Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 16

 

                                       “О.У ОМЗ” ББСБ-ын

нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д, Г.Д

нарт холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/01395 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “О.У ОМЗ” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д, Г.Д нарт холбогдох

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 5.488.528.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулгын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулга, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч О.У ОМЗ ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч Д.Д нь 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр О.У ОМЗ ББСБ ХХК-тай ЭТЗГ17/194 дугаартай Зээлийн гэрээ, ЭТБГ17/194 дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулан нийт 6.000.000 /Зургаан сая/ төгрөгийг 736 хоногийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн болно. Гэтэл хариуцагч Д.Д нь зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 2.869.500 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Зээлийн гэрээний 4.2.1 дэх хэсэг /Үндсэн зээл, зээлийн хүний төлбөрийг сар бүр Зээл олголт эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх.../-т гэсэн заалтыг удаа дараа зөрчсөөр өнөөдрийг хүртэл гэрээний үүргийг

 

 

 

 

 

 

биелүүлэхгүй байгаа болно. Хариуцагч Д.Д нь өнөөдрийн байдлаар нийт 802 хоногийн хугацаа хэтрүүлсэн байгаа ба үндсэн зээлийн үлдэгдэл 3.110.593.48 /Гурван сая нэг зуун арван мянга таван зуун ерэн гурав /төгрөг 48 мөнгө, зээлийн хүү 2.240.125.72 төгрөг, 72 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 137.808.82 төгрөг нийт 5.488.528.02 мөнгийг төлөлгүй байгууллагын эрх ашгийг ноцтой хохироосоор байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан нийт төлөгдвөл зохих 5.488.528.02 төгрөг, зээлийн гэрээний 5.1.2, 5.1.3, 5.1.6, Барьцааны гэрээний 5.1.2. 6.1-т заасны дагуу хариуцагч Д.Дгаас улсын тэмдэгтийн хураамж болон нотариатын зардлын хамт гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа:

Д.Д миний бие 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс 6 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хүүтэйгээр авч, 9 сая төгрөг болгож төлөх гэрээ байгуулсан нь үнэн. Төлөлтөө 15 сар 376.000 төгрөгөөр төлж 5.640.000 төгрөгийг төлсөн. 2020 онд нэг удаа 100.000 төгрөг, нэг удаа 30.000 төгрөг төлж нийт 5.820.000 төгрөгийг төлсөн байна. төлж чадахгүй болсон шалтгаан нь ажиллуулж байсан бууз баншаа хийж чадахгүй болсон, нөхрөөсөө салсан, бага насны 2 хүүхэдтэйгээ амьдарч, хүүхдэд улсаас өгдөг 20.000 төгрөгөөр амьдрах болсон явдал юм. Миний болон улс орны өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдлыг бодолцон үзэж 9 сая төгрөгний үлдэгдэл 3.180.000 төгрөгийг 10 сарын хугацаа авч төлж барагдуулж, 2 охинтойгоо орох оронтойгоо үлдэх чин хүсэлтэй байгааг нь харж үзнэ үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/01395 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.,-д заасныг баримтлан хариуцагч Д.Д, Г.Д нараас 3.802.894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.У ОМЗ ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.685.634.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, Хабитат 7-17 тоотод байрлах, 000566983 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101021372 тоот улсын бүртгэлийн дугаартай, 34 метр квадрат талбайтай, хувийн сууц, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, Хабитат 7-17 тоотод байрлах, 000688019 тоот гэрчилгээний дугаартай, 6105702123 нэгж талбарын дугаартай, 873 метр квадрат талбайтай, газар, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, Хабитат 7-17 тоотод байрлах, 000566982 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101021373 тоот улсын бүртгэлийн дугаартай, 43 метр квадрат талбайтай, хувийн сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172.967 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д, Г.Д нараас улсын тэмдэгтийн хураамжинд 145.996 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.У ОМЗ ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулга шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, Хабитат 7-17 тоотод оршиг суух  Д.Д, мөн хариуцагч Г.Д нараас 5.488.528.02 төгрөг 02 мөнгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Гэвч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/01395 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрээр /Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дууссан, талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн гэрээгээр зээлдэгч зээлийн хүүнд 3.016.053 төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн.../ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлд 3.110.593.48 төгрөг, зээлийн хүүнд 576.917 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүнд 115.383 төгрөг нийт 3.802.894 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.685.634.02 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үндэслэлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хугацаа сунгаагүй тул зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй гэсэн байна. Гэтэл хариуцагч нартай байгуулсан ЭТЗГ17/194 дугаартай зээлийн гэрээний 8.3-т заасан эрхээ хариуцагч хэрэгжүүлээгүй ба мөн тус гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан үүргээ тус тус зөрчсөн болно. Хариуцагч нь зээлийн гэрээний 8.3-т заасан эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүй улмаар зээлээ төлөхгүй удаа дараа шаардлага хүргүүлдэг байсан нь шүүхийн шийдвэр дээр хангалттай тусгагдсан. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг /Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/ 421.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно. 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл төлөх үүрэг хүлээсээр байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 451.1., 452.1., 453.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д, Г.Д нараас 3.803.894 төгрөгийг нэхэмжлэгч “О.У” ОМЗ ББСБ-д олго... гэсэн атлаа дээрх заалтыг оруулж нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа үйлдэл нь Иргэний хуулийг зөрчин мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан /шийдвэр ууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/01395 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч “О.У ОМЗ” ББСБ “Зээлийн гэрээний үүрэгт 5.488.528.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д,Д, Г.Д “...зээл авснаас хойш  нийт 5.820.000 төгрөгийг төлсөн, 9 сая төгрөгний үлдэгдэл 3.180.000 төгрөгийг 10 сарын хугацаа авч төлж барагдуулж, орох оронтойгоо үлдэх хүсэлтэй байна”  гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

         Шүүх хариуцагч Д.Д, Г.Д нараас үндсэн зээлийн үлдэгдэл-3.110.593 төгрөг, зээлийн хүү -576.917 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115.383 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.685.634 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэжээ.

          Талууд 2017-12-27-ны өдөр ЭТЗГ17/194 дугаартай зээлийн гэрээ, ЭТБГ17/194 дугаартай барьцааны гэрээ байгуулж хариуцагч Д.Д, Г.Д нар 6.000.000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай  авч  2019 оны 4 дүгээр сараас хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлийн үнийн дүнгээс -3.110.593 төгрөг  төлөөгүй  зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

          Шүүх хариуцагч нарын зээлийн гэрээний  хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2.439.126 төгрөгийг гэрээний дагуу төлөгдөх ёстой  зээлийн хүү -  3.016.053 төгрөгнөөс хасч тооцож үлдэгдэл зээлийн хүү -576.917  төгрөг, нэмэгдүүлсэн хүү-115.383   төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулсныг буруутгах боломжгүй юм.

         Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд зээлийн гэрээний хугацааг сунгаагүй,  нэхэмжлэгч байгууллагаас хариуцагч нарт  2020-09-09-ний өдрийн 20/248, 2019-04-23-ны өдрийн 20/120 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлэхдээ   “...зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 сарын 02-ны өдөр дуусгавар болсон, зээл, зээлийн хүүний төлбөр бүрэн төлөгдөөгүй тул зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах болно” гэж  мэдэгдсэн харин   зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн  тооцож байгаа талаар мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж ирүүлсэн Зээлийн тооцоо хийсэн баримтанд зээлийн хүүг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож   зээлийн хүү - 2.240.125  төгрөг гэж тодорхойлсон үнийн дүн  нь шүүхэд анх  нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн  зээлийн хүүгийн үнийн дүнтэй адил хэмжээгээр тооцогдсон   байх тул шүүх зээлийн хүүг 576.917 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг- 115.383 төгрөг гэж тооцсон нь үндэслэл бүхий болжээ.         

          Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул шүүх  талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж шийдвэрлэсэн  нь хуульд нийцсэн байна.

        Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулгын гаргасан “...шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хугацаа сунгаагүй тул зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй гэсэн байна. Гэтэл хариуцагч нартай байгуулсан ЭТЗГ17/194 дугаартай зээлийн гэрээний 8.3-т заасан эрхээ хариуцагч хэрэгжүүлээгүй ба мөн тус гэрээний 4.2.1, 4.2.2-т заасан үүргээ тус тус зөрчсөн болно. Хариуцагч нь зээлийн гэрээний 8.3-т заасан эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүй улмаар зээлээ төлөхгүй удаа дараа шаардлага хүргүүлдэг байсан, нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байгаа үйлдэл нь Иргэний хуулийг мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү” гэх  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/01395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулгын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч “О.У ОМЗ” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантулгын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.921 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ