2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/01114

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 06 191/ШШ2025/01114

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,   хаягт оршин байрлах, К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Б -нд холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:Чингэлтэй дүүрэг, тоот хаягт байрлах, м

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,000,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ч, өмгөөлөгч Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан "Улаанбаатар хот .... хорооны нутаг дэвсгэрт 300 ортой цэцэрлэгийн барилга худалдан авахаар тендер сонгон шалгаруулалт зарласан бөгөөд тус тендерт улсын төсвийн хөрөнгөөр 4.800.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй тухайн онд санхүүжүүлэх төсөвт өртөг 2.028.000.000 төгрөг байна гэсэн зарын дагуу тендерт оролцож зохих журмын дагуу шалгарсан. Улмаар 300 ортой цэцэрлэгийн барилгыг улсад хүлээлгэн өгсөн. 2022 оны 09 сарын 01-ний өдөр цэцэрлэг нь хүүхдүүдээ хүлээн авч үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа болно. Тус худалдан авах ажиллагаа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр хавсралтын хііі.1.1.323-д тусгагдсан бөгөөд Цэцэрлэгийн барилга худалдаж авах 300 ор /Улаанбаатар хот, .... хороо/ төсөл арга хэмжээний ажилд К ХХК шалгарч 4,800,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй ../202212158 дугаар бүхий гэрээг байгуулсан. Улмаар манай хііі.1.1.366-д тусгагдсан Цэцэрлэгийн барилга худалдаж авах 300 ор /Улаанбаатар хот, ... хуулийн дагуу 2022 он болон 2023 онд санхүүжилтийг хийж дуусгахаар Монгол Улсын төсвийн тухай 2022 оны хууль болон анх тендер зарласан баримт бичигт тусгагдсан байсан ба Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны албан ёсны сайтад Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгөөр Б салбарт шинээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын мэдээнд тус тендер нь 2023 оны 09 сарын 01-ний өдөр 100 хувь төлбөрийг дуусгахаар мэдээнд тусгагдсан байна. Манай компанитай байгуулсан гэрээний хугацаа мөн адил 2023 оны 09 сарын 01- ний өдөр дуусгавар болж байна. Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгөөр санхүүжигдэх цэцэрлэгийн барилгыг 4.800.000 төгрөгөөр хүлээлгэн өгнө, 300 ортой цэцэрлэгийн барилгыг 2023 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийлүүлэн өгнө гэсэн үндсэн нөхцөлтэй байсан манай компани цэцэрлэгийн 300 ортой барилгыг 2022 оны 08 сарын 17-нд хүлээлгэн өгсөн бөгөөд бидний хооронд байгуулсан энэхүү гэрээ бодитоор хэрэгжээд явсан ба /Монгол Улсын төсвийн тухай хуулийн 2022 оны / эхний санхүүжилт болох 1,800,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2022 оны 06 сарын 30-нд 1,216,800,000 төгрөг, 2022 оны 12 сарын 18-нд 583,200,000 төгрөг хүлээн авсан, одоо үлдэх 3,000,000,000 төгрөг дутуу байна. Дээрх мөнгийг гэрээний хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний дагуу үлдэх төлбөрийг төлөхийг шаардаж С болон Б руу 2023 оны 01 сарын 25-ны өдөр 02/01 болон 02/04 тоот албан бичгүүдээр хандсан боловч хариу бичгээр өгөөгүй бөгөөд очиж биечлэн уулзахад мөнгөгүй гэдэг шалтгаанаар үлдэх төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн ба гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 01-ний өдөр дуусгавар болсон болно. Иймд цэцэрлэгийн барилга худалдаж авах гэрээний үлдэх төлбөр болох 3,000,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагчаас 500,000,000 төгрөгийг хүлээн авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 2,500,000,000 төгрөг болгож багасгасан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 500,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бууруулж 2,000,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд Цэцэрлэгийн барилга худалдан авах, 300 ор /Улаанбаатар, ... төсөл, арга хэмжээний төсөвт өртөг 4,800.0 сая төгрөг, санхүүжих дүн 1,216.8 сая төгрөгөөр батлагдаж, Худалдан авах ажиллагааг Төрийн худалдан авах ажиллагааны газарт зохион байгуулж Б яамтай 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ../202212158 дугаарт 4,800.0 сая төгрөгийн гэрээг байгуулсан. Уг цэцэрлэгийн барилгыг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 2020/161 дугаар комиссын актаар Улсын комисс хүлээн авсан байсан. 2022 оны Боловсролын ерөнхий газрын даргын А/46 дугаарт тушаалаар хүлээн авах ажлын хэсэг ажиллан хүлээн авсан. Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 309 дүгээр дугаартайгаар эхлүүлсэн. 2022 оны Улсын төсөвт төсөвт өртөг 4,800.0 сая төгрөг, санхүүжих дүн 2,028.0 сая төгрөг тусгагдсан боловч Улсын төсвийн тодотголоор 1,216.8 сая төгрөг болон буурч тус санхүүжилт олгогдсон. 2023 оны Улсын төсөвт 583.2 сая төгрөгийн санхүүжилт тусгагдан олгогдож нийт 1,800.0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон. Уг төсөл арга хэмжээний үлдэгдэл болох 3,583.2 сая төгрөгийн санхүүжилтийг 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1а/3835 дугаар албан бичгээр Б салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны төсвийн төсөлд тусгаж төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн боловч санхүүжих дүн 583.2 сая төгрөгөөр батлагдсан. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 1а/3765 дугаар албан бичгээр Б салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн төсөлд тусгаж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2,416.8 сая төгрөгийг батлуулахаар санал хүргүүлсэн бөгөөд уг төсөл арга хэмжээний санхүүжих дүнг Снаас 500 сая төгрөг болгож, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль батлагдсан. Үлдэгдэл санхүүжилтийг 2025 онд олгохоор тус хуульд тусгасан болно. Хариуцагчийн зүгээс холбогдох бүхий л арга хэмжээг тухай бүрд авч хэрэгжүүлсэн бөгөөд гэрээний үүрэг зөрчсөн гэсэн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын 2022-2024 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар Б сайдын багцад 4,800,000,000.00 төгрөгийн төсөвт өртөг бүхий Цэцэрлэгийн барилга худалдаж авах, 300 ор /Улаанбаатар, ... төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсан. Төрийн худалдан авах ажиллагааны газраас ../202212158 дугаартай Цэцэрлэгийн барилга худалдан авах, 300 ор /Улаанбаатар, ... төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарласан бөгөөд Б яам нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ../202212158 дугаартай 4,800,000,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий XIII.1.1.366 Цэцэрлэгийн барилга худалдаж авах, 300 ор /Улаанбаатар, Баянгол г дүүрэг, 24 дүгээр хороо/ барилга худалдан авах гэрээ-г ... ХХК-тай байгуулсан байна. С нь Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдаас ирүүлсэн саналын дагуу улсын төсвийн төслийг нэгтгэн боловсруулж, Засгийн газарт танилцуулан ..Хуралд өргөн мэдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг байхаар тусган ..Хуралд өргөн мэдүүлсэн боловч хэлэлцүүлгийн шатанд санхүүжих дүнг 583,200,000.00 төгрөг болгон бууруулж, дуусах хугацааг 2024 он болгон ..Хурлаас баталсан байна. Мөн 2024 оны улсын төсвийн төсөлд уг төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 3.000.000.000. төгрөгөөр, дуусах хугацааг 2024 он байхаар тусган ..Хуралд өргөн мэдүүлсэн боловч хэлэлцүүлгийн шатанд санхүүжих дүнг 500.000.000 төгрөг болгон дахин бууруулж, дуусах хугацааг 2025 он болгон сунгаж ..Хурлаас баталсан байдаг. Иймд С нь Төсвийн тухай хуульд заасан улсын төсвийн төслийг нэгтгэн боловсруулах бүрэн эрхийн хүрээнд Б яамны ирүүлсэн саналын дагуу 2023, 2024 оны төсвийн төсөлд дээрх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг бүрэн тусгаж, боловсруулсан гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Барилга худалдан авах гэрээ, гэрээний тусгай нөхцөл, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-1/624 дугаар албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А-1/724 дугаар албан бичиг, №02 хурлын тэмдэглэл, Төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны тайлан, дүгнэлт, №01 тендер шалгаруулалт амжилттай болсон тухай үнэлгээний хорооны зөвлөмж, тендер шалгаруулалтын товч агуулга, тендер шалгаруулалтын явц, тендерийг хянан үзэх, гэрээ байгуулах эрх олгох тухай санал, тендерийн баталгаа, тендер илгээх маягт, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн саналууд, А/287 дугаар тушаал, тендерийн урилга, 02/10 дугаар албан бичиг, барааны үнийн задаргаа, цэцэрлэгийн барилга, худалдан авах, 300 ор төсөл, арга хэмжээ техникийн тодорхойлолт, бараа нийлүүлэлтийн хуваарь, 2022 оны 03 сарын 18-ны өдрийн 02/14 дугаар албан бичиг,

2022 оны 03 сарын 18-ны өдрийн 02/13 дугаар албан бичиг, 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 02/04 дугаар албан бичиг, 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 02/01 дугаар албан бичиг, итгэмжлэл, гэрээ дүгнэх маягт, тооцооны үлдэгдэлийн баталгаа, тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралт зэрэг баримтууд ирүүлжээ.

 

Хариуцагчаас:Итгэмжлэл, хариу тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгааны хавсралт, тооцооны үлдэгдлийн баталгаа №1, итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, худалдан авах санхүүжилтийн тооцоо, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын мэдээ, 2023 оны 08 сарын 15-ны өдрийн 1а/3765 дугаар албан бичиг, 2024 оны төсвийн төсөл, 2025-2026 оны төсвийн төсөл, 2022 оны 08 сарын 12-ны өдрийн 1а/3835 дугаар албан бичиг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/472 тоот албан бичиг зэрэг баримтууд ирүүлжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: Итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтууд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ... ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үлдэх үүрэгт 3,000,000,000 төгрөг гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч нь "Баянгол дүүрэг, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 300 ортой цэцэрлэгийн барилга худалдан авах тендерийн сонгон шалгаруулалтад 2022 онд оролцож, шалгарсан. Улмаар өөрийн өмчлөлийн 300 ортой цэцэрлэгийн барилгыг улсад хүлээлгэн өгч, Боловсрол, соёл шинжлэх ухааны яамтай 4,800,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Цэцэрлэгийн барилга худалдаж авах мөнгөн хөрөнгийг 2022 он, 2023 онд санхүүжилтийг бүрэн хийж дуусгахаар Монгол Улсын төсвийн тухай 2022 оны хууль болон анх тендер зарласан баримт бичигт тусгагдсан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны албан ёсны сайтад Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгөөр Б салбарт шинээр хэрэгжиж буй төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын мэдээнд тус тендер нь 2023 оны 09 сарын 01-ний өдөр 100 хувь төлбөрийг дуусгахаар мэдээнд тусгагдсан боловч уг үүрэг биелэгдээгүй бөгөөд эхний санхүүжилт 1,216,800,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 30-нд, 2022 оны 12 сарын 18-нд 583,200,000 төгрөг, нийт 1,8 тэрбум төгрөгийг хүлээн авсан, харин үлдэх 3,000,000,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй, хэзээ биелүүлэх нь тодорхойгүй болсон тул Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 тэрбум төгрөгийг гаргуулна гэжээ.

 

б/ Нэхэмжлэгч ... ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 1,000,000,000 төгрөгийн санхүүжилтийг хүлээн авсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, хариуцагч Бамнаас 2,000,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

3. Хариуцагч Боловсролын яам болон гуравдагч этгээд С нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд: Төрийн худалдан авах ажиллагааны дагуу нэхэмжлэгч 4,8 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендерт нэхэмжлэгч шалгарсан асуудлаар маргахгүй, мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн 300 ор бүхий цэцэрлэгийн барилгыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, цэцэрлэгийн барилгыг хүлээн авсан, аливаа чанарын доголдол гараагүй талаар маргахгүй. Жил бүрийн улсын төсвийн тухай хуулиудад тухайн үлдэгдэл төлбөрийг бүрэн тусгадаг боловч төсвийн асуудлыг Монгол ..хурлаар хэлэлцэхдээ тухайн төсөвт бүрэн тусгагдсан мөнгөн хөрөнгийг багасгаж төсвийн тухай хуулийг баталж байгаагаас шалтгаалан гэрээний үүрэг биелэгдэхгүй байгаа нь хариуцагчийн хувьд гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл болохгүй гэж маргажээ.

 

4. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч ... ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан Цэцэрлэгийн барилга худалдан авах, 300 ор/Улаанбаатар, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Тендер шалгаруулалтын дугаар: ../202212158/ сонгон шалгаруулалтад оролцож, Үнэлгээний хорооны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №01 дүгнэлтээр хамгийн сайн гэсэн үнэлгээг авч шалгарч, гэрээ байгуулах эрх олгогджээ.

 

6. Улмаар, Б яам болон ... ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр №../202212158 дугаартай ХIII.1.1.366 Цэцэрлэгийн барилга худалдаж авах, 300ор /Улаанбаатар, ... барилга худалдан авах гэрээ-г байгуулжээ.

 

7. Дээрх гэрээний ерөнхий нөхцөлөөр, Баянгол дүүрэг, 24 дүгээр хорооны 300 ортой цэцэрлэгийн барилгыг Монгол Улсын 2022 оны төсвийн хөрөнгөөр худалдан авах, гэрээний үнийг 4,800,000,000 төгрөгөөр байхаар, үүнээс гүйцэтгэлийн баталгааг 5 хувь буюу 240,000,000,00 төгрөгөөр тохирч, цэцэрлэгийн барилгыг 2022.04.07-ны өдрөөс эхлэн 2023.09.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэхээр гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүссэн, гэрээний нийт үнийн дүнгийн хувьд маргаангүй гэж үзнэ.

 

а/ Мөн ... 1,700 м.кв-аас дээш талбайтай, 2 давхар, тусгайлж, зассан өрөө тасалгаатай, барилгын норм дүрмийн дагуу баригдсан, мөн 3-аас доош жилийн өмнө баригдсан ... ХХК-ийн барилгыг худалдан авах талаар санал гаргасан... болох нь Сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр тогтоогдсон тул уг тендер шалгаруулалтаар ашиглалтад орсон үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авсан гэх үндэслэл болжээ.

 

8. Худалдах, худалдан авах гэрээний дагуу эхний санхүүжилт 1,216,800,000 төгрөгийг 2022 оны 06 сарын 30-нд, 2022 оны 12 сарын 18-нд 583,200,000 төгрөг, нийт 1,8 тэрбум төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн боловч хэлэлцэн тохирсон худалдах, худалдан авах зүйлийн үлдэгдэл төлбөр 3,000,000,000 төгрөгийг худалдагчид тохирсон хугацаанд шилжүүлэн өгөөгүйгээс маргаан үүсжээ.

 

9. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1,000,000,000 төгрөгийг хүлээн авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, 2,000,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

10. Зохигчид үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн талаар маргаагүйгээс гадна худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах үндэслэл тогтоогдоогүй, мөн гэрээ хэлцэл, хийгдсэнээс хойш нийт шилжүүлсэн 2,8 тэрбум төгрөгийн асуудлаар маргаагүй тул хариуцагч Бам нь үлдэгдэл төлбөрт 2,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хэвээр байна.

 

11. Хариуцагч байгууллага нь улсын төсвийн төсөлд тухайн мөнгөн хөрөнгийг бүрэн тусгаж байгаа боловч Монгол Улсын төсвийн төслийг батлах эрх нь ..хуралд хадгалагддаг учир хууль батлах үед тухайн мөнгөн хөрөнгийг улсын төсвөөс танаж байгаа асуудал нь хариуцагчийн эрх хэмжээний асуудалд хамааралгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа боловч энэ үндэслэл нь үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэв.

 

12. Учир нь Б яам болон ... ХХК нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан №../202212158 дугаартай ХIII.1.1.366 Цэцэрлэгийн барилга худалдаж авах, 300ор/Улаанбаатар, ... барилга худалдан авах гэрээ-ний Ерөнхий нөхцөл-ийн Төлбөр төлөх хэсгийн 1.9-т Захиалагч нь төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхийг үндэслэн ГТН-д заасан хугацаанд төлбөрийг нийлүүлэгчид төлнө гэж заасан боловч Гэрээний тусгай нөхцөл-ийн ГЕН 3.9-д төлбөр төлөх хугацаа, төлбөрийг хэсэгчлэн төлөх тохиолдолд төлбөр төлөх үе шатны хугацаа зэргийг хэлэлцэн тохирсон гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

13. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

14. Нэхэмжлэгч нь цэцэрлэгийн барилгыг гэрээний дагуу хүлээлгэн өгсөн, зохигч худалдах, худалдан авах эд хөрөнгийн чанар, биет байдал, эрхийн асуудлаар аливаа маргаангүй, нөгөө талаас худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх талаар гэрээний талууд хугацаа тогтоогоогүй, харилцан тохироогүй тохиолдолд нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

15. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,000,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотойгоор хариуцагч тухайн мөнгөн хөрөнгийн үдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, талууд үлдэгдэл 2 тэрбум төгрөгийн өр төлбөрийн талаар хамгийн сүүлд 2024.12.31-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үлдэгдэл 2,000,000,000 төгрөгийг хариуцагч Б яам буюу шинэ нэрээр Боловсролын яамнаас гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

а/ Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар Б яамыг Боловсролын яам болгон өөрчилсөнтэй холбоотойгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн оноосон нэрэнд өөрчлөлт орсон байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт орсон нэрээр хариуцагчийг заах шаардлагатай гэж үзэв.

 

16. Хариуцагч Бамны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Билэгтбаатар нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 10:30 цагт болох хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаанаас өмнө оролцох шаардлагагүй талаар шүүгчийн туслахад мэдэгдсэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасныг үндэслэн шүүх зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Бамнаас 2,000,000,000/хоёр тэрбум/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бамнаас 15,157,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД