| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04791/И |
| Дугаар | 191/ШШ2025/01381 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/01381
2025 02 13 191/ШШ2025/01381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ...өрийн байр хаягт оршин байрлах, Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .... тоот хаягт оршин байрлах, Н-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22,385,000 төгрөг гаргуулах, гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэлтэй холбогдох баримт бичгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Гшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани өөрийн өмчлөлийн Д аймгийн 14-р багт байрлах Г. зочид буудлын барилгын галын дохиолол, хаалганы электрон цоож, хяналтын камер, сүлжээний тоног төхөөрөмж, дотуур холбоо, кабелийн телевизийн систем, цахилгааны тоног төхөөрөмж, агаар сэлгэлтийн сүлжээний кабель, өрөөний агааржуулалтын системийн цахилгаан кабель зэргийг нийлүүлж суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н-тай №GҮ2019\01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчид тоног төхөөрөмжүүдийг бүрэн нийлүүлж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр акт үйлдэж баталгаажуулсан. Харин ил, далд угсралтын ажлын гүйцэтгэлийн акт, түүнийг баримтжуулсан баримт бичиг, холбогдох зааварчилгаа, танилцуулга, схем зураг зэргийг актаар хүлээлгэж өгөөгүй боловч захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж гэрээний төлбөрт нийт 560,928,024 төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Улмаар манай зочид буудлын барилгын ажил дуусаж 2021 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлэх үед буудлын 3-12 дугаар давхрын өрөөнүүдийн агааржуулалтын систем ажиллахгүй байсан. Энэ үед Ковид цар тахал, хөл хорионы улмаас зочид буудал үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй байсан тул дээрх асуудлыг шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй. Цар тахлын хөл хорио дуусаж хэвийн үйл ажиллагаагаа явуулснаас хойш дээрх асуудалтай холбоотой үйлчлүүлэгчдийн санал, гомдол тасраагүй бөгөөд бидний зүгээс шалтгааныг олж тогтоох ажлыг удаа дараа хийсэн боловч төдийлөн үр дүн гарахгүй байсан ба 2023 оны 7 дугаар сард мэргэжлийн компаниар үзлэг хийлгэхэд Н-ийн гэрээгээр гүйцэтгэсэн дараах ажлуудад доголдол илэрсэн болохыг мэдсэн. Үүнд:
2. Мэдээллийн утсыг буруу схемээр холбосон;
3. Цахилгааны тэжээл буруу холбогдсон;
4. Сорох решотик ууршуулагчид холбогдоогүй;
5. Машин дээрх тохиргоо хийгдээгүй, шугамын даралт бага;
6. Ууршуулагчийн дарааллыг зөв таниулаагүй зэрэг доголдлын улмаас агааржуулалтын хөргөлтийн систем ажиллахгүй байгаа талаар олж мэдсэн.
Эдгээр доголдлыг яаралтай арилгах талаар манай компанийн зүгээс Н-ийн ерөнхий менежер, Гүйцэтгэх удирдлагад мэдэгдсэний дагуу 2023 оны 08 дугаар сарын 23-27-ны өдөр тус компанийн холбогдох мэргэжилтнүүд манай зочид буудалд ирж танилцсан боловч доголдлыг арилгахаас татгалзсан болно. Манай компанийн зүгээс зочид буудлын хэвийн үйл ажиллагааг яаралтай хангаж, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн алдагдал хүлээхгүйн тулд дээрх доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлуулахаар гуравдагч этгээдтэй буюу Ёлын салхи ХХК-тай нийт 60,000,000 төгрөгийн төлбөр төлөх нөхцөлтэй Ажил гүйцэтгэх гэрээ-г 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс засварын ажлыг бүрэн хийж дууссан. Иймд хариуцагч компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн заасан болон энэ гэрээнд тодорхойлсон хугацаанд доголдлыг арилгаагүй бол захиалагч доголдлыг өөрийн зардлаар арилгаж болох ба үүнд гарсан зардлыг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч дараах шаардлага гаргах эрхтэй, 352.2.2-т доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх гэж тус тус заасны дагуу Нью телеком" ХХК-аас түүний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Хоёр. Мөн Н ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, холбогдох барилгын норм, дүрэмд заасны дагуу дараах баримт, бичгийг актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Үүнд:
1. Нийт гүйцэтгэсэн ажлуудын угсралтын үеийн явцыг баримтжуулсан зураг, гүйцэтгэл задаргаа, угсралтын нарийвчилсан схем зэргийг багтаасан ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, фото файл;
2. Галын дохиоллын ерөнхий удирдах самбарын бүрэн бүтэн ажиллагааг харуулсан схем тайлбар , ажиллуулах заавар;
3. Хяналтын камерын схем, тоо ширхгийг хүлээлцэх акт үйлдээгүй, хэвийн ажиллаж байх үеийн баримт;
4. Тавигдсан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэсэн улс, гэрчилгээ, ажиллуулах зааварчилгаа зэргийг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгөөгүй болно.
Ажлын гүйцэтгэлийн доголдол тус бүрийг засварлахад шаардлагатай зардлын задаргааг хүснэгтээр харуулсан. Иймд Н-аас түүний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 60,000,000 төгрөг гаргуулан гэрээ болон хууль, дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бичгүүдийг нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
1.1. Нэхэмжлэгч нь 2024.12.06-ний өдөр нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н-тай №GҮ2019\01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Хариуцагч компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 4.4, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т заасны дагуу Н-аас түүний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахад гарсан зардал 22,385,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Анх гаргасан нэхэмжлэлээс агааржуулалтын системийг холбосон зориулалтын кабель буюу сигналын долгионы хамгаалалттай кабель (АW06), Сигналын хамгаалалттай кабель 2*0,75-уудын үнэ 37,615,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа ба зөвхөн доголдлыг арилгахтай холбоотой гарсан зардлыг нэхэмжилнэ. Иймд Н-аас түүний гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 22,385,000 төгрөг гаргуулан гэрээ болон хууль, дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бичгүүдийг нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н нь Г. ХХК-тай 2019 оны 5-р сарын 30-нд 2019/01 тоот дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, мөн 2020 оны 01 сарын 22-нд энэхүү гэрээний нэмэлт болох 2019/01-2 тоот гэрээ байгуулж, гэрээний дагуу галын дохиолол, хаалганы электрон цоож, Хяналтын камер, Сүлжээний тоног төхөөрөмж, Дотуур холбоо, Кабелийн телевизийн систем, кабель монтаж, цахилгааны кабель татаж суурилуулах, холболтод бэлдэж өгөх ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, гүйцэтгэлийг 2020 оны 05 дугаар сарын 20-нд захиалагч Г. ХХК-д бүрэн хүлээлгэн өгсөн. Манай зүгээс гэрээнд зааснаар нийлүүлсэн тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэл нь захиалагчийн шаардлагад нийцсэнээс гадна, чанарын өндөр түвшинд гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Захиалагч Гнь тухайн үедээ нийлүүлж суурилуулсан тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийг хянан шалгаж гэрээний төлбөрийг манайд шилжүүлсэн. Иймд доорх үндэслэлүүдээр нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд: Нэхэмжлэгч 2019 оны 5-р сарын 30-нд СҮ 2019/01 тоот дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 70,202,000 төгрөгийг манай компаниас гаргуулах тухай нэхэмжлэлийг өмнө нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж улмаар иргэний хэрэг үүсэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дууссан. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 181/ШШ2023/00006 дугаартай захирамжаар Зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Тодруулбал нь хариуцагчаар оролцсон манай компани нь 2019 оны 5-р сарын 30-нд СҮ 2019/01 тоот дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу Г. ХХК-иас авах 28,000,000 төгрөгийг авахаас татгалзаж, нэмж 16,000,000 төгрөгийн бараа материал нийлүүлэхээр болж, Г26,202,000 төгрөгнөөс татгалзаж, талууд эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв дахин энэ гэрээний үүрэгтэй холбоотойгоор маргаан үүсгэх байсан юм бол манай компанийн зүгээс гэрээний үлдэгдэл төлбөр 28,000,000 төгрөгийг Г. ХХК-с авахаас татгалзаж, нэмж 16,000,000 төгрөгний ажил хийж өгөхөөр болж Эвлэрлийн гэрээ байгуулахгүй байх байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2019 оны 5-р сарын 30-нд 2019/01 тоот дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Манай компани гэрээгээр хийх ажил үүргээ бүрэн биелүүлж гүйцэтгэлийг 2020 оны 05 дугаар сарын 20-нд захилагч Г. ХХК-д бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардлага гаргахаар бол 2023 оны 05 дугаар сарын 20-ны дотор гаргах ёстой. Гэтэл энэхүү хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Г. ХХК-ийн гомдолд өрөөний агааржуулалтын системийн цахилгааны кабель татах ажлын хүрээнд нийлүүлж суурилуулсан кабель нь зориулалтын бус кабель хэрэглэсэн гэжээ. Хариуцагч талын татсан цахилгааны кабель нь стандартын шаардлага хангасан, цахилгааны чадал даах чадвар бүхий сайн чанарын кабел болно. Мэдээллийн утсыг буруу схемээр холбосон гэжээ. Манай компани нь айр кондишн суурилуулдаг компани биш бөгөөд Г. ХХК-ийн хүсэлтээр зөвхөн кабелийг нь татаж, цахилгаанд холбоход бэлэн болгож өгсөн. Дохиолол дамжих утсыг бид ямар нэгэн байдлаар холбоогүй. Зөвхөн UTPСАТ5е гэдэг кабелиар кабель татсан. Татсан дохиоллын кабель дээр захиалагчийн зүгээс ямар нэгэн техникийн үзүүлэлт шаардаагүй болно. Хэрэв шаардахаар байсан бол гэрээнд тусгах ёстой байдаг. Цахилгааны тэжээл буруу холбогдсон гэжээ. Цахилгаан нь 220В тэжээл бөгөөд бид кабелийг тэжээлд залгахад бэлэн байдалд хүлээлгэн өгсөн. Сорох решотик ууршуулагчид холбогдоогүй гэжээ. Манай компани нь айр кондишн хийдэг компани биш. Зөвхөн кабель татаж, цахилгаанд холбоход бэлэн болгож хүлээлгэн өгөх гэрээтэй, өөрөөр хэлбэл бусад төхөөрөмж рүү залгах ажил үүрэг гэрээнд тусгагдаагүй. Машин дээрх тохиргоо хийгдээгүй. Шугамын даралт бага гэжээ. Манай компани нь айр кондишн хийдэг компани биш. Зөвхөн кабель татаж, цахилгаанд холбоход бэлэн болгож хүлээлэн өгөх гэрээтэй. Ууршуулагчийн дарааллыг зөв таниулаагүй гэжээ, гэрээнд зөвхөн кабель татах, тэжээлд холбох /цахилгаан үүсгүүрт холбох болохоос агааржуулалтын системийг цогцоор хийнэ гэсэн үг биш/ гэсэн заалттай. Бид харилцаа холбоо, дотор цахилгаан хангамж угсарч суурилуулах зөвшөөрөлтэй компани болохоос агааржуулалт, эйркондишны тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил хийдэггүй болно. Манай компани нь Г. ХХК-тай зөвхөн тэжээлийн кабель болон цахилгаанд холбох, түүний ажлын хөлс авах гэсэн гэрээ хийсэн болно. Ямар нэгэн байдлаар эйркондишн угсрах, тохируулах хүлээлгэн өгөх гэрээг бид хийгээгүй. Бидний зүгээс 2021 онд хийсэн гэрээний гүйцэтгэлтэй холбоотой ажлаар Гдээр очсон бөгөөд бүх давхрын эйркондшинууд давхар давхраараа тусдаа хэвийн ажиллаж байсан. Нэхэмжлэгч Ажил гүйцэтгүүлэх гэрээний 4.4-д заасан Гүйцэтгэгч нь захиалагчийн заасан болон энэ гэрээнд тодорхойлсон хугацаанд доголдлыг арилгаагүй бол захиалагч доголдлыг өөрийн зардлаар арилгаж болох ба үүнд гарсан зардлыг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасан гэжээ. Энэхүү заалт нь Гэрээгээр хийсэн ажил нь тодорхой цаг хугацааны дотор буюу баталгаат хугацааны дотор доголдол илэрвэл хамаарах заалт бөгөөд мөн гэрээний 7.1-д Гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэл буюу баталгаат хугацаа нь халаалтын 3 жил буюу /36 сар/ байна гэж зааснаар баталгаат хугацаанаас өнгөрсөн. Нэхэж буй бичиг баримтууд нь Барилга хүлээлцэх улсын комиссын шаардлагад багтдаг бөгөөд эдгээр бичиг баримтгүйгээр Улсын комисс барилгыг хүлээн авдаггүй. Бүх шаардлагатай бичиг баримт, зураг, схемийг бүрдүүлэн Барилга хүлээлцэх улсын комисст өгсөн болно. Барилгыг ашиглаж болох тухай захирамж нь эдгээр баримт бичгүүд дээр үндэслэн гардаг ба эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг болон тамга тэмдэг дарагдсан баримт бичгүүдийг Г. компанид өгсөн. Одоо болтол 1 хувийг бид харин Г. компаниас аваагүй болно. Г. ХХК-д эдгээр баримтуудаа өөрсдөө архивлаж хадгалах үүрэгтэйгээс гадна, илүү хувь нь Архивын ерөнхий газарт хадгалагддаг тул манай компаниас биш тус байгууллагад хандан хуулбарлан авах ёстой юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, ажил гүйцэтгэх гэрээ, үнийн санал, GY2019/01 тоот гэрээний гүйцэтгэлийн дүгнэлт, Н-ийн гүйцэтгэл, тоног төхөөрөмж хүлээлцсэн акт, дүгнэлт, ажил гүйцэтгэх гэрээ, Г. ХХК-ийн Г. зочид буудлын агааржуулалтын хөргөлтийн системийн засварын ажлын материал болон ажлын хөлс, шилжүүлгийн мэдээлэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, Дархан хот Гранд Яак зочид буудлын хөргөлтийн системийн засварласан акт, зочид буудлын өрөөнүүдийн агааржуулалтын системийн ажиллагаа шалгаж хүлээн авсан тэмдэглэл, хаан банкны гүйлгээний баримт, шилжүүлгийн мэдээлэл, 2023/07/20 дугаар дүгнэлт, барилга хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.12.06 өдрийн тодорхойлолт, фото зураг /канон/ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эвлэрэл, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Шинжлэх Ухаан, технологийн их сургуулийн мэдээлэл, холбооны технологийн сургуулийн дүгнэлт зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Гнь хариуцагч Н-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гүйцэтгэх гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг гаргуулах, хууль, дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бичгүүдийг хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасантай холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Нэхэмжлэгч нь Г. зочид буудлын барилгын галын дохиолол, хаалганы электрон цоож, хяналтын камер, сүлжээний тоног төхөөрөмж, дотуур холбоо, кабелийн телевизийн систем, цахилгааны тоног төхөөрөмж, агаар сэлгэлтийн сүлжээний кабель, өрөөний агааржуулалтын системийн цахилгаан кабель зэргийг нийлүүлж суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Н-тай №GҮ2019/01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч нь захиалагчид тоног төхөөрөмжүүдийг бүрэн нийлүүлж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр акт үйлдэж баталгаажуулсан боловч ил, далд угсралтын ажлын гүйцэтгэлийн акт, түүнийг баримтжуулсан баримт бичиг, холбогдох зааварчилгаа, танилцуулга, схем зураг зэргийг актаар хүлээлгэж өгөөгүй боловч ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт нийт 560,928,024 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн. Зочид буудлын барилгын ажил дуусаж 2021 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлэх үед буудлын 3-12 дугаар давхрын өрөөнүүдийн агааржуулалтын системд доголдол илэрснийг цар тахал, хөл хорионы улмаас зочид буудал үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүйгээс шалтгаан, нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй. Улмаар шалтгааныг олж тогтоох ажлыг удаа дараа хийсэн ч үр дүн гараагүй, харин 2023 оны 7 дугаар сард мэргэжлийн компаниар үзлэг хийлгэхэд Н-ийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлуудад 6 төрлийн доголдол илэрсэн. Гэвч хариуцагч доголдлыг арилгахаас татгалзсан тул Ёлын салхи ХХК-д 60,000,000 төгрөгөөр доголдлыг арилгуулсан. Иймд Нью телеком" ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 60,000,000 төгрөгийг гаргуулна. Мөн Н ХХК нь нийт 4 төрлийн баримт, бичгийг актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй тул гэрээ болон хууль, дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бичгүүдийг нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөхийг даалгуулна гэжээ.
б/ Нэхэмжлэгч нь 2024.12.06-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан бөгөөд талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэг буюу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулахад зөвхөн гарсан зардалд 22,385,000 төгрөгийг гаргуулна, харин агааржуулалтын системийг холбосон зориулалтын кабель буюу сигналын долгионы хамгаалалттай кабель (АW06), Сигналын хамгаалалттай кабель 2*0,75-уудын үнэ 37,615,000 төгрөгийг гаргуулах шаардлагаасаа татгалзана гэж эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлжээ.
3. Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргээ бүрэн биелүүлж чанарын түвшинд гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн, тухайн ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн доголдол, дутагдал илрээгүй, мөн ажил гүйцэтгэх гэрээний доголдол илэрсэн гэх эйр кондишнтой холбоотой ажил үүргийг хариуцагч гүйцэтгээгүй, зөвхөн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэсэн, харин нэхэмжлэгч талаас өгсөн зааварчилгааны дагуу чанарын шаардлага хангасан утсыг холбогдох газруудад нь татаж үлдээсэн бөгөөд тэдгээрийн аливаа холболтын ажлыг гүйцэтгээгүй. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар талууд өмнө нь шүүхээр маргаж, эвлэрлийн гэрээг байгуулсан тул дахин тухайн асуудлаар маргах эрхгүй, эйр кондшиныг холбох суурилуулах ажлыг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд гүйцэтгэдэг, харин манай компани энэ талаар ямар нэгэн ажил гүйцэтгээгүй, гүйцэтгэх үндэслэлгүй, мөн доголдлыг арилгах талаар хариуцагчид огт хандаагүй, тухайн доголдол хаанаас илэрсэн, ямар байсан талаар огт танилцуулаагүй атлаа танай гаргасан доголдлыг бусдаар арилгуулахад гарсан зардал гэж мөнгөн төлбөр шаардсаныг зөвшөөрөхгүй, холбогдох баримт, бичгийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дүгнэхэд бүхэлд нь хүлээлгэн өгсөн, харин ч нэг хувийг манай байгууллагад буцаан өгөх ёстой гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
I. Гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад
гарсан зардал 22,385,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
5. Нэхэмжлэгч Гнь хариуцагч Н-тай 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр №GY2019/01 дугаартай Ажил гүйцэтгүүлэх гэрээ-г байгуулжээ.
а/ Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөлөөр Д аймгийн 14 дүгээр багт байрлах зочид буудлын барилгын Галын дохиолол, хаалганы электрон цоож, хяналтын камер, сүлжээний тоног төхөөрөмж дотуур холбоо, кабелийн телевизийн систем, цахилгааны тоног төхөөрөмж суурилуулах ажлыг захиалагчийн шаардлагад нийцүүлэн хүлээлгэн өгөх, захиалагч гүйцэтгэгчийн ажлын үр дүнг хүлээн авч гэрээгээр тохиролцсон хөлсийг гүйцэтгэгчид хүлээлгэн өгөх, нийт ажлын хөлсийг 560,398,024 төгрөг байхаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцжээ.
б/ Түүнчлэн зохигчид 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр дараах үндсэн ажлуудыг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тохирчээ. Үүнд:
2.1.1. Галын дохиоллын систем, 2.1.2. Хаалганы электрон цоож, ухаалаг систем, 2.1.3. Хяналтын камер, 2.1.4. Сүлжээний тоног төхөөрөмж, 2.1.5. Дотуур холбоо, 2.1.6. Кабелийн телевизийн систем, 2.1.7. Цахилгааны тоног төхөөрөмж, 2.1.8. Серверийн өрөөний шал, хаалганы хуруу мэдрэгч индикатор.
6. Улмаар Гболон Н-ийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад заасан буюу Үнийн санал гэсэн хэсэгт дурдагдсан хавтаст хэргийн 18 дугаар талаас 22 дүгээр талд авагдсан олон төрлийн багц ажлуудыг гүйцэтгэсэн/нийт 6 хуудас/, энэхүү хавсралтад заагдсан бараа, бүтээгдэхүүн, ажил зэрэг нь үндсэн гэрээний салшгүй хэсэг болсон талаар, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зохигч маргаагүй байна. /хх-15-22/
7. Дээр дурдсан ажил гүйцэтгэх гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч гүйцэтгэх ёстой ажлыг тохирсон хугацаанд хийж гүйцэтгэсэн, гэрээний харилцаа дуусгавар болсон, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг харилцан дүгнэж, 2020 оны 05 дугаар сарын 10-15-нд хүлээлгэн өгсөн, гэрээгээр тохирсон ажлын хөлсийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн талаар маргаагүй боловч ажил гүйцэтгэх гэрээгээр хийсэн гүйцэтгэгчийн ажлын үр дүнд хожим доголдол илэрсэн, улмаар уг доголдлыг засварлуулахаар шаардахад татгалзсантай холбоотойгоор бусдаар гүйцэтгүүлсэн тул холбогдох зардлыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч хариуцагчийн гүйцэтгэлээс шалтгаалан ажлын доголдол гарсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж үзэв.
8. Учир нь нэхэмжлэгч нь талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хүрээнд өрөөний агааржуулалтын системийн цахилгааны кабель татах ажлын хүрээнд нийлүүлж суурилуулсан кабель нь зориулалтын бус кабель хэрэглэсэнтэй холбоотойгоор доголдол үүссэн, улмаар эйр кондишны ууршуулагч гадна машины хооронд холбогдсон дохионы кабель зориулалтын бус байсны улмаас бүгдийг солихоос өөр аргагүй болсныг бүхэлд нь сольсон, мөн тухайн доголдлыг арилгахад гүйцэтгэсэн ажлын зардалд төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэжээ.
а/ Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохирсон ажлаас гадна нэмэлт гэрээгээр Н-иар ажил гүйцэтгүүлсэн, гэтэл уг нэмэлтээр гүйцэтгүүлсэн ажлын хувьд доголдол илэрсэн нь үндсэн гэрээний салшгүй хэсэг болох талаар мөн тайлбарлажээ.
б/ Хариуцагчийн хувьд дээр гаргасан шаардлага, үндэслэлтэй нь холбогдуулан нэмэлтээр аливаа гэрээг байгуулаагүй, харин нэмэлт ажлын хүрээнд захиалагчийн өгсөн чиглэл, зааврынх нь дагуу заагдсан газарт нь кабель, утаснуудыг татаж орхисон, харин тухайн кабель, утаснуудтай аливаа холболтын ажил, үүргийг гүйцэтгээгүй, гүйцэтгэх учиргүй яагаад гэвэл ажлын доголдол нь эйр кондишны холболт тохируулгаас үүдсэн доголдол гэж тайлбарлаж байгаа нь манай ажил үүрэгт хамааралгүй гэж маргажээ.
в/ Шүүх хуралдаанд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хувьд эйр кондишний холболт тохируулгын ажлыг Н нь гүйцэтгээгүй болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, тухайн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн талаарх тайлбарыг мөн гаргасан байна.
9. Нэхэмжлэгч Н-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарсныг буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох зорилгоор Сэрүүн сервис ХХК-ийн 2023.07.19-ний өдрийн №001/050 дугаартай албан бичгээр гаргасан Дүгнэлт-ийг үндэслэжээ./хх-30/ Уг дүгнэлтэд, Г. Зочид буудлын өрөөнүүдийн хөргөлтийн систем ажиллахгүй байгаа гол шалтгааныг дүгнэхэд: 1.Кондишны ууршуулагч гадна машины хооронд холбогдсон дохионы кабель зориулалтын бус кабель хэрэглэсэн, 2. Дохионы кабель буруу схемээр холбогдсон, 3. Цахилгааны тэжээл буруу холбогдсон байх магадлалтай, 4. Системийн хөргөлтийн шингэний даралт бага байсан, 5. Доторх төхөөрөмж агаар өгөх болон сорох сараалжинд холбогдоогүй, 6.Системийн тохиргоо хийх, 7. Ууршуулагчийн дарааллыг зөв таниулах, 8. Конденсацийн усны шугам буруу холбогдсон, налуу гаргаагүй. Дээрх шалтгаануудын улмаас Зочид буудлын 3-12 давхрын өрөөнүүдийн агааржуулалтын хөргөлтийн системийг ажиллахгүй байна гэж үзэж байна гэсэн дүгнэлтэд үндэслэжээ.
10. Гэтэл эдгээр дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан Кондишны ууршуулагч гадна машины хооронд холбогдсон дохионы кабель зориулалтын бус кабель хэрэглэсэн гэх үйл баримтыг нотлох баримтгүй буюу, зохигчид тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд хийх кабелийн чанар, стандарт болон ямар ажлыг нэмэлтээр хийсэн талаар гэрээгээр тохирсон үйл баримт тогтоогдоогүй, тодруулбал эйр кондишны ууршуулагч гадна машины хооронд холбох утсыг нийлүүлэх, тухайн гэрээний дагуу ямар чанарын шаардлага хангасан, ямар кабель утсыг нийлүүлэх байсан талаар, мөн нэмэлт ажлын хүрээнд ямар ямар ажлуудыг хийсэн талаар харилцан тохирсон гэх үйл баримт нотлогдоогүй байна.
11. Мөн Сэрүүн сервисийн гаргасан Дүгнэлт-ийн 2-8 дахь хэсэгт дурдсан 2. Дохионы кабель буруу схемээр холбогдсон, 3. Цахилгааны тэжээл буруу холбогдсон байх магадлалтай, 4. Системийн хөргөлтийн шингэний даралт бага байсан, 5. Доторх төхөөрөмж агаар өгөх болон сорох сараалжинд холбогдоогүй, 6.Системийн тохиргоо хийх, 7. Ууршуулагчийн дарааллыг зөв таниулах, 8. Конденсацийн усны шугам буруу холбогдсон, налуу гаргаагүй гэх ажил үүргийг Н нь гүйцэтгээгүй болохыг зохигчдын хэн алин нь шүүх хуралдаанд тайлбарласан тул гүйцэтгээгүй ажлын доголдлыг арилгах буюу бусдын гүйцэтгэсэн ажлаас үүссэн доголдлыг Н хариуцах эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм.
12. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Гнь Н-тай 2019.05.30-ны өдөр байгуулсан №GҮ2019\01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 4.4-т Гүйцэтгэгч нь захиалагчийн заасан болон энэ гэрээнд тодорхойлсон хугацаанд доголдлыг арилгаагүй бол захиалагч доголдлыг өөрийн зардлаар арилгаж болох ба үүнд гарсан зардлыг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шаардах эрхийг тодорхойлсон боловч энэхүү бичмэл гэрээний дагуу тухайн ажлыг гүйцэтгэсэн гэх үйл баримт нотлогдоогүй байна.
13. Тодруулбал, Гнь Н-тай 2019.05.30-ны өдөр байгуулсан №GҮ2019\01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний нэмэлт ажлын хүрээнд тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхээр тохирсон гэх боловч нэмэлт ажлын хүрээ, хязгаар, ажлын гүйцэтгэл болон нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний талаар хэлэлцэн тохирсон баримтгүй, нэмэлт ажил нь 2019.05.30-ны өдөр байгуулсан №GҮ2019\01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний 2.1-т заасан ажил, үүрэгт хамааралгүй байх тул ажлын доголдлын талаар дүгнэх үндэслэлгүй байна.
14. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж хуульчилсан, мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх; доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх; доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардлага гаргах эрхтэй байна.
15. Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол доголдлыг арилгуулах, хохирол, зардлыг нөхөн төлүүлэх эрх зүйн үр дагавар үүсэх боловч гүйцэтгэгчийн хийсэн ажилд доголдол илэрсэн гэх үйл баримт нотлогдоогүй тохиолдолд доголдол үүссэн гэж шаардах эрхгүй юм.
16. Түүнчлэн нэхэмжлэгч нь Н-ийн гүйцэтгэсэн ажилд доголдол илэрснийг 2023 оны 7 дугаар сард мэдсэн, мэдсэн даруйд доголдлыг арилгах талаар шаардлага гаргахад 2023 оны 08 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд ирж танилцсан боловч доголдлыг ариглахаас татгалзсан тул уг доголдлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, гүйцэтгэгчид тухайн доголдлын талаар огт мэдэгдээгүй, харин танай доголдлыг арилгуулахад гарсан зардлыг шаардах талаар гэнэт мэдэгдсэн нь үндэслэлгүй, учир нь тухайн доголдол гэх зүйл нь одоо байхгүй, доголдол гарсан гэх зүйлийг бидэнд огт мэдэгдээгүй атлаа өөрчилж, засварласан гэх үндэслэлээр их хэмжээний төлбөр шаардаж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбарыг бүрэн няцаагаагүй, нэхэмжлэгч тухайн ажлыг гүйцэтгэсэн болохыг нотлох буюу доголдол илэрсэн үеийн баримт авагдаагүй байна.
17. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад тухайн ажлын доголдлын талаар удаа дараа гүйцэтгэгчид шаардлага тавьсан боловч засварлаж өгөөгүй тул өөрсдийн зардлаар бусдаар гүйцэтгүүлсэн гэж маргасан боловч Н-д тухайн ажлын гүйцэтгэлд доголдол илэрсэн талаар шаардлага хүргүүлсэн гэх үйл баримтыг нотлоогүй, энэ талаар баримт гаргаагүй тул тухайн доголдлыг гүйцэтгэсэн ажлаас үүссэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь захиалагчийн заасан болон энэ гэрээнд тодорхойлсон хугацаанд доголдлыг арилгаагүй бол захиалагч доголдлыг өөрийн зардлаар арилгаж болох ба үүнд гарсан зардлыг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар доголдлыг арилгах талаар хугацаа тогтоосон үйл баримт тогтоогдоогүй байна.
18. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэжээ.
19. Гэрээний талууд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг харилцан дүгнэж, Гүйцэтгэсэн ажлын багц тус бүрт гүйцэтгэсэн ажлын болон тоног төхөөрөмжийг хүлээлцэн актыг үйлдэж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ. /хх-25-29/
а/ Түүнчлэн тоног төхөөрөмж хүлээлцэх актыг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр харилцан үйлдэхдээ Баталгаат хугацааг 1 жил гэж тоног төхөөрөмж, ажлын гүйцэтгэлийн хугацааг хүлээлгэн өгснөөс хойш 1 жилийн баталгаат хугацааг гэрээнээс өөрөөр тогтоожээ. /хх-25-29/
б/ Мөн Гэрээний 4.6-д зааснаар Н нь гүйцэтгэсэн ажилдаа 1 жил 6 сарын чанарын баталгаа олгосон байна. Иргэний хуулийн 349 дүгээр 349.2-т Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно гэжээ. Сэрүүн сервис ХХК-ийн 2023.07.19-ний өдрийн №001/050 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч доголдлыг мэдсэн гэж үзэх бөгөөд гэрээгээр тохирсон баталгаат хугацааны дотор /2021.11.11/ дутагдал илрээгүй гэх үндэслэл болох тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т заасан гомдлын шаардлага гаргах хугацаа ач холбогдолгүй юм.
в/ Харин талуудын хооронд байгуулсан гэрээгээр баталгаат хугацааг 1,6 жил, мөн ажлыг хүлээлгэн өгсөн актаар 1 жилийн хугацааг тус тус тогтоосон, энэхүү баталгаат хугацаа нь эцсийн байдлаар 2021.11.11-ний өдрөөр дуусгавар болсон байх тул гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
20. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2 дугаар зүйлд заасан ажил нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т заасан Барилга, байшингийн дутагдалтай холбоотой гурван жилийн гомдлын шаардлагад хамаарахгүй, мөн гэрээний 7.1-т гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэсэн буюу баталгаат хугацаа нь халаалтын 3 жил /36 сар/ байна гэсэн хугацаа нь ажлыг актаар хүлээлгэж өгсөн 2020.05.11-2023.05.11-ний өдөр хүртэл үргэлжилсэн, үүнээс хойш илэрсэн доголдол байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
а/ Ажлын доголдол нь гүйцэтгэгчид шалтгаант холбоотой тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон эсэх нь маргааны үйл баримтад хамааралтай боловч зохигчид хэн алин нь хөөн хэлэлцэх хугацааны талаар маргасантай холбоотойгоор эрх зүйн дүгнэлт хийх шаардлага үүссэн болохыг дурдав.
21. Нэхэмжлэгч Гнь талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохирсон ажлаас гадна нэмэлт гэрээгээр Н-иар ажил гүйцэтгүүлсэн, гэтэл уг нэмэлтээр гүйцэтгүүлсэн ажлын хувьд доголдол илэрсэн нь үндсэн гэрээний салшгүй хэсэг болох талаар мөн хуралдаанд тайлбарласан боловч шаардах эрхийн үндэслэлийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу шаардана гэж тодруулсан, мөн нэмэлт гэрээ нь нэхэмжлэгчид эх сурвалжаар байхгүй боловч өмнөх хуралдаанд хариуцагч байгаа гэсэн тайлбарыг гаргасан тул хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч талаас ямар нэгэн гэрээ хэлцэл анхнаасаа байхгүй учир гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.3-т заасан үндэслэл бүрдээгүй болохыг дурдав.
22. Нэхэмжлэгч Гнэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Сэрүүн сервис ХХК-ийн 2023.07.19-ний өдрийн №001/050 дугаартай албан бичгээр гаргасан Дүгнэлт-ийг үндэслэн Н-ийн ажлыг доголдолтой байсан гэж тайлбарласан боловч захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр тухайн ажил үүргийг хариуцагч гүйцэтгэсэн болохыг хөдөлбөргүй нотлох үйл баримт тогтоогдоогүй, хариуцагчийн гүйцэтгэсэн ажил, үүрэгт доголдол илэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
23. Иймд Н-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 22,385,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
II. Гэрээ болон хууль, дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бичгүүдийг хүлээлгэж өгөхийг даалгах шаардлагын тухайд.
24. Н ХХК нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, талуудын хооронд байгуулагдсан гэрээ, холбогдох барилгын норм, дүрэмд заасны дагуу дараах баримт, бичгийг актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Үүнд:
а/ Нийт гүйцэтгэсэн ажлуудын угсралтын үеийн явцыг баримтжуулсан зураг, гүйцэтгэл задаргаа, угсралтын нарийвчилсан схем зэргийг багтаасан ил, далд ажлын гүйцэтгэлийн акт, фото файл;
б/ Галын дохиоллын ерөнхий удирдах самбарын бүрэн бүтэн ажиллагааг харуулсан схем тайлбар, ажиллуулах заавар;
в/ Хяналтын камерын схем, тоо ширхгийг хүлээлцэх акт үйлдээгүй, хэвийн ажиллаж байх үеийн баримт;
г/ Тавигдсан тоног төхөөрөмжийн үйлдвэрлэсэн улс, гэрчилгээ, ажиллуулах зааварчилгаа зэргийг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгөөгүй тул гэрээ болон хууль, дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэлд дурдсан баримт бичгүүдийг нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөхийг даалгуулна гэжээ.
25. Хариуцагч Н ХХК нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдох баримт, зураг, схемийг бүрдүүлэн Барилга хүлээлцэх улсын комисст өгсөн, Барилгыг ашиглаж болох тухай захирамж нь эдгээр баримт бичгүүд дээр үндэслэн гарах тул эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг болон тамга тэмдэг дарагдсан баримт бичгүүдийг нэхэмжлэгчид бүрэн хүлээлгэн өгсөн. Харин нэг хувь баримтыг Г. ХХК-иас буцаан авах ёстой боловч өгөөгүй, захиалагч нь эдгээр баримтуудыг өөрсдөө архивлаж хадгалах үүрэгтэйгээс гадна, илүү хувь нь Архивын ерөнхий газарт хадгалагддаг тул тухайн байгууллагаас гаргуулан авах боломжтой, уг баримтууд нь манайд байгаа бол гаргаж өгөхөд татгалзах ямар ч шаардлагагүй, нэгэнт хүлээлгэн өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж маргажээ.
26. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-т Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг .....нийлүүлж, угсарч суурилуулан захиалагчид актаар хүлээлгэн өгнө гэж тохирсон, улмаар гэрээний талууд 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг харилцан дүгнэж, Гүйцэтгэсэн ажлын багц тус бүрд гүйцэтгэсэн ажлын болон тоног төхөөрөмжийг хүлээлцэн актыг үйлдэж, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ. /хх-25-29/
27. Гэрээг дүгнэсэн акт үйлдсэнээс хойшх хугацаанд гүйцэтгэгч тал нь баримт, бичгийг актаар хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор аливаа шаардлага гаргасан үйл баримт нотлогдоогүй, талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажлын гүйцэтгэлийг актаар хүлээлгэн өгөхөөс бусдаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан баримт, материалыг хүлээлгэн өгөх, хүлээн авах талаар гэрээгээр нарийвчлан тохирсон гэх үйл баримт мөн тогтоогдоогүй тул тухайн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
28. Түүнчлэн Гнь Н-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 70,202,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбатаар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 онд гаргасан, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохирч, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулсныг Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүчгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №181/ШШ2023/00006 захирамжаар баталсан, захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
29. Гнь Н-д холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгтэй холбоотой асуудлаар өмнө нь маргахад баримт бичгийг хүлээлгэн өсгөн эсэх асуудлаар зохигч маргаагүй, тухайн гэрээний үүрэг, маргаантай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
30. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийг талууд 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр акт үйлдэж дүгнэсэн, энэ хугацаанаас хойш 2 жил гаруйн дараа гэрээний зарим асуудлаар маргаж, маргааныг шүүхээр шийдвэрлүүлсэн атлаа дахин тухайн гэрээний асуудлаар нэхэмжлэл гаргасныг эрх зүйн тусдаа харилцаанаас үүссэн гэж үзэх боломжгүйгээс гадна маргааны үйл баримтад дурдагдсан Барилгын тухай хууль, гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэлтэй холбогдох баримт бичгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах тухай шаардлага, түүний үндэслэлд дурдсан асуудлыг өмнөх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэг мөр шийдвэрлүүлэх хангалттай хугацаа, боломж байсан боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.
31. Эдгээр үндэслэлээр Барилгын тухай хууль, гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэлтэй холбогдох баримт бичгүүдийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар Н-д холбогдуулан, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №GҮ2019\01 Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахад гарсан зардал 22,385,000 төгрөг гаргуулах, гэрээ болон хууль, дүрэмд заасны дагуу ажлын гүйцэтгэлтэй холбоотой баримт бичгүүдийг хүлээлгэж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Г. ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г. ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70,200+457,950/ 528,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД