Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Гэрч Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц. А-д холбогдох эрүүгийн 1719000740063 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, Сайншанд дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 9в байр 63 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ц. А, РД: ЧС72022917

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч Ц.А нь Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр, Ханги хилийн боомтод 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гаалийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил гаргагч Т.О 76,8 кг чулууг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан сольж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гаалийн хяналтын бүсийн гарах хэсэгт 96-94 ДГА улсын дугаартай О-н эзэмшлийн тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд суудлын доор хэсэгт 76,8 кг чулуу байхаар нь хураан авсан. Хураан авснаас хойш О нь байнга ирж ар гэрийн гачигдалтай гээд байхаар нь 08 дугаар сарын 18-нд буцаан өгсөн. 08 дугаар сарын 23-нд О-н хамт гаалийн газар луу шөнийн 00 цагийн үед очин жижүүрт хүлээлгэн өгөөд хот руу О-тэй хамт явсан. Хотод байхад гаалийн байцаагч М нөгөө чулуунаас дээж авч гаалийн жолооч Б-р явуулан лабораторт хүлээлгэж өгсөн...”  гэв,

 

Гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ханги боомтын хэсгийн төлөөлөгч У надтай утсаар яриад О гэх хүн улсын хилээр хууль бусаар хязгаарласан бараа буюу 76,8 кг чулуу гаргах гэж байгаад баригдсан хэргийг яаж шийдвэрлэх гэж байна гэсэн. Энэ талаар надад ямар ч мэдээлэл байгаагүй, над дээр материал ирээгүй байсан болохоор салбарын эрхлэгч Э-н ээлжийн амралттай хугацаанд орлож байсан А-тай холбогдож энэ талаарх материалаа явуулаач, түрүүчийн 7 хоногийн мэдээ авахад зөрчил байхгүй гэж байсан гэж хэлсэн юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа гаалийн байцаагч Ц.А-ын материалжуулсан зөрчлийн материал нь ирээд хураагдсан эд зүйл нь ирээгүй учраас А-той холбогдож хураагдсан эд зүйлээ хурдан явуул гэхэд машин олдохгүй байна гэдэг байсан...” гэв,

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хас нэртэй чулуу бол тарифын бус аргаар хязгаарласан бараа гэдэгт орно. Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам баталсан. Журмын 3.1.8 дугаар зүйлд “үнэт металл, эрдэнийн чулууны дээж - үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторын шинжилгээний дүгнэлтийг үндэслэн Сорьцын улсын хяналтын улсын хяналтын албанаас олгосон тодорхойлолтыг авсан байх ёстой. Журмын дагуу холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч гаальд мэдүүлж, бүрдүүлэлт хийсний дараа улсын хилээр нэвтрүүлдэг... ЗГ-ын 2010 оны 11 дүгээр сарын 03-ны дүрэм журам шинэчлэн батлах тухай 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох тэдгээрийг бүртгэх журам”-ын 6 дугаар зүйлийн Үнэт металл, эрдэнийн чулууны ангилал хэсэгт 6.2.4 Өнгөлгөөний чулууны жагсаалтад 1. Хас Jasper  гэж орсон байна...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ журам үйлчилж эхэлсэн. Энэ нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын 195 тоот тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох устгах журам”-ын дагуу шийдвэрлэнэ. Аливаа төрлийн чулууг Монгол Улсын хилээр гаргахад дээрх зарчмаар явах бөгөөд мөн хуулийн хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийж, зохих журмын дагуу хяналтыг тавина...Энэхүү хэргийг хуулийн дагуу шийдвэрлэнэ үү...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 37-38, 39-40  дүгээр хуудас/,

 

Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаана, яагаад солигдсон талаар надад хэлж мэдэх зүйл алга байна. Анх надруу явуулахдаа скочдоод явуулсан байсан. Тэр хэвээрээ л байгаа. Хаана солигдсон талаар надад мэдэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2017 оны 07 дугаар сард Айраг сумын нутаг дэвсгэрээс байгалийн чулуу түүгээд 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байх Ханги боомтоор гаргаж ямар үнэ хүрэхийг нь үзэх гэж байгаад хил дээр хилийн тагнуулын ажилтан а/д Г, гаалийн улсын байцаагч Ц.А нарт баригдаж чулуугаа хураалгасан. Тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн 96-94 ДГА улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн арын шалан доор 76 кг байгалийн чулуу хийгээд гаргах гэж байсан юм. Тэдгээр чулууны нэрийг нь би сайн мэдэхгүй, ямар ч байсан өвөрмөц сонин, дахин давтагдашгүй хэлбэртэй чулуу байсан. Тухайн үед би машиндаа эхнэр У.Б болон нэг зорчигч Г гэдэг хүнтэй хамт явж байсан юм. Тэгээд би Ц.А байцаагчийг 4-5 хоног гуйж байгаад хамт идэж, ууж байгаад 76 кг чулуугаа буцааж аваад оронд нь өөр чулуу хийж өгсөн. Би А ахтай 2-3 хоног хамт архи ууж, гуйж байгаад хураалгасан чулуугаа буцааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаалийн улсын байцаагч Ц.А-н хамт 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр саарал өнгийн 96-94 ДГА улсын дугаартай фургон маркийн автомашин гаалийн хяналтын талбайд орж ирсэн ба улсын байцаагч Ц.А-н хамт үзлэг хийхэд уг автомашины шалны доор нуувч хийж түүндээ оймсонд хийсэн болон гялгар ууттай чулуунууд гарч ирсэнийг гаалийн улсын байцаагч Ц.А хураан авсан юм. Тухайн үед чулууг илрүүлэн хураах үед би хамт байсан. Би өөрийн гар утсан дээр бичлэг хийж мөн зургийг нь авсан юм... би гаалийн байцаагч Ц.А-д наад хураагдсан чулуунуудаа гаалийн агуулахад хийхгүй юм уу гэхэд агуулахын түлхүүр байхгүй гаалийн салбарын эрхлэгч Э дарга аваад явчихсан юм шиг байна гээд чулууг ажлынхаа өрөөнд оруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тагнуулын ажилтан а/д Г надруу 15 цагийн орчимд байх утсаар яриад гаалийн байгууллагатай хамтарсан шалгалт хийхэд улсын хилээр хууль бусаар байгалийн чулуу гаргах гэж завдсан машин илрүүллээ, гаалийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна гэсэн юм.Тэгээд би ханги хилийн боомт дээр 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр очсон ба тухайн улсын хилээр хууль бусаар байгалийн чулуу гаргах гэж байгаад баригдсан Т.О-н хэрэг юу болж байна, хэзээ манайд шилжиж ирэх гэж байна гэж Сайншанд дахь гаалийн зөрчил хариуцсан улсын байцаагч М-тай утсаар ярихад М нь тийм зөрчлийн материал над дээр ирээгүй би мэдэхгүй байна гэсэн юм... тэр хураагдсан чулуу нь юу гэдэг чулуу байсныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын хилийн гарах талын чиглэлд ажил үүргийн хуваарийн дагуу хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 08:46 минутын үед 96-94 ДГА улсын дугаартай фургон маркийн машинтай Т.О машиныг гарах талд хил дээр шалгасан. Шалгалтыг тээврийн хэрэгсэлд кабин дотор буюу заалны хамгийн ард талын суудлын доод хэсэгт хар өнгийн том цүнхтэй зүйлийг шалгасан. Шалгахад дотоод байгалийн чулуу байсныг илрүүлэн дотогшоо ажлын байрандаа авч орж, баталгаат жингээр жинлэж үзэхэд 76,8 кг байгалийн чулуу байсан... ингээд чулуу хураасны дараа тэр өдрөөс эхлээд бага хүүхэд нь элэгний эдгэшгүй өвчтэй өр, ширтэй гэх мэтээр янз бүрийн зүйл ярьсан, чулуугаа авъя гэж их гуйсан... ингээд түүнээс хураан авсан чулууг нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 180 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.

                         

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

                                                               

 Шүүгдэгч Ц.А нь Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр, Ханги хилийн боомтод 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гаалийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил гаргагч Т.О-н Монгол Улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан 76,8 кг чулууг хураан авсаны дараа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж эд мөрийн баримтыг буцаан олгож бусдад давуу байдал бий болгосон болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт зааснаар гаалийн байцаагч нь төрийн тусгай албан тушаалын ангилалд хамаардаг ба хавтаст хэргийн 161 дүгээр хуудаст авагдсан тодорхойлолтоос үзвэл шүүгдэгч Ц.А нь гаалийн газарт шалгагч, улсын байцаагчаар 2000 оноос эхлэн ажилласан байна. Гаалийн Ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Б/213 тоот тушаалаар Сайншанд дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар томилогдож Гаалийн газрын албаны даргын баталсан хуваарийн дагуу Ханги дахь гаалийн салбарт сэлгэн ажилласан байна. Үүнээс үзэхэд Ц.А-г төрийн тусгай албан тушаалд 18 жил ажилласан, албан үүрэг, бүрэн эрхээ ухамсарласан төрийн туршлагатай албан тушаалтан гэж үзэхээр байна.

 

Хавтаст хэргийн 133 дугаар хуудаст авагдсан Сайншанд дахь гаалийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/09 дугаарт тушаалаар баталсан хяналт, шалгалт, бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарийн 3 дугаар зүйлийн 3.15 дахь хэсэгт: “Гаалийн хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд зохих журмын дагуу зөрчлийг шийдвэрлэх, энэ тухайгаа гаалийн улсын ахлах байцаагчид заавал мэдэгдсэн байх. Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн тохиолдолд үзлэгийн акт үйлдэх бөгөөд зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч хойшлуулшгүй ажиллагаа явуулж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хэргийг харъяаллын дагуу шилжүүлнэ” гэж зааснаар Ц.А нь хавтаст хэргийн 75-77 дугаар хуудаст авагдсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 75-77/, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн хэрэгт хавсаргах тухай тэмдэглэл /хх-78/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай 1719000027 дугаарт тэмдэглэл /хх-ийн 79-80/ зэрэг ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн байна. Харин энэ тухайгаа гаалийн улсын ахлах байцаагчид заавал мэдэгдсэн байх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хэргийг харъяаллын дагуу шилжүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй болох нь гэрч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тагнуулын ажилтан Г над руу утсаар ярьж улсын хилээр хууль бусаар байгалийн чулуу гаргах гэж завдсан машин илрүүллээ, гаалийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна гэсэн юм. Би улсын хилээр хууль бусаар байгалийн чулуу гаргах гэж байгаад баригдсан О-н хэрэг юу болж байна, хэзээ манайд шилжиж ирэх гэж байгааг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сайншанд дахь гаалийн зөрчил хариуцсан улсын байцаагч М-тай утсаар ярихад тийм зөрчлийн материал манайд ирээгүй, би мэдэхгүй байна гэсэн юм. Тухайн зөрчлийг гаалийн улсын байцаагч А, тагнуулын ажилтан Г нар илрүүлсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...улсын хилээр, хууль бусаар байгалийн чулуу гаргах гэж байна гэсэн мэдээлэл аваад гаалийн байцаагч А-той шалгалт хийхэд 96-94 ДГА улсын дугаартай фургон маркийн автомашины шалан доор нуувч хийж түүндээ оймсонд хийсэн болон гялгар ууттай чулуунууд гарч ирсэнийг гаалийн байцаагч Ц.А хураан авсан юм... тухайн үед гаалийн улсын байцаагч Ц.А-д наад чулуунуудаа гаалийн агуулахдаа хийхгүй юм уу гэхэд агуулахын түлхүүр байхгүй, салбарын эрхлэгч Э аваад явсан бололтой гээд хураагдсан чулууг ажлынхаа өрөөнд оруулж байсан. Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс ээлжийн амралтаа аваад амарч байх хооронд  гаалийн улсын байцаагч Ц.А уг чулууг гэртээ хадгалж байна гэх мэдээлэл ирэхлээр нь Ханги боомт дээр ажиллаж байсан А-тай яриад та нар тэр хураагдсан чулууг ямар санаа зорилгоор одоо болтол цагдаад шилжүүлэхгүй байгаа юм, би асуудал болгоно шүү гэж сануулсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ханги боомтын хэсгийн төлөөлөгч У надтай утсаар яриад О гэх хүн улсын хилээр хууль бусаар хязгаарласан бараа буюу 76,8 кг чулуу гаргах гэж байгаад баригдсан хэргийг яаж шийдвэрлэх гэж байна гэсэн. Энэ талаар надад ямар ч мэдээлэл байгаагүй, над дээр материал ирээгүй байсан болохоор салбарын эрхлэгч Э-н ээлжийн амралттай хугацаанд орлож байсан А-тай холбогдож энэ талаарх материалаа явуулаач, түрүүчийн 7 хоногийн мэдээ авахад зөрчил байхгүй гэж байсан гэж хэлсэн юм. Түүнээс хойш хэд хоногийн дараа гаалийн байцаагч Ц.А-ын материалжуулсан зөрчлийн материал нь ирээд хураагдсан эд зүйл нь ирээгүй учраас А-той холбогдож хураагдсан эд зүйлээ хурдан явуул гэхэд машин олдохгүй байна гэдэг байсан...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.А-ыг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дараах байдлаар үзэв. Үүнд:

 

            Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...Гаалийн улсын байцаагч А ахыг 2008 оноос мэднэ, танина...танилын нүүрээр, дээрээс нь гуйсаар байгаад чулуугаа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А өгсөн: “...О-г урьд нь танидаг байсан, гэр орноороо гарч ордог байсан...тухайн үед би экспортын талд буюу хилээр гарах талд албан үүргээ биелүүлж байгаад тагнуулын ажилтны хамт хууль бусаар, хязгаарласан барааг улсын хилээр авч гарах гэж байгааг илрүүлсэн...хувийн харьцаатай, танил тал байсан болохоор уг ажиллагаанаас татгалзах байсан ч татгалзаагүй нь миний буруу...” гэсэн мэдүүлэг,

 

            Шүүх хуралдаанд “...хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан тагнуулын газрын ажилтан Б.Г эд мөрийн баримтаар хураагдсан чулууны фото зургийг 2017 оны 08 сарын 10-ны өдөр бэхжүүлсэнийг хавтаст хэргийн 201-202 дугаар хуудаст авагдсан Т.О-н сольж хийсэн чулууны фото зураг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хас” чулуу зэргийг  харуулж анх хураан авсан чулуу мөн эсэхийг асуухад 4 дүгээр хуудсанд авагдсан чулууны зураг нь тагнуулын ажилтан Б.Г-н хамт анх хураан авсан чулуу мөн байна, харин эд мөрийн баримтаар хураагдсан чулуу нь хавтаст хэргийн 201-202 дугаар хуудаст авагдсан чулуутай адил байгаа учраас сольсон гэх байгалийн чулуу байна...”  гэсэн шүүгдэгч Ц.А-н эд мөрийн баримт шинжлэн судлахад өгсөн мэдүүлэг,

 

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ журам үйлчилж эхэлсэн. Энэ нь 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Засгийн газрын 195 тоот тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох устгах журам”-ын дагуу шийдвэрлэнэ. Аливаа төрлийн чулууг Монгол Улсын хилээр гаргахад дээрх зарчмаар явах бөгөөд мөн хуулийн хүрээнд гаалийн бүрдүүлэлт хийж, зохих журмын дагуу хяналтыг тавина... Энэхүү хэргийг хуулийн дагуу шийдвэрлэнэ үү...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч Ц.А нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, гаалийн улсын байцаагчийн үүрэг болох Монгол Улсын хилээр хууль бусаар, хязгаарлалт тогтоосон барааг нууж авч гарахыг завдсан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчлийг гаалийн улсын ахлах байцаагчид заавал мэдэгдэж, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах эрх бүхий байгууллагад хэргийг харъяаллын дагуу, хураан авсан эд зүйлийн хамт шилжүүлэх ёстой хийвэл зохих ажил үүргээ биелүүлээгүй, зориуд хэрэгжүүлэхгүй байж үүний улмаас бусдад эдийн ашигтай давуу байдал бий болгосон байна.

Шүүгдэгч Ц.А нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг ухамсарлаж, нийгмийн эрх ашигт харш үр дагаварт хүргэнэ, өөрийнх нь энэ үйлдэл хууль бус гэдгийг урьдчилан мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн: “...О-г урьд нь танидаг байсан, гэр орноороо гарч ордог байсан...тухайн үед би экспортын талд буюу хилээр гарах талд албан үүргээ биелүүлж байгаад тагнуулын ажилтаны хамт хууль бусаар, хязгаарласан барааг улсын хилээр авч гарах гэж байгааг илрүүлсэн...хувийн харьцаатай, танил тал байсан болохоор уг ажиллагаанаас татгалзах байсан ч татгалзаагүй нь миний буруу...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 18-ны орой 17 цаг өнгөрч байхад ажил дээрээс нь очиж чулуугаа авсан... дараа нь гэртээ оруулж байгаад задлаад оронд нь газраас байгалийн чулуу түүж аваад яг хуучин байгаа байдлаар нь хийж, жинг тааруулаад савлаж боогоод машиныхаа ард ачсан...2017 оны 08 дугаар сарын 24, 25-ны үед А-н хамтаар чулуугаа аваад Сайншандын гаалийн газарт ирсэн.Тэрээр гаалиас дуудсан учраас чулууг материалын хамтаар хүлээлгэж өгнө гэж хэлж байсан. Шөнө 12 цагийн үед гаалийн сахиул, манаачид хүлээлгэж өгөөд цаашаа хот руу ирсэн. Хотод ирээд салцгаасан, маргааш өдөр нь буцаад гэртээ харьсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.О чулууг авсаны дараа 2-3 хоногийн дараа сольсон... байцаагч М надаас хураагдсан чулууг авчир гэсэн учраас 08 сарын 24, 25-ны үед шөнө материал болон чулууг аваад О-н машинтай Сайншанд дахь гаалийн газарт жижүүр А-т ууттай чулууг хайрцганд хийгээд хүлээлгэж өгсөн. Улмаар шөнөдөө Улаанбаатар руу гарсан...намайг хотод байхад М байцаагч яриад байгууллагын жолооч Б-р чулууг өгч явуулсан гэсэн. Би өглөө нь галт тэрэгнээс чулууг тосож аваад Гаалийн Ерөнхий газрын төв лабораторт өгсөн. Тэр өдрөө лаборатороос аваад геологийн төв лабораторт хүргэж өгөөд маргааш нь дүгнэлтийг аваад өөрийн байгууллагын лабораторт аваачиж өгсөн. Маргааш нь лаборатороос дүгнэлтийг аваад Сайншандын гаалийн газар руу замын унаагаар явуулсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.А нь албаны эрх мэдлээ ашиглаж албан ажлын хувьд хүлээсэн үүргээ зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь нийгмийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасахаар заасан тул мөн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.А-н нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.А-н үйлдсэн хэрэг нотлогдсон тул албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг үндэслэн тухайн хүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар 76,8 кг чулууг хураан авсан. Үүнээс Сайншанд дахь Гаалийн газрын зөрчил хариуцсан улсын байцаагч Б.М нь5,8 кг чулууг дээж болгон авч Гаалийн Ерөнхий газрын лабораторт явуулсан тул шийтгэх тогтоол гарах үед эд мөрийн баримтаар хураагдсан 71 кг чулууг устгаж шийдвэрлэсэн болно.

 

Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8GB гэсэн бичигтэй флашыг хэрэгт хавсарган үлдээж, 71 кг хас чулууг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц. А-г албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 8 GB флашыг хэрэгт хавсарган үлдээж, 71 кг “Хас” чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА