1 дүгээр гудамж, 135 тоот хаягт байршилтай 18643317207765 нэгж талбарын дугаартай 363 м.кв талбайтай газар, мөн тус хаягт байрлалтай 96 м.кв талбайтай Хувийн сууцны үл хөдлөхийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА