2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/01377

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 02 сры 13 өдөр

191/ШШ2025/01377

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч:  тоотод оршин суух Цын Т /РД: ***/-ын хүсэлттэй,

 

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Ц.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дэжид нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Хүсэлт гаргагч Ц.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Би 1980 онд 8 дугаар анги төгсөөд Ц гэх айлд туслах малчнаар ажилласан. 1982 оны 06 сард цэргийн албанд явсан. 1985 оны 06 сард халагдаж ирээд 1988 он хүртэл мал маллаж байсан. Туслах малчнаар ажилд орсон, гарсан тушаал маань Архивын байгууллагад байхгүй байгаа. 1985 оноос 1988 он хүртэл худгийн моторчноор давхар ажиллаж байсан. Ингээд хотод орж ирсэн. Тэтгэвэрт гарахад 3 жилийн хугацаа дутаж байгаа. Мал тооллогын А данснаас бас гарч ирэхгүй байгаа талаар бичиг явуулсан байсан Батжаргал, Норжинсүрэн гэх хүмүүс тухайн үед надтай цуг төгсөж, хамт ажиллаж байсан хүмүүс байгаа юм. Эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгасан.

Архиваас ямар ч баримт нь гарч ирэхгүй байгаа тул шүүхэд хандсан. Иймд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож гэв.

 

2. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

 

2.1 Хүсэлт гаргагчаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх-2/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-4/, Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 473 дугаартай тодорхойлолт /хх-5/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1980 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай тушаал /хх-6/, Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай тушаал /хх-7-8/, Үндэсний төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1476 дугаартай тодорхойлолт /хх-9/, Нийслэлийн архивын газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 743 дугаартай тодорхойлолт /хх-10/, гэрч Ц.Бын тодорхойлолт /хх-11/, гэрч А.Югийн тодорхойлолт /хх-12/, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 547 тоот малын А дансны лавлагаа /хх-22/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/03318 дугаар шийдвэр /хх-23-24/, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08/1245 тоот лавлагаа /хх-25/, зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

2.2 Шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрч Ц.Б, А.Ю нараас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-18-21/,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/020567 дугаар захирамжаар Төв аймгийн Өндөрширээт сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03/12 тоот албан бичиг /хх-34/ тус тус хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хүсэлт гаргагчаас шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

Үндэслэх НЬ:

 

1. Хүсэлт гаргагч Ц.Т нь Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хүсэлт гаргагч нь хүсэлтийн үндэслэлийг ... Би Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гээд архивын газраас баримт шүүлгэхэд ямар ч баримт байхгүй байна гэх лавлагаа, тодорхойлолт өгсөн. Надад 3 жилийн хугацаа дутсан тул учир тэтгэвэр тогтоолгож болохгүй байна гэж тайлбарлаж байна.

 

3. Хүсэлт гаргагч нь Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

 

3.1 Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1980 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ... Цын Тыг Баянтуул бригадын хоньчин Цын суурьт ... туслах хоньчноор ажилд томилсугай гэж,

Төв аймгийн Өндөрширээт сумын Хөгжил нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 43 дугаартай Ажилд томилох тухай тушаалд ... 1,2,3 дугаар хавсралтад нэр дурдсан малчдыг Баянтуул, Наранбилэг бригадад хоньчин, Баясах бригадад үхэрчин, саальчнаар 1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулсугай, 1 хавсралтын 48-т Т гэж тус тус дурджээ.

 

3.2 Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08/1245 дугаар лавлагаагаар ... Цын Т нь Төв аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0130 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанаас халагдсан болохыг тодорхойлсон байна.

 

3.3 Гэрч Ц.Б ... Бид 1972-180 онд нэг ангид сурч төгссөн. 1980 онд илгээлт аваад Тын аав буюу Ц гэдэг айлд малчнаар очоод 1982 он хүртэл малчнаар ажилласан. Улмаар 1982-1985 онд цэргийн албанд татагдаж, үргэлжлүүлээд Ц гуайнд 1 жил 6 сар ажилласан гэх мэдүүлэг, түүний хөдөлмөрийн дэвтэр,

 

Гэрч А.Ю ... Ц.Т нь 1980 онд төвд сургуульд сурдаг байсан. Тэгээд 1982 онд цэрэгт яваад 1985 онд ирсэн. Тэрнээс хойш манайхан ойролцоо саахалт айл байсан учраас мэдэж байна. Ц.Т нь аав, ээжийндээ малчин хийж байсан гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ц.Тын хоньчин байсан болох нь тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан.

 

Хүсэлт гаргагч нь Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан баримтыг өөр аргаар олох боломжгүй болох нь Төв аймгийн Төрийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 473 дугаартай тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1476 дугаартай тодорхойлолт, Нийслэлийн архивын газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 743 дугаартай тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Ц.Тыг Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

 

5. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасанд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цын Т /РД: ***/-ыг Төв аймгийн Өндөр ширээт сумын Хөгжил нэгдэлд 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ Т.ЗОЛЗАЯА