| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0027/З |
| Дугаар | 128/ШШ2025/0189 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Д******* /РД:ХЗ*******/,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг өргөдөл гаргасан үеэс тогтоохыг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Нэхэмжлэгч А.Д******* нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар Монгол улсын ерөнхий прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/641 дүгээр тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч төрийн албанаас чөлөөлөгдсөн тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасныг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 645 дугаар албан бичгээр ...Даатгуулагч танд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй болно.. гэх хариуг өгсөн.
1.2. Уг хариуг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргахад 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/235 дугаар албан бичгээр ...прокурорын нөхцөлөөр тэтгэвэр тогтоох зохицуулалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд байхгүй тул Танд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна... гэх хариуг ирүүлжээ.
1.3. Улмаар А.Д*******өөс, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэврийг өргөдөл гаргасан үеэс тогтоохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасанд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/0193 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч А.Д*******өөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Миний бие нь Монгол Улсын Ерөнхий прокурорын 1998 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/259 дүгээр тушаалаар Улсын Ерөнхий прокурорын газрын бичиг хэргийн эрхлэгчийн ажилд анх орсон.
Монгол Улсын Ерөнхий прокурорын 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилогдож, 25 жил тасралтгүй ажилласан.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан болзол хангасан тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/641 дүгээр тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн.
Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор холбогдох материалаа бүрдүүлэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өгөхөд "...өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй болно" гэсэн хариуг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн.
Дээрх хариуг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын Ерөнхий газарт 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргахад "...тэтгэвэр тогтоох боломжгүй байна" гэсэн хариуг 2024 оны 10 дугаар сарын 18-ны 01/235 дугаартай албан бичгээр өгснийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гардан авсан.
Тус шүүхэд хандан 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр "Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.А*******гийн 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн өргөдлийн хариу, Нийслэлийн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 01/235 дугаартай албан бичгээр өгсөн өргөдлийн хариуг тус тус хүчингүй болгуулж, тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т нийцүүлэн тодруулсан тул үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Прокурорын нийгмийн баталгааны талаар Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.-т ...нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэж заасан тул 25 жил прокуророор ажилласан миний бие өөрөө хүсэлт гаргасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5.-д "өндөр наслах, ...тохиолдолд мөнгөний тусламж авах эрхтэй" хэмээн заасан ба уг эрх маань зөрчигдөөд байгаа тул түүнийг сэргээлгэх шаардлага байна.
Захиргаа нь зөвхөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтооно буюу прокурорын нөхцөлөөр тэтгэвэр тогтоох зохицуулалт байхгүй гэсэн тайлбар нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг ялгаварлах замаар Монгол улсын Үндсэн хуулийн 1.2-т заасан "хууль дээдлэх" зарчмыг биелүүлэхээс татгалзаж байна... гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: ...Хариуцагч сая ердийн даатгуулагч гэж байна. Гэтэл Прокурорын тухай хуульд прокурорын үйл ажиллагааны баталгаа, түүний дотор нийгмийн баталгааг 60 дугаар зүйлд нас харгалзахгүй гэж тодорхой заасан байдаг. Нас харгалзахгүй гэдэг нь өндөр ачаалалтай ажиллана, тийм учраас төр ямар нэгэн байдлаар харж үзье гэсэн ойлголт. Төрөөс нэгэнт тогтоочихсон баталгааг хангуулахаас татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...А.Д******* нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандан тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн албан бичгээр тэтгэвэр тогтоох боломжгүй гэж татгалзаж өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэвэр тогтоогдоогүй хугацааны тэтгэврийг нөхөн тогтоож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргажээ.
Иргэн А. Д*******ийн өргөдлийн хариуг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн албан бичгээр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/235 дугаартай албан бичгээр тус тус өргөдлийн хариуг хүргүүлсэн байна.
Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт "Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэж заасан боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйл "Өндөр насны тэтгэвэр авах эрх"-д дээрх хуулийн заалтад дурдсан нөхцөл, болзол тусгагдаагүй учир иргэн А.Д*******-д өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна.
Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр баталсан "Нийгмийн даатгалын ерөнхий хууль"-ийн 3 дугаар зүйлийн 3.2 дах хэсэгт "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хууль тогтоомжоор зохицуулна" гэж заажээ.
Иймд иргэн А.Д******* Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй юм... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч А.Д******* нь Улсын Ерөнхий прокурорын 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор томилогдон ажилласнаас хойш тасралтгүй 25 жил 6 сар прокуророор ажилласан байх ба Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3. ...нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/641 дүгээр тушаалаар түүнийг прокурорын албан тушаалаас чөлөөлжээ.
3. А.Д*******өөс Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргахад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 645 дугаар албан бичгээр ...даатгуулагч танд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй болно... гэх хүсэлтийг нь шийдвэрлэхээс татгалзсан хариуг өгчээ.
4. Уг татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасныг тус газрын 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/235 дугаар албан бичгээр ...прокурорын нөхцөлөөр тэтгэвэр тогтоох зохицуулалт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд байхгүй тул Танд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна... гэж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчээс ...төрийн албанд буюу Прокурорын байгууллагад прокуророор 25 жил 6 сар ажилласан тул Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т ...нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно... гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор байхад хариуцагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж маргасан бол,
6. Хариуцагч захиргааны байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох зохицуулалт байхгүй тул даатгуулагч А.Д*******ийн ажилласан хугацаагаар 55 наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна.
7. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн дүгээр зүйлийн 5.1. Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, 5.1.2. тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй гэж өндөр насны тэтгэвэр тогтоолгох ерөнхий зохицуулалтыг тогтоожээ.
8. Харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3. Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж тус тус заасан нь нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох талаар нарийвчилсан зохицуулалтыг хуульчилж өгсөн ба,
9. Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх Прокурорын тухай хуулиар 25 жил прокуророор ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох эрх олгосон заалтыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулиар хязгаарлах боломжгүй.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах даатгуулагчийн нас нь Прокурорын тухай хуульд зааснаас өөрөөр зохицуулагдсан тул хуулийн эдгээр зохицуулалт хоорондоо зөрчилдсөн тохиолдолд прокурор /даатгуулагч/-ын эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан Прокурорын тухай хуулийг хэрэглэх нь хууль хэрэглээний хувьд зөв гэж үзэхээр байна.
11. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд прокуророор ажилласан нөхцөлөөр нас харгалзахгүй тэтгэвэр тогтоох заалт байхгүй тул 55 наснаас өмнө нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзаж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж зааснаар татгалзсан эс үйлдэхүй болох ба үүгээрээ Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3. ...эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж заасан болзлыг хангасан нэхэмжлэгч А.Д*******ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
12. Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3. нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж нь даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээтэй уялдаатай байх зарчмыг хангуулж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1. нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэвэр, ...төлбөр авах, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1. Даатгуулагч тэтгэвэр тогтоолгох шаардлагатай баримт бичиг, өргөдлийг доор дурдсан хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана, 22.1.1. өндөр насны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаанд, 22.2. Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагч, эсхүл даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэвэр тогтоох асуудлыг түүний тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Д*******өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэврийг нөхөн тогтоохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.
13. А.Д******* нь тус хэлтэст 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан нь тогтоогдох ба ийнхүү хүсэлт гаргасныг хариуцагч маргаагүйг тэмдэглээд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5. Даатгуулагч энэ хуулийн 22.1-д заасан хугацаанаас хойш тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн бол тэтгэврийг тогтоож, нийгмийн даатгалын байгууллага өргөдлийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцож, олгоно гэж заасны дагуу түүний хүсэлт гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс А.Д*******ийн өндөр насны тэтгэврийг тогтоож, нөхөж олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5--д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 23 дугаар зүйлийн 23.5, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Д*******өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, А.Д*******ийн өндөр насны тэтгэврийг өргөдөл гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн нөхөн тогтоож олгохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Д*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН