Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1108

 

 

 

 

 

      2023            11            16                                         2023/ДШМ/1108

 

Э.Ч , Д.Ё нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Анужин,

шүүгдэгч Э.Ч , түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч Д.Ё, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ч , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Гантулга, шүүгдэгч Д.Ё, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2202 00582 0087 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Э.Ч, ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт амьдардаг, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:.../,

2. Д.Ё, ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч Э.Ч  нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд ...дүүргийн 19 дүгээр хороо, “...” хотхоны ... дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Ё 400.000 төгрөгөөр худалдсан, мөн өөрийн биедээ 0.7280 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Ё нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд ...дүүргийн 19 дүгээр хороо “...” хотхоны ... дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, мөн өөрийн биедээ 0.1263 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас Э.Ч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Д.Ё-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ч г сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д.Ёг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ё-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч , Д.Ё нарт хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Э.Ч гийн насанд хүрээгүй хүүхэд болох 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Т.Эгшигтмаргадыг Э.Ч гийн эх Б.Оюунчимэгийн асран хамгаалалтад үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ч  давж заалдах гомдолдоо: “...Миний бие өндөр настай ээж, өсвөр насны охины хамт амьдардаг. Өндөр настай ээж минь бусдын асрамж, хараа хяналтад байх зайлшгүй шаардлагатай бөгөөд ганцаараа гадуур гарсан тохиолдолд төөрч улмаар амь нас нь ч эрсдэх аюултай нөхцөлд үлдчихээд байгаа билээ. Охин минь одоо шилжилтийн насан дээрээ явж байгаа ба ээжийнхээ гаргасан болчимгүй алдааны золиос болж буруу хүмүүст уруу татагдаж, сэтгэл зүй болон бие махбодиор хохирох вий  гэдгээс миний бие маш их айж байна. Миний бие өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлж байгаагүй. Би ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож буй энэ хугацаанд их зүйлийг эргэцүүлэн бодож, тунгааж багагүй зүйл ойлгож, гэмшиж сууна. Хамгийн гол нь миний гаргасан энэ алдаа минь нийгэмд хор уршигтай, зүй зохисгүй үйлдэл байсныг маш ихээр ухамсарлаж байна. Би цаашид гаргасан алдаагаа давтахгүй, нийгэм үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал болж, өндөр настай өвчтэй ээжийгээ асарч, өсвөр насны охиноо зөв сурган хүмүүжүүлж зөв хүн байх, хууль дүрмээ чандлан сахихыг маш ихээр хүсэж байна. Миний хувьд шүүхээс оногдуулсан шийтгэл буруу биш боловч хийсэн хэрэгтээ Чинтуяа миний бие, сэтгэл гэмшиж харуусаад ч барахгүй нь. Би дахин ийм алдаа гаргахгүй сайн ээж, сайн охин байх боломжийг хангаж өгөөч хэмээн эрхэм шүүгчдээсээ гуйж байна. Миний бие өнгөрснийг өөрчилж чадахгүй ч ирээдүйгээ өөрчлөхийг маш их хүсэж тэмүүлж байна. Иймд эрхэм хүндэт шүүгчид та бүхнээс хууль эрх зүйн боломжид тааруулж хөнгөрүүлэх нөхцөл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг ашиглан ялыг минь хөнгөрүүлж, мөн хувийн байдлыг минь харгалзан үзэж энэ алдаан дээр минь намайг цааш нь түлхэхгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулж эхний бөгөөд эцсийн удаа итгэж боломж олгооч хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна.” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Ч гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдолдоо: “...Э.Ч  нь өөрийн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй ба зөвхөн түүний гэм бурууд оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба шүүхээс оногдуулж буй 2 жилийн хугацаагаар хорих ял нь эмэгтэй хүнд арай хүндэдсэн шийтгэл боллоо гэж үзэж дахин хянуулах хүсэлтэй, хуульд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргээ учруулсан хохирол төлбөргүй байдал, сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодис хадгалсан, бусдад өгсөн нөхцөл байдал нь ямар хор уршигтай болохыг ойлгож, ухамсарлан энэ хор хөнөөл бүхий бодисыг хэрэглэхгүй байх, хууль бус үйлдэл дахин үйлдэхгүй байхын учрыг маш сайн ойлгож гэмшиж байгаагаа шүүхэд илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутай үйлдлийн зүйлчлэлд ямар нэг байдлаар маргаагүй түүний гэм бурууг хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 50 хувь доош татаж 1 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр заасан хуулийн заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна. Шүүгдэгч Э.Ч  нь насанд хүрээгүй 16 настай охин хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй бөгөөд цаашид өсвөр насны охин хүүхдийг өсгөх, сурган хүмүүжүүлэх, хайрлаж халамжлах, харж асрах нөхцөлийг дэмжих зорилгоор, мөн түүнийг төрүүлсэн ээж өндөр настай, биеийн эрүүл мэндийн хувьд сэтгэц ой ухааны хямрал өвтэй, эмчийн хяналтад байдаг талаарх ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялаас хасаж хөнгөрүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Э.Ч гийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Шүүдэгч Э.Ч гийн хувийн байдлын тухайд өсвөр насны охинтой бөгөөд хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж, хүмүүжих ёстой. Харин шүүгдэгч Э.Ч гийн эх нь түүнийг хоригдсоноос хойш сэтгэл санааны хямралд орж бусдын асаргаанд орсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч д оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Ёдавж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс намайг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Би хуулиар хориглосон гэмт хэрэгт холбогдож буруутай зүйл хийсэндээ маш их харамсаж байна. Миний хувьд өөрийн үйлдсэн гэмт хэргийг цагдаагийн байгууллагад анх шалгагдах үеэс гэмт хэрэг үйлдсэн болохоо шууд хүлээн зөвшөөрч бүгдийг үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн байцаагчийн ажилд туслахын тулд өөрөөс шаардлагатай баримтуудыг сайн дураараа гаргасан өгч байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч миний хувьд эрүүл мэндийн улмаас маш хүндрэлтэй байдалд байна. Би бага насандаа хүүхэд байх үедээ тоглож байгаад хурц үзүүрт төмөр харахгүй мөргөж баруун талын нүдээ цоолсны улмаас бүрэн хараагүй болж сохорсон. Хүний нүд хос эрхтэн учраас нэг нь нөгөөтэйгөө судсаар холбогдсон байдаг учраас эрүүл нүдэндээ нөлөөлдөг тул урьдчилан сэргийлж судсыг нь тасалдаг боловч тухайн үед бага насны хүүхэд байсан, эмч нар аюултай мэс засал гээд судас таслаагүй юм. Би 18 насанд хүрмэгц хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тооцогдож группт орж одоог болтол үргэлжилж байгаа. 2022 оны 10 дугаар сараас эхлэн миний үлдсэн эрүүл нүд болох зүүн талын нүдний хараа огцом муудаж эхэлсэн бөгөөд нүдний мэргэжлийн эмч нар олон жилийн өмнөх гэмтлийн улмаас үүдэлтэй, одоо судас туслах мэс засал хийх боломжгүй хийвэл эрүүл нүд нь хараагүй болно ямар ч эмчилгээгүй гэж оношилсон. Залуу хүний хувьд удахгүй хорвоог бүрэн харж чадахгүй болно гэхээр миний дотор давчдан үлдсэн ганц нүднийхээ харааг тогтоохын төлөө анагаах болон ардын эмнэлгээр байнга үзүүлж хүмүүсийн амнаас сонссон сайн гэх бүхнийг хэрэглэж байсан. Гэвч миний зүүн нүдний хараа өдөр өнгөрөх тусам улам муудаад байсан тул Орбита эмнэлэгт үзүүлэхэд үлдсэн хараатай зүүн нүд зөвхөн 20 хувь харж байгаа гэх үгийг сонсоод би хорвоог бүрэн харж чадахгүй байснаас үхье гэж бодох үе ч надад байсан. Мөс гэх энэ хориотой бодис нь хүний биеийн эд эсийг сэргээдэг гэж хүмүүсээс сонсож байсан ба эцсийн найдлага болгон, хууль бус гэдгийг мэдэж байсан ч хэрэглэж үзсэн. Тухайн өдрийн өглөө нь Чинтуяагаас аваад гэртээ хэрэглэж үзэхэд санаа дагаад юм уу би гэрийнхээ удирдлага дээрх тоог хараад байх шиг байсан. Тэгэхээр нь хараа сайжирч магадгүй байна гэж баярлаад дахин Чинтуяа руу ярьж тэр өдрийнхөө орой нь дахин нэг удаа хэрэглэх мөс гэх бодисыг авч байгаад цагдаад баригдсан. Өмнө нь ийм зүйл хэрэглэж үзээгүй, тухайн өдөр анх удаа хэрэглэж үзсэн. Энэ газарт хоригдсоноос хойш агааргүй чийгтэй битүү орчинд удаан байснаас миний харах чадвар эрс муудаж байна. Миний хувьд ийм гэмт хэрэг үйлдэж өндөр настай ээж, аав хоёрынхоо сэтгэлийг нь зовоож байгаадаа маш их харамсаж байна, бүрэн хараагүй болох хүртэлх цөөн хугацаанд өндөр настай аав ээжийгээ харж байх чин хүсэлтэй байна. Д.Ёби өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, маш ихээр харамсаж байна. Иймд миний эрүүл мэндийн болон ар гэрийн нөхцөлийг харгалзан үзэж, шүүхээс оногдуулсан нэг жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах, ял болгон хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Ё-ийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шүүгдэгч Д.Ё-гийн өмгөөлөгчөөр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн ажиллаж байна. Шүүгдэгч Д.Ёнь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлэг өгч байсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдал болон шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Ёнь гэмт хэргийн талаар үнэн, зөвөөр мэдүүлэг өгсөн бөгөөд сайн дураар өөрийн дансны хуулганы баримтыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Мөн тухайн банкны дансны хуулганы баримтаас шилжүүлсэн мөнгөө “ийм гүйлгээний утгаар шилжүүлсэн” гэж мөрдөгчид зааж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын санкцтай. Өөрөөр хэлбэл, сонгох санкцтай гэмт хэрэг учраас түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Ёнь 37 настай, түүний баруун нүд нь хараагүй бөгөөд 50 хувийн хөдөлмөр чадварын алдалттай юм. Энэ талаар миний үйлчлүүлэгч давж заалдах гомдолдоо маш тодорхой тайлбарласан. Удахгүй түүний зүүн нүд хараагүй болоход ойрхон байгаа бөгөөд сэтгэл зүйн хувьд маш их шаналал мэдэрч байгаа. Шинжээчийн дүгнэлтээр миний үйлчлүүлэгч Д.Ёнь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодист донтоогүй болох нь нотлогдсон. Эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Энэ талаар баримтууд хэрэгт авагдсан. Саяхан би цагдан хорих 461 дүгээр ангид очиж Д.Ён-тэй уулзахад “би сайн харахгүй байгаа учраас бие засахдаа суултуураа олохгүй гадуур нь бие засаад байгаа. Үүний улмаас хамт нэг камерт байгаа хүмүүс минь намайг адалж байна” гэж хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс цагдан хорих 461 дүгээр ангид шүүгдэгч Д.Ё-ийн эрүүл мэндийн байдалтай холбоотой тодорхойлолт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч “бидэнд нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмж байхгүй учраас оношлох боломжгүй” гэж хариу өгсөн. Одоогийн байдлаар шүүгдэгч Д.Ё-ийн эрүүл мэндийн байдал маш муу байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хүртэл үйлчлүүлэгч минь зөвхөн миний тусламжтайгаар сандал дээр сууж, баримтад гарын үсэг зурж байсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ё оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тус гэмт хэргийн субъект нь шууд санаатайгаар үйлдсэн үйлдэл байдаг. Шүүгдэгч Э.Ч  нь “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилготой хадгалж, худалдсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн 2 шинжийг хангасан. Харин шүүгдэгч Д.Ё нь тухайн сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авч, хадгалсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалт юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч , Д.Ё нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Э.Ч  нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд ...дүүргийн 19 дүгээр хороо, “...” хотхоны ... дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Д.Ё 400.000 төгрөгөөр худалдсан, мөн өөрийн биедээ 0.7280 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан,

          Шүүгдэгч Д.Ёнь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг болон шөнийн 22 цагийн орчимд ...дүүргийн 19 дүгээр хороо “...” хотхоны ... дүгээр байрны гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр олж авсан, мөн өөрийн биедээ 0.1263 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан болох нь:

          Яллагдагчаар Э.Ч гийн “ ...Би одоогоос жилийн өмнөөс мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г гэх хаягтай одоо хаана байгааг нь мэдэхгүй хүнээс “мөс” хэмээх нэршилтэй 2 грамм мансууруулах бодис пүүзээр сольж авсан. Ингээд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед миний танил Ё над руу холбогдож мөс олоод өгөөч гэсэн. Тэгэхээр нь би урьд өдөр нь авсан 2 грамм мөс байсан болохоор түүнийг хүрээд ир гээд өөрийн Хаан банкны 5070201856 дугаарын дансаараа 200.000 төгрөг шилжүүлэн авсан. Тэгээд Ё манай гэрийн гадаа буюу ...дүүргийн 19 дүгээр хороо Туул ван хотхоны гадаа ирж граммыг нь санахгүй байна мөс аваад явсан. Тухайн өдөр гэртээ байж байсан чинь оройн 22 цагийн үед Ё дахин над руу холбогдож дахиад уулзаж мөс авъя гэхээр нь хүрээд ир гэсэн. Тэгээд дээрхи дансаараа түүнээсээ 200.000 төгрөг аваад граммыг нь санахгүй байна, мөс гэрийнхээ гадна дахин өгч явуулаад эргээд гэртээ орох гэтэл цагдаа нарт баригдсан юм...” /1-р хх-ийн 206/,

          Яллагдагчаар Д.Ё-ийн “ ...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 10 дугаар сараас хойш Чинтуяагаас мансууруулах бодис авъя гэж мөн шоуны мөнгө хэрэгтэй гэхээр нь 100, 200 мянган төгрөг, хэд хэдэн удаа шилжүүлсэн боловч Чинтуяа надаас мөнгийг маань авчихаад бодис өгдөггүй байсан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 09 цагийн үед Ч-тай холбогдож би Ч-гийн хэлснээр ...дүүргийн Зайсан руу явсан. Тухайн үед би Чруу 10 цагийн үед 200.000 төгрөг шилжүүлсэн ба Зайсангийн Оргилын тэнд Ази Фарм гэсэн байрны тэнд очиход надад мөс гэдэг бодис өгсөн. Тэгээд тэрийг нь авч интернэтээс харж байгаад гэртээ очиж хэрэглэсэн...” /1-р хх-ийн 213/,

          “Тоёота Приус 30” маркийн 43-16 УАМ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-12/,

          ...дүүргийн 19 дүгээр хороо 29 дүгээр байрны 152 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-16/,

          Д.Ё-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 17-19/,

          Э.Ч гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 23-24/,

          Д.Ёндонсүрэн, Э.Ч  нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 30-38/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 786 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйлээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Хүрэн өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн хуванцар соруул, Аскорбины хүчил гэсэн бичиглэлтэй шингэн зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” /1 хх-ийн 170-171/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 789 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. Гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мөс мэт зүйл, хажуу талдаа соруултай цэнхэр өнгийн хуванцар сав, цагаан өнгийн нунтаг мэт зүйл, хар өнгийн хуванцар соруул тус бүрээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Хүрэн өнгийн хуванцар соруул, цагаан өнгийн хуванцар соруул, Аскорбины хүчил гэсэн бичиглэлтэй шингэн зэргээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна.” /1 хх-ийн 175-176/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 155 дугаартай дүгнэлт “...Э.Ч  нь сэтгэц идэвхт бодисын хэрэглээтэй байна. ...Э.Ч  нь хэрэг үйлдсэн гэх цаг хугацаанд сэтгэц идэвхи бодисын хэрэглээтэй байсан. ...Э.Ч  нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Э.Ч  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” /1 хх-ийн 185-186/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай дүгнэлт “...Д.Ёнь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...Д.Ёнь хэрэг үйлдэгдэх 2023.02.01-ний үеийн байдлаар сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ...Д.Ёнь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ...Д.Ёнь хэрэг хариуцах чадвартай байна.” /1 хх-ийн 189-190/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

             Шүүгдэгч Э.Ч гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, шүүгдэгч Д.Ё-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Э.Ч г “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан, бусдад худалдсан” гэм буруутайд, шүүгдэгч Д.Ё-г “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба тухайн зүйл, заалтад оногдуулахаар заасан ялаас  хорих ялыг сонгон оногдуулсан нь үндэслэл бүхий болсон байна.

          Шүүгдэгч Э.Ч , түүний өмгөөлөгчид М.Алтанцэцэг, Ж.Гантулга нараас “...өндөр настай эх, өсвөр насны охины хамт амьдардаг, ...хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг минь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх,

          шүүгдэгч Д.Ё, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нараас “...эрүүл мэндийн байдал, хийсэн үйлдэлдээ гэмшсэн, ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын давж заалдах гомдолдоо дурьдсан хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

          Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу шүүгдэгч Э.Ч д 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Ё 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдгээрийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзэв.

Мөн түүнчлэн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч  Э.Ч  нь сэтгэц идэвхи бодисын хэрэглээтэй байсан гэх нөхцөл байдал нь хэдийгээр түүнд оногдуулах ял шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл болохгүй хэдий ч хувийн байдалд хамаарах болохыг тэмдэглэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Э.Ч , түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Гантулга, шүүгдэгч Д.Ё, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Э.Ч , Д.Ё нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/604 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Ж.Гантулга, шүүгдэгч Д.Ё, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч , Д.Ё нарын 2023 оны 9 дүгээр сарын 14-нөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тус бүр 63 /жаран гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН