| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийсайхан Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 114/2025/0012/З |
| Дугаар | 114/ШШ2025/0010 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Сонгууль, Төрийн хяналт шалгалт, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 114/ШШ2025/0010
Хариуцагч гомдлыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ би, ******* гомдолтой Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагатай захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие 2024 онд орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн. Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны явцад 2 найзаас 200 000, 100 000 төгрөг хандивт өгсөн. Уг хандивыг зарцуулахдаа буруу зарцуулж өөрийн харилцах данс руугаа шилжүүлж сонгуулийн хандивыг зарцуулах хууль, дүрмийг судалж, мэдээгүйн учир ийм алдаа гаргасан. Иймд иргэн би хандивт ирсэн 300 000 төгрөгийг хууль журмын дагуу улсын орлогод эргүүлэн шилжүүлж өгөхөд бэлэн байна. Миний гаргасан энэ алдаанд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн би одоо 61 настай өндөр насны тэтгэвэр авдаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нуруу нугасны хүнд хагалгаанд орж хэвтрийн дэглэмтэй биеийн байдал хүндэвтэр байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Гомдол гаргагч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нуруу нугасны хүнд хагалгаанд орж хэвтрийн дэглэмтэй, миний гаргасан алдаанд оногдуулсан 10 000 000 төгрөгийг төлөх боломжгүй тэтгэврийн зээлтэй биеийн байдал хүндэвтэр байгааг харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг хүлээн авч сонгуулийн зардлын дансанд хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив болох 300 000 төгрөгийг улсын орлогод шилжүүлсэн байх тул ******* гаргасан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх ******* Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх...”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ.
3. Хариуцагчаас гомдол гаргагчийн гаргасан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд бичгээр гаргаж илэрхийлсэн бөгөөд ийнхүү гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар хариуцагчид тайлбарласан ба түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан ******* Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.
ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ