Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1107

 

 

 

 

 

      2023             11            16                                        2023/ДШМ/1107

 

Ш.Н холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Батзаяа,

шүүгдэгч Ш.Н-н өмгөөлөгч Д.Батдулам,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг эрүүгийн 2205 02091 0900 дүгээр хэргийг 2023 оны 11 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш.Н, ....-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, эрх зүйч, малын зоо техникч мэргэжилтэй, “....” ХХК-ийн захирал, “...” ТББ-ын тэргүүн ажилтай, ам бүл 2, охины хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:.../,

Шүүгдэгч Ш.Н нь иргэн Г.Э-д“Зуслангийн газар авч өгнө, чадна” гэж Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа гэх газарт аваачиж зуслангийн газар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ....тоотод байхад нь өөрийн эзэмшлийн .... тоот Хаан банкны дансаар 3.992.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

М.Ч-с түүний ээж Ё.Э-р дамжуулан “өөрийгөө гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад ажилладаг, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж орон сууцны зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулж өгнө” гэж итгэл төрүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ....тоотод байхад нь 20.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... тоот Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ш.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш.Ныг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Наас 4.000.000 төгрөг гаргуулж хохирогч М.Ч-д олгуулж, хохирогч Г.Э-дгэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Н давж заалдах гомдолдоо: “...Миний бие гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үлдэх 4.000.000 төгрөгийг охин маань үл маргах журмаар төлөхөө илэрхийлэн хохирогчтой гэрээ хийсэн. Мөн миний бие нэр бүхий хүмүүсээс авсан мөнгөө барилгын компанид өгсөн, тухайн компаниудаас байрнуудыг авч чадаагүй байгаа болно. Энэ тухайгаа сэжигтнээр мэдүүлэхдээ хэлсэн. Гэвч энэ талаар тодруулж дээрх компаниудыг иргэний хариуцагчаар татах зэрэг шаардлагатай ажиллагааг хийгээгүй. Мөн барилгын компанид бэлнээр мөнгө өгсөн байгаа тул хэргүүдийг маань нэгтгэж шалгавал хохирол барагдах бүрэн боломжтой. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг минь харгалзан хохироос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсье.” гэжээ.

Шүүгдэгч Ш.Нын өмгөөлөгч Д.Батдулам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ш.Ныг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр болон 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гэж тогтоосон. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” гэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүн, хуулийн этгээдийг тодорхойлж заасан. Мөн миний үйлчлүүлэгч Ш.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан 1 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Прокурор Д.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний бие уг хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн хяналт тавьж ажилласан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Н нь залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Мөн шүүгдэгч Ш.Нын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Н оногдуулсан 1 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ш.Н нь иргэн Г.Э-д“Зуслангийн газар авч өгнө, чадна” гэж Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа гэх газарт аваачиж зуслангийн газар үзүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгон итгэл төрүүлж 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ....тоотод байхад нь өөрийн эзэмшлийн .... тоот Хаан банкны дансаар 3.992.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

М.Ч-стүүний ээж Ё.Э-рдамжуулан “өөрийгөө гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад ажилладаг, залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж орон сууцны зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулж өгнө” гэж итгэл төрүүлэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ....тоотод байхад нь 20.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... тоот Хаан банкны дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Э-н “...2020 оны 4 дүгээр сарын сүүлээр хадам ээж Э намайг зуслангийн газартай болох уу, манай нэг найз зуучилж өгч байна гэнэ гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Н эгчтэй баруун салаанд очиж уулзсан чинь Н эгч хоосон газрууд заагаад эд нар байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр газруудаас нь хоёр газар сонгоод энэ хоёр боломжийн юм байна гэсэн чинь мөнгөө бичиг баримттайгаа хамт өгчих гэхээр нь би 4.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны данснаас Нын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Н тухайн үедээ одоо 7 хоногийн дараа гэрчилгээ гаргаж өгнө гэж хэлээд одоог хүртэл алга болсон.” /хх 41/,

Хохирогч М.Ч “...ээж маань уг хүнээ өөрийнхөө найз гэхээр нь итгээд тухайн үедээ урьдчилгаа болох 20.000.000 төгрөг байхгүй байсан тул цалингийн зээл 11.000.000 төгрөг авч өөрт хадгалсан байсан 9.000.000 төгрөгөө нэмж 20.000.000 төгрөг болгоод ...Ш.Нын .... тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Би ч гэсэн Ш.Н эгчийг танина. Манай ээжтэй Архангай аймагт нэг газар хамт ажилладаг байсан хүн. ...Ш.Н нь Нисэхийн Шүрт гээд баригдаж байсан барилга дээр очоод уг барилгын ажилтантай нь уулзаад манай байгууллагаас залуу гэр бүлийг дэмжиж орон сууцжуулах гэж байгаа, танайхтай хамтарч ажиллая гээд байр үзэж байгаад гарч явсан. Ш.Н мөнгөө байр үзэхээс өмнө өгсөн байсан. Байранд оруулж өгнө гэхээр нь итгээд өгсөн. ...Мөнгө авснаасаа хойш байрны талаар ярихаар болчихлоо хүлээж бай, сонгууль болчихлоо, ажилтай байна, ковид өвчин гарчихлаа гэж худлаа хэлж хойшлуулаад байхаар нь мөнгөө буцааж авъя гэхэд мөнгө нь буцаад орж ирж байгаа, тэгэхээр нь өгнө, их хэмжээний санхүүжилт болохоор банкнаас гаргахгүй байна, гараад авчихлаа гэх мэт худлаа ярьж өдийг хүрч байна.” /хх 32-34/,

Гэрч Ё.Э-н “...Би анх Ш.Н гэдэг хүнтэй Архангай аймгийн Дэлхийн зөн байгууллагад хамт ажилладаг байсан. ...би байр худалдаж авах бодолтой байгаа, ач зээгээ харах ажилтай байна гэж ярьсан. Тэгсэн Ш.Н нь гадаадын хөрөнгө оруулалттай төсөл хийдэг юм, би өөрөө компанитай учраас барилгын компанитай гэрээ хийж байраа 100 хувь төлөлтөөр худалдаад авчихдаг. Ингээд залуу гэр бүлтэй хувиараа гэрээ хийдэг гэж хэлсэн. ...хүү Чойжамцаар цалингийн зээл авахуулаад урьдчилгаа мөнгө болгоод 20.000.000 төгрөг өгчихсөн. Тэгээд санхүүжилт нь орж ирээгүй байна, ковидын үе байсан учраас санхүүжүүлэх хүмүүс нь орж ирж чадахгүй байна гэж хэлээд байсан. ...Тухайн 20.000.000 төгрөгийн эзэмшигч нь манай хүү Чойжамц болно. Манай хүү өөрөө цалингийн зээл авч өгсөн.” /хх 43/,

сэжигтэн, яллагдагчаар Ш.Нын “Би уг мөнгөнүүдийг авсан нь үнэн, буцааж өгөөгүй байгаа нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” /хх 113-114/,

 

Ш.Нын эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /хх 64-68/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /хх 13-16/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ш.Ныг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам нараас “... 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд Ш.Нын  залилангийн үйлдэл хамрагдаж байна. ...шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өөрчилж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” тус тус хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

          Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” бол өршөөлийн хуульд хамруулахаар, 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

          Ш.Нын үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд үйлдэгдсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

          Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заасанд шүүгдэгч Ш.Нын үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.

Хууль тогтоогчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг дээрх байдлаар тодорхойлсноор шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тухайн хуулийг хэрэглэн аливаа шалгуургүйгээр шууд өршөөл үзүүлэхээр хуульчилсан байна.

Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор тогтоосон, уг заалт нь заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээ тул шүүх хэрэглээгүй нь үндэслэлгүй.  

          Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл түүний цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хасч, эдлээгүй үлдсэн 262 хоногийн хорих ял болох 8 сар 22 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 8 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Нын албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Э-д3.992.000 төгрөгийн, М.Ч-д 20.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх, хохирогч нарт учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж, шүүгдэгч Ш.Наас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Шүүгдэгч Ш.Н нь хохирогч М.Ч-д 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болно.  

          Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалтыг оруулж, шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдулам нараас “...анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Н Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас цагдан хоригдсон 103 /нэг зуун гурав/ хоногийг хасч, эдлээгүй үлдсэн (262 хоног) 8 сар 22 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар буюу 8 сар 22 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Н оногдуулсан 8 сар 22 хоногийн зорчих эрх хязгаарласан ялыг түүний албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтууд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш.Н, түүний өмгөөлөгч Д.Батдуламаас нараас “... 1 жилийн тэнссэн хугацааг болон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Шүүгдэгч Ш.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгон нэн даруй суллаж, шүүгдэгч Ш.Н хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН