Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1109

 

 

 

 

   2023           11             16                                      2023/ДШМ/1109 

У.М-дхолбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Ганбаатар,

шүүгдэгч У.М-д, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.М-дын өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2307 00024 0211 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

У.М, ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаар тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн.

Шүүгдэгч У.М-днь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 09 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудалд амарч байсан хохирогч Б.Ө-н өрөөнд байсан “iphone 12 mini” загварын гар утсыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авч Б.Ө-д 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: У.М-дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.М-дыг “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.М-дын өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шатанд миний үйлчлүүлэгч У.М-днь гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг түүний урьд үйлдсэн гэмт хэрэгтээ холбон тайлбарласан. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч У.М-днь урьд шүүхээс 2 удаагийн ял шийтгүүлсэн нөхцөл байдал, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнийг эрэн сурвалжилсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй юм. Мөн шүүгч шийдвэрийн үндэслэлээ танилцуулахдаа миний үйлчлүүлэгчээс “Ядуу хүн байж яаж, хаанаасаа мөнгө олж хохирол барагдуулдаг юм” гэж асуусан. Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй.” гэж заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэхгүйгээр шүүгдэгчийн урьд ял шийтгүүлсэн нөхцөл байдал болон түүний хөрөнгө чинээний байдлаар нь ялгаварлан гадуурхаж, шударга ёсны зарчимд нийцээгүй шийдвэр гаргаж, түүнд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын тухайд шүүгдэгч У.М-днь тухайн үед “...” зочид буудалд өмнөх нь өдөр хоноод гарах явцдаа урдаас нь харсан өрөөний хаалга онгорхой байсныг хараад дотогшоо орж, хохирогчийг унтаж байхад нь түүний гар утсыг аваад гарсан байдаг. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, тухайн үед шүүгдэгч У.М-днь хохирогчийн амарч байсан өрөөний хаалгыг эвдэж ороогүй. Харин хаалга онгорхой байсан учраас дотогш орсон. Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхээс шүүгдэгч У.М-доногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил хүртэлх хугацаагаар багасгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч У.М-д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “ ...Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

 

Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч У.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ялыг багасгаж өгнө үү” гэж санал гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар хэргийн зүйлчлэл дээр маргаж “хохирогчийн амарч байсан өрөөний хаалгыг эвдээгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг шинжийг хангахгүй байна” гэж тайлбарлаж байна. Гэтэл тухайн үед хохирогч буудалд байх хугацааныхаа төлбөрийг төлсөн байсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийг хохирогчийн эзэмшилд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

У.М-днь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өглөө 09 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудалд амарч байсан хохирогч Б.Ө-н өрөөнд нэвтэрч “iphone 12 mini” загварын гар утсыг нууцаар хууль бусаар авч Б.Ө-д 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Хохирогч Б.Ө нь эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, алдагдсан эд хөрөнгийн шинж байдлын талаар тус бүр тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар давхар нотлогджээ. Тухайлбал:

Хохирогч Б.Ө-н “...Б  эгч 7 цагийн үед ажилдаа явах үед миний гар утас цэнэглээстэй орны хажууд байсан юм. Өглөө босоод миний гар утас байхгүй байхаар нь залгаад холбогдохгүй байсан ба камер шүүж үзэхэд миний унтаж байсан өрөөнд нэг эрэгтэй хүн ороод гарсан байсан. Тухайн хүнийг би танихгүй, бичлэг нь их бүдэг байсан. Би гар утсаа хулгайд алдсанаа мэдээд цагдаад хандсан юм гэсэн.” /хх 14/

 

Гэрч Э.Б “...М ах өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай гэрт ирэхээр нь би ахаасаа та цагдаад ямар асуудалтай байгаа юм бэ, та хүний гар утас авсан юм байгаа юу гэж асуусан чинь эхлээд аваагүй гэж байгаад дараа нь би гар утсыг нь хулгайлсан нь үнэн тухайн гар утсыг Улаанбаатар хотод Тэди төвд 80.000 төгрөгөөр худалдсан юм.” /хх 17-18/

 

яллагдагчаар У.М-дын өгсөн “ ...яг миний амарч байсан өрөөний өөдөөс харсан өрөөний хаалга нь хаалттай гэхдээ бага зэрэг завсар гарчихсан байхаар нь хаалгыг нь татаж онгойлгосон. Тэр өрөөнд нэг эмэгтэй орон дээр ганцаараа унтаж байсан ба түүний хажууд iphone 12 mini маркийн гар утас байсан юм. Тэгэхээр нь шууд тэр унтаж байсан эмэгтэйн хажууд байсан гар утсыг өрөө рүү нь орж аваад тэр өрөөнөөс гарсан.” /хх 35/

 

“Дамно хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн НД-23-20 дугаартай “ ...хохирогчийн алдсан эд зүйлийг 1.110.000 төгрөгөөр үнэлсэн.” хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /хх 25-26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн хохирогчийн амарч байсан буудлын өрөөнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинжийг агуулжээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч У.М-днь 2022 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... зочид буудалд амарч байсан хохирогч Б.Ө-н өрөөнд байсан “iphone 12 mini” загварын гар утсыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.М-дыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх ба түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заанаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын төрөл, хэмжээ нийцсэн байна гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Анхан шатны шүүх шүүгдэгч У.М-дын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байхад шүүгдэгч У.М-дын өмгөөлөгч Д.Ганбаатараас “ял шийтгэлийг дахин хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч У.М-днь 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч У.М-дын өмгөөлөгч Д.Ганбаатараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-дын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                           Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                           Н.БАТСАЙХАН