| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00322/И |
| Дугаар | 320/ШШ2025/00399 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 320/ШШ2025/00399
| 2025 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 320/ШШ2025/00399 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
320/2025/00322/И
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Х компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Б,
Хариуцагч: А.Д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,076,683.84 (гурван сая далан зургаан мянга зургаан зуун наян гурав төгрөг наян дөрөв мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг, 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Д нь нэхэмжлэгч Х ХК-тай 2022 оны 10-р сарын 03-ны өдөр ЗГ/49150206 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 8,571,952.33 төгрөгийг, жилийн 16,8%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээр дурьдсан онлайн цалингийн зээлийн гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж, нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр БГХ/49150206 тоот барьцааны гэрээ байгуулж, өөрийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалуулсан байна. Зээлдэгч 2025 оны 02 дугаар сарын 21-ний байдлаар үндсэн зээлд 5,793,020.5 төгрөг, зээлийн хүүд 1,887,097.36 төгрөг, нийт 7,680,117.86 төгрөгийг төлсөн байна.
Харин үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 203 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 2,778,931.83 төгрөг, зээлийн хүү 274,805.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,946.91 төгрөг, нийт 3,076,683.84 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус үүргийн зөрчилөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Банкны санаачлагаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэхээр байна. гэжээ.
Хариуцагч А.Д 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд: А.Д би Х ХК-ийн Хөвсгөл салбараас нэхэмжилж байгаа үндсэн зээл 2,778,931.81 төгрөг, зээлийн хүү 274,805.1 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,946.91 төгрөг, нийт 3,076,683.84 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. гэх хариу тайлбарыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б нь хариуцагч А.Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 3,076,683.84 (гурван сая далан зургаан мянга зургаан зуун наян гурав төгрөг наян дөрөв мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад хариуцагч А.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч А.Д ын энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж хуульчилсан тул хариуцагч А.Д аас 32,088.5 төгрөгийг, улсын орлогоос 32,088.5 төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Д т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 3,076,683.84 (гурван сая далан зургаан мянга зургаан зуун наян гурав төгрөг наян дөрөв мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Д аас 32,088.5 (гучин хоёр мянга наян найман төгрөг таван мөнгө) төгрөгийг, улсын орлогоос 32,088.5 (гучин хоёр мянга наян найман төгрөг таван мөнгө) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА