Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2025/00443

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2025/00443

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс 155/2023/00626/И/

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б,

Хариуцагч: Ж ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховор хийцийн С маркийн автомашины 2020 оны шинэ мотор 20,000,000 төгрөг, сар бүрийн зээлийн төлөлт болох 11,458,440 төгрөг, тээврийн хэрэгслийн 6 сарын элэгдэл хорогдлын үнэ 3,541,560 төгрөг, нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч Б.Б нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.Б т холбогдох С маркийн автомашины моторыг сольж тавихад орсон сэлбэгний үнэ 496,500 төгрөг, моторын үнэ 4,450,000 төгрөг, ажлын хөлс 1,330,000 төгрөг, нийт 6,276,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.Б ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.Б ,

Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн өмгөөлөгч: П.Жамба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:П.Жавзанпагма.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Иймд иргэн миний С маркийн автомашиныг эвдэн хохирол учруулсан А ХХК-иас дараах хохирлыг нэхэмжилнэ. Үүнд:

1.  Ховор хийцийн С маркийн автомашины 2020 оны шинэ мотор 20,000,000 төгрөг (зах зээлийн үнэлгээ),

2.  Сар бүрийн зээлийн төлөлт болох 11,458,440 төгрөг (6х1,909,740 төгрөг),

3.  тээврийн хэрэгслийн 6 сарын элэгдэл хорогдлын үнэ 3,541,560 төгрөг, нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөгийн хохирлыг А ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ...Иймд уг машины эвдрэл гэмтэл манай байгууллагын үйлчилгээ үзүүлсэнтэй холбоогүй гэж үзэж байгаа тул Б.Б ийн 9 *** улсын дугаар бүхий автомашинд хийсэн үйлчилгээний хөлс, тос, шүүр, мотор зэргийн үнэ, мотор тавихад зарцуулсан төлбөр зэргийг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд:

2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр mаnnol моторын тос 4 литр, нийт 68,000 төгрөг, моторын шүүр 15,000 төгрөг, кольци бэхжүүлэгч 1 ширхэг, үнэ 12,000 төгрөг нийт 95,000 төгрөгийг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр карбюратор цэвэрлэгч 1 ширхэг үнэ 12,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр SN моторын тос 4 литр, 68,000 төгрөг, моторын шүүр 2 ширхэг, нэг бүрийн үнэ 15,000 төгрөг, нийт- 98,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Germet цилкон 1 ширхэг, үнэ 8,000 төгрөг, карбюратор цэвэрлэгч 1 ширхэг, үнэ 8,000 төгрөг, нийт 16,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр SN моторын тос 4 литр 68,000 төгрөг, 5л моторын тос, 1 литр 17,500 төгрөг, шүүр 1 ширхэг 15,000 төгрөг, кольци бэхжүүлэгч 1 ширхэг 12,000 төгрөг, Аntifreeze 1 ширхэг үнэ 10,000 төгрөг, нийт 122,500 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүр 1 ширхэг 15,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр SN моторын тос 4 литр 68,000 төгрөг, Antifreeze - 5 литр үнэ 50,000 төгрөг, Antifreeze -1 литртэй 2 ширхэг үнэ 20,000 төгрөг, нийт 138,000 төгрөг, моторын үнэ 4,450,000 төгрөг, моторыг шинэ тавиулах, задлах зэргийн ажлын хөлс 1,330,000 төгрөг, нийт 6,276,500 төгрөгийг Б.Б ээс гаргуулж өгнө үү. гэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б , хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас: Нэхэмжлэгч Б.Б ,

нөгөө талаас: Хариуцагч Ж ХХК-ийн захирал Б.Б бид дараах нөхцлөөр эвлэрэв. Үүнд:

1.  Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах санал гаргасныг хүлээн авч нэхэмжлэгч нь мөн адил үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.

2.  Энэхүү эвлэрлийг хэн нэгний албадлагагүйгээр, сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхэд нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан С маркийн автомашины 2020 оны шинэ моторын үнэ, сар бүрийн зээлийн төлөлт, тээврийн хэрэгслийн 6 сарын элэгдэл хорогдлын үнэ нийт 35,000,000 (гучин таван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлий, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэгч Б.Б т холбогдуулан 9 *** улсын дугаартай автомашинд хийсэн үйлчилгээний хөлс, тос, шүүр, мотор зэргийн үнэ, мотор тавихад зарцуулсан төлбөр нийт 6,276,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч А хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээр хариуцагч байгууллага нь Ж хязгаарлагдмал хариуцлагатай компани нэртэй хуулийн этгээд бөгөөд А нэртэй авто засварын үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогдож, зохигч үүнтэй маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэж үзэн, хариуцагч байгууллагын нэрийг зөвтгөх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б , хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б нар нь эвлэрч нэхэмжлэгч Б.Б үндсэн нэхэмжлэлийн шаардлага 35,000,000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б 6,276,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзахаар эвлэрч, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гаргаж өгөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д: Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж,...гаргана. Эдгээр...захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж хуульчилсан ба зохигчийн дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д: ...улсын тэмдэгтийн хураамжийг...зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж хуульчилсан тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 335,950 төгрөг, хариуцагч хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 115,374 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б эс 166,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т, нэхэмжлэгч Б.Б ээс 57,687 төгрөгийг гаргуулж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б д тус тус олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох 35,000,000 (гучин таван сая) төгрөг тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

хариуцагч Ж хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төлөөлөгч Б.Б н нэхэмжлэгч Б.Б т холбогдох 6,276,500 (зургаан сая хоёр зуун далан зургаан мянга таван зуу) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 335,950 (гурван зуун гучин таван мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 115,374 (нэг зуун арван таван мянга гурван зуун далан дөрөв) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б эс 166,475 (нэг зуун жаран зургаан мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б т, нэхэмжлэгч Б.Б ээс 57,687 (тавин долоон мянга зургаан зуун наян долоо) төгрөгийг гаргуулж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Б д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА