МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ******* овогт************** /РД:/
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох
“...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой 114/2025/0011/З индексийн дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагч *******, хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
- Гомдол гаргагч ******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан “...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.
- Хэргийн үйл баримтын тухайд:
- Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас ******* нэр дэвшсэн бөгөөд түүний нээлгэсэн зардлын дансанд бэр ******* 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хоёр ******* төгрөгийн мөнгөн хандив өгсөн байна.
- Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 6 нэр дэвшигч хуулиар зөвшөөрөөгүй 7,6 ******* төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй талаарх баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 456 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Дархан-Уул аймгийн Татварын газарт хүргүүлж, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
- Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу нэгж буюу 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг тэрээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
- ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...миний бие 2024 оны аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн бөгөөд надад Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр зөрчлийн шийтгэлийг ногдуулсан. Миний хүү болон бэр нар сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглээрэй гээд хоёр ******* төгрөгийг бэлнээр нь авч ирэхээр нь хуулиар бэлэн мөнгө авч болохгүй гэж хэлээд данс руу яаж хийх талаарх мэдээллийг бичиж өгөөд явуулсан. Тухайн үед утга нь баахан тоо байсан. Би яаж хийх талаарх зааврыг нь бичиж өгсөн учраас хүүхдүүддээ итгээд тэрийг бол шалгаагүй. Тус хандивыг шилжүүлсэн иргэн, түүний орлогын эх үүсвэр нь тодорхой, үүнийгээ баталж байгаа тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
- Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...нэр дэвшигч ******* сонгуулийн зардлын Хаан банкны дугаар дансыг нээлгэн зохих журмын дагуу бүртгүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ******* хоёр ******* төгрөгийн хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгаагүй, шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авсан нь зөрчлийн хэрэгт цугларсан холбогдогч болон хандив өгөгч нарын дансны хуулга, Пийк ом аудитын дүгнэлт, гэрч, холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн.
- Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-н 11.1-д “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөөгүй хандивт тооцно”, 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив”, 11.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно”, 12.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно”, 12.1.1-д “Энэ журмын 11.1.1-д заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх”, 121.1.2-т “Энэ журмын 12.1.1-д заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандивыг улсын орлого болгох” гэж тус тус журамласан байна.
-
- Иймд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаар албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
- *******гийн Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
- Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” нийцлийн аудит хийгдлээ. Тус аудитаар 6 нэр дэвшигч хуулиар зохицуулаагүй 7,6 ******* төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т тус тус заасны дагуу хүргүүллээ” гэх 456 дугаар албан бичгийг тус аймгийн Татварын газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын жагсаалтын 2-т “Ардчилсан намаас нэр дэвшигч ******* төгрөг” гэж тусгагдсан байна.
- Улмаар Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэр дэвшигч ******* шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг, гэрчийн дансны хуулга, аудитын дүгнэлтээр нотлогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар түүнд нэгж буюу 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
- Үүнийг эс зөвшөөрч ******* шүүхэд гомдол гаргаж, түүний үндэслэлээ “...орлогын эх үүсвэр нь тодорхой буюу манай бэрээс өгсөн байхад орлогын эх үүсвэр бичигдээгүй хандивыг буцаан шилжүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэж, хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасан орлогын эх үүсвэр бичигдээгүй орлогыг буцаан шилжүүлээгүй, энэ талаар аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэдэгт хамаарч байх тул торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.
- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24-д заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар татварын улсын байцаагч сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох шийтгэлийг оногдуулах эрхтэй байна.
- Орон нутгийн сонгуулийн харилцааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд уг хуулийн найм дугаар бүлэгт сонгуулийн зардлын талаар зохицуулж, сонгуулийн зардлын нэг болох хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байхаар хуульчилжээ.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.4-д зааснаар иргэн нь хоёр ******* төгрөг хүртэлх хандивыг өгөхдөө нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, иргэн нь хуулиар зөвшөөрсөн хэмжээнд мөнгөн хандив хандивлахдаа банкны гүйлгээний баримтад өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллийг тусгах үүрэгтэй бол уг мэдээллүүдийг тусгаагүй хандивыг нөгөө талд хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж ойлгохоор байх боловч дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “...дараахь онцлог бүхий нэмэлт зохицуулалтуудыг тусгана. Үүнд: ...Хуулийн төслийн наймдугаар бүлэгт сонгуулийн зардал, зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн зардлын зарцуулалт, түүнд тавигдах хяналт, тайлан гаргахтай холбоотой харилцааг зохицуулна. ...Хандивлагч нь хуульд заасан шаардлага хангаж буй эсэхээ өөрөө нотлох үүргийг хуульчлах” гэж зааснаар уг зохицуулалт нь хандив авагчаас илүү хандив өгөгчид хамааралтай гэж үзлээ.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж заасныг үг зүйн утгаар нь тайлбарлавал уг хуулийн заалтад болон, бөгөөд гэх холбоос үгнүүдийг ашигласан байна.
Монгол хэлний тайлбараар “болон” гэдэг холбоос нь хоёр өгөгдөл зэрэг биелэх эсхүл аль нэг нь биелэсэн байхад хангалттай байдаг бол “бөгөөд” гэх холбоос нь үндсэн нөхцөлийн араас нэмэлт, дагалдах байдлаар орж, үндсэн нөхцөл биелэгдээгүй бол дагалдах нөхцөлийг биелүүлэхийг шаардах боломжгүй юм.
Дээрх хуулийн зохицуулалтаар нэр, иргэний бүртгэлийн дугаарыг заавал банкны гүйлгээний баримтад тусгах ёстой бөгөөд хандивын эх үүсвэрийг заавал тусгасан байхыг шаардаагүй төдийгүй хандив өгөгч нэр, иргэний бүртгэлийн дугаараа бичсэн байхад хандив хүлээн авагчийн хувьд заавал тухайн хандивыг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаах үүрэг хүлээхээргүй байна.
Харин хандив өгөгч хэн болох нь тодорхойгүй буюу нэр, иргэний бүртгэлийн дугаарыг банкны гүйлгээний баримтад тусгаагүй бол уг этгээд нь хэн болох нь тодорхойгүй буюу эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн гэж үзэн түүнийг буцаах үүргийг хандив хүлээн авах эрх бүхий этгээдэд үүрэгжүүлсэн нь дараах байдлаар хуульчилагдсан ба хандив өгөгч өөрийн орлогын эх үүсвэрийг нотлох үүрэгтэй.
- Хандив өгөгч нь гомдол гаргагчийн Хаан банкны дугаартай дансанд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр төгрөгийн хандив өгөхдөө банкны гүйлгээний баримтад тусгах мэдээлэл хэсэгт “TRF=006318128763-**********XX6243-ATM1355>Dar ” гэж бичигдсэн нь *******, нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа ч энэ гүйлгээний утга нь “Э. ” буюу нэр, иргэний бүртгэлийн дугаар болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүний хавсралт Хаан банкны дотооддоо ашигладаг нэгдсэн системийн гүйлгээний лавлагаагаар нотлогдож байна.
- Зөрчил шалган шийдвэрлэх болон уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хандив өгөгч нь өөрийн үйл ажиллагааны орлогоосоо мөнгөн хандивыг өгсөн гэж банкны депозит дансны хуулгийг гарган өгсөн ба хууль бус санжүүжилтээс хандивыг бүрдүүлж, сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулсан болох нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч “...гэр бүлийн хүмүүс, үр хүүхдүүдээр нь бэлэн мөнгө өгч дамжуулсан байх гэдэг хардлага байгаа” гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөнгүй.
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хандив өгөхийг хориглосон этгээдийг нэрлэн тоочиж, 55.2-т уг хориглосон этгээд болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн бол хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүргийг хуульчилж өгсөн байна.
Дээрх хуулийн 55 дугаар зүйл нь хандив өгөх, хүлээн авахыг хориглох харилцааг зохицуулж, эрх зүйн байдал нь тодорхойгүй, хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив өгсөн тохиолдолд хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх, эсхүл буцаан шилжүүлээгүй бол эрх зүйн байдал нь тодорхой, хандив өгөхийг хориглосон этгээд биш гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй.
- Хэргийн энэ тохиолдолд гомдол гаргагчийг буруутгаж байгаа депозит дансны хуулгаар хандив өгөгч нь хэн болох нь, тодруулбал нэр, иргэний бүртгэлийн дугаар гэж тусгагдсан байгаагаас хандив өгөхийг хориглосон болон эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээдээс хандив өгөхийг хориглосон гэж үзэхээргүй байх бөгөөд хандивыг буцаан шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутган *******д оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасан шударга ёсны зөрчимтай нийцэхгүй юм.
- Хариуцагчийн “...нэр дэвшигчээс сонгуулийн зардлын тайлан гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийж, 2024 оны 456 дугаар албан бичгийг мөн аймгийн Татварын газарт ирүүлсний дагуу гомдол гаргагчид шийтгэлийн хуудас оногдуулсан, эх үүсвэр тодорхойгүй гэдгийг сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 11.1.1-д тодорхой заасан” гэх тайлбарын хувьд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тушаал, түүний хавсралтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмыг баталж, *******гаас сонгуулийн зардлын тайлангаа уг журмын дагуу тухайн аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн байна.
- Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдогч зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоохоос Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийж, 2024 оны 456 дугаар албан бичгийг мөн аймгийн Татварын газарт хүргүүлсэн нь шууд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, төдийгүй дээрх албан бичиг болон журамд дурдагдсан орлогын эх үүсвэр тодорхойгүй гэх ойлголт нь хэнд хамааралтайг бүрэн тогтоож, шийтгэл оногдуулах байсан байх тул түүний уг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тайлбар, үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч *******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
- Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаж буй ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн шийтгэлийн хуудас хүчингүй болж, Б. төгрөгийн торгууль төлөх үүрэггүй болно.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул уг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэлийн хуудас хүчингүй болсныг мэдээллийн санд оруулж, холбогдох байгууллагад энэ талаарх мэдээллийг хүргүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан *******гийн Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан *******д олгосугай.
- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг Үндэслэх хэсгийн 14-д зааснаар биелүүлэхийг хариуцагчид үүрэг болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ