| Шүүх | Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Володягийн Цэрэнрагчаа |
| Хэргийн индекс | 117/2025/0005/З |
| Дугаар | 117/ШШ2025/0002 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Газар, |
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 117/ШШ2025/0002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Цэрэнрагчаа би, *******оос Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* миний бие Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дүгээр захирамж,******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 11 сарын 30-ны өдрийн №******* дугаартай Газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, ******* гудамжны ******* тоотод байрших нэгж талбарын дугаар бүхий 600 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар,
мөн Дундговь аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамж, дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021 оны 11 сарын 29-ний өдрийн № дугаартай газар эзэмшүүлэх гэрээний үндсэн дээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, ******* гудамжны ******* тоотод байрших нэгж талбарын дугаар бүхий 1404 м.кв газрыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор зориулалтаар тус тус хууль ёсны дагуу эзэмшиж байсан.
Гэтэл Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжаар Монгол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д дахь заалтыг тус тус үндэслэн ... газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, 2020-2024 оны газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр ******* миний эзэмшлийн дээрх 2 газрын эзэмших эрхийг хүчингүй болгосноор миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна. Би тухайн 2 газрыг дуудлага худалдааны үндсэн дээр, төлбөрийг нь төлж, хууль ёсны дагуу эзэмших болсон.
Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ******* дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар ******* миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь дараах үндэслэлээр хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:
1. Аймгийн Засаг даргын “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд үндэслэх учиртай. Түүнчлэн захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж заасны дагуу маргаан бүхий актынхаа үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, актын үндэслэлдээ нарийвчлан тогтоон заах үүрэгтэй байтал үүнийг хэрэгжүүлэлгүй шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна.
2. Газар эзэмшигч надад газрын төлбөр ногдуулж, энэ талаарх мэдээлэл, мэдэгдлийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон Дундговь аймгийн Татварын хэлтсээс огт ирүүлээгүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх асуудалд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна.
3. Тухайн 2 газрыг “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар эзэмшиж байсан хэдий ч тухайн газар нь дэд бүтцэд холбогдоогүй, цахилгаан очоогүй зэрэг нөхцөл байдлын улмаас зориулалтын дагуу шууд ашиглах боломжгүй байдалд өнөөдрийг хүрч байгаа. Мөн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож эхэлсэн ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж үзэж байна.
4. ******* миний бие Газар эзэмших гэрээний үндсэн дээр дээрх нэгж талбарын дугаартай 600 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар, нэгж талбарын дугаартай 1404 м.кв газрыг 13 жилийн хугацаагаар эзэмшиж байсан бөгөөд газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
5. Засаг даргаас дээрх захирамжийг гаргаж газар эзэмшигч миний эрхийг зөрчихдөө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 29 дүгээр зүйлүүдэд заагдсан сонсох ажиллагааг огт хэрэгжүүлэлгүйгээр шууд газар эзэмшигч миний эрхийг зөрчсөнд гомдолтой байна.
Би Засаг даргын 2025.01.08-ны өдрийн ******* тоот захирамжийг 2025 оны 02 сарын 24-ний өдөр шуудангаас гардан авч мэдсэн болно.
Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-т зааснаар “.. эсхүл шүүхэд” гэснийг үндэслэн Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн зарим хэсэг болох нэгж талбарын , дугаартай *******ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн *******оос Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг[1] тус шүүхэд гаргажээ.
Гэвч нэхэмжлэгч ******* “...Дундговь аймгийн Засаг дарга гаргасан захирамжаа цуцалж газрыг буцаан эзэмшүүлэх болсон...” гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр[2] илэрхийлж мэдэгдсэн байна.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж зааснаар түүнд хуулиар олгогдсон эрх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталсан шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, мөн уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгч, энэ тухай баримтжуулсан[3] болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч .... нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад хариуцагдах “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 01 сарын 08-ны өдрийн ******* дүгээр захирамжийн зарим хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах болон уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.
ШҮҮГЧ В.ЦЭРЭНРАГЧАА