Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 117/ШШ2025/0001

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэрэнрагчаа даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 09 сарын 3-ны өдөр иргэн С.*******той газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, газрын эзэмших эрхийг  шилжүүлэн авсан. /хх-ийн 21-22-р хуудас/

1.2. Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Их тойруу хаягт байршилтай 600 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар *******т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 09 сарын 16-ны өдөр дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2020 оны 9 сарын 16-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. /хх-ийн 57-61-р хуудас/

1.3. Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр иргэн *******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Хоёр: Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ийн миний бие 2020 оны 09 дүгээр сард иргэн С.*******той харилцан тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдэсний дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжаар Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Мандал Их тойруу тоотод байрлах худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар ашиглах 600 м.кв газрыг өөрийн эзэмшилдээ болгож авсан юм.

Миний зүгээс тухайн газар дээр зоорь болон гражийн В1 давхартай /далд нэг давхар/ дээрээ 2 давхар худалдаа үйлчилгээний чиглэлээр барилга барих зорилготой байсан. Үүний дагуу газрыг судлан мэргэжлийн инженерээс зөвлөгөө авахад В1 давхар хийх боломжгүй учир нь борооны үерийн ус явдаг ба тогтдог газар байсан бөгөөд газар эзэмшигчийн зүгээс тухайн байгууламжийг барихад эхлээд газрыг тэгшитгэж өндөрсгөх арга хэмжээ авсны дараа барилгын хундаамыг цутгаж, газрыг тойруулаад хашаа барих нөхцөл боломж нь бүрдэх юм. Эхний арга хэмжээ аваад ажиллаж эхэлтэл дэлхий нийтийг хамарсан цар тахал бий болж ажил хийх нөхцөл хумигдсан. 2023 он гарсаар нийгэм эдийн засгийн байдал сэргэж эхэлснээр ажил явуулах нөхцөл боломж нь эхэлсэн. Үүний дагуу тухайн газрыг өндөрлөх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулсан. Гэтэл аймгийн газрын албанаас танайх газраа зориулалтын дагуу ашиглахгүй байгаа тул таны газар эзэмших эрхийг цуцална гэсэн аман хариуг газрын албанаас 2023 оны 06 сард мэдэгдсэн байдаг бөгөөд үүнийг сонссон миний зүгээс аймгийн засаг даргад өргөдөл бичсэн. Засаг даргын зүгээс газрыг надад үргэлжлүүлэн эзэмшүүл гэсэн цохолтыг газрын алба руу явуулсан. Тухайн цохолтыг хараад миний бие үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр шийдвэр гарлаа гэсэн ойлголтыг авсан.

11 сарын 20-нд өөрийн эзэмшлийн газраа сунгуулах гээд кадастрын зураг хийлгэн газрын алба дээр очтол таны тухайн газар эзэмших эрх хүчингүй болсон гэсэн аман хариуг хэлсэн. Үүнийг мэдсэн даруйдаа аймгийн Засаг дарга руу өргөдөл гаргаж аймгийн Засаг дарга газрын албаны дарга руу судлан танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Намайг сувилалд байх үед 70592555 гэсэн утасны дугаараас 12 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 50 минутад болон 12 дугаар сарын 18-ны өдрийн 12 цагийн үеүдэд тус тус залгасан байсан. Миний бие дуудлага , хадгалах үйлчилгээгээ хараад эргээд залгасан чинь газрын алба байсан бөгөөд та өргөдлийн хариугаа ирж авна уу гэж мэдэгдсэн. 2024 оны 12 сарын 20-ны өдрийн 17 цагийн үед газрын алба дээр очиход өргөдлийн хариу чинь гэж нэг хуудас цаас өгсөн. Үүнийг уншаад үзтэл миний газар эзэмших эрх аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа хоёр жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болсныг мэдсэн юм.

Ийм захирамж гарах гэж байна гэж газрын албанаас мэдэгдэж сонсох ажиллагааг явуулаагүй. Хуулийн дагуу иргэний эрх ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны акт гарч байгаа тохиолдолд захиргааны байгууллагаас мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүйгээр барахгүй захиргааны акт гаргачихаад мэдэгдэхгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн үйлдэл бөгөөд миний бие өөрөөс шалтгаалах бус асуудал буюу тухайн цаг хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал бий болж төр засгийн зүгээс нийтийг хамарсан хорио цээр тогтоож үүний үр дүнд ажил явуулах боломжгүй байдал үүссэн. Газрын тухай хуулийн тайлбараас авч үзвэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэгт гэнэтийн давагдашгүй хүчний нөлөөллөөс болж зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй байхыг ойлгодог. Миний зүгээс тухайн хугацаанд газар өндөрлөх эхний арга хэмжээгээ авч ажилласан байхад газрын албанаас танайх тухайн газар дээр хашаа бариагүй байгаа нь тухайн газрыг ашиглаагүй байна гэж үзнэ гэсэн тайлбарыг хэлсэн. Уг нь тухайн газрыг өндөрсгөх арга хэмжээ авсны дараа хашаа барих боломж нь бүрдэх бөгөөд үүний дараа дараагийн барилга байгууламжийг барих төлөвлөгөөтэй байгаа. Газрын албанаас гаргаж буй тайлбар нь бодит байдалтайгаа нийцэхгүй, илт хууль бус үндэслэлгүй юм.

Иймд аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн надад холбогдох хэсэг нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, захиргааны акт гаргах ажиллагааг ноцтой зөрчсөн байгаа тул хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн үед Засаг дарга байсан дээр орж 2020-2021 онд цар тахлын үе байсан гэж хэлээд бичгээр хүсэлт гаргахад миний нүдэн дээр энэ газрыг эргүүлэн олгоё гэж даргад цохолт хийсэн. Тухайн хүсэлтээ газрын албанд хүргэж өгсөн. Олгоё гэж цохсон болохоор нь тухайн газар олгогдох байх гэж ойлгосон. Газрын тухай хуульд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газрыг 2 жил ашиглаагүй бол газрын

 

гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасан байдаг юм байна. Миний зүгээс эхний ээлжинд өндөржилтийн ажил явуулсан гэж үзэж байна. Миний хийсэн үйл ажиллагаа болон газрын албанаас гаргасан шийдвэр 2 нь авцалдахгүй, хуулийн үндэслэлгүй байна. Иймээс 2023 оны 11 сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамжийн надад холбогдох хэсэг үнэнд нийцэхгүй учир хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

2.3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... иргэн ******* нь дээрх газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй тул 2023 оны 06 дугаар сард тухайн газар эзэмших эрхийг цуцлах талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.4-т заасны дагуу утсаар мэдэгдэн тухайн газар эзэмших гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын дагуу аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон талаар газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан иргэн *******т тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* дугаарын утсаар мэдэгдсэн.

Иргэн ******* нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул дээрх газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай захирамж хууль эрх зүйн үндэслэлтэй тул газар эзэмших эрхийг сэргээж буцаан эзэмшүүлэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч *******ээс гаргасан “аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар захирамж нь хууль тогтоомж зөрчөөгүй, хууль зүйн бодит үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

2.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* нь Сайнцагаан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр Их тойруугийн тоотод байршилтай газрыг дугаар захирамжаар *******оос шилжүүлж авсан. Тухайн захирамжаар 22 жилийн хугацаатай аваад 2020 оны 09 сарын 16-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан. Түүнээс хойш тухайн газарт зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй 3 жил болсон болохоор Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар Засаг даргын ******* дугаар захирамжаар хүчингүй болгосон. 2020 оны 09 сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээний 6.1-т мөн энэ талаар тодорхой заасан. Гэрээний үүргээ биелүүлээгүй, Газрын тухай хуульд зааснаар газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй учир газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр бус болгосон. Иймд тус захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ******* газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос хойш худгийг гаргасан байна гэв.

2.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : Тайлбаргүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

2. Нэхэмжлэгчээс “2024 оны 11 сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа сунгуулах асуудлаар аймгийн газрын албан дээр очиход эзэмших эрх хүчингүй болсныг амаар хэлсэн, ийнхүү Засаг дарга д гомдол гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот захирамжийг гардан авч, танилцсан” гэх, хариуцагчаас “2023 оны 12 сарын 8-ны өдөр ******* дугаарын утсаар мэдэгдсэн” гэх тайлбарыг тус тус ирүүлж, маргана.

3. Гэрч шүүхэд “...бичгээр хүргүүлээгүй, зөвхөн утсаар мэдэгдсэн. ******* маргаан бүхий захирамжийг 2024 оны 11 сарын сүүлээр өөрөө ирж авсан. Утсаар ярьсан талаараа баримтжуулж, хувийн хэрэгт нь хийсэн баримт байхгүй” гэж мэдүүлсэн ба уг мэдүүлгээс үзвэл маргаан бүхий актыг чухам хэдний оны хэдэн сарын хэдний өдөр утсаар мэдэгдсэнээ тодорхой мэдүүлээгүйгээс гадна баримтжуулаагүй нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.  

4. Иймд газрын удирдлагын хэлтсийн дарга ийн Хариу өгөх мэдэгдлээр 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдсэн гэж үзэж, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэв.

5. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

6. Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар (Их тойруу тоот)-т байршилтай С.*******ын үйлчилгээний зориулалттай 600 м.кв газрыг *******т зориулалтаар нь  шилжүүлж, эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2020 оны 9 сарын 16-ны өдөр “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /хх-ийн 57-61-р хуудас/

7. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2023 оны 5, 6 сард 2 жил ашиглаагүй газрын судалгаа гаргаж, *******т ******* дугаарын утсаар газар нь хүчингүй болох магадлалтай талаар мэдэгдсэн, иргэн *******ээс 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Засаг даргад хандан энэ 2 жилийн хугацаа нь Дэлхий нийтээрээ короно вирусын аюулт цар тахлын халдварын давалгаанд өртсөн жилүүд байж таарсан гэх агуулгаар өргөдөл гаргахад Дундговь аймгийн Засаг дарга “Э.ид, нөхцөл байдлыг харгалзан тус газрыг эргэн олгоё” гэж өргөдөлд цохолт хийсэн байна. /хх-ийн 122, 118-р хуудас/

8.  Харин Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар дээрх өргөдлийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “газар эзэмших гэрээг сунгах боломжгүй” гэж шийдвэрлээд бүртгэл хяналтын картдаа бүртгэсэн байх боловч энэ тухайгаа албан бичиг болон бусад хэлбэрээр албажуулж, *******т албан ёсоор мэдэгдээгүй байна.  /хх-ийн 117-р хуудас/

9. Ийнхүү Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр *******ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.  /хх-ийн 62-р хуудас/

10. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заажээ.

11. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын    дагуу     тодорхой    үйлдвэрлэл,    үйлчилгээ    эрхлээгүй      /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж  тайлбарласан.

12. Нэхэмжлэгч *******тэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ авснаас хойших хугацаанд (2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш) Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн,  Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нийтэд илэрхий үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарч байна.  

13. Нэхэмжлэгч ******* нь газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш Ковид 19 цар тахлын үеийн онцгой цаг үед гэр бүлийн хүрээнд өөрсдийн нөөц боломжийг ашиглан маргаан бүхий газар дээр өндөржүүлэлт хийсэн, мөн урд талд худаг гаргуулсан болох нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн үзлэгийн “... захирамж гарахаас өмнө 50 см буюу 1-р үеийн өндөржүүлэлт хийгдсэн байсан. Өндөржүүлэлт хийхээр бэлтгэсэн, овоолсон шороог Сайнцагаан сумын 100 жилийн ойн хүрээнд тэгшлүүлсэн”, 03 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн “ ... нийт 5 худаг байсан. Үүний хамгийн баруун талд /маргаан бүхий газраас урагш 10-15 метрийн зайд/ байх худгийг нэхэмжлэгч өөрийн зардлаар гаргуулсан гэж тайлбарлав” гэх тэмдэглэл болон фото зургаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 143-153, 179-181 хуудас/

14. 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн техникийн нөхцөлд нэгж талбарын дугаар ******* гэж бичсэн, (маргаан бүхий газрын нэгж талбарын дугаар *******), *******ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаанд газрын байршил нь Говь-2, гэр орон сууцны хашааны газар гэж тодорхойлсон зэргээс үзвэл нэхэмжлэгчээс маргаан бүхий газраас өөр байршилд техникийн нөхцөлийг хүссэн өргөдлийг гаргаж, уг өргөдлийн хүрээнд , нар гарын үсэг зурсан, бусад албан тушаалтнууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна. /хх-ийн 60, 110-113, 131-132-р хуудас/

15. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд “захирамж гарсныг мэдээгүй байсан болохоор худаг гаргуулсан. Техникийн нөхцөл дээрх нэгж талбарын дугаарыг анзаараагүй, хараагүй”,  хариуцагчаас “... захирамж гарснаас хойш худаг гаргуулсан” гэж тус тус маргах ба энэ тохиолдолд энэ нь нэг талаас иргэн ******* тухайн асуудалд хайнга, хайхрамжгүй, дураараа хандсаны илрэл хэдий ч эцсийн дүнд захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хуульд зааснаар мэдэгдэх ажиллагааг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор үүссэн гэж үзэхээр байна. 

16. Тодруулбал Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр шийдвэрлэсэн “Газар эзэмших гэрээг сунгах боломжгүй” гэх өргөдлийн хариу, мөн маргаан бүхий акт болох Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх ажиллагааг явуулсан бол ийм үр дагаварт (өөр газрын байршилд зөвшөөрөл хүсч, худаг гаргуулах зэрэг ) хүрэхгүй байсан.

Иймд нэхэмжлэгч *******ийг дээрх үйлдэлд буруутгах нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд үл нийцэх тул түүнийг гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглахаар тодорхой үйл ажиллагаа явуулж, зардал гаргасан гэж үзлээ.    

17. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

18. Маргааны дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас тухайн бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй, өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах тухайн хугацаанд Ковид 19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах эсэх зэргийг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь захиргааны акт зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасантай тус тус нийцээгүй гэж дүгнэлээ.

19. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзээд Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

20. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл газрын төлбөрийн үлдэгдэл 0 төгрөг гэж тодорхойлсон, түүнчлэн талууд газрын төлбөрийн талаар маргаагүй болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  *******ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” тухай захирамжийн *******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      В.ЦЭРЭНРАГЧАА