| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0168/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2018-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Байгалмаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Б.Байгалмаа,
Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Хохирогч Х.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Энхболдын Нандинцэцэгт холбогдох эрүүгийн 1711005850079 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Олхонууд овогт Э.Н, Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эцэг, эх, эгч, дүү, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо Зүүн Ард Аюушийн 25-56 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ......................................................
Шүүгдэгч Э.Н нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Идэр” хүнсний дэлгүүрийн лангуун дотроос хохирогч Х.Батбилэгийн “Самсунг Жи 7” загварын гар утсыг хулгайлж 496000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Нээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр найз Мөнхцэцэгтэй хамт явж байгаад Баянбүрдийн хойд талын гэр хороололд тамхи авах гэж нэг дэлгүүрт орсон чинь эзэн нь байхгүй цаад өрөөндөө суугаад гарч ирэхгүй байсан. Би лангууных нь хажууд зогсож байсан чинь лангуун дотор нь шаргал өнгийн Самсунг галакси жи -7 загварын гар утас байхаар нь уг утсыг лангууных нь араар гараа оруулаад авсан. Утсыг аваад найз Мөнхцэцэгт энэ дэлгүүрт нээрээ ширхэгийн тамхи зардаггүй ш дээ өөр дэлгүүрээс авъя гэж хэлээд гарсан юм. Уг дэлгүүрээс утас хулгайлсан тухайгаа би найз Мөнхцэцэгт хэлээгүй ба бид хоёр Гандан хүртэл цуг яваад би Мөнхцэцэгээс муриад ганцаараа болсон үедээ уг утсыг танихгүй эмэгтэй хүнд 120.000 төгрөгөөр зарчихсан юм. Мөнгөөрөө хувцас авч өмсөөд идэж уугаад л дууссан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм хэрэг үйлдэхгүй ... Мөнхцэцэг намайг хулгай хийсэн талаар тухайн үедээ ч мэдээгүй. Одоо ч мэдэхгүй байгаа. Би хулгай хийчихээд Мөнхцэцэгт гар утас авсан тухайгаа хэлээгүй мурьчихсан юм” гэсэн мэдүүлэг /хх-45-46х/,
Шүүгдэгч Э.Нээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хүнсний дэлгүүрт тамхи авах гэж ороход лангууны хойно хэсэгт утас байхаар нь аваад гарсан. Утсыг Гандангийн тэнд нэг үл таних эгчид 120.000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хувцас мөн идэх юм авч идээд дууссан” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Х.Батбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд Идэр гэх нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. 2017 оны 8 сарын 30-ны 11 цагийн үед ажил дээр байж байтал гаднаас 2 эмэгтэй 3 эрэгтэй оюутнууд бололтой хүмүүс манай дэлгүүрт орж ирсэн. Тэр хүмүүс юм худалдаж аваагүй. Барааны үнэ асуугаад байсан. Тэр 2 эмэгтэй нь хоорондоо чанга чанга яриад байхаар нь согтуу юм уу гэж бодсон. Тэр хүмүүс удалгүй гараад явчихсан. Би тэд нарыг юм авалгүй гарахаар нь сэжиглээд гар утсаа хайтал миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд хойноос нь гараад гүйтэл тэд нар бараа сураггүй болчихсон байсан. Манай дэлгүүр гадна талдаа 1, дотор талдаа 2 ширхэг хяналтын камертай би камераа шүүж үзтэл 2 эмэгтэйгийн нэг нь миний гар утсыг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-15-17х/, ...Бичлэг дээр эрээн цамцтай эмэгтэй л ганцаараа миний утсыг хулгайлж байсан” гэсэн мэдүүлэг /хх-18х/,
Хохирогч Х.Батбилэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11 цагийн үед 2 эмэгтэй 3 эрэгтэй хүн манай дэлгүүрт орж ирсэн. Надаас бараануудын үнийг асууж байгаад гараад явсан. Гараад удалгүй би утсаа хайхад миний утас байхгүй байсан. Араас нь гарахад алга болсон байсан. Буцаж орж ирээд камерын бичлэгээ шалгахад шүүгдэгч Э.Н нь миний утсыг авч байгаа нь камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан” гэв.
Гэрч Н.Мөнхцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Э.Нтэй уулзаад ганц шил архи хувааж уугаад буудалд орж хоносон юм. Тэгээд маргааш нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянбүрдийн тойргийн хойно клонкоор дээшээ өгсөөд байдаг дэлгүүрт тамхи авахаар ороход эзэн нь байхгүй байсан ба зогсож байтал Э.Н энд нээрээ ширхэгийн тамхи байдаггүй ш дээ гаръя гээд намайг дагуулаад гарсан. Тэгээд Гандан дээрээс гэртээ харьлаа гээд салсан. Нандинцэцэг гар утас хулгайлсан талаар мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-29х/, Идэр хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12х/, Хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-13х/,
Шүүгдэгч Э.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-47х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49х/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Э.Н нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Идэр” хүнсний дэлгүүрийн лангуун дотроос хохирогч Х.Батбилэгийн “Самсунг Жи 7” загварын гар утсыг хулгайлж 496000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Э.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.Нийн 54 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (54x8=432) тооцож түүнийг ял эдэлсэнд тооцов.
Мөн шүүгдэгч Э.Нээс хохирлын 496.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Батбилэгт олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж шийдвэрлэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.