Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/70

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Д холбогдох эрүүгийн 1838001040069 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт Б.Гийг малын хашааны уяа авлаа гэх шалтгааны улмаас түүний нуруун тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны орой Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт Б.Г-ийг малын хашааны уяа авлаа гэх шалтгааны улмаас түүний нуруун тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Дг-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай үхрийн хашааны уяа, аргамжааны алх, сур гэх зэрэг зүйл алга болсон юм. Гийг би чи авсан гаргаж өг гэсэн чинь би аваагүй гээд намайг түлхээд унагаахаар нь би босож ирээд Гийг барьж явсан аргамжаар ганц хоёр удаа ороолгосон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Д ах намайг үхрийн хашааны хаалганы оосор авсан гээд барьж явсан аргамжааны оосороор орооолгоод мөн алхаар нурууруу цохисон. Би гомдолтой байна, хохирол 90.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр Г усанд яваад ирэхдээ хүзүү нь шалбарсан, зүүн гар нь хавдчихсан намайг гол дээр Давлай ах зодчихлоо гэж орж ирсэн. Тэр өдөр Г нуруу нь өвдөөд халуурч хоносон. Манай нөхрийг хашааны оосор, алх, морины аргамжаа авлаа гэж зодсон байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Ж.-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г манайд орж ирээд цай хийж өгөхөд авахдаа нэг муу оригоод байхаар нь наад гар чинь яасан юм гэсэн чинь Давлай ах буюу Д ах зодсон гэж хэлсэн. Яагаад зодсон талаар нь асуухад хашааны оосор, аргамжаа, алах авсан гэж зодсон гэсэн. Тэгэхээр нь чи авсан юм уу гэхэд би аваагүй гэж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 90 тоот дүгнэлтэд:

1. Б.Гийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Б.Гийн биед бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн гарын сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.  

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 20 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838001040069 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Ж.Д нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 33 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.Г нь хохирол 90.000 төгрөгийг нэхэмжилсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.Д-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзлээ.

Эрүүгийн 1838001040069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ж.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Ж.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838001040069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Г нь 90.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч  Ж.Д-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР