2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/00364

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 20 191/ШШ2025/00364

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,030,704,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, өмгөөлөгч ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ё-ийн хүсэлтийн дагуу бид олон жил хамтран ажиллаж шатахуун зээлээр худалдаж байсан. Тус компани нь уул уурхайн компани бөгөөд 2023 оны худалдан авалтаа 2023 оны 04-р сарын 11-ний өдрөөс эхлэн хийсэн ба нийт 2023 оны 06-р сарын 26-ны өдөр хүртэл, төлбөр тооцооны улдэгдэлгуй зээлээ төлж явсан болно. Ингээд 2023 оны 07-р сарын 24-ний өдөр 23/0724 тоот Шатахуун хангамжийн гэрээ-г 5 сар, 6 хоногийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компани шатахуун зээлээр худалдаж, ё зээлээр худалдан авсан болно. Гэтэл ё нь өөрийн компанийн үйл ажиллагаанд зориулан тус компаниас 2023 оны 06-р сарын 26-ний өдрөөс 2023 оны 09-р сарын 06-ний хооронд зээлээр худалдан авсан түлшний мөнгө 878,004,369 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Бид удаа дараалан ё-тай холбогдож зээлээ төлөхийг шаардсан ч төлбөрийг 2024 оны 01-р сараас 04-р сард багтаан барагдуулна гэсэн албан тоот өгсөн боловч төлөөгүй, 2024 оны 05-р сарын 15-наас эхлэн төлж барагдуулна гэсэн албан тоот өгч байсан боловч төлөөгүй. ё-ийн 2023 оны 06-р сарын 26-ны өдрөөс 2023 оны 09-р сарын 06-ний хооронд зээлээр худалдан түлшний үндсэн мөнгө нийт 878,004,369 төгрөгийг талууд 2023 оны 11-р сарын 16-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар хоорондоо баталгаажуулсан болно.

Талуудын хооронд 2023 оны 07-р сарын 24-ний өдөр 23/0724 тоот Шатахуун хангамжийн гэрээ"-г байгуулсан. Энэхүү гэрээний 6.3-д Худалдан авагч нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрөө хуанлийн 30 хоногийн дараа буюу тухайн шатахуун авсан удалдан авалт тутмаас хойш 30 хоногийн дараа саадгүй барагдуулах үүрэгтэй ба 30 хоногийн дараа хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-аар тооцон алданги төлнө хэмээн заасан болно. Бидний хооронд байгуулсан гэрээ 2023 оны 07-р сарын 24-ний өдөр байх тул манай компани зөвхөн гэрээ байгуулсан өдрөөс хойших буюу 2023 оны 07-р сарын 25-иаас 09-р сарын 07-ний өдрийг хүртэлх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 305,400,400 төгрөгт алданги тооцон нэхэмжилж байна. Харин гэрээ байгуулахаас өмнөх зээлээр худалдан авсан 572,603,969 төгрөгт алданги тооцоогүй бөгөөд Иргэний хуулийн 232-р зүйл 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн 152,700,200 төгрөгийн алданги нийт 1,030,704,569 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ё-иас манай компанид холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд зээлээр худалдан авсан шатахууны үнэ 878,004,369 төгрөг, алданги 152,700,200 төгрөг нийт 1,030,704,569 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс алдангид нэхэмжилсэн 152,700,200 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Шатахуун хангамжийн гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, ё-иас ё-ийн авсан бөөний шатахууны тооцоо, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хүсэлт, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлт,

Хариуцагчаас: Итгэмжлэл, бичгээр гаргасан хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ё нь ё-д холбогдуулан Шатахуун хангамжийн гэрээний үүрэгт нийт 1,030,704,569 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

а/ Нэхэмжлэгч ё нь 2023 оны 04-р сарын 11-ний өдрөөс эхлэн ё-д шатахуун нийлүүлсэн ба хариуцагч нь 2023 оны 06-р сарын 26-ны өдөр хүртэл, төлбөр тооцооны үлдэгдэлгүй төлбөрөө төлж байсан. Улмаар, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №23/0724 тоот Шатахуун хангамжийн гэрээ-г 5 сар, 6 хоногийн хугацаатай байгуулж, шатахуун нийлүүлсэн. ё 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд нийт 878,004,369 төгрөгийн худалдан авалт хийсэн боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул зээлээр худалдан авсан түлшний үндсэн үүрэгт 878,004,369 төгрөгийг гаргуулна, мөн зохигчдын хооронд 2023 оны 07-р сарын 24-ний өдөр байгуулсан 23/0724 тоот Шатахуун хангамжийн гэрээ"-ний 6.3-т Худалдан авагч нь зээлээр худалдан авсан шатахууны төлбөрөө хуанлийн 30 хоногийн дараа буюу тухайн шатахуун авсан худалдан авалт тутмаас хойш 30 хоногийн дараа саадгүй барагдуулах үүрэгтэй ба 30 хоногийн дараа хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар тооцон алданги төлнө гэж тохирсон тул уг гэрээг байгуулсан хугацаанаас хойших хугацаанд үүссэн үндсэн үүрэг 305,400,400 төгрөгт холбогдох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн 152,700,200 төгрөгийн алданги, нийт 1,030,704,569 төгрөгийг гаргуулна гэжээ.

3. Хариуцагч ё нь нэхэмжлэгч байгууллагатай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, нийлүүлсэн дизель түлшний тоо, хэмжээ төлбөр тооцооны өглөг болон тооцоо нийлэх актыг үйлдсэн, хүлээн авсан шатахууны хэмжээ болон үүссэн төлбөрийн талаар маргахгүй боловч холбогдох алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ. Тодруулбал, үндсэн төлбөрийг төлөх талаар удаа дараа санал гаргаж байсан, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийт 878,004,369 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохоо мөн тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байхад алданги гаргуулахаар шаардсаныг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

5. Нэхэмжлэгч ё нь хариуцагч ё-тай 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ-г 5 сар 6 хоногийн хугацаатай байгуулжээ. /хх-7/

а/ Дээр дурдсан гэрээгээр нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд худалдан авагчаас урьдчилан захиалсан дизель түлшийг нийлүүлэх, хариуцагч нь нийлүүлсэн түлшний үнийг тохирсон цаг хугацаанд төлж барагдуулахаар гэрээний ерөнхий нөхцөлөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

6. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ-ний дагуу худалдагч тал нь өөрийн нийлүүлбэл зохих бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, талуудын хооронд бүтээгдэхүүний чанар, нийлүүлсэн бүтээгдэхүүний хэмжээ, доголдлын талаар маргаан байхгүй боловч хүлээн авсан дизель түлшний үнэ, төлбөрийг хариуцагч тохирсон хугацаанд төлөөгүй асуудлаас шалтгаалан маргаан үүсжээ.

7. Талууд дээр дурдсан гэрээ болон гэрээг байгуулахаас өмнө нийлүүлсэн нийт бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлсэн актыг баталгаажуулсан ба 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр тооцоо нийлэхэд ё нь 878,004,369 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй гэж тооцоо нэгдсэн, үүнээс гадна нийлүүлсэн шатахууны хэмжээ, нэгжийн үнийн талаар тооцоо нийлсэн, эдгээр актыг үндэслэн гэрээний үндсэн үүргийг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага болон тооцооны үлдэгдлийн баталгааны хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй болно. /хх-11/

8. Иймд хариуцагч ё нь 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ-ний үндсэн үүрэгт 878,004,369 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байна.

9. Ийнхүү тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш хариуцагч нь нэхэмжлэгчид худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан маргах үндэслэл болжээ.

10. Шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн өр төлбөрийн нийт хэмжээг 878,004,369 төгрөг гэж гэрээний талууд 2023.11.16-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан, үүнээс ё болон ё нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр №23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ-г байгуулснаас хойш нийт 305,400,400 төгрөгийн үнэ бүхий түлшийг нэхэмжлэгчээс хариуцагч талд нийлүүлсэн болох нь хавтаст хэргийн 12 дугаар талд авагдсан ё-иас ё-ийн авсан бөөний шатахууны тооцоо-ны хуудсаар нотлогдсон, уг хуудаст 2023.07.25-2023.09.06-ны өдрийн хооронд нийлүүлсэн шатахууны үнэ нийт 305,400,400 төгрөг болсон талаарх нэхэмжлэгчийн тайлбарт хариуцагч маргаагүй байна.

11. 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.1-т Худалдан авагч нь шатахууныг хуанлийн 30 хоногийн хугацаатай ямар нэгэн хүү, алдангигүй зээлээр худалдан авч хэрэглэх ба худалдан авсан шатахууны төлбөрийг тухайн шатахуун авсан худалдан авалт тутмаас хойш 30 хоногийн дараа саадгүй барагдуулах үүрэгтэй. Хугацаандаа шатахууны төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлнө гэж заасны дагуу 2023.07.24-ний өдрийн гэрээг байгуулсан хугацаанаас хойш нийлүүлсэн шатахууны үлдэгдэл үүрэг болох 305,400,400 төгрөгийн 50 хувиар тооцон алдангийг гаргуулахаар шаарджээ.

12. Нэхэмжлэгч нь 2023.07.25-ны өдөр 1,462,400 төгрөгийн, 2023.07.31-ний өдөр 74,850,000 төгрөгийн, 2023.08.07-ны өдөр 5,760,000 төгрөгийн, 2023.08.10-ны өдөр 73,852,000 төгрөгийн, 2023.08.18-ны өдөр 73,852,000 төгрөгийн, 2023.09.07-ны өдөр 6,464,000 төгрөгийн 2023.09.06-ны өдөр 69,160,000 төгрөгийн шатахууныг тус тус нийлүүлсэн, эдгээр нийлүүлсэн хугацаанаас хойш тус бүр 30 хоногийн дараа холбогдох төлбөрийг төлөх, 30 хоног хэтэрсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл болох бөгөөд алданги тооцох талаар харилцан тохирсон, энэ зохицуулалт нь хуульд нийцжээ.

13. Шатахуун нийлүүлсэн хугацаа тус бүрийн 31 дэх хоногоос гэрээний дагуу алданги шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги нь гэрээний үлдэх үүрэг 305,400,400 төгрөгийн 50 хувиас хэдийн хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги шаардсаныг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

14. Иймд Талуудын хооронд 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ байгуулснаас хойш нийлүүлсэн шатахууны үндсэн үүрэгт 305,400,400 төгрөгийн 50 хувиар тооцож 152,700,200 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэв.

15. Хариуцагч ё нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийн талаар маргаж, шүүх хуралдаанд мэтгэлцсэн боловч хариуцагчийн татгалзал нь алдангийг няцаах хууль зүйн үндэслэл болохгүй гэж дүгнэв.

16. Иймд хариуцагч ё-иас 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №23/0724 дугаартай Шатахуун хангамжийн гэрээ-ний үүрэгт 878,004,369 төгрөг, алданги 152,700,200 төгрөг, нийт 1,030,704,569 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ё-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч ё-иас 1,030,704,569 төгрөгийг гаргуулж, ё-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ё-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,311,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ё-иас 5,311,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ё-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД