| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00326/И |
| Дугаар | 320/ШШ2025/00433 |
| Огноо | 2025-04-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 320/ШШ2025/00433
| 2025 оны 04 сарын 22 өдөр | Дугаар 320/ШШ2025/00433 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 320/2025/00326/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: С.Т,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: С.Т ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мягмарсүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Т нь шүүхэд Х сумын Эрчим хүчний үйлдвэрийн гуанзанд 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байгаад Х аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн ажилчдын гуанзанд үйлчлэгчээр шилжин ажиллаж байсан юм. Гэтэл архиваас Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргын Х аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт шилжүүлсэн тушаал гарч ирсэн боловч Х аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын ажилд томилсон тушаал гарч ирээгүй. Харин тухайн газар ажиллаж байсныг нотлох ажиллаж байх хугацаандаа жирэмсний амралт, хүүхдээ харахаар авсан цалинтай, цалингүй чөлөөний тушаалууд гарч ирсэн. Ажилд томилогдсон тушаал архиваас гарч ирэхгүй байгаагаас миний Х аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй хохироход хүрээд байгаа юм...гэв.
Хүсэлт гаргагч С.Т нь шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Мөрөн хотын ХБ трестээс 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдөр С.Т д олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 220160 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны цалин хөлсний лавлагаа, Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/1036 дугаар албан бичиг, Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 14-ний өдөр гэсэн дардас дарагдсан Х хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 134 дүгээр Ажилд томилох ба чөлөөлөх тухай, 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар Ажлаас чөлөөөлөх тухай тушаал, түүний хавсралт, Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Х аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр Ажилд авах тухай, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 98 дугаар Тэтгэмж чөлөө олгох тухай, 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр Тэтгэмж олгох тухай, 1990 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 84 дүгээр Ажилчин, албан хаагчдын албан үүргийг шинэчилэх тухай тушаал, түүний хавсралт, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаар Чөлөө олгох ба ажилд томилох тухай, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалууд, Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2025.04.10 гэсэн дардас дарагдсан 1989 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Төрөлтийн түүх №837, Нярай хүүхдийн өсөлтийн түүх зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр Л.Д , Ж.Ө нарыг гэрчээр асууж,
өөрийн санаачилгаар Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс хүсэлт гаргагчийн ХААТР-1(А), ХААТР-21(А) маягтууд, Х аймгийн Архивын тасаг, Х -Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хүсэлт гаргагчийн ажиллаж байсантай холбоотой баримтуудыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
...Би Х аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байгаад Х аймаг дахь эрчим хүчний үйлдвэрийн ажилчдын гуанзанд үйлчлэгчээр шилжин ажиллаж байсан юм. Гэтэл архиваас миний ажилд томилогдсон тушаал гарч ирэхгүй байгаагаас Х аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй хохироход хүрээд байна...гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Мөрөн хотын ХБ трестээс 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдөр С.Т д олгож, цээж зургийг наан, зургийн баруун доод өнцгийг оролцуулан олгосон байгууллагын тамга дарагдаж, зохих бичилтүүд хийгдсэн 220160 дугаар хөдөлмөрийн дэвтэр, түүний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 11/318 дугаар албан бичгээр ирүүлсэн: ...1989 он 01 сар 118.44, 02 сар 231, 3 сар 264, 4 сар 242, 5 сар 253, 6 сар 286, 7 сар 89.48, 11 сар 184.50, 1990 он 8 сар 456.91, 9 сар 240, 1991 он 4 сар 523.07, 5 сар 788, 6 сар 820, 7 сар 310.66, 8 сар 640.08, 9 сар 106.64, 10 сар 570.18, 11 сар 1022.64, 12 сар 850, 1992 он 01 сар 1099.65... гэсэн түүвэр бүхий цалингийн тодорхойлолт,
Х аймгийн Архивын тасгийн ХУУЛБАР ҮНЭН 2024 оны 11 сарын 14-ний өдөр, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэсэн дардсууд дарагдсан Х хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар: ...С овогтой Т г 1-р сарын 16-ны өдрөөс дундын цехийн үйлчлэгчээс чөлөөлж, мөн өдрөөс эрчим хүчний үйлдвэрийн мэдэлд шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний хавсралт,
Эрчим хүч уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Х аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр: ...жирэмсний амралтаа авсан Т гийн оронд 7-р сарын 6-наас эхлэн цайны газрын үйлчлэгчээр түр ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Ажилд авах тухай,
1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 98 дугаар: ...1.С.Т д 1989 оны 11-р сарын 3-наас эхлэн 3 сарын тэтгэмжтэй чөлөө олгосугай... гэсэн бичвэр бүхий Тэтгэмж чөлөө олгох тухай,
1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 41 дүгээр: ...1.Үйчлэгч С.Т д... буцалтгүй тэтгэмж олгосугай... гэсэн бичвэр бүхий Тэтгэмж олгох тухай,
1990 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 84 дүгээр: ...Нэг. Үйлдвэрийн ажилчин албан хаагчидын бүрэлдэхүүнийг доорхи журмаар зохион байгуулан өөрчилөн шинэчлэж цалинжуулсугай...
...IV. Туслах аж ахуй
...4. С.Т г үйлчилэгч, 240 төгрөгөөр... гэсэн бичвэр бүхий Ажилчин, албан хаагчдын албан үүргийг шинэчилэх тухай,
1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 166 дугаар: ...1.С.Т д амьдралын хүнд байдлыг нь харгалзан 1990 оны 9-р сарын 10-аас эхлэн 1 жилийн чөлөө олгосугай... гэсэн бичвэр бүхий Чөлөө олгох ба ажилд томилох тухай,
1991 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 173 дугаар: 1.Тус үйлдвэрийн цайны газар бэлтгэгч ажилтай...нь жирэмсний амралт авсан тул оронд нь үйлчлэгч ажилтай байсан Т г 17/VI-ноос...түр хугацаагаар томилон ажиллуулсугай... гэсэн бичвэр бүхий Түр ажилчин томилох тухай,
1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаар: ...3. Ажилчин...С.Т нарыг 15/I эхлэн Дэлгэрэх ХЭАА-н харъяалалд шилжүүлсүгэй... гэсэн бичвэр бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалууд,
Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 30/425 дугаар албан бичгээр ирүүлсэн: Овог, нэр: С Т , ажилладаг байгууллага: Худалдаа бэлтгэлийн трест, ажилд орсон он: 1988, эрхэлдэг ажил: касс-угаагч, оршдог сум, район: Мөрөн... гэсэн мэдээлэл бүхий Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс ХУУЛБАР ҮНЭН 2025 он 03 сар 25 өдөр гэсэн дардас дарагдсан ХААТР1(А) маягт,
Х аймгийн Нэгдсэн эмнэлэг ХУУЛБАР ҮНЭН 2025.04.10 гэсэн дардас дарагдсан: ...Хэвтсэн: 1989 он 8-р сарын 16 өдөр, 2.Овог, нэр:Санжийн Т , 3.Нас 19,...ажлын газар:Эрчим хүчний үйлдвэрт, албан тушаал: үйлчлэгч,... гэсэн мэдээлэл бүхий Төрөлтийн түүх №837,
1989 оны 8 сарын 16-ны өдрийн: ...Төрсөн: 1989 он 8 сар 16 өдөр, ...Эхийн овог, нэр: Санжийн Т , нас: 19,...Эхийн ажлын газар, мэргэжил: Эрчимд үйлчлэгч... гэх мэдээлэл бүхий Нярай хүүхдийн өсөлтийн түүх зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Т нь Х аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн гуанзанд 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.
Гэрч Ж.Ө гийн: ...С.Т нь Х сумын Эрчим хүчний үйлдвэрт үйлчлэгчээр ажилладаг байсан. Намайг ажиллаж байхад манай үйлдвэрт ажиллахаар ирж байсан. 1992 оныг дуустал ажилласан байх... гэх,
Гэрч Л.Д гийн: ...С.Т нь Х аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрт туслах ажил, үйлчлэгчээр ажилладаг байсан. Намайг Т чоор ажиллаж байхад туслахаар ажиллаж байсан... гэх мэдүүлгүүд нь эргэлзээгүй, зөрүүгүй, гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байх тул мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлж, хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Иймд шүүх хүсэлт гаргагч С.Т гийн Х аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн гуанзанд 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Хүсэлт гаргагч С.Т гийн ажиллаж байсантай холбоотой зарим баримт холбогдох байгууллагуудад хадгалагдаж үлдээгүй болох нь Х аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11/1036, 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 11/264 дүгээр: Х аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1989 оны тушаал шүүж үзэхэд С.Т г ажилд томилсон тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх,
Х аймгийн Х -Эрчим хүч хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 1/102 дугаар: ...С Т (Р***)-ийн Х сумын Эрчим хүчний үйлдвэрийн гуанзанд 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр 15-ны өдөр дуустал үйлчлэгчээр ажиллаж байсантай холбоотой баримтыг гарган хүргүүлэх боломжгүй байна.
Учир нь 1997 оноос өмнөх архивын баримт бичгүүдийг Аймгийн архивын тасагт шилжүүлсэн тул тус тасагт хандана уу. гэх албан бичгээр тус тус тогтоогдов.
Хэрэгт хүсэлт гаргагчийн ХААТР -21(А) маягт, Х хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 134 дүгээр Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал зэрэг баримтууд авагдсан ба эдгээр баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Т гийн Х аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн гуанзанд 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА