2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/03044

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 10 191/ШШ2025/03044

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .......... аймгийн .......... сумын .......... баг, ..............., ........... гудамж, ...... тоот хаягт оршин суух, Д овогт Н О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... дүүрэг, ........ хороо, .......... гудамж ...., ..........., .... давхарт байрлах, М ХХК / РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.О нэр дээр гаргуулж, өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах, орон сууц захиалан бариулах гэрээний дагуу алданги 56,960,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.О нэр дээр гаргуулж, өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах, орон сууц захиалан бариулах гэрээний дагуу алданги 56,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Н.О нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан тус компанийн барьж буй барилгаас Нийслэлийн ......... дүүргийн .... хороо ........... хотхоны .... блокийн ..... орцны .... давхрын .... тоот хаягт байрлах .... м.кв .... өрөө орон сууцыг худалдан авахаар болсон.

Гэрээгээр тохирсон байрны үнэ болох 113,920,000 төгрөгийг Н.О тохирсон хуваарийн дагуу М ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1.2-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулна", 2.1.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө, 5.10-т Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 60 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 61 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж тус тус зохицуулсан.

Орон сууц захиалгаар бариулах гэрээний дээрх зохицуулалтуудаас үзэхэд алданги тооцож эхлэх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 01-нд эхэлж байгаа бөгөөд нэг өдрийн алданги нь 113,929 төгрөг болж байгаа ба 2020 оны 06 дугаар сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх алдангийг бодоход 62,086,400 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн нийт дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн зохицуулалтын дагуу нийт авах ёстой алданги 56,960,000 төгрөг болно.

Бидний хувьд барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орж байгаа гэх мэдээллийг сонсоод 2023 оны 03, 04 саруудад М ХХК-тай хэд хэдэн удаа уулзсан боловч энэ компанийн зүгээс ямар нэг алданги өгөхгүй, захиалгын гэрээг шууд шинээр байгуулна гэсэн хууль бус шаардлага тавьж байгаа тул арга буюу шүүхэд хандахаар шийдсэн.

Иймд М ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу Нийслэлийн ......... дүүргийн ... дугаар хороо .... хотхоны ... блокийн .... дүгээр орцны .... давхрын .... тоот хаягт байрлах .... м.кв ... өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.О нэр дээр гаргуулан өгч уг байрыг Н.О өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалган, орон сууц захиалан бариулах гэрээний дагуу алданги 56,960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Тус шүүхэд иргэн Н.О болон М ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн Н.О нь М ХХК-тай Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан харилцан тохиролцож 2019 оны 07-р сарын 08-ны өдрийн .......... дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний 2.1.2-т Гүйцэтгэгч гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна хэмээн заасан 2020 оны 01 дүгээр улиралд багтаан барьж, захиалагч буюу нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй нь орон сууц захиалан бариулах гэрээний 7.1-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал хамаарч байгаа ба талуудын хүсэл зоригоос үл шалтгаалах хариуцагч тал үүргээ бүрэн эсвэл зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон.

Монгол Улсад Корона вирусийн анхны тохиолдол 2020 оны 03 дугаар сард буюу 2020 оны 01 дүгээр улиралд анхны тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс өмнө дэлхий дахинд корона вирусийн тархалт аль эрт бүртгэгдэж хорио цээр тогтоогдож эхэлж, үүнээс улбаалж бараа материалын хомсдол үнийн хөөргөдөл үүсэж аж ахуй нэгжүүд санхүүгийн хүндрэлд орч эхэлсэн байсан.

Үүнтэй холбоотой Улсын онцгой комиссын шийдвэрээр тавьсан хорио цээрийн улмаас барилгын ажил зогсож, бараа материалын хомсдол бий болсон уг давагдашгүй нөхцөл байдлын улмаас Цар тахалтай холбоотой Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг-т шилжүүлсэн бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу бүх нийтийн хөл хорио тогтоосон нь дээрх тодорхойлолт ёсоор гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлд хамаарч байгаа тул нэхэмжлэгч буюу Н.О нь алданги болох 56,960,000 төгрөг, мөн улсын тэмдэгтийн хураамж болон алдангийн 1,240,500 төгрөгийг шаардах эхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн нь гэрээний үүргийн зөрчил болно. Улмаар гэрээний үүргийн зөрчил болон хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай.

М ХХК болон Н.О нарын байгуулсан гэрээний 7.1-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл, хүнд нөхцөл байдал хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгч буюу Н.О нь .... м.кв талбайг маш бага үнээр буюу 1,600,000 төгрөгөөр захиалаад нийт 113,920,000 төгрөгийн 30,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулаад үлдэгдэл төлбөр болох 83,920,000 төгрөгийг хүүгүй хуваан төлсөн ба эргүүлээд маш их хэмжээний алданги шаардаж байгаа нь ёс зүйгүй, шунахай үйлдэл гаргаж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 232.8 дахь хэсэгт заасан илт их хэмжээний анз шаардаж байгаа нь шударга ёсны зарчимд үл нийцэж байна.

Иймд М ХХК-иас үл шалтгаалах бараа материалын хомсдол үүссэн улмаар ажил гүйцэтгэх бараа материалгүйгээс ажил удааширсан тул нэхэмжлэгчийн дурдаж буй гэрээний 5.10-т заасан гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдал бүрдээгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгчийн алданги болох 56,960,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж болон алдангийн шаардлагад гаргасан 1,240,500 төгрөгийг шаардах эрхгүй ба тус нэхэмжлэлийн шаардлага болох нийт 58,200,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2023/08511 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, итгэмжлэл, 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, ... А блок авлага алданги зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

4. Хариуцагчаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

5. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас М ХХК-ийн барьсан ....... дүүрэг, ... дугаар, .......... хотхоны .... блокийн .... дүгээр орцны .... давхрын .... тоот хаягт байрлах ... м.кв талбайтай .... өрөө орон сууц улсын бүртгэлд ямар хаягжилтаар бүртгэгдсэн эсэх, уг орон сууцны өмчлөгчийн түүхчилсэн баримт, лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр М ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, гэрээгээр тохирсон ажлын хөлс 113,920,000 төгрөгийг тохирсон хуваарийн дагуу М ХХК-д бүрэн төлж барагдуулсан. Гүйцэтгэгч гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулах байсан ч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлд хүлээлгэн өгөөгүй. Иймд орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж, алданги шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд ... Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.О нэр дээр гаргуулж, өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, харин Корона вирус цар тахалтай холбоотой ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон тул алданги 56,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан ............. дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр гүйцэтгэгч нь ......... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт ................ хотхоны .... блок, .... орц, .... давхар, .... тоот .... м.кв талбайтай, ... өрөө орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулах, захиалагч нь 113,920,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

6. Талууд 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт үйлдэж, захиалагч Н.О 113,920,000 төгрөгийг төлсөн бөгөөд тооцооны үлдэгдэлгүй болохыг баталгаажуулжээ.

 

7. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч ажлын хөлсийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулсан талаар зохигч маргаагүй, мөн нэхэмжлэгчийн гаргасан орон сууцыг түүний өмчлөлд шилжүүлэн өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч татгалзаагүй.

 

8. Харин хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч анз шаардах эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл байна.

 

9. Гэрээ байгуулах үед орон сууцны барилгын ажил эхлээгүй байсан бөгөөд орон сууцыг хариуцагч нар тодорхой хугацааны дараа барьж дуусган нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээний агуулга, хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

10. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

11. Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр гүйцэтгэгч нь ......... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ............... хотхоны .... блок, .... орц, .... давхар, .... тоот .... м.кв талбайтай, ... өрөө орон сууцыг 2021 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулах, захиалагч нь гэрээ байгуулж хүчин төгөлдөр болсон өдөр урьдчилгаа 30,000,000 төгрөгийг, үлдэгдэл төлбөр болох 83,920,000 төгрөгийг гэрээний хавсралт №1-д заасны дагуу төлж барагдуулах, гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

12. Нэхэмжлэгч Н.О нь орон сууцны урьдчилгаа 30,000,000 төгрөг, үлдэгдэл 83,920,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж үүргээ биелүүлсэн бол хариуцагч М ХХК гэрээнд заасан 2020 оны 1-р улиралд орон сууцыг барьж ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй байна.

 

13. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.27-ны өдрийн 5/11878 тоот албан бичгээр гэрээнд заасан орон сууцны албан ёсны хаяг нь ............ дүүргийн .... дүгээр хороо, ........... хороолол ............... гудамж .... дугаар байрны .... дүгээр орцны .... тоот ба уг барилгын өмчлөх эрх бүхэлдээ эрхийн улсын бүртгэлийн .............. дугаарт 100 хувийн гүйцэтгэлтэйгээр 2023.05.03-ны өдөр М ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон. /хх-106/

 

14. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 3.1.4-д захиалагч нь орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн өмчлөлд шилжүүлж өгөхийг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй, 4.2.1-д гүйцэтгэгч орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, 4.2.7-д гүйцэтгэгч орон сууцыг захиалагч талын өмчлөлд шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг саадгүй гаргаж өгөх гэж тус тус зааснаар нэхэмжлэгч орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг шаардах эрхтэй, хариуцагч өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байна.

 

15. Иймд Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.3-д заасан .......... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ............ хотхоны .... блок, .... орц, .... давхар, .... тоот .... м.кв талбайтай, ... өрөө орон сууц буюу албан ёсны хаяг ................ дүүргийн ... дүгээр хороо, ............ хороолол ................ гудамж .... дугаар байрны .... дүгээр орцны .... тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.О нэр дээр гарган өгч, орон сууцыг Н.О өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

16. Талууд Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1.3-д Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагч талд төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу тодорхойлно гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

 

17. Нэхэмжлэгчээс 2020.06.01-ний өдрөөс 2022.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 56,960,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, анзын хэмжээ илт их, Ковид-19 цар тахлын улмаас орон сууцыг тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй хугацаа хэтэрсэн нь гүйцэтгэгчийн буруугаас болоогүй гэж маргасан.

 

18. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1.2, 5.10-д зааснаар талууд орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгөх эцсийн хугацааг 2020.06.01-ний өдрөөр тогтоосон байх боловч хариуцагч гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

19. Ковид-19 цар тахал гарсны улмаас Монгол Улсын Засгийн газар 2020.11.11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор анх бүх нийтийн бэлэн байдал зарлаж, 2021.04.23-ны өдрийн 104 тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлыг 5 дугаар сарын 8-ны өдрөөр дуусгавар болгосон.

 

20. Алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 2020.06.01-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдал зарласан 2020.1.11-ний өдөр хүртэл 164 хоног, бүх нийтийн бэлэн байдлыг дуусгавар болгосон 2021.05.08-ны өдрөөс 2022.12.31-ний өдөр хүртэл 603 хоног, нийт 767 хоногийн хугацаанд хариуцагч гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх боломжтой байсан гэж үзэхээр байна.

21. Иймд дээр дурдсан хугацаанд хариуцагч талд ажил гүйцэтгэхэд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд 767 хоногийн хугацаанд ногдох алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул хариуцагчаас алданги 56,960,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ............ дүүргийн .... дүгээр хороо, .................. хороолол .................... гудамж ..... дугаар байрны .... дүгээр орцны .... тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Н.О нэр дээр гарган өгч, уг орон сууцыг Н.О өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М ХХК-д даалгасугай.

 

2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-иас алданги 56,960,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,240,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,240,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.О олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ