2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00748

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28 191/ШШ2025/00748

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух С овогт Мгийн Г /РД: ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чоотод байрлах ЭМ ХХК /РД: /-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 59,583,060.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭМ ХХК болон Г нар орон сууц захиалгын гэрээг 2022 оны 11 сарын 21-ний өдөр байгуулсан. Уг гэрээгээр тус компанийн хэрэгжүүлж байгаа Сити ресиденс хотхоны С03 блок, 8 давхар, 49 тоот байрлах 26,76 м.кв нэг өрөө байрыг 65,456,940 төгрөгөөр захиалан бариулахаар талууд гэрээ байгуулсан. Гэрээнд захиалагч тал өөрийн хөрөнгөөр ажил гүйцэтгэж, ажлыг хүлээлгэж өгөх шинжтэй тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага дээр өөрөөр дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь гэрээний 3.5.1 дэх хэсэгт зааснаар захиалагч гэрээ байгуулсан өдрөө 30,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 34,456,940 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 35 сарын хугацаанд сар бүр 957,137 төгрөг төлөөд 2025 оны 01 сарын 25-ны өдөр дуусахаар тохиролцсон. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр болон сарын төлөлтөө төлж байсан. 2022 оны 01 сарын 21-ний өдрөөс 2023 оны 07 сарын 07-ны хооронд сар бүрийн төлөлтөө хийгээд мөн өдрөө гэрээний үндсэн төлбөрт 48,228,466 төгрөгийг төлөөд хариуцагч талтай тооцоо нийлсэн байдаг. Хариуцагч талаас гэрээний 6.1.2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 сарын 31-ний өдөр тус орон сууцыг барьж дуусган хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч орон сууц бүрэн гүйцэт баригдаагүй. Орон сууц ашиглалтад ороогүй, 2022 оны 11 сард барилгын талбай дээр очиж үзэхэд барилга ашиглалтад орох боломжгүй болох нь тодорхой болсон.

Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж найдаад 2023 оны 1-7 сарын хугацаанд төлбөрөө төлсөн. Хариуцагчийн зүгээс захиалагч нарыг өөрийн оффист цуглуулан удахгүй 2023 оны 07 сар гэхэд ашиглалтад оруулна гэж хэлж байсан. Дараа нь 2023 ондоо багтаж оруулна гэж хэлж байсан.

Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж өөрийн төлсөн төлбөрийг буцааж авах талаарх мэдэгдлийг эрх бүхий албан тушаалтан болох Эрдэнэсувд, ерөнхий захирал Мандахбаяр гэх хүмүүстэй холбогдож тооцоо нийлсэн тул гэрээний дагуу төлсөн 48,228,466 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн уг барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулчихсан байсан бол бид хохирохгүй байсан. Хариуцагч тал гэрээний нөхцөлөө зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Иймд олох ёстой байсан орлого буюу Монгол банкны хадгаламжийн хүүгийн дунджаар төлбөрийг тооцож, олох ёстой байсан орлого гэж үзэж 11,354,594.32 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт 59,583,060.3 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь гэрээний дагуу мөнгө шилжүүлсэн баримт байдаг. Уг баримтад М гэх хүн байдаг. Энэ хүний талаар дурдах хэрэгтэй байх.

Иргэний хуулийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан талаар мэдэгдэх ёстой. Гэвч сая хийсэн үзлэгийн тухайд ямар утаснаас хийгээд байгаа болох нь тодорхойгүй. М гэх хүнээс уг мэйл ирээд байдаг. Гэвч энэ хүн хариуцагч компанитай ямар нэг байдлаар эрх зүйн харилцаа үүсгээгүй. М гэх хүн ярьсан болохоос Г гэх хүний зүгээс холбогдсон зүйл байхгүй.

Иргэний хуулийн 222.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч тал хугацаа хэтрүүлээгүй. Өнөөдөр нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа байрыг хариуцагч компани бариагүй. Өргөн хүрээ гэх компани барьж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээг хоёр тал харилцан тохиролцож байгуулдаг. Гэрээг цуцлах болон гэрээний үүрэгтэй холбоотой асуудлын талаар гэрээнд тусгах ёстой. Энэ талаар тусгагдаагүй. Гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар маргахгүй байх ёстой талаар тусгагдсан байгаа. Гэрээний үүрэгтэй холбоотой асуудал гэрээтэй холбоотой асуудал дээр гарч ирэх ёстой болохоос олох байсан орлого буюу хүү авах байсан гэж тооцож болохгүй. Гэрээнд ямар нэг байдлаар алданги хүү тооцох талаар байхгүй. Уг олох ёстой орлогыг гаргаж өгөх боломжгүй. Гэрээг цуцлах үндэслэл байхгүй. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3, 55/, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1082 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл /хх-4/, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн CR-11-63 дугаартай Орон сууц захиалгын гэрээ /хх-5-8/, Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ /хх-9/, Монгол банкны 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б-10/809 дугаартай албан бичиг /хх-40/,

 

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 24/71 дугаартай итгэмжлэл /хх-23/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-28/, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24/79 дугаартай итгэмжлэл /хх-29/, хариу тайлбар /хх-30-31/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02085 дугаар шийдвэр /хх-78-86/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2024/01367 дугаар магадлал /хх-87-92/ зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

 

3.3 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШЗ2025/02824 дүгээр захирамжаар үзлэг хийхээр шийдвэрлэсэн бөгөөд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-74-77/-т хэрэгт авагдсан.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ

 

Шүүх хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар зэргийг дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагчид ЭМ ХХК-д холбогдуулан 59,583,060.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр CR-11-63 тоот Сити резиденс орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, CR-03 байр, 8 давхар, 49 тоотод байрлах 26,76 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг нийт 65,456,940 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч нь тус орон сууцыг гэрээний 6.1.2-т заасны дагуу 2022 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон хэдий ч тухайн орон сууц баригдаагүй учраас гэрээнээс татгалзаж байна. Мөн тухайн орон сууц хугацаандаа хүлээлгэж өгсөн бол нэхэмжлэгч хохирохгүй байсан бөгөөд тухайн мөнгөө хадгалсан бол 11,354,594.32 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг ...Тухайн орон сууцыг Өргөн хүрээ гэх компани барьж байгаа бөгөөд, захиалагч нараас орж ирсэн мөнгийг Отгонбаяр руу шилжүүлдэг байсан. Отгонбаяртай холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Мөн Г нь гэрээний дагуу төлбөр төлөөгүй М гэдэг хүн төлж байсан. Нэхэмжлэгч гэрээ цуцлах талаар мэдэгдлийг хариуцагчид ирүүлээгүй. Мөн гэрээний үүрэгтэй холбоотой асуудал гэрээтэй холбоотой асуудал дээр гарч ирэх ёстой болохоос орлого олох байсан, хүү авах байсан гэж тооцож болохгүй. Уг олох ёстой орлогыг гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Зохигчдын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр CR-11-63 тоот орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, захиалагч нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, CR-03 байр, 8 давхар, 49 тоотод байрлах 26,76 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг нийт 65,456,940 төгрөгөөр захиалга өгөх хэлбэрээр худалдан авах, төлбөр төлөх үүргийг, хариуцагч ЭМ ХХК нь орон сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулж, ашиглалтад орсон үед нь орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг болон орон сууцыг шилжүүлэн өгөх хэлбэрээр худалдах үүргийг тус тус хүлээсэн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байх боловч зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 д заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгатай, гүйцэтгэсэн ажлын үр дүн нь хүлээн авах орон сууц байх ба энэхүү хөрөнгийг бий болгож байгаа барилгын үйл явцад хяналт тавих, зохих дэмжлэг үзүүлэх зэрэг нэмэлт эрх, үүрэг нэхэмжлэгч талд үүсээгүй байх тул шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг худалдах, худалдан авах гэрээний шинжид илүү нийцсэн гэж дүгнэлээ.

 

3.2 Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр нэхэмжлэгч М.Г нь гэрээний үнэд 65,456,940 төлөх, үүнээс 48,226,466 төгрөгийг төлсөн болох нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтаар тогтоогдож байна.

 

4. Талууд гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин гэрээнээс татгалзсан эсэх, түүний үр дагавар, хохирол учирсан эсэх талаар маргажээ.

 

4.1 Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2-т гүйцэтгэгч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон орон сууцыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу чанартай барьж дуусган 2022 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэж өгнө, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.7-д Захиалагч нь гүйцэтгэгч талтай аливаа хөнгөлөлт урамшууллын үнэ, нөхцөлөөр захиалгын гэрээ хийсэн бол захиалгын орон сууцны ашиглалтад орох хугацаа хойшлох зэрэгт хүлээцтэй хандаж, хугацаа хэтэрснээс хойш 6 сар хүртэлх хугацаанд гүйцэтгэгч талтай аливаа хэлбэрээр маргахгүй гэж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь орон сууц ашиглалтад орох хугацаа өнгөрсөн хэдий ч 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хуваарийн дагуу төлөлтөө хийсэн бөгөөд ашиглалтад орох хугацаанаас 6 сар өнгөрсөн тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарлаж, хариуцагч нь нэхэмжлэгч тухайн орон сууцыг хямдралтай үнээр худалдан авсан тул гэрээний 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар аливаа хэлбэрээр маргахгүй эрхгүй, мөн гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдээгүй гэж маргаж байна.

 

Гэвч гэрээгээр тохиролцсон хугацаанд уг орон сууц нь ашиглалтад ороогүй, хариуцагч гэрээнд заасан хугацаанд нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул хариуцагчийг гэрээний үүргээ зөрчиж, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч М.Г нь гэрээнээс татгалзан, өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх агуулга бүхий мэдэгдлийг хариуцагч ЭМ ХХК-д 2023 оны 07 дугаар сараас эхлэн хүргүүлсэн болох нь түүний тайлбар, үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсаныг дээрх хуульд заасныг зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

4.2 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Мөнгө шилжүүлсэн баримтад М гэх хүн байдаг. М.Г мөнгө төлсөн тухай баримт байхгүй гэж маргасан.

 

Хариуцагч ЭМ ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр үйлдсэн Харилцагчийн өглөгчийн дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтад харилцагч *** Г гэсэн байх бөгөөд гүйлгээний утгыг EB-CR03-49 Г гэх утгатайгаар шилжүүлжээ.

 

Дээрх төлбөр төлсөн баримт нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж заасанд нийцэж байх тул нэхэмжлэгч М.Гийг гэрээний үнэд 48,228,466 төгрөгийг төлсөн гэж үзнэ.

 

Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж, гэрээний хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний үнэд төлсөн 48,228,466 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

4.3 Нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого буюу Монгол банкны хадгаламжийн хүүгийн дунджаар төлбөрийг тооцож, олох ёстой байсан орлого гэж үзэж 11,354,594.32 төгрөг нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч М.Г нь гэрээний үнэд төлсөн 48,228,466 төгрөгийг банкны хадгаламжид байршуулсан бол хүү олох боломжтой байсан гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

Учир нь үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирол, олох ёстой байсан орлого нь бодитой байх ёстой тул нэхэмжлэлийн шаардлагын 11,354,594.32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд хариуцагч ЭМ ХХК-аас 48,228,466 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Гид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,354,594 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,621 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 399,092 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ЭМ ХХК-аас 48,228,466 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Гид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,354,594.32 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,621 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ЭМ ХХК-аас 399,092 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Гид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА