| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/06515/И |
| Дугаар | 191/ШШ2025/01501 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/01501
2025 02 17 191/ШШ2025/01501
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... тоот хаягт оршин суух, Т -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ......байрлах, м -д холбогдох,
Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алданги 46,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, А блок, 1-р орц, 1 давхар, 102 тоотын 67 м.кв Үйлчилгээний зориулалттай орон сууцыг 93,800,000 төгрөгөөр захиалсан. Миний зүгээс гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн болно. 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 33.800.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 60.000.000 төгрөгийг тус тус М ХХК-д төлсөн бөгөөд баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Гэрээний 2.1.2-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 1 дүгээр улиралд барьж, ашиглалтад оруулна гэж, 2.1.3-д Гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги Захиалагч талд төлнө, 5.10-д ...орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 60 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 61 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж тус тус заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэхээр, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр тус тус зохицуулсан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан бөгөөд Гэрээнд заасан хүлээлгийн 60 хоногийг хасахад үүрэг гүйцэтгэгч 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Энэ хугацаанаас хойш 2 жил, 8 сарын дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсны дараа орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. 2023.03.24-ний өдрийн байдлаар хугацаа хэтрүүлсэн нийт 960 хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь буюу 93800 төгрөгөөр тооцоход 90.048.000 төгрөгийг нэхэмжлэхээр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан бөгөөд нийт алдангиас 43.148.000 сая төгрөгийг хасаж тооцон, 46,900,000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гэрээнд заасан алданги 46.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хавтаст хэрэгтэй мөн өдөр танилцсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэх хуулбар, Орон сууц захиалгаар бариулах гэрээ 2019.05.24, Дугаар П2-А-1/2-106-3 хуудас, мөнгө төлсөн төлбөрийн баримт, Тооцооны үлдэгдэлгүй тухай баталгаа-1 хуудас, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ-1 хуудас, Орон сууцны төлбөр төлсөн баримт-2 хуудас, Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар-1 хуудас зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б нь М ХХК-д холбогдуулан Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу мөнгөн төлбөрийн үүргээ бүрэн гүйцэтгэсэнтэй холбоотойгоор тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй учир гэрээний дагуу алданги 46.900.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Б нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр М ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, А блок, 1-р орц, 1 давхар, 102 тоотын 67 м.кв Үйлчилгээний зориулалттай орон сууцыг 93,800,000 төгрөгөөр захиалж, орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч хариуцагч нь гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 2 жил, 8 сараар хэтрүүлж, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсны дараа орон сууцны эзэмшлийг шилжүүлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. 2023.03.24-ний өдрийн байдлаар хугацаа хэтрүүлсэн нийт 960 хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувь буюу 93,800 төгрөгөөр тооцоход 90.048.000 төгрөгийг нэхэмжлэхээр байна. Гэвч хуульд зааснаар алдангийн хэмжээг бууруулан 46,900,000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч М ХХК нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхээс гардан авч, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хавтаст хэрэгтэй мөн өдөр танилцсан боловч хуулиар тогтоосон хугацаанд шүүхэд хариу тайлбар гаргах үүрэг, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, улмаар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
4. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч Б нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нутаг дэвсгэрт байрлах ..м.кв үйлчилгээний зориулалттай орон сууцыг нийт 93,800,000 төгрөгөөр худалдан авахаар М ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №П2-А-01/2-106 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулжээ.
5.а. Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
6. Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсантай холбоотойгоор 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №П2-А-01/2-106 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.2.1-т зааснаар нийт 93,800,000 төгрөг төлөх ёстойгоос гэрээг байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 60,000,000 төгрөгийг, мөн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл төлбөр 33,800,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсноос, нэхэмжлэгч Б нь 60,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан 2019.05.24-ний өдөр, үлдэгдэл 33,800,000 төгрөгийг 2019.06.18-ны өдөр М ХХК-д шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн маягт, баримтаар тогтоогдсон, гэрээнд заасан үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлжээ.
7. Нэхэмжлэгч Б нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 93,800,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд М ХХК-д бүрэн шилжүүлсэн, хариуцагч уг мөнгөн дүнг хүлээн авсан болох нь 2022.01.18-ны өдрийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар нотлогджээ.
8. Нэхэмжлэгч Б нь хариуцагч М ХХК-д холбогдуулан Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан №П2-А-01/2-106 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-гээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулах, захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор алданги тооцох ёстой гэж маргасан бөгөөд гэрээний 2.1.2-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг 2020 оны 01 дүгээр улиралд барьж оруулна гэж, гэрээний 5.10-т Гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 60 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 61 дэх хоногоос эхлэн алданги тооцно гэж харилцан тохирчээ.
8.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаанаас дүгнэхэд, гүйцэтгэгч нь орон сууцыг 2020 оны 1-3 дугаар сард ашиглалтад оруулахаар /2020.04.01/, мөн гүйцэтгэгч нь өөрийн үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээгээр тохирсон хугацааг ашиглалтад оруулах хугацааг 60 хоногоор хэтрүүлсэн тохиолдолд уг хугацаанаас хойш гүйцэтгээгүй үүрэгт зохих ёсоор /2020.07.01-ээс хойш/ алданги тооцохоор тохирчээ.
9. М ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсны дараа орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн, мөн шүүх хуралдаанд тайлбарласан, улмаар хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлснээс хойш алданги тооцох ёстой хугацааг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүртэл тодорхойлсон байна.
10. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр №П2-А-01/2-106 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний 2.1.3-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги захиалагчид төлнө. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч алдангийг шаардсан, улмаар орон сууцыг хариуцагч хугацаандаа хүлээлгэн өгөөгүй учир нийт гүйцэтгэсэн орон сууцны үнэ болох 93,800,000 төгрөгөөс тооцох ёстой гэж тайлбарлажээ.
11. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг барилгын ажлын явцын дагуу тодорхойлно гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг зөрчигдөх үед буюу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэхэд барилгын ажлын явц хэдэн хувьтай байсан, хэдэн төгрөгт ногдох хувийн гүйцэтгэлтэй байсан эсэх талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар татгалзал гаргаагүй тул захиалагчийн нийт шилжүүлсэн мөнгөн дүн болох 93,800,000 төгрөгөөс тооцож алданги шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.
12. Хариуцагч гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн 2020.07.02-ний өдрөөс хойш Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гарсан 2023.03.24-ний өдрийг хүртэл 2 жил 8 сарын хугацаа өнгөрсөн, өдрийн алдангид ногдох хэмжээ /93,800,000 х 0,1/ 93,800 төгрөг болсон, улмаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг үндэслэн 93,800,000 төгрөгийн 50 хувиар тооцон 46,900,000 төгрөгийг шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч М ХХК-иас 46,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бт олгох нь зүйтэй гэж үзэв.
13. Хариуцагч М ХХК-д 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар хүргүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Г.Оргил гэх хүн гарын үсэг зурж хүлээн авсан, мөн тус компанийн хуулийн зөвлөх Мөнх-Одод 96040626 дугаартай утсаар ярьж мэдэгдэх хуудсыг үлдээсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэлийн 90040702 дугаар утсанд 2025.02.13-ны өдөр мессежээр тус тус шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 46,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 392,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 392,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД