Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 38

 

Ч.Дын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Дд холбогдох

 иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/00167 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Дд холбогдох

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 2.800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Ж.Дгийн давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Д /онлайнаар/ нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.Д би Ж.Дд Эрдэнэт үйлдвэрт ажилд орохоор хүнтэй ярьсан, мөнгөний хэрэг гарлаа, нутгийн ах та л миний амьдралд тус болоод мөнгө хүүтэй зээлээч гэсэн. Би тухайн үед бусдаас мөнгө зээлсэн байсан учир банкны хүүнээс арай дээгүүр өдрийн 3 хувийн хүүтэй 1 сая төгрөг зээлсэн. Уг нь мөнгөний хүүгээ сар сард нь төлөх үлдсэн 1 сая төгрөгөө өндөр цалинтай ажилд орсны дараа төлөх тохироотой Э.Цэнд гэгч иргэний Хаан банкны 5418021487 тоот дансаар шилжүүлж авсан юм. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд мөнгөний хүү, үндсэн төлбөрөө төлсөнгүй. Би жилийн хүүний төлбөр 360.000 төгрөг, нийт 5 жилийн хүү 1.800.000 төгрөг, үндсэн төлбөр 1.000.000 төгрөг нийт 2.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ч.Д нь иргэн Ж.Дгийн хариу тайлбарыг уншаад миний эзэмшлийн байр, амралтын газар юм хийж өгсөн, үүний хөлс төлбөр гэж бичсэнийг эрс эсэргүүцэж байна. Ж.Дг сантехникч болохоор нь дээр нь нутгийн хүүхэд, сангийн ажил гарахаар юм аа хийлгэж юм хийлгэсэн үедээ тооцоо мөнгийг бэлнээр төлж явдаг байсан. Яг энэ 1 сая төгрөгийг 2014 оны 08 дугаар сарын 16-нд Эрдэнэт-Ус ХХК-д сантехникч хийж байгаад ГОК-ын шинэ эмнэлэгт сантехникчээр орно, хүнд шагналын мөнгө өгөх боллоо гэхээр нь тэр ажлуудаас хойно өгсөн. Ингэхдээ бусдаас зээлсэн мөнгөнөөсөө өгсөн. Би бусдад хүү төлж олон жил явсан. Ийм байтал улаан цайм ярьж байгаад гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ж.Д нь Ч.Д нь 3-23 дугаар байранд хүүхдийн цэцэрлэгийг буудал болгон өөрчилсөн ба, хүүхдийн зориулалттай сантехникийн угаалтуурууд, ОО-ууд ба, шугам хоолойн бүх зүйлсийг шинэчлэн өөрчилж буудлын зориулалттай болгосон. 3-22 дугаар байрны шинээр саун дүшний зориулалттай сантехникийн бохир шугам усны монтаж подвалын ус юүлэх монтажийг хийж гүйцэтгэсэн. Оросын булагт байх Баянбулаг амралтын газар бохир усны гүний монтаж хийж дулаалсан, дүүш, ОО шинээр угсарч, халуун усны бойлер, насос дүшний бохир усны монтаж хийж гүйцэтгэсэн. Ажлыг хийхээс өмнө 1 сая төгрөг авсан ба, ажлаа сайн хийгээрэй гэсэн. Мөнгийг хүүтэй гэж тохиролцоогүй, ажлын хөлс гэж ойлгосон. Уг ажлыг сэтгэлээсээ хийсэн ба, нутгийн ах Ч.Дод мөнгө өгөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/00167 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Дгээс 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59.750 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Дгээс улсын тэмдэгтийн хураамжинд 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Дод олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Ч.Дод 1 сая төгрөг олгох анхан шатны шүүхийн шийдвэрийг цуцалж өгнө үү. Учир нь Дашболдын өмчлөлийн 3-23-р байрны цэцэрлэгийн байрыг буудал болгон өөрчлөхөд шинэчилж сольсон сантехникийн монтаж, тоноглол, угсарсан ажлууд, 6-22-т байрлах сауны монтаж, усны хаялаганы монтаж, мөн Оросын булагт байдаг Баянбулаг амралтын газрын бохир усны гүнийн монтаж, жорлон дүүш, бойлер насос, дүшний бохир усны монтаж, тус бүрийг хийхдээ ажлын бус цагаар  амралтын өдрүүдэд өөр унаагаар явж эхнэр нялх хүүхдээ дагуулан шөнө оройг үл тоож тус болъё гэсэн сэтгэлээр 2-оос доошгүй сая төгрөгний ажлыг хийж өгсөн. Гол нь 1 сая төгрөгнөөс өөр ямар ч мөнгө аваагүй буюу харин ч илүү ажил хийж өгч тус болж байна гэж бодож явсан. Ажлын хөлсийг тухай бүрд нь өгч авч байсан /бэлнээр/ удаа *******. Миний хөдөлмөр сэтгэл зүтгэлийг үнэлэхгүй үгүйсгэж байгаад гомдолтой байна. Шүүх хуралдааны товыг мсж-ээр явуулсан гэсэн. Би үнэхээр мэдээгүй учраас гэрч болох хүмүүсийг дагуулж ирж чадсангүй. Нэхэмжлэгч Ч.Д гуайн 1 сая төгрөг нь хийсэн ажлын хөлс байсан учир иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Ж.Дгээс зээлийн гэрээний үүрэгт 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй нэхэмжлэгч Ч.Дын өмчлөлийн эд хөрөнгөд сантехникийн болон бохир усны шугамын монтаж хийж өгсөн ажлын хөлсөнд тооцож 1 сая төгрөгийг өмнө нь авсан, хүүтэй мөнгө зээлж авах талаар тохиролцоогүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч Ж.Дгийн дансанд 2014 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 1 сая төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, хариуцагч Ж.Д нь 1 сая төгрөгийг авсан талаар маргаагүй байна.

Харин хариуцагч Ж.Д нь Ч.Доос авсан 1 сая төгрөгийг ажил хийж өгөөд хөлсөнд нь авсан гэж маргаж буй боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзал тайлбараа нотлох баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”. 282 дугаар зүйлийн 282.4.-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зохигчдын хооронд 1 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийг буцаан төлөх хугацааг тогтоогоогүй тул зээлдэгчийн шаардсанаар буцаан төлөх үүргийг хүлээнэ. Иргэний хуулийн 282.3.-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар зохигчдын хооронд 1 сая төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан тул нэхэмжлэгч Ч.Д нь хүү авах эрхгүй үндсэн зээлийн 1 сая төгрөгөө буцаан шаардах эрхтэй байна.

Шүүх хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагч Ж.Дгийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 142/ШШ2021/00167 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ж.Дгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ж.Дгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР

                        ШҮҮГЧ                                                                       С.УРАНЧИМЭГ