2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/00576

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 23

191/ШШ2025/00576

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  холбогдох,

 

Даатгалын зүйлд учирсан хохирол 15,330,000 төгрөг, үнэлгээний зардал 1,500,000 төгрөг, нийт 16,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ё, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ё, ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ...-тай 2020 оны 07 сарын 10-ны өдөр 203853033120002 дугаартай Орон сууцны даатгалын гэрээ байгуулсан. Тус даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр даатгалын зүйл болох Сүхбаатар дүүрэг, 5-р хороолол, 3-р хороо 44 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцанд цахилгааны хэлбэлзлээс үүссэн гал гарч бага хүүгээ алдсан. Тус осолтой холбоотой мөрдөн шалгах ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс явуулсан бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэр гаргасныг миний бие 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, даатгалын байгууллагад орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг төлүүлэхээр хандсан боловч, нөхөн төлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. ...-ийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/2012 тоот албан бичигт даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол" нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн байна. Уг албан бичигтэй холбоотой гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 9/164 дугаар албан бичгээр ..даатгалын байгууллагын шийдвэр үндэслэлтэй байна. Даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу өгсөн. Даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг Бодит үнэлгээ ХХК гаргасан бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайланд Хохирлын үнийн дүн 15,330,000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд үнэлгээний төлбөр 1,500,000 төгрөг болсон. Миний бие ...-тай 2020 оны 07 сарын 10-ны өдөр байгуулсан 203853033120002 дугаартай Орон сууцны даатгалын гэрээнд 5.1.10 гэх заалт байхгүй байх бөгөөд даатгалын байгууллагаас даатгал нөхөн олгохоос татгалзаж даатгалын байгууллагад 90 хоногийн дотор мэдэгдэх тухай үндэслэл нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 5.1.1-5.1.4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна. Талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлд даатгалын хамгаалалтад дараах эрсдэлүүд хамаарна гээд 3.1.1 дэх хэсэгт Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол, 3.1.2 дахь хэсэгт Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол хамаарахаар заасан бөгөөд даатгалын зүйлд учирсан эрсдэл нь дээрх төрлийн эрсдэлд хамаарах болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 дугаар Прокурорын тогтоолоор тогтоогдсон бөгөөд миний бие даатгалын гэрээний 4.1 дэх хэсэгт заасан бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлэн өргөдөл гаргасан боловч даатгалын байгууллага даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100%-иар тооцож даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно гэх заалтаа биелүүлсэнгүй гэж үзэж байна. Даатгалын гэрээний 6.1.5, 6.1.6 дугаар заалтад даатгалын эрсдэл үүссэн тухай даатгагчид мэдэгдэх талаар зохицуулалт туссан байх бөгөөд миний бие бага хүүгээ алдсан уй гашуутай үед эд хөрөнгөтэй холбоотой өргөдөл хүсэлт гарган явах боломжгүй байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулж байсан тул уг асуудлыг хуулийн байгууллагын зүгээс шалган тогтоон, шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан. Даатгуулагч нь гэрээний дээрх заалтын 725 цаг, 90 хоногийн хугацаанд мэдэгдэх боломжгүй нөхцөл байдлууд үүсэхийг даатгалын байгууллагын зүгээс өөрт ашигтай байдлаар ашиглан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан гэрээний нөхцөлийг даатгуулагчид тулгасан үйлдэл гэж үзэж байна. Даатгагч байгууллагын зүгээс нөхөн төлбөр олгохоос татгалзаж буй уг үндэслэл нь дээр дурдсаны дагуу Даатгалын тухай хууль, даатгалын гэрээнд заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байхаас гадна албан бичигт дурдсан 5.1.10 гэх заалт нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд байхгүй юм. Мөн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан. Иймд хариуцагч талаас талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний үүрэгт 15,330,000 төгрөг болон үнэлгээний зардал 1,500,000 төгрөг нийт 16,830,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ё нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 90С2010030745 дугаартай Орон сууцны даатгал-ын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хорооллын 44 дүгээр байрны 3 тоотод байрлах Ү-2203020289 улсын бүртгэлийн дугаартай 39 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 1 /нэг/ жилийн хугацаатай даатгуулсан байна. Даатгалын гэрээгээр "Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол, сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохирол, байгалийн гамшиг, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй учруулсан аливаа хохирол, хулгай дээрмийн сэдлээр учруулсан хохирол гэсэн эрсдэлүүд хамгаалагдсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр даатгалын зүйл болох даатгуулагчийн өмчлөлийн орон сууцанд гал гарсан. Тус галын талаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх С.Эрдэнэтуяагийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 тоот Прокурорын тогтоол-д Иргэн ... орон сууцанд богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл гэх мэтчилэн шалтгааны улмаас цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүсэж, гэнэтийн байдлаар гал гарсан гэж тогтоосон. Гэвч даатгуулагч нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол болсноос хойш 72 цагийн дотор энэ тухай даатгагчид мэдэгдэх үүрэгтэй боловч даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 2 жил 11 сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр бүрдүүлж өгсөн байна. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 90С20Ю030745 дугаартай Орон сууцны даатгал-ын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт "Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах бөгөөд энэ талаар Даатгагчид 72 цагийн дотор /Даатгуулагч нас барсан тохиолдолд хамаарахгүй / 1800-1990 утсаар мэдэгдэх гэж заасны дагуу мэдэгдээгүй, мөн гэрээний 6.1.6 дахь хэсэгт Хохирол гарсан тухай дэлгэрэнгүй албан тоот /хувь хүн бол өргөдөл/ нотлох баримт, материалуудын хамт Даатгагчид 90 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй... гэж тус тус заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдаг. Дээрх үүргүүдээ даатгуулагч биелүүлээгүй нь даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол нөхөн төлбөр олгохоос татгалзана гэсэн заалтын үндэслэл болдог билээ. Нэхэмжлэгч нь даатгалын гэрээгээр хүлээсэн дээр дурдсан үүргүүдээ биелүүлээгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Даатгалын гэрээ, баталгаа 2 хуудас, ...-ийн албан бичиг 1 хуудас, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг 1 хуудас, Хохирлын үнэлгээний тайлан 14 хуудас, Хохирлын үнэлгээний төлбөрийн баримт 1 хуудас, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020.12.23-ний өдрийн 12/261 тоот Шинжээчийн дүгнэлт 2 хуудас, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2020.12.23-ны өдрийн 12/262 тоот Шинжээчийн дүгнэлт 3 хуудас, Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай Мөрдөгчийн тогтоол 1 хуудас, Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай Мөрдөгчийн тогтоол 1 хуудас, Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай Прокурорын тогтоол 2 хуудас, иргэн Н.Дашнямын нас барсны бүртгэлийн гэрчилгээ.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Монол даатгал ХК-д нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл 2023.11.08, итгэмжлэл.

 

Шүүгчийн захирамжаар: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2024.12.09-ний өдрийн №Ц-1/5972 албан бичиг, Хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.11.09-ний өдрийн №1632 тогтоол, Прокурорын шийдвэрийг мэдэгдсэн №1632 тэмдэглэл, Прокурорын тогтоол 2 хуудас зэрэг баримт.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч ё нь ...-тай Орон сууцны даатгалын гэрээ байгуулсан, уг даатгалын гэрээ нь хүчинтэй байх хугацаанд өөрийн өмчлөлийн орон сууцанд цахилгааны хэлбэлзлээс үүссэн гал гарсны улмаас өөрийн бага хүүхэд нь угаартаж нас барсан, улмаар уг осолтой холбоотойгоор цагдаагийн байгууллагаас шалгаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 дугаар Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэр гарсныг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Орон сууцанд учирсан хохирлын хэмжээг үнэлгээний байгууллага 15,330,000 төгрөгөөр тогтоосон, мөн үнэлгээний төлбөр 1,500,000 төгрөг болсон. Даатгалын байгууллагад орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг төлүүлэхээр хандсан боловч нөхөн төлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлийг тайлбарлахдаа даатгалын тохиолдол бий болсон байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр тохирсон баримтыг хугацаанд нь гаргаж өгөөгүй гэж татгалзсан. Гэтэл уг үндэслэл нь Даатгалын тухай хууль, даатгалын гэрээний холбогдох зохицуулалтад тусгагдсан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байхад татгалзсан нь үндэслэлгүй.

2.1. Даатгагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч ..даатгалын байгууллагын шийдвэр үндэслэлтэй. Даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэсэн хариуг өгсөн тул нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж маргажээ.

3. Хариуцагч.... нь иргэн ётэй Орон сууцны даатгал-ын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан талаар маргахгүй боловч даатгалын гэрээнд заасан хугацааны дотор даатгалын тохиолдлыг даатгуулагч мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, даатгагчид тухайн осол болсон талаар мэдэгдээгүй, даатгалын тохиолдол болсноос хойш 2 жил 10 сарын дараа баримтыг бүрдүүлж хүсэлт гаргасан нь нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарна гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

5. ё нь 2020 оны 7 дугаар сард Төрийн банкнаас хэрэглээний зээл авах зорилгоор Зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалжээ.

6. Улмаар, зээлийн болон барьцааны гэрээг байгуулахтай холбоотойгоор ё нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр №203853033120002 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ-г ...-тай 1 жилийн хугацаатай байгуулжээ.

а/ Зохигчдын байгуулсан гэрээний даатгалын зүйл нь орон сууц, гэрээний зорилго нь гэрээнд заасан эрсдэлийн улмаас эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.

7. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах ... өмчлөлийн орон сууц буюу даатгалын зүйлд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цахилгааны богино холболт үүссэний улмаас гал гарсан, гал түймэр гарсан шалтгаант холбоотойгоор хүний амь нас эрсэдсэн, мөн нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гал түймрийн улмаас хохирол учирсан үйл баримт, уг тохиолдол нь талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарах эсэх талаар, даатгалын хураамж төлөгдсөн эсэх талаар, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй боловч даатгалын тохиолдлыг гэрээгээр харилцан тохирсон хугацаанд даатгуулагч нь даатгагчид мэдэгдээгүйгээс хохирлыг нөхөн төлөх үүрэг үүссэн эсэх асуудал нь маргааны үндэслэл болжээ.

8. ё нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр №203853033120002 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ-г ...-тай даатгалын зуучлагч Төрийн банк ХК-иар дамжуулан 1 жилийн хугацаатай байгуулжээ.

8.1. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах ... өмчлөлийн орон сууцанд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цахилгааны богино холболтын улмаас гал түймэр гарч, түүний хүү 4 настай Н.Дашням нь угаартаж, нас барснаас гадна гал түймрийн улмаас орон сууц, эд хөрөнгөд хохирол учирч даатгалын тохиолдол үүсчээ.

8.2. Дээрх үйл явдал болсонтой холбоотойгоор гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021.01.04-ний өдөр №210900029 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээн шалгасан, улмаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.11.09-ний өдрийн №1632 тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

8.3. Нэхэмжлэгч ё нь Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.11.09-ний өдрийн №1632 тогтоолыг 2023.05.03-ны өдөр гардан авчээ.

9. Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан №203853033120002 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ-ний 5.7-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж, гэрээний 6.1.5-д "Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах бөгөөд энэ талаар Даатгагчид 72 цагийн дотор /Даатгуулагч нас барсан тохиолдолд хамаарахгүй/1800-1990 утсаар мэдэгдэх үүрэгтэй, мөн гэрээний 6.1.6-д Хохирол гарсан тухай дэлгэрэнгүй албан тоот /хувь хүн бол өргөдөл/ нотлох баримт, материалуудын хамт Даатгагчид 90 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй. Аюул осол, хохирол нь хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгөх хугацааг сунгаж болно гэж заасан, эдгээр хэм хэмжээнд үндэслэн нөхөн төлбөр олгохоос даатгагч татгалзжээ.

10. Хэрэгт цугларсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэхэд даатгуулагч ё нь даатгалын тохиолдол бий болсон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш дээр дурдсан гэрээнд заасан хугацааны дотор даатгалын тохиолдлыг даатгагчид мэдэгдэх, холбогдох баримтыг бүрдүүлж өгөөгүй байна.

а/ Нэхэмжлэгч ё нь өөрийн хүүхдийг гал түймрийн аюулаас шалтгаалан нас барсантай холбоотойгоор хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргасан бөгөөд энэ нь онцгой нөхцөл байдал буюу хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарах юм.

б/ Гэвч нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол болсон 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш даатгагчид нэн даруй тохиолдол бий болсныг мэдэгдээгүй, холбогдох баримтыг бүрдүүлж өгөөгүйгээс гадна хууль сахиулах байгууллагаас тухайн асуудлыг шалгаж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.11.09-ний өдрийн тогтоолоор дуусгавар болгосноос хойш хандаагүй, харин 2023.10.20-ны өдөр буюу 2 жил 10 сарын дараа даатгагчид ханджээ.

в/ Нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаантай байдал үүссэн нь болсон үйл явдлаас дүгнэхэд илэрхий боловч 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 2023.10.20-ны өдрийн хугацааны хооронд даатгагчид мэдэгдэх боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаантай байдал хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй тул даатгалын тохиолдлыг гэрээгээр тохирсон хугацаанд, мөн боломжит хугацаанд даатгагчид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

г/ Тодруулбал, нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол бий болсноос хойш хэтэрхий их хугацаа өнгөрсний дараа даатгалын байгууллагад тухайн асуудлаар хандсаныг, тухайн хугацааны туршид хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай байсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1-т зааснаар даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

д/ Мөн нэхэмжлэгч нь даатгалын гэрээнд заасан 90 хоногийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргасан боловч даатгагчид даатгалын тохиолдол бий болсныг мэдэгдэх боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай байдал баримтаар нотлогдоогүй тул талуудын хооронд гэрээгээр тохирсон даатгалын тохиолдлыг мэдэгдэх үүргээ гарцаагүй байдлын улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

11. Нэхэмжлэгч ё нь даатгагч нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгөхдөө даатгалын гэрээнд тусгагдаагүй зохицуулалтыг тусгаж, татгалзсан гэх үндэслэлээр мөн маргасан боловч ...-иас даатгуулагч ... нөхөн төлбөр олгох хүсэлтэд татгалзсан хариуг 2023.12.04-ний өдрийн 01/2012 албан бичгээр өгөхдөө талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 5.7 дахь заалтыг 5.1.10 гэж ташаа бичсэн байх тул гэрээний заалтыг ташаа бичсэнтэй холбоотойгоор хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй гэж үзэв.

12. Түүнчлэн нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3-т Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан тул даатгалын нөхөн төлбөрийг хариуцах ёстой гэж маргажээ.

а/ Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болох бөгөөд даатгуулагчийн үл мэдээлсэн явдал нь даатгагчид хохирол учруулахгүй гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй, даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй гэж үзэн нөхөн олговор 16,830,000 төгрөгийг даатгагчид шууд хариуцуулах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

13. Эдгээр үндэслэлээр хариуцагч ...-д холбогдуулан, даатгалын нөхөн олговорт 16,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1-т зааснаар хариуцагч ...-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 16,830,000 төгрөг гаргуулах тухай ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД