Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ДШМ/70

 

                                         Э.*******т холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай     

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 22 оны 05 дугаар сарын 19-ний  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 22/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Э.*******т холбогдох эрүүгийн 21310027708 дугаартай, 175/21/016/Э индекстэй 1 хавтас хэргийг 22 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн,******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, “ ” ХХК-д ******* ажилтай, ам бүл , эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 2 дугаар баг, дүгээр хэсэг, дүгээр гудамжны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:МХ97**************11/;

Шүүгдэгч Э.******* нь 21 оны 09 дүгээр сарын *******-ны оройн 21 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум, 2 дугаар багийн нутаг дэвсгэрт сайжруулсан шороон замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсний улмаас явган зорчигч Д.ыг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Э.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас гарах зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж,

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.*******т анхааруулан,

Шүүгдэгч Э.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.т ,000,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, энэ шийтгэх тогтоолоор тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор 22 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 22 оны 06 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “ жолоочид дараах зүйлсийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох ... гэсэн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /мотоцикль жолоодох/ эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад зам тээврийн осол гаргаж явган зорчигч Д.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан нэмэгдэл ялыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Шүүхээс оногдуулж байгаа ял шийтгэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байгаа. Харин гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан байгаа. Гэтэл шүүх үүнийг оногдуулаагүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 22 оны 06 дугаар сарын *******-ны өдөр өөрчлөлт ороогүй байхад эсэргүүцэл бичсэн. Үүнтэй холбоотойгоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж байсан тул шийтгэх тогтоолыг буцаах үндэслэл байхгүй байна. Иймд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцлээр Э.*******т холбогдох 21310027708 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

                        Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж улмаар зам тээврийн осол гаргаж явган зорчигч Д.ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг санаатай орхин зугтаасан гэмт хэргийг үйлдсэн байх ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

            Ийнхүү эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан нэмэгдэл ялыг хэрэглээгүй ба нэмэгдэл ял хэрэглээгүй үндэслэлээ тогтоолд дурьдаагүй байна.

                      Дээд шатны прокуророос анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан нэмэгдэл ял хэрэглээгүй нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичжээ.

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж, мөн зүйлийн 3-д “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж тус тус заасан.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл   хугацаагаар эрх хасаж зургаан сараас  гурван жил  хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас  гурван жил хүртэл хугацаагаар хорих  ял шийтгэнэ.” гэжээ.

            Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан хэдий ч  тухайн гэмт хэрэгт оногдуулах  эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар заасан байхад шүүх энэ талаар дүгнэлт огт хийгээгүй, тогтоох хэсэгт нэмэгдэл ял оногдуулалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараахь үндэслэлийн аль нэг нь байвал давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө”, мөн зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж заасантай нийцэж байх тул  анхан шатны шүүхийн гаргасан алдаа, зөрчил нь хуулийн энэ үндэслэлд хамаарч байна.

            Иймд энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            22 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “… энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах” тухай заалтыг хүчингүй болгосон.

            1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ” … урьдчилсан хэлэлцүүлгийн үед хуульд заасан үндэслэл бий болбол хэргийг прокурорт буцаах” тухай,

            2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 3.7 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “... прокурорын санаачлагчаар хэргийг прокурорт буцаах” заалт байна. /энэ заалт 22 оны 6 дугаар сарын *******-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон/ 

                        Дээрх 2 үндэслэлийг судлан үзвэл Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхийн “урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахгүй”, “Прокурорын санаачилгаар хэргийг буцаахгүй.” гэж ойлгогдож байна.

            Дээрхи хуулийн заалт болон хуулийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр буцаах хуулийн зохицуулалтгүй боловч  22 оны 06 дугаар сарын *******-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хэргийг  зөвхөн “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцахгүй.” гэсэн агуулгыг илэрхийлж байна гэж үзэхээр байх тул хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

            Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь  шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болж байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.1 дүгээр зүйлийн 5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 22/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

            2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН