Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/00427

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 320/ШШ2025/00427

Х аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 320/2025/00205/И

Хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ж.Н,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ж.Н ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Н.Алтанхундага.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Н нь шүүхэд Х аймгийн Г экспедицид 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Геодези зураг зүйн экспедицид 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Х тосгонд 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа М дахь Зураглалын экспедицид 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл уулын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Х хотод 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодруулав.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн байгууллауудад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, А сумын архив шатаж, баримт бичгүүд устсанаас миний ажилласан жилүүд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Би Х аймгийн Геодези зураг зүйн экспедицид жолоочоор ажиллаж байсан боловч үүнтэй холбоотой баримт байхгүй учраас энэ хугацааны ажилласан жил тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна...гэв.

Хүсэлт гаргагч Ж.Н нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11/93, Х аймгийн Х тосгоны захирагчийн ажлын албаны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/37 дугаар албан бичгүүд, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 23-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х аймгийн Х хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар Багийн Засаг даргыг томилох тухай захирамж, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Зураглалын экспедицийн 6-р ангийн даргын 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дүгээр Улирлын ажилчин ажлаас чөлөөлөх тухай, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр Улирлын ажилчин шилжүүлэн томилох тухай, 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар Ажилд шинээр авах, ажлаас чөлөөлөх, арга хэмжээ авах тухай, 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаар Ажилд түр авах, улирлын ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа М дэх Зураглалын экспедицийн даргын 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар Ажилд авах, өөрчлөх ажлаас чөлөөлөх тухай, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Зураглалын экспедицийн 4-р ангийн даргын 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр Түр ажилчин халах ба авах тухай, 1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар Ажилчин авах тухай тушаалууд зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Д.Г , Ц.О нарыг гэрчээр асууж,

өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А), Хаягийн хуудас №7 маягтуудыг, хүсэлт гаргагчийн ажиллаж байсан гэх Г экспедиц, Геодези зураг зүйн газар нь хэзээ байгуулагдаж, татан буугдсан талаар лавлагаа, Х аймгийн Архивын тасгаас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтууд, Х аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хүсэлт гаргагч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан эсэх, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх, Х аймгийн Татварын хэлтсээс хүсэлт гаргагч нь 1990-1995 онуудад хувь хүний орлогын албан татвар төлж байсан эсэх лавлагаа гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.  Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн байгууллауудад ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, А сумын архив шатаж, баримт бичгүүд устсанаас миний ажилласан жилүүд тооцогдохгүй хохироход хүрээд байна. Би Х аймгийн Геодези зураг зүйн экспедицид жолоочоор ажиллаж байсан боловч үүнтэй холбоотой баримт байхгүй учраас энэ хугацааны ажилласан жил тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна...гэв.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 23-ний өдөр, 2025 оны 04 сарын 16-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Зураглалын экспедицийн 4-р ангийн даргын 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4 дүгээр: ...2.Түр ажилчнаар орохыг хүссэн өргөдөл гаргаж ирүүлсэн Ж.Н г уулын II зэргийн ажилчнаар 7-р сарын 23-наас авч хийснээр цалинуужлахыг Ерөнхий ня-бо Ч , цалин хөлсний ня-бо Н нарт хүссүгэй... гэсэн бичвэр бүхий Түр ажилчин халах ба авах тухай,

1985 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар: 1.Ангийн хээрийн үйлдвэрлэлийн ажилд түр ажиллаж байсан маршрутын ажилчин...Ж.Н нарыг 10-р сарын 17-оор, ...нарыг 10-р сарын 31-нээр тус тус ажлаас нь халсугай... гэх бичвэр бүхий Ажилчин авах тухай,

1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 60 дугаар: 1....Ж.Н г 1986 оны 5-р сарын 10-наас эхлэн УАЗ 469-ын III зэргийн жолоочоор томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд авах, өөрчлөх ажлаас чөлөөлөх тухай,

1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаар: 1...Ж.Н г 1986 оны 11-р сарын 1-нээс эхлэн УАЗ 469-ын III зэргийн жолоочоор...тус тус түр томилсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд түр авах, улирлын ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай,

1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 117 дугаар: ...Ж.Н г 1986 оны 10-р сарын 31-нээр үүрэгт ажлаас нь зайлуулж, ардын шүүхэд шилжүүлсүгэй. гэсэн бичвэр бүхий Ажлаас зайлуулах тухай,

Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа Зураглалын экспедицийн 6-р ангийн даргын 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 76 дугаар: ...5.1987 оны 07-р сарын 1-нээс жолооч Ж.Н г өөрийн ирүүлсэн хүсэлтийн дагуу хүсэлтээр нь жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж, 6-р ангийн мэдэлд шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажилд шинээр авах, ажлаас чөлөөлөх, арга хэмжээ авах тухай,

1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр: Тус ангид зураглалын ажилчнаар ажиллаж байсан Ж овогтой Н г 8-р сарын 5-наас эхлэн уулын ажилчнаар шилжүүлэн томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Улирлын ажилчин шилжүүлэн томилох тухай,

1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 дүгээр: ...Ж овогтой Н ,...нарыг 1987 оны 9-р сарын 28-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлж, Х аймгийн Нийгэм халамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Улиралын ажилчин ажлаас чөлөөлөх тухай,

Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 12 сарын 23-ний өдөр, 2025 оны 03 сарын 20-ний өдөр, 2025 оны 04 сарын 16-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан Х аймгийн Х хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 42 дугаар: 1.Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийг 2-р заалт, 1-р багийн иргэдийн хурлын протоколыг үндэслэн 1-р багийн харъяат Ж овогтой Н г 1-р багийн Засаг даргаар 1992 оны 05-р сарын 04-нээс эхлэн 4 жилийн хугацаагаар томилсугай... гэсэн бичвэр бүхий Багийн Засаг даргыг томилох тухай захирамж,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 30/274 дүгээр албан тоотоор ирүүлсэн: Ж Н , ажилладаг байгууллага: геодиз зурагзүй, ажилд орсон он: 1988, эрхэлдэг ажил: жолооч, оршдог сум, район: М ... гэсэн мэдээлэл бүхий ХААТР-1 (А) маягт зэрэг баримтуудаар хүсэлт гаргагч Ж.Н нь Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа Зураглалын экспедицид 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл уулын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Х тосгонд 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 дүгээр багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Д.Г ын: ...Ж.Н нь 1985 оноос Х аймгийн М хотын Зураглалын экспедицид жолоочоор ажиллаж эхэлсэн. Би Х аймгийн Бүрэнхаан дахь Оросын тосгонд ажиллаж байгаад бууж ирэхэд манайд ажилд орчихсон байсан, улсын баярын дараа л ажилд орсон санагдаж байна... гэх,

Гэрч Ц.О ийн: ...Ж.Н нь 1985 оноос Х аймгийн М хотын Зураглалын экспедицид жолоочоор ажиллаж эхэлсэн байхаа. Би 1988 онд төрөөд 11 дүгээр сард ажилдаа ороход манайд жолоочоор ажилд орчихсон байсан. Манай нөхөр бас Зураглалын экспедицид хамт ажилладаг, манайхаар Ж.Н ирдэг байсан. Ж.Н бор өнгийн 69 машин унадаг байсан санагдаж байна... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч нь Х аймгийн Х тосгонд 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шаарджээ.

1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч, ажилтан нь хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөх үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлснээр ажилтны ажилласан жил тооцогдож явах учиртай.

Иймд шүүх хүсэлт гаргагч Ж.Н н Геологи уул уурхайн үйлдвэрийн харьяа М дахь Зураглалын экспедицид 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл уулын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Х тосгонд 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 дүгээр багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн Х тосгонд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11/93 дугаар: Х аймгийн Геодези зурагзүйн товчооны 1988-1992 оны баримт манай архивд шилжиж ирээгүй тул Ж.Н д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 68 дугаар: Р *** регистрийн дугаартай Ж.Н тэй холбогдох 1995 оны 01 дүгээр сараас 1996 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх Хувь хүний орлогын албан татвар төлж байсан мэдээлэл нь манай байгууллагаас гарах боломжгүй.

Иймд шимтгэл төлөлтийн мэдээллийг холбогдох газарт хандаж авна уу. гэх,

Х аймгийн Х тосгоны захирагчийн ажлын албаны 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2/37 дугаар: Тосгоны Захирагчийн ажлын албаны байр болон архивын байр 2017 оны 4 дүгээр сарын 20-нд шатсан учир Х хотын захиргаанд 1992-1996 онд 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Н д холбогдох ажлаас гарсан тушаал, цалингийн цэсний лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна. гэх,

Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 30/506 дугаар: Танай ирүүлсэн захирамжийн дагуу шалган үзэхэд 6*** регистрийн дугаартай Х аймгийн Геодизи зураг зүйн экспедици УҮГ 1994 оны 6 дугаар сарын 27-нд улсын бүртгэлд бүртгэгдэж, 1995 онд татан буугдсан бүртгэлтэй байна.

Х аймгийн Г экспедици, Х аймгийн Геодези зураг зүйн газар гэх байгууллагуудын хуулийн этгээдийн материал байршаагүй тул хэзээ үүсгэн байгуулагдсан болон хэзээ татан буугдсан талаарх лавлагаа гаргах боломжгүй болно. гэх албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж хуулчилсан тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР21(А), Хаягийн хуудас №7 маягтууд, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2025 оны 3 сарын 11-ний өдөр гэсэн дардас дарагдсан Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа М дэх зураглалын экспедицийн даргын 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 42 дугаар: Ажлаас чөлөөлөх, ажилд авах, өөрчлөн томилох, тэтгэмж олгох тухай, 1991 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 28 дугаар Ажилд авах, ажлаас чөлөөлөх, хослон ажилласны нэмэгдэл олгох тухай, Геологи эрдэс баялгийн яам Х Геологи компанийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 41 дүгээр Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалууд зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ж.Н н Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны харъяа М дахь Зураглалын экспедицид 1985 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл уулын ажилчнаар, 1986 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл жолоочоор, Х аймгийн Х тосгонд 1992 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 1 дүгээр багийн Засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Х аймгийн Х тосгонд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА