Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ДШМ/1123

 

 

 

 

 

      2023             11            23                                        2023/ДШМ/1123

 

Д.Б, Б.Д, Б.М

М.М, Э.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

шүүгдэгч М.М-н өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Ц.Бямбадорж,

шүүгдэгч Э.Д, түүний өмгөөлөгч С.Энхзул,

шүүгдэгч Э.Т , түүний өмгөөлөгч Д.Отгонбат, Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т ийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Ц.Бямбадорж, Б.Д-ий өмгөөлөгч С.Энхзул, Д.Б-ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2102004410177 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Д.Б, ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, “...” ХХК-д төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  /РД:.../,

2. М.М, ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, /РД:.../,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

 

3. Б.М, ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Англи-Орос хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суудаг, /РД:.../,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

 

4. Б.Д, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.../,

 

5. Э.Т, ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “...” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:.../.

Шүүгдэгч Д.Б нь М.М-г гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр .... автобусны буудлын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ....тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч М.М нь Б.Б-тай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр хамтран оролцож 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр .... автобусны буудлын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ...тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Д.Бад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

мөн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0153 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Б.М д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.М  нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,0153 жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг М.Мас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Д нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ... тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Э.Т нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...тоот өөрийн орон сууцандаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах “Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)” агууламжтай өвс гэх нэршилтэй 8,6018 грамм, шавар гэх нэршилтэй 0,0773 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан,

мөн өдөр метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1046 грамм мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Б, М.М, Б.М , Б.Д, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б, Б.М нарыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.М-г “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Д, Э.Т нарыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

шүүгдэгч Д.Б-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Т ийн өмгөөлөгч Д.Отгонбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Т нь хүүгийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг инженер, 2022 онд Алтангадас одонгоор тус тус шагнагдсан, тэрээр АНУ-д зам гүүрний инженер мэргэжлээр суралцаад өдгөө Улаанбаатар хотын бүхий л гүүрэн байгууламжуудын зургийг зурсан зохиогчийн эрхтэй нэгэн юм. Анхан шатны шүүх Э.Т д 1 жил 5 сарын хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж түүнд тохирсон ял шийтгэлийн бодлогыг хэрэгжүүлж чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт сонгох санкцтай зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын төрлийг шүүх оновчтой зөв сонгож хэрэглэж болохоор хууль тогтоогч хуульчилсан. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж ялыг хөнгөрүүлэх буюу өөрчилж зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчлөлт оруулж өгнө үү. ...Миний үйлчлүүлэгч нь гэр бүлийн байдлын хувьд 1 хүүхэдтэй, эхнэрээсээ салсан бөгөөд хүүхэд нь 7 настай, аавынхаа халамжид байдаг учир миний үйлчлүүлэгч нь эцэг хүнийхээ үүргийг биелүүлмээр байна гэдгээ илэрхийлсэн. Өмнө нь энэ хэргийг давж заалдах шатны шүүхээс буцааж шийдвэрлэхэд миний үйлчлүүлэгч гомдол гаргаагүй. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч Э.Т ийн үйлдэл, оролцооны талаар давж заалдах шатны шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна гэж дүгнэсэн. Иймд шүүх бүрэлдэхүүн хуульд заасан боломжийг ашиглаж, хууль ёсны энэрэнгүй байх зарчмыг баримталж, Э.Т ийн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж, цаашид энэ төрлийн бодисыг хэрэглэхгүй гэсэн мэдүүлгийг нь үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү. Мөн зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа ялын хүрээг Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож өгнө үү.” гэв.

 

шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Ц.Бямбадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Б.М д оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хууль ёсны үндэслэл бүхий байж Эрүүгийн хуулийг нэг мөр хэрэглэж, эрүүгийн хариуцлагын зорилго, ялын бодлого нь хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаагүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгч Б.М д оногдуулсан ял шийтгэл нь түүний хувийн байдалд нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 заасан эрхийн дагуу энэ хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. ...Б.М  гэрээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх, үр, хүүхдээ сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллаж хөдөлмөрлөж яваа залуу, мөн тэрээр 2017 онд анх ходоодны шарх оношлогдож, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ходоодны шархнаас цус алдаж эмнэлэгт хүргэгдэж эмчлэгдэж байсан. Энэ цаг хугацаанаас хойш эмчийн хяналтад орж, хоолны дэглэмийг тогтмол барьж, эмчийн заавраар эмийн эмчилгээ хийгдэж байна. Б.Мөнх-Эрдэнийн хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэрэг үйлсэн гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, ухамсарлан хуульд заасан хариуцлагаа хүлээе, хувийн байдал, гэр бүл, эрүүл мэндийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгөхийг өмнөх болон уг шүүх хуралд байр сууриа удаа дараа илэрхийлж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Шүүх Б.М д ял шийтгэлийг оногдуулахдаа дээрх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, хавтаст хэрэгт авагдсан дээрх үйл баримтад дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оновчтой хэрэглэж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх бүрэн боломж байсан гэж дүгнэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана...”, энэ зүйлийн 4 дэх заалтад “Давж заалдах шатны шүүх ...эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно...” гэж заасан дагуу Б.М д оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн ялыг хөнгөрүүлэн өөрчилж зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

шүүгдэгч Б.Д-ий өмгөөлөгч С.Энхзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Анхан шатны шүүх Б.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан. Шүүгдэгч Б.Дий хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин дараах хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Б.Д нь өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ял шийтгэлгүй, тухайн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Мөн хэрэг илэрсэн өдрөөс эхлэн өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлэг өгч байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, хувийн байдлын хувьд бага насны буюу 1 нас 9 сартай хүү эхнэрийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг, эхнэр нь жирэмсэн бөгөөд жирэмсний хурц хордлоготой, эмчийн байнгын хяналтад төрөх шаардлагатай, мөн Б.Д нь ар гэрээ тэжээн тэтгэж ажил хөдөлмөр эрхэлдэг байсан зэрэг түүний хувийн болон дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан ба Д.Б нь биеийн эрүүл мэндийн хувьд 2017 оноос хойш чихрийн шижин /сахарын диабит/ өвчнөөр өвдөж улмаар БНСУ-д, мөн улсын нэгдсэн төв эмнэлэг болон ТОПАЗ эмнэлгүүдэд эмчилгээ хийлгэж, байнгын мэргэжлийн эмчийн хяналтад байж, хэвтэн эмчлүүлэх болон гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эмчлүүлж байсан ба мөн Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт сахарын хэмжээ ихэссэн оношоор 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Түүний хувийн байдлын тухайд 0-17 насны буюу 17 нас, 8 нас, 05 сартай гурван хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг, “Талст бластинг консалтинг” ХХК-д төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ шударгаар, тогтвортой, үнэн зөв мэдүүлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаагийн илрэл юм. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр шүүгдэгч Д.Бад оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.М-н өмгөөлөгч А.Бүдханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэрэг болон хэргийн зүйлчлэлийн хувьд огт маргаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн гэмт хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгч ирсэн. Өмнө нь миний үйлчлүүлэгчээс 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг  багасгаж өгнө үү гэсэн гомдол гаргаж байсан боловч энэ удаад өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийсэн учраас гомдол гаргаагүй. Иймд боломжтой гэж үзвэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг боломжит хугацаагаар багасгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Т ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч ямар аюултай гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэдгээ маш сайн ойлгож ухаарсан гэдгээ анхан шатны шүүх хуралдаанаас эхлэн илэрхийлж ирсэн. Түүнчлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд миний бие өөрийн хийж байгаа ажил болон бусад зүйлээрээ энэ муухай хэргээ цагаатгахыг хичээж, дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлдэг. Иймд миний үйлчлүүлэгчийн дээрх байдлуудыг харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.М  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хар тамхи гэх зүйлийг хэрэглэж гэмт хэрэгт холбогдсондоо эцэг, эх, үр хүүхэд, найзуудынхаа өмнө ичгэвтэртэй байдалд орсондоо маш их гэмшиж байна. Энэ зүйлээс болж миний ажил, амьдралд ямар их хор, хохирол учирсныг ойлгож, ухаарсан. Хэрэв хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгвөл дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдэхгүй, нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж амьдрахаа илэрхийлж байна. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байх бөгөөд цаашид гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна. Иймд миний ар гэр, эрүүл мэнд, хувийн байдал зэргийг минь харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хоригдож байх хугацаандаа хар тамхи гэгч бодисыг эцэг, эх, үр хүүхэд, ханиа боддоггүй амиа хичээсэн хүмүүс хэрэглэдэг юм байна гэж бодсон. Миний бие эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд маань 2 настай, мөн эхнэр маань 5 сартай жирэмсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа ухаарч, хүлээн зөвшөөрч байна. Иймд дээрх байдлуудыг минь харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний бие инженер хүнийхээ хувьд улс орондоо ихийг хийж бүтээнэ гэж боддог бөгөөд түгжрэлийг бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэж боддог. Иймд миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон хувийн байдлыг минь харгалзаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзаж анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял, шийтгэл тохирсон. Өмгөөлөгч Д.Отгонбатаас тухайн хэрэгт нэр бүхий этгээдүүдийг холбогдуулан шалгаагүй гэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь хангалттай тогтоогдсон. Тухайн нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг тусад нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад гэмт буруутай үйлдэл тогтоогдвол шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх хуулийн зохицуулалттай учир эдгээр хүмүүст холбоотой хэргийг шалгаагүй гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

          яллагдагчаар М.М-н өгсөн “...Мөнх-Эрдэнэтэй очиж уулзаад бид хоёр хамт сорсон. Тухайн үед мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй бол Д.Б, Б.М  хоёрын бие нь өвдөөд байдаг байсан. Тэгээд би Б.М тэй мөс сорсныхоо дараа машин зарах гээд найзынхаа гэрт нь очоод гэрээс нь гарч яваад цагдаад баригдсан...” /4хх-ийн 40-43/,

яллагдагчаар Б.М-н өгсөн “...Миний биеэс гарсан зүйл 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Мөнхтулгатай уулзахад хэрэглэсэн мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис. Бусад хэрэглүүрүүд нь тухайн зүйлийг хэрэглэхэд надад үлдсэн эд зүйлс байгаа юм. ...Тэгээд маргааш өглөө нь Мөнхтулгатай уулзах гээд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэрийн гадаа ирж байхад Мөнхтулга надтай утсаар яриад уулзах гээд хүлээж байхад цагдаа нар хүрээд ирсэн...” /4хх-ийн 62-65/,

 

яллагдагчаар Б.Д-ий өгсөн “...Тухайн мөс гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 2022 оны 5 дугаар сарын 22-ны 22 цагийн үед маршлын шинэ зам дагуу тавьсан байсныг би аваад хэрэглээд үлдсэн нь ууттай манай гэрт байсан...” /3хх-ийн 157-158/,

яллагдагчаар Д.Б-ын өгсөн “...Миний хувьд мөс гэх зүйлийг сүүлийн 1 жил орчим хэрэглэж байгаа. Хэнээс авч хэрэглэдэг талаар би яримааргүй байна. Миний хувьд бусдад зарж борлуулсан зүйл огт байхгүй...” /2хх-ийн 23/,

 

яллагдагчаар Э.Т-ийн өгсөн “...Прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгаа ойлголоо...” /4хх-ийн 164-165/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 590 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 606 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 629, 630 дугаар, 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 644 дүгээр дүгнэлтүүд /2хх-ийн 233-234, 3хх-ийн 80-81, 4хх-ийн 2-3, 241-242/,

 

Орон сууцанд хойшлуулшгүйгээр нэгжлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 24-36, 3хх-ийн 40-49, 4хх-ийн 177-182/,

 

Лексус харрер 350 маркийн 93-96 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 76-80/,

 

Б.М , Э.Т нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 68-73, 188-192/,

 

Хураан авсан болон шүүгдэгч Д.Б, М.М, Б.М , Б.Д, Э.Т нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2865, 2926, 2937 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 2919, 2925 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2931, 2934 дүгээр, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2863 дугаар дүгнэлтүүд /2хх-ийн 65-66, 3хх-ийн 53-54, 238-243, 4хх-ийн 74-75, 193-194/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад:

 

Шүүгдэгч Д.Б нь М.М-г гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр .... автобусны буудлын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар Д.Б нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ....тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч М.М нь Б.Б-тайгэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр хамтран оролцож 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр .... автобусны буудлын орчмоос Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ...тоот орон сууцанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Д.Бад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

мөн 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0153 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Б.М д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

шүүгдэгч Б.М  нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,0153 жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг М.Мас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

шүүгдэгч Б.Д нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ...тоотод Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч Э.Т нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ...тоот өөрийн орон сууцандаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах “Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)” агууламжтай өвс гэх нэршилтэй 8,6018 грамм, шавар гэх нэршилтэй 0,0773 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан,

          мөн өдөр метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1046 грамм  мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.

 

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.Б, Б.М  нарыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан”, шүүгдэгч М.М-г “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бусдад өгсөн”, шүүгдэгч Б.Д, Э.Т нарыг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

          Шүүгдэгч Д.Б, Б.М , М.М, Б.Д, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах болон тус хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдлийн давтамж, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар Д.Бад 1 жил 5 сар, М.Мд 2 жил, Б.М д 1 жил 5 сар, Б.Дд 1 жил 3 сар, Э.Т д 1 жил 5 сарын хугацаагаар тус тус хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Э.Т ийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Ц.Бямбадорж, шүүгдэгч Б.Дий өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Ю.Нямсүрэн нар “... ял хөнгөрүүлэх тухай ...” давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Шүүгдэгч Д.Б, Б.М , М.М, Б.Д, Э.Т нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч тэдгээрийн хувийн байдлаас гадна гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

 

            Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх юм.

 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ялын хэмжээнд хорих ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж зааснаар шүүгдэгч Д.Бад ял оногдуулахдаа М.Мд оногдуулсан ялаас багагүй ял оногдуулсан хэдий ч шүүгдэгч М.М, Б.М , Э.Т нарын гэмт үйлдлийн давтамж, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, ял оногдуулсан байна.

Мөн шүүгдэгч Б.М  нь үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэргийн хоёр шинжийг хангасан, шүүгдэгч Э.Т нь нэг цаг хугацаанд сэтгэцэд нөлөөт бодис болох өвс, шавар, мөс гэх төрлүүдийн бодисыг хадгалсан нөхцөл байдал нь хэдийгээр тэдгээрт оногдуулах ял шийтгэлийг хуульд зааснаар хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл болохгүй хэдий ч хувийн байдалд хамаарах болохыг тэмдэглэв.

 

Харин шүүгдэгч Э.Т ийн өмгөөлөгч Д.Отгонбат нь “...Миний үйлчлүүлэгч нь гэр бүлийн байдлын хувьд 1 хүүхэдтэй, эхнэрээсээ салсан бөгөөд хүүхэд нь 7 настай, эцгийнхээ халамжид байдаг учир миний үйлчлүүлэгч нь эцэг хүнийхээ үүргийг биелүүлмээр байна гэдгээ илэрхийлсэн...” гэх гомдлын хувьд Э.Т ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /4хх 250/ хэрэгт авагдсанаас түүнийг ганц бие эцэг гэж үзэх баримт хангалтгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах болон цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөлийг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан боловч мөрдөгч, прокурор нь хуульд заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлээгүйгээс хүүхдийн эрх ашиг хэрхэсэн нь тодорхойгүй байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Э.Т ийн хүүхдийн асрамжийн асуудлыг зохих байгууллага албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхийг прокурорт даалгахаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Д.Б, Б.М , М.М, Б.Д, Э.Т нарын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 73 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/588 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Э.Т ийн хүүхдийн асрамжийн асуудлыг зохих байгууллага албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэхийг прокурорт даалгасугай” гэж нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т ийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүгдэгч Б.М-н өмгөөлөгч Ц.Бямбадорж, шүүгдэгч Б.Дий өмгөөлөгч С.Энхзул, шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, М.М, Б.М , Б.Д, Э.Т нарын 2023 оны 9 дүгээр сарын 11-нээс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл тус бүр 73 /далан гурав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН